| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2020/0091/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2020-07-10 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 113
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булгаа, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Б.И түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, гэрч З.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт А-ийн Т, Ж ургийн овогт Б-ийн И, Б ургийн овогт Р-гийн Т нарт холбогдох 1935004170053 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт А-ийн Т 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь 2014 онд Увс аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600’000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .....
Монгол Улсын иргэн, Ж ургийн овогт Б-ийн И 1994 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хөдөө мал малладаг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь 2014 онд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, регистрийн дугаар: ............
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Р-гийн Т 1987 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, хөдөө мал малладаг, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух хаягтай, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: .......,
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Р.Т, Б.И, А.Т нар нь 2019 оны 7 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутгаас бусадтай бүлэглэн, машин механизм ашиглаж, хохирогч Б.Бгийн 54 хонь, 46 ямаа нийт 100 тооны буюу олон тооны мал хулгайлж 9’325’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935004170053 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Э.Б-гийн “...2019 оны 7 дугаар сарын 18-ны өглөө Улаангом сум руу эхнэртэйгээ найранд яваад шөнө 02 цагийн үед ирсэн. Өглөө босоод малаа харсан чинь цөөхөн харагдаад байхаар нь малаа тоолж үзсэн чинь 100 гаруй тооны бог мал дутаж байсан тул эхнэр бид хоёр мотоциклтой явж малаа хайхад манай гэрээс 4 км зайтай газарт 70 тооны бог мал байсныг олж авсан, үргэлжлүүлээд малаа хайхад Хойд халхайтын аман дотор явж байтал мал ачсан бололтой давхар дугуйтай авто машины мөр байсан, бас малын баас их байсан тухайн үед би арай хулгай аваагүй байх гэж бодоод буцаж 70 тооны хонио туугаад гэрт ирээд малаа тоолж үзэхэд 30 тооны эр мал дутсан юм. Би 2009 оны 7 дугаар сарын 05-ны үед малаа тоолж бүртгээд нас хүйсээр бүртгэж үзэхэд нийт 1530 тооны бог мал байсан үүнээс эр хонь нь 250 тооны эр хонь байснаас 220 тооны эр хонь үлдсэн байсан би дахин, дахин тоолоход 30 тооны эр хонь дутаж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
2. Гэрч З.А-гийн “...2019 оны 7 дугаар сарын сүүлээр өдрийн сайн санахгүй байна шөнө дунд Түргэн сумын 2 дугаар багийн иргэн Б.И, Улаангом сумын 8-р багийн иргэн Р.Б нар портер машинтай 20 гаруй тооны хонь авч ирж манай хашаан дотор байсан амбаарт хийж хонуулаад маргааш өглөө нь И, Б нар алж янзалсан харин А.Т нь хүргэн ах Мөнхөөгийн авто машинтай ирж алсан хонины махыг ачаад аваад явсан би хаана борлуулсныг нь мэдэхгүй байна. ...Хонь алсан өдрийнхөө орой Б-гийн портертой И, Т нар толгой шийр, хогийн цэвэрлээд ачаад гараад явсан хаана хүргэж буулгасан талаар би мэдэхгүй байна...” /1-р хх-ийн 70-71 дүгээр хуудас/,
“...Тухайн үед би гэрээс гараагүй. Хэчнээн тооны мал авчирсан талаар мэдээгүй. Б, Т хоёр машинтай гараад явсан. Өглөө босоод И надад энэ миний мал, би зарах гэж байгаа юм. Би хурим хийх гэж байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд би 09 цагт ажилдаа гараад явсан. Би зах дээр гэр ахуйн бараа зардаг юм. Орой 18 цагийн үед гэртээ ирэхэд манай хоёр хүүхэд байсан. Тэд нар малаа хашаанд нядалж зарсан байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 72 дугаар хуудас/,
3. Гэрч Б.М-ын “...2019 оны 7 дугаар сард манай хадам ах Т нь хөдөөнөөс орж ирлээ гэсэн хажуудаа нэг найзтайгаа манай гэрт ирсэн. Т надад машинаа өгч байгаа ч манай энэ найз И-ыг найз охинтой нь уулзуулчхаад ирье гэхээр нь би зөвшөөрч өөрийн приус-11 загварын мөнгөлөг саарал өнгийн 31-34 УВА улсын дугаартай автомашинаа Төд өгөөд явуулсан. Т миний машин авч яваад тэр өдрөө удалгүй авч ирж өгсөн. Тухайн үед Т миний машиныг авч яваад юу хийсэн талаар мэдэхгүй. Одоо надад Т 2019 оны 7 дугаар сард чиний машиныг би авч яваад хөдөөнөөс авч ирж нядалсан малын махыг ачиж гуанзанд хүргэж өгсөн гэж хэлж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74 дүгээр хуудас/,
4. Гэрч Б.Б-ын “...аав, ээж хоёр Халхайтын аман талаас 60 гаруй тооны мал тууж ирээд бид нар малаа айл айлаар нь ялгаад тоолж үзэхэд аавын им тамгатай 30 тооны эр хонь дутаж байсан миний мал бүгд байсан манай хоёр гэр тусдаа байж байгаад 2019 оны 7 дугаар сард малаа нийлүүлэхээр болоод бүх малаа тоолж эр хонио тоолж бүртгэж үзсэн тул манай мал бүгд тоотой байсан юм. ...тэр өглөө би ул мөр авах гэж маш их явсан ямар нэгэн ул мөр гараагүй, аав бид хоёр маш их явсан ямар нэгэн морьтой хүний ул мөр гараагүй. ...би Түргэн сумын 2 дугаар багийн иргэн А-ийн Т гэдэг залууг хардаж байна. Яагаад гэвэл манай тасархай мал байсан газраас холгүй зайнд зусдаг хулгай хийж байна гэж хүмүүс их ярьдаг юм өөр надад ямар нэгэн хардаж байгаа хүн алга байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-йн 80-81 дүгээр хуудас/,
“...2019 оны 07 сарын 18-ны өглөө би хонинд явж хариулж яваад өдрийн 14-15 цагийн үед гэртээ ирээд байж байхад Т, И хоёр мотоциклтой ирсэн тэр хоёроос хаа хүрч явна гэж асуухад Т гараад энэ хооронд явж байна гэж хэлсэн. Тэр хоёр манай гэрт 1 цаг орчим сууж юм ярьж цай уугаад явсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 82-83 дугаар хуудас/,
5. Гэрч М.Б-ийн “...2019 оны 7 дугаар сарын 25-нд хүүдээ гэр бүрэх гээд Р.Бд утсаар эр хонь хэрэгтэй байна сайн хонь байвал худалдаж авна гэж утсаар ярьсан чинь 2019 оны 7 дугаар сарын 20-ны үед над руу нэг хүн утсаар яриад та эр хонь авах гэж байгаа юм уу надад Б хэллээ би эр хонь зарж байна гэж хэлсэн би сайн хонь бол хоёр хонь авна гэж хэлсэн чинь хоёр эр хонь авчихсан манай гэрт ирсэн би нэг эр хонийг 170’000 төгрөгөөр бодоод 340’000 төгрөг тоолж өгөөд явуулсан би энэ аль сумын хонь бэ? гэхэд Түргэн сумын хонь надыг И гэдэг гэж хэлж байсан би урьд өмнө харж байгаагүй намхан нуруутай бор царайтай залуу байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 88 дугаар хуудас/,
6. Гэрч Б.Н-ийн “...2019 оны 7 дугаар сард манай хүүхдүүдийн хамгийн том хүү болох И нь өөрийн 4 тооны адууг хайхаар морьтой явсан. Тэгээд адуугаа хайж гэрээс гараад хоёр хоног явж байгаад ирэхэд нь би Иаас адуу чинь байж уу? гэж асуухад тэр адуугаа олсонгүй гэж хэлсэн. ...И-аас ямар хэрэг хийсэн талаар асуухад 2019 оны 7 дугаар сард би дөрвөн адуугаа хайж явахдаа Аийн өвөлжөөн дээр ирэхэд хонь хашчихсан портер машин дээр хонинуудыг А-ийн Т ачиж байхад нь би таарчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 94-95 дугаар хуудас/,
7. Гэрч Ц.Ц-ийн “...2019 оны 7 дугаар сарын хэдэнд гэдгийг санахгүй байна. Би дэлгүүр дээр сууж байхад А-ийн Т /Н/ ганцаараа орж ирээд та мах авч байна уу? манай найз хөдөөнөөс ирээд мах зарах гэж байгаа юм гэж хэлэхэд нь би түүнээс ямар малын мах байгаа юм. Ямар үнэтэй мах юм гэж асуусан. Тэгээд тухайн үед ярилцаж мах зарах мөнгөө тохирч нэг кг махыг 5000 төгрөгөөр бодож нийт арван хонины гулууз мах худалдаж авсан. Нийт 1’000’000 төгрөгийн мах худалдаж авсан. ...Би хулгайн малын мах зарж байгааг мэдээгүй. Тухайн үед манайх гуанз ажиллуулж байсан болохоор мах хэрэгтэй байсан болохоор худалдаж авсан. Хөдөөний хүмүүс болохоор өөрсдийн малаас авч ирж зарж байна гэж бодсон...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 96-97 дугаар хуудас/,
8. Гэрч Д.Ц-гийн “...Би өөрөө ажил хийдэггүй учраас надад ийм их хэмжээний мөнгө надад байхгүй. Миний Хаан банкны виза картыг миний төрсөн эгч Ц хааяа нэг авдаг байсан. Миний хувьд Т гэх хүнд өгөх 800’000 төгрөгийн зээл, өглөг байхгүй байсан. Би Т гэх данс руу 800’000 төгрөг шилжүүлээгүй. Хэрэв миний данснаас 800’000 төгрөг Тийн данс руу шилжсэн бол манай эгч Ц шилжүүлсэн байх. Миний эгч хааяа миний данс руу мөнгө шилжүүлж авдаг байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/,
9. Увс Финанс Аудит ХХК-ий 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “...Увс аймгийн Түргэн суманд 2019 оны 7 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнийн баримжаа эр хонь 5 настай 180’000 /нэг зуун наян мянга/ төгрөг, 5 настай эм хонь 120’000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, эр хонь 4 настай 150’000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, 4 настай эм хонь 100’000 /нэг зуун мянга/ төгрөг, 3 настай эр, эм хонь 90’000 /ерэн мянга/ төгрөг, 2 настай эр, эм хонь 70’000 /далан мянга/ төгрөг, 1 настай эр, эм хонь 20’000 /хорь мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 378 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 123 хуудас/,
10. Увс Финанс Аудит ХХК-ий 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “...Увс аймгийн Түргэн суманд 2019 оны 7 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнийн баримжаа Ухна 120’000 /нэг зуун хорин мянга/ төгрөг, эр ямаа 100’000 /нэг зуун мянга/ төгрөг, эх ямаа 70’000 /далан мянга/ төгрөг, 4 настай эр ямаа 80’000 /наян мянга/ төгрөг, 4 настай эх ямаа 60’000 /жаран мянга/ төгрөг, 3 настай эр, эм ямаа 55’000 /тавин таван мянга/ төгрөг, борлон 45’000 /дөчин таван мянга/ төгрөг, ишиг 35’000 /гучин таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 69 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 130 хуудас/,
11. Увс Финанс Аудит ХХК-ий 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн “...2020 оны 4 дүгээр сарын байдлаар Азарганы зах зээлийн үнэ цэнийн баримжаа нь 1’200’000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, нас гүйсэн морь 1’000’000 /нэг сая/ төгрөг, нас гүйсэн гүү 900’000 /есөн зуун мянга/ төгрөг, соёолон морь 800’000 /найман зуун мянга/ төгрөг, хязаалан морь 700’000 /долоон мянга/ төгрөг, хязаалан гүү 700’000 /долоон зуун мянга/ төгрөг, шүдлэн /эр, эм/ 550’000 /таван зуун тавин мянга/ төгрөг, даага /эр, эм/ 400’000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, унага 300’000 /гурван зуун мянга/ төгрөг, нас гүйцсэн атан тэмээ 4-р сарын байдлаар 1’200’000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, бух 1’300’000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөг, эр үхэр 1’200’000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, эх үхэр 900’000 /есөн зуун мянга/ төгрөг, 4 настай эр үхэр 800’000 /найман зуун мянга/ төгрөг, 4 настай эм үхэр 750’000 /долоон зуун тавин мянга/ төгрөг, 3 настай үхэр /эр, эм/ 600’000 /зургаан зуун мянга/ төгрөг, бяруу 400’000 /дөрвөн зуун мянга/ төгрөг, тугал 350’000 /гурван зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 104 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 140 хуудас/,
12. Увс Финанс Аудит ХХК-ий 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “...2019 оны 7 дугаар сарын байдлаар Солонгос улсад үйлдвэрлэсэн 32-31 УВА улсын дугаартай ачааны портер загварын автомашины зах зээлийн үнэ цэний баримжаа 1’125’000 /нэг сая нэг зуун хорин таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 98 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 146 хуудас/,
13. Увс Финанс Аудит ХХК-ий 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн “...2019 оны 7 дугаар сарын байдлаар хуучин эдэлж хэрэглэж байсан цэрэг эмээл тохмын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 8’000 /найман мянга/ төгрөг, хуучин суран хазаар 5’000 /таван мянга/ төгрөг, нас гүйцсэн морь 850’000 /найман зуун тавин мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 94 дугаартай шинжээчийн дүгнэлт / 1 дүгээр хх-ийн 150 хуудас/,
14. Шүүгдэгч А.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Тэгээд бид хоёр Рашаант багийн Хүйтний ам гэх газарт чоно хазсан нэг хурга байхыг хараад зөрж яваад Хүйтэний амны дээд талын уулын орой дээр гарахад тасархай хонь ямаанууд байсан. Эдгээр мал нь хэний мал байсныг мэдэхгүй. Тэгээд И бид хоёр тэндээс 17 хонь тасалж аваад манай гэрийн Халгайт гэх газарт байх өвөлжөөний данхар дотор малын битүү хашаа руу аваачиж шахаж хийсэн. Тэгээд И бид хоёр буцаж манайд очиж манай гэртэй хамт зусаж байсан Б буюу Т гэдэг залуугийн гэрт И бид хоёр орж И Бд би гэрлэх гэж байна хэдэн мал зарах гэсэн юм. Ачаад Улаангом руу оруулаад өгөөч гэж хэлэхэд Б зөвшөөрч орой 17-18 цагийн үед Б-гийн цагаан өнгийн портер загварын ачааны машинд И, Б, бид гурав өвөлжөөнд хашчихсан байсан хонинуудыг ачаад Улаангом руу явсан. ...Улаангомд ирэхэд машин дээр нэг хонь үхсэн байсан. Мөн нэг хонь замдаа машинаас унаж гээгдсэн байсан. Тэгээд маргааш өглөө нь авчирсан 15 хониноос 13 хонийг И бид хоёр нядалж, 2 хонийг амьдаар нь И нэг айлд хүргэж өгсөн. ...Нядалсан 13 хонины 10 хонины махыг Од дэлгүүрт авч ирж нэг кг махыг 5000 төгрөгөөр тооцож 1 сая төгрөгөөр зарсан. ...Үлдсэн 3 хонины махыг гудамжнаас танихгүй такси барьж зах руу хүргүүлж захын үүдэнд махаа машинаас буулгаж байхад танихгүй эмэгтэй хүн ирж гурван хонины махыг 217’000 төгрөгөөр худалдаж авсан. ...Малаа зараад нийт 1’217’000 төгрөг олсон. И хувцас хунар зах дээрээс авсан. Хэдэн төгрөгөөр худалдаж авсныг одоо санахгүй байна. Т-т хэдэн төгрөг өгснийг мэдэхгүй байна. Би И-д Т-т бензин тосны мөнгө өг гэж хэлсэн. Од дэлгүүрээс авсан 1 сая төгрөгөөс 300’000 төгрөгийг И-д өгч Т-т бензин тосны мөнгөө өгөөрэй гэж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 161-163 дугаар хуудас/,
15. Шүүгдэгч Б.И-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Тэгээд малаа гэрийнхэн хойд талд байх хашаа руу оруулчхаад Т бид хоёр тэднийд хоносон. Харин Б аавынхаа гэр рүү явсан. Өглөө босож Б, Т бид гурав авчирсан хонинуудыг Тийн ахын хашаанд нядалсан. Нийт 21 хонийг нядалсан. Б өглөө өөрийнхөө машинд 5 хонь ачиж яваад удалгүй ирээд 2 хонь, мөн дахин ирээд 1 хонь нийт гурван удаа 8 хонь амьдаар нь аваад явсан. ...Нядалсан 21 хонины махнаас 10 хонины махыг Од гуанзанд өгнө Цэгмээ эгчтэй ярина гээд гар утсаар ярьж байгаад Т ганцаараа 10 хонины махыг аваад хүргэж өгчхөөд ирсэн. Дахиад үлдэгдэл 11 хонины махаа Т машинд ачаад ганцаараа зарна гээд зах руу явсан. ...Би энэ айлд жаахан мөнгөний асуудалтай юм. Намайг орвол мөнгө өгөхгүй байж магадгүй. Эднийх найр хийх гэж байгаа юм гэж хэлэхээр нь би айл руу ороод Б хонины мөнгө аваад ир гэж байна гэхэд нэг эрэгтэй хөгшин хүн надад хоёр хонины мөнгө гэж 340’000 төгрөгийг бэлэн өгөхөөр нь аваад Бд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн173-175 дугаар хуудас/,
16. Шүүгдэгч Р.Т-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Т, И хоёр гэрт орж ирээд Т надад манай найз И мал зармаар байна. И гэрлэх гээд мөнгөний хэрэг гарч байна. Та өөрийнхөө портер машинаар Улаангом руу шийр мал оруулж өгөөч. Мөнгөний хэрэг гараад байна. Танд хөлс мөнгийг чинь сайн өгнө гэж хэлээд гуйгаад суугаад байхаар нь би тэр хоёрт хөлсөнд 150’000 төгрөг өг гэж хэлэхэд тэр хоёр зөвшөөрсөн. ...Сүүлд Т, И хоёроос хэдэн хонь ачсан талаар асуухад 17 хонь ачсан гэж хэлж байсан. ...Тэгээд маргааш нь 12 цагийн үед Т, И хоёр над руу залгаж ярихгүй болохоор шөнө мал буулгасан айлын гэр рүү очоод хашаа руу ороход И гэрээс ганцаараа гарч ирээд надтай уулзаад И 150’000 төгрөг өгсөн. Тэгээд би мөнгөө аваад шууд гэр рүүгээ явсан. Тухайн үед Т, И хоёр надад хулгайн мал гэдгийг хэлсэн бол би хэзээ ч мал ачихгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 185-187 дугаар хуудас/
17. 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын “...З.А нь Сэтгэцийн хувьд Шизофрени эмгэгтэй. Өвчин анх 2003 оноос чихэнд нь хий үзэгдэл сонсогдож, дэмийрлийн хам шинжээр илэрсэн. Уг өвчин одоогоор засралын шатандаа байна. З.А нь одоогоор болсон үйл явдлыг зөв тусгаж, үнэн зөв мэдүүлэг өгч чадна. З.А нь одоогоор хэрэг хариуцах чадвартай...” гэх 29 дугаартай дүгнэлт зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Т, Б.И нар нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Түргэн сумын Рашаант багийн Хүйтэний ам гэх газраас хохирогч Э.Б-гийн 100 тооны бог малаас 30 тооны эр хонь нууцаар хууль бусаар авч шүүгдэгч А.Т-ийн аав Б.А-ийн өвөлжөөнд хашиж, улмаар шүүгдэгч Р.Т-ын эзэмшлийн 32-31 УВА улсын дугаартай портер загварын автомашинаар тээвэрлэж Улаангом сумын 12 дугаар багийн 1-08 тоотод байрлах гэрч З.А-гийн гэрт авчирч нядалж зарсан үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр болон хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч нарыг 100 тооны бог мал хулгайлсан гэж яллаж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар уг тооны малыг хаанаас, хэрхэн авсан болох нь тогтоогдохгүй байна. Хохирогч Э.Бгийн мэдүүлгээс дүгнэхэд хэдэн тооны мал, хэзээ хулгайлагдсан болохыг мэдэхгүй байна. Иймд хохирогчийн эргэлзээ бүхий таамаглалд үндэслэж шүүгдэгч нарыг 100 тооны бог мал хулгайлсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Шүүгдэгч А.Т мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Р.Т нь гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж, шүүгдэгч Р.Т нь мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж тус тус мэдүүлсэн нь шүүгдэгч Б.Иын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өглөө босож Б Т бид гурав авчирсан хонинуудыг Тийн ахын хашаанд нядалсан. Нийт 21 нядалсан. Б өглөө нь өөрийнхөө машинд 5 хонь ачиж яваад удалгүй ирээд 2 хонь, мөн дахиж ирээд 1 хонь нийт гурван удаа 8 хонь амьдаар нь аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч З.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...20 гаруй тооны хонь авч ирж манай хашаан дотор байсан амбаарт хийж хонуулаад маргааш өглөө нь И, Б нар алж янзалсан харин А.Т нь хүргэн ах Мөнхөөгийн авто машинтай ирж алсан хонины махыг ачаад аваад явсан би хаана борлуулсныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлгээр тус тус няцаагдаж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө “мал гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна” гэж, “олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно” гэж тус тус заасан байх тул хохирогч Э.Б-гийн 30 тооны хонь хулгайлсан шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нарын үйлдэл нь мал хулгайлах гэмт хэрэг байна.
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёроос найман жил хүртэл хорих ял оноохоор, мөн зүйлийн хуульчилсан тайлбарт нэмэлт өөрчлөлт орохоос өмнө олон тооны мал гэж “хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно” гэж заасныг “найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байх тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан буюу хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулиар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч нар нь өөрсдөө мал аж ахуй эрхэлдэг атлаа амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдлээр хохирогчийн 30 тооны хонийг хулгайлж авсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нарыг гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-д 4’470’000 /дөрвөн сая дөрвөн зуун далан мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч А.Т нь шүүх хуралдаанаас өмнө хохирогч Э.Бд 1’500’000 төгрөг төлсөн тул гэм буруугийн шүүх хуралдаанаас үлдэх (4’470’000-1’500’000=) 2’970’000 төгрөгийг шүүгдэгч Б.И, Р.Т нараас тэнцүү (2’970’000/2=1’485’000) хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.И хохирлоо нөхөн төлөхөөр эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг завсарлуулж, хохирогч Э.Бд 1’485’200 төгрөгийг төлсөн, шүүгдэгч Р.Т нь хохирлоо нөхөн төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирлоо нөхөн төлөөгүй байна.
Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Т, Б.И нараас гаргуулах хохирол, хор уршиггүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-аас 1’485’000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д олгуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Т, Б.И нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдож байна. Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй байх үндэслэлд хамаарахгүй.
Шүүгдэгч Р.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.
Шүүгдэгч А.Т-ийн хувийн байдал тогтоосон гэрч Б.Э /1-р хх-ийн 108 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Ц.С /1-р хх-ийн 109 дүгээр хуудас/-ын мэдүүлэг, гэрч А.Э /1-р хх-ийн 110 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 192 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нь эцэг, эхийн хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд нь 2014 онд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600’000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.И-ын хувийн байдал тогтоосон гэрч Б.У /1-р хх-ийн 112 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Т.П /1-р хх-ийн 113 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Б.С /1-р хх-ийн 114 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 193 дугаар хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.И нь эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд нь 2014 онд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч Р.Т-ын хувийн байдал тогтоосон гэрч Д.Э /1-р хх-ийн 117 дугаар хуудас/-ын мэдүүлэг, гэрч Р.Н /1-р хх-ийн 118 дугаар хуудас/-ийн мэдүүлэг, гэрч Р.С /1-р хх-ийн 119 дүгээр хуудас/-ийн мэдүүлэг, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 194 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Т нь эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суудаг, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Р.Т, А.Т, Б.И нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жил 6 сар хорих ял оногдуулах” саналыг, шүүгдэгч А.Тийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч Б.И-ын өмгөөлөгч Д.Бунжаа нар нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ялын доод хэмжээг миний үйлчлүүлэгчид оногдуулж өгнө үү” гэх санал, шүүгдэгч Р.Тын өмгөөлөгч Ө.Нарантуяа нь “...өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргах тайлбар байхгүй байна...” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна” гэж заасан байна. Иймд шүүгдэгч А.Т, Б.И нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь Р.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөөгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нар нь хохирогч Э.Бгийн 30 тооны хонийг зарж 1’590’000 төгрөгийн орлого олсон бөгөөд энэхүү гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр хурааж улсын төсөвт оруулах үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-өөс 530’000 төгрөгийг, шүүгдэгч Б.И-аас 530’000 төгрөгийг, шүүгдэгч Р.Таас 530’000 төгрөгийг тус тус албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.И нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцохдоо өөрийн өмчлөлийн хүрэн алаг зүсмийн 7 настай морийг унаж явсан болох нь, мөн шүүгдэгч Р.Т нь өөрийн эзэмшлийн 32-31 УВА улсын дугаартай портер загварын автомашинаар хулгайлж авсан 30 тооны хонийг тээвэрлэсэн болох нь тус тус тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-аас түүний хүрэн алаг зүсмийн 7 настай 850’000 төгрөгийн үнэ бүхий морийг, шүүгдэгч Р.Т-аас эзэмшлийн 32-31 УВА улсын дугаартай портер загварын 1’125’000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг тус тус хурааж улсын төсөвт оруулах үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч А.Т-ийн эзэмшлийн Их хурд загварын улсын дугааргүй мотоциклыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан талаар шүүгдэгч Б.Иын мэдүүлгээс өөр нотлох баримт байхгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.И-ын “шүүгдэгч А.Т-ийн Их хурд загварын улсын дугааргүй мотоциклыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан” гэх агуулгатай мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул шүүгдэгч Б.Иын мэдүүлгээр А.Тийн эзэмшлийн Их хурд загварын улсын дугааргүй мотоциклыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэж үзэх үндэслэлгүй юм.
Эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч З.Агийн сэтгэцийн байдлыг тодорхойлуулах шаардлагатай болсон тул Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэц наркологийн эмч нарыг шинжээчээр томилж, Шүүх сэтгэц эмгэг судлалын 29 дугаартай дүгнэлт гаргуулсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд шинжээчид төлөх зардалд хамаарах бөгөөд энэхүү хэрэгт нотлох баримтаар 40’000 төгрөгийн шинжээчийн зардал тогтоогдсон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хурааж авсан орлогоос сэтгэцийн шинжилгээний зардалд 40’000 төгрөгийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгох үндэслэлтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг эмээл 1 ширхэг /хуучин/, хөх өнгийн даавуугаар гадарласан эсгий тохом 1 ширхэг /хуучин/, суран хазаар 1 ширхгийг /хуучин/ тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
-Шүүгдэгч А.Т-ийн өмчлөлийн бор зүсмийн 8 настай морь, хоо зүсмийн 7 настай морь, халтар зүсмийн 3 настай морь, зээрд зүсмийн 3 настай морь, мөн түүний эзэмшлийн Их хурд загварын улсын дугааргүй мотоциклыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, шүүгдэгч Б.Иын өмчлөлийн шар зүсмийн хоёр гуян дээрээ саран тамгатай, 9 настай атан тэмээ, хөх зүсмийн хоёр гуян дээрээ саран тамгатай 10 настай атан тэмээг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож,
-Шүүгдэгч Р.Т-ын өмчлөлийн улаан халзан зүсмийн 4 настай эр үхэр, хар зүсмийн 3 настай эм үхэр, улаан цоохор зүсмийн 3 настай эх үхэр, улаан халзан зүсмийн 5 настай эх үхэр, 32-31 УВА улсын дугаартай портер загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоол, шүүгдэгч Б.Иын эзэмшлийн хүрэн алаг зүсмийн 7 настай морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелүүлэх болон хохирол төлүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээж тус тус шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нар нь энэ хэрэгт 4 хоног цагдан хоригдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Т, Б.И нараас гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Б ургийн овогт А-ийн Т, Ж ургийн овогт Б-ийн И, Б ургийн овогт Р-гийн Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А-ийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.И-ыг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Т-ыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.И-д оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Р.Т-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т тус бүрийн энэ хэрэгт цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлогод шүүгдэгч А.Т-өөс 530’000 төгрөгийг, шүүгдэгч Б.И-аас 530’000 төгрөгийг, шүүгдэгч Р.Т-аас 530’000 төгрөгийг тус тус гаргуулж,
- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шүүгдэгч Р.Т-ын эзэмшлийн 32-31 УВА улсын дугаартай портер загварын 1’125’000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг, шүүгдэгч Б.И-ын өмчлөлийн хүрэн алаг зүсмийн 7 настай 850’000 төгрөгийн үнэ бүхий морийг хураан авч тус тус улсын төсөвт оруулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-аас 1’485’000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-д олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэг, 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хурааж авсан орлогоос сэтгэцийн шинжилгээний зардалд 40’000 төгрөгийг Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт олгосугай.
8. Шүүгдэгч А.Т, Б.И нараас шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэрэг эмээл 1 ширхэг /хуучин/, хөх өнгийн даавуугаар гадарласан эсгий тохом 1 ширхэг /хуучин/, суран хазаар 1 ширхгийг /хуучин/ тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,
-Шүүгдэгч А.Т-ийн өмчлөлийн бор зүсмийн 8 настай морь, хоо зүсмийн 7 настай морь, халтар зүсмийн 3 настай морь, зээрд зүсмийн 3 настай морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг, шүүгдэгч Б.И-ын өмчлөлийн шар зүсмийн хоёр гуян дээрээ саран тамгатай, 9 настай атан тэмээ, хөх зүсмийн хоёр гуян дээрээ саран тамгатай 10 настай атан тэмээг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож,
-Шүүгдэгч Р.Т-ын өмчлөлийн улаан халзан зүсмийн 4 настай эр үхэр, хар зүсмийн 3 настай эм үхэр, улаан цоохор зүсмийн 3 настай эх үхэр, улаан халзан зүсмийн 5 настай эх үхэр, 32-31 УВА улсын дугаартай портер загварын автомашиныг битүүмжилсэн прокурорын тогтоол, шүүгдэгч Б.И-ын эзэмшлийн хүрэн алаг зүсмийн 7 настай морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелүүлэх болон хохирол төлүүлэхтэй холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
10. Шүүгдэгч А.Т, Б.И, Р.Т нарт өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА