Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 1268

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         07          07                                        2020/ШЦТ/1268

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч Ц.Л. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У. овогт Ц.ийн Л.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 01108 1717 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 1978 оны 06 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, У. овогт Ц.ийн Л..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Л. нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоффи” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Б.Саруулын кассны ширээн дээр орхисон Самсунг А30 загварын гар утсыг бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 454.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Л. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Б.Саруулаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 6/,

- Хохирогч Б.Саруулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 11-ний орой 23:00 цагийн үед гэр лүүгээ харихаар явж байгаад замдаа Дарь-Эхийн дунд буудалд байх хүнсний дэлгүүр орж хүү Санжаадоржийн хамт үйлчлүүлж байхдаа өөрийн гар утсаа тухайн дэлгүүрийн кассан дээр үлдээчихээд бараа үзэж байх хооронд миний гар утас алга болчихсон байсан. Би дэлгүүрийн камерын бичлэг шүүж үзэхэд 50 гаруй насны улаан дээлтэй, хар өнгийн малгай өмссөн эрэгтэй хүн миний гар утсыг аваад гарч байгаа камерын дүрс бичлэг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 8/,

- Гэрч Н.Уранбаярын өгсөн: “2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай дэлгүүрт мод зардаг байсан хүн халамцуу архи зээлчих гээд байсан. Тэгээд өгөхгүй гээд байж байсан чинь манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан нэг хүүхэн лангуун дээр гар утсаа тавьчихаад наймаа хийж байх хооронд тэр хүн лангуун дээр байсан гар утсан дээр түрийвчээ тавиад аваад явчихсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

- “Дамно” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 16/,

- Хохирогч Б.Саруулаас гаргасан “2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хохирол барагдуулж өгсөн тул гомдолгүй. Хохирлыг бэлэн мөнгө болох 450.000 төгрөгийг авсан учир хохирол барагдаж, гомдолгүй.” гэх хүсэлт /хх-ийн 21/,

- Ц.Л.гийн яллагдагчаар өгсөн: “Би 2020 оны 02 дугаар сарын 11-ний орой  найзындаа уучихаад харих гээд явж байгаад Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Тоффи” хүнсний дэлгүүрт орж, архи зээлэх гээд ороход худалдагч нь хүнтэй байна, цаанаа байж бай, хүлээж бай гэж хэлсэн. Тэгээд би хүлээж байхад лангуун дээр нэг хар өнгийн гар утас байж байхаар нь би аваад гарч яваад такси бариад Баянхошуу орсон. Надад таксины мөнгө байхгүй байсан, таксины мөнгө 12000 төгрөг гарсан байсан. Тэгээд би нөгөө утсыг таксины жолоочид маргааш өглөө авна гэж хэлээд нэмж бэлнээр 16000 төгрөг өгөөд яваад өгсөн. Тухайн үед таксины жолооч холбоо барих дугаар өгч байсан боловч нөгөө дугаар нь холбогдохгүй байсан. Би таксины жолоочийн дугаарыг хаячихсан. Одоо ямар дугаар байгааг нь санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Ц.Л. нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоффи” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Б.Саруулын кассны ширээн дээр орхисон Самсунг А30 загварын гар утсыг бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 454.600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Ц.Л.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Ц.Л. нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тоффи” нэртэй хүнсний дэлгүүрт иргэн Б.Саруулын кассны ширээн дээр орхисон Самсунг А30 загварын гар утсыг бусдын өмчлөлийн эд зүйл гэдгийг мэдсээр байж завшиж, бусдад 454.600 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Саруулын мэдүүлэг, гэрч Н.Уранбаярын мэдүүлэг, Ц.Л.гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Л.г гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол төлөгдсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Л.г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч  Ц.Л.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У. овогт Ц.ийн Л.г эд хөрөнгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Л.д 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Л. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА