Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 138

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Өлгий сум, Чаргат багт оршин суух, 1969 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЙ69122708, Тугтан овогтой Цэвээний Цогзолмаагийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цогзолмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Цогзолмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 16 настайгаасаа буюу 1985 оноос эхлэн илгээлтээр малчин болж, 1989 оны 12 дугаар сар хүртэл үхэр, хонь маллаж байсан. Одоо өндөр настай болж байгаа тул тэтгэвэрийн бичиг баримтаа бүрдүүлэхэд миний хөдөлмөрийн дэвтэр гээгдсэн тул Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байснаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Энххөдөлмөр нэгдэлд 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Цогзолмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

       Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн малчин Цэвээн овогтой Цогзолмаагийн 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

    Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ё.Пүрэвжав, Г.Баттулга нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ё.Пүрэвжав: Би Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Хулст нуур бригадад 1966 оноос 1990 он хүртэл дизелчин, гагнуурчнаар ажиллаж байсан. Ц.Цогзолмаа нь 1985 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Хулст нуур бригадад малчнаар ажиллаж байсан. Ц.Цогзолмаа нь 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болж байсан. Би Ц.Цогзолмаагийн аав, ээжийг нь сайн таньж мэднэ. Аав нь Цэвээн гэх хүн тус нэгдэлд адуучин байсан. Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргаар М.Баянжаргал, н.Хөхөө, Ч.Гомбосүрэн гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Г.Баттулга: Би Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн Хулст нуур бригадад 1972 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Энххөдөлмөр нэгдэлд ажиллаж байх хугацаандаа 1980 оноос 1983 оны хооронд цэргийн албанд явсан. Ц.Цогзолмаа нь 1985 оны 6 дугаар сард 8-р ангиа төгсөөд 7 дугаар сараас эхлэн илгээлтээр малчин болж байсан. Ц.Цогзолмаа нь 1989 оныг дуустал хугацаанд аав, ээжийн хамтаар мал маллаж байсан. Ц.Цогзолмаагийн аав Цэвээн гэх хүн тус нэгдэлд хоньчин, адуучинаар тус тус ажиллаж байсан. Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдлийн даргаар М.Баянжаргал, н.Хөхөө, Ч.Гомбосүрэн гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

          Иймд дээрх бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Цогзолмаагийн Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цогзолмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугтан овогтой Цэвээний Цогзолмаагийн Увс аймгийн Өлгий сумын Энххөдөлмөр нэгдэлд 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цогзолмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА