Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 647

 

2020        07           06                                 2020/ШЦТ/647      

 

 

                                 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,    

Шүүгдэгч: С.Алтанцэцэг /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн би Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мөнхөн овгийн Санжийн Алтанцэцэгт холбогдох эрүүгийн 2006014820559 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1960 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Өвөрхангай аймаг Арвай хээр хотод төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 13, хүү, бэр ач зээ нарын хамт, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 29-750 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй. Мөнхөн овгийн Санжийн Алтанцэцэг, /РД:ХМ60100762/,

Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 430 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Хунцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2006014820559 дугаартай хэргээс:

 Шүүгдэгч С.Алтанцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүү Ганбат руугаа залгаад ээжид нь 10000 төгрөгний хэрэг гараад байна гэж залгаж ярихад Ганбат гэртээ байсан ба мобайл байна уу гэхэд Ганбат байна гэхэд хажуунаас нь нэг эмэгтэй байхгүй гээд утас булаацалдаад байхгүй байхгүй гэж орилоод байсан ба би гайхаж утсаар тэр хүүхэнтэй маргалдаад тасалсан юм. Ингээд би бэр Ууганцэцэгтэй хамт Ганбатын гэрт очиж 10000 төгрөг авах гээд очсон бөгөөд гэрт ороход Ганбат согтуу эхнэр нь хоёр хүүхдээ хувцаслаад байж байсан ба Ганбатаас 10000 төгрөг байна уу гэж хэлэхэд байхгүй гэсэн ба картаа гаргаад ир гэхэд Ганбат дуугарахгүй байсан юм. Энэ үед Баярмаа түрүүн нөгөө хүүхэн карт утсыг нь аваад явсан байх гэж хэлсэн юм. Тэгээд Ууганцэцэг Баярмаа хоёр нөгөө хүүхний араас гараад явсан. Ингээд би хүүхдүүдийг нь хараад байж байгаад нөгөө хоёрын араас гарахад Ганбатын гудамжны төгсгөлд Ууганцэцэгийн машин байж байсан ба би тэгээд машины хажууд байх хашаан дотор ороход Ууганцэцэг, Хунцэцэг, Баярмаа нар маргалдаад байж байсан ба би Баярмааг хүүхдээ хар гэж хэлээд явуулсан. Ингээд Ууганцэцэг, Хунцэцэг нар нь зууралдаад Ууганцэцэг Хунцэцэгийн дээр нь байж байхаар нь би хажуугаар нь ороод Хунцэцэгийн толгой руу хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн юм...” /хавтаст хэргийн 6-9 дүгээр тал/

 

                 Хохирогч Б.Хунцэцэгээс “...Би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хамтран амьдрагч Ганбатын ажил дээр очиж хоносон бөгөөд маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 06-ны өглөө Ганбат ажлаасаа буугаад ээлжнийхээ хүмүүстэй хоёр том пиво уусан юм. Энэ үед Ганбатын хуучин эхнэр нь Ганбат руу залгаад хоолны юм байхгүй байна гээд байсан бөгөөд би гэр лүү явъя гэхэд Ганбат хоёулаа хоолны юм аваачиж өгье гээд бид хоёр такси бариад 6-н буудал орсон юм. Ингээд бид хоёр замаараа нүүрс аваад гэрт нь очиход Ганбатын хуучин эхнэр хоёр хүүхэдтэйгээ байсан ба Ганбат гэрт ороод архиндаа согтоод унтаад өгсөн юм. Энэ үед Ганбатын утас дуугарсан ба Ганбат утсаар ярьж байгаад салгасан, утас нь дахиад залгахаар нь хэн бэ гэхэд Ганбат чи өөрөө ярихгүй юу гээд над руу шидсэн. Би аваад сонсоход урдаас Ганбатын ээж нь мөнгө нэхээд мобайл банк байна уу гээд байхаар нь би байхгүй байна гэхэд чи хэн бэ ямар гичий вэ хаана байгаа газар чинь очиж ална гэхээр нь би тэг гээд жоохон хэрэлдээд утсыг нь салгасан юм. Ингээд би Ганбатаас унааны мөнгө нэхэхэдбайхгүй гээд байхаар нь би гэр лүүгээ алхаж харья гэж бодоод гарсан юм. Би гэрээс гараад далан давж алхах гэж байгаад зам хол болохоор 00 орохоор болж Ганбатын салсан эхнэрийн урд байх найзын хашаанд ороод 00-ын өрөөнд бие засах газарт сууж байхад найзын хашааны хаалга онгойж нэг хүн ирээд 00-ын хаалга онгойлгосон ба Ганбатын бэр эгч нь байсан юм. Ингээд Ганбатын бэр эгч нь чи ямар овоо гичий вэ гэж шууд миний үснээс зулгаагаад 00-с чирч гаргаад намайг газар дээш нь харуулж хэвтүүлээд миний гэдсэн дээр суугаад миний хоёр гарны бугуйнаас бариад элдвээр хэлээд нулимаад байсан юм. Ингээд би эсэргүүцэж байхад Ганбатын ээж болох Алтанцэцэг нь намайг элдвээр хэлж миний нүүр лүү гараараа болон хөлөөрөө маш олон удаа цохиж мөн чулуугаар миний нүүрийг ураад үрээд байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-26 дугаар тал/,

               Гэрч Б.Ууганцэцэгээс “...Би 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хадам ээж Аптанцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны халамжийн ажилтанд өргөдөл өгөх гээд хадам ээжийн шүдийг янзлуулах гэж явж байсан юм. Ингээд 10000 төгрөгний хэрэг гараад хадам ээж миний гар утсаар Ганбат руу залгасан юм. Ингээд Ганбаттай ярихад Ганбат гэртээ байсан ба ээж мөнгө байвал өгөөч буцаагаад өгье мобайл байна уу гэхэд Ганбат байна гээд хажуунаас нь нэг эмэгтэй байхгүй гээд утас булаацалдаад ээж бид хоёртой утсаар хэрэлдсэн ба бид хоёрыг хүрээд ир гээд элдвээр хэлээд байсан юм. Ингээд Ганбатын гэр лүү хадам ээж бид хоёр очсон бөгөөд гэрт ороход Ганбат согтуу эхнэр нь хоёр хүүхдээ хувцаслаад уйлаад байж байсан ба энд нөгөө хүүхэн ирсэн үү гэхэд дөнгөж сая гараад явсан гэж хэлсэн ба би Ганбатаас 10000 төгрөг байна уу гэж хэлэхэд байхгүй гээд би тухайн үед Ганбатыг ухаангүй юм арчаагүй мал гээд загнаад картаа гаргаад ир чи утсаар ярьж чадахгүй тэнэг юм уу гэхэд Ганбат дуугарахгүй байсан. Баярмаа түрүүн нөгөө хүүхэн карт утсыг нь аваад явсан байх гэхээр нь араас нь машинтай явахад олдоогүй ба буцаад явж байхад Баярмаа Хунцэцэг найзынхаа хашаанд нуугдсан байх гээд найзынх нь хашаанд би ороход 00 дотор нэг эмэгтэй дуугарсан. Очоод хаалгыг нь онгойлгож Баярмаагаас энэ эмэгтэй мөн үү гэхэд мөн гэхээр нь би чи Ганбатын утас картыг өг гэхэд чамд ямар хамаатай юм гээд шууд босож ирээд намайг үсдэж бид хоёр үсдэлцээд зууралдаж газар унаж ноцолдоод би дээр нь гарсан юм. Ингээд би дээр нь гараад хоёр гарнаас нь бариад гэдсэн дээр нь дарж суугаад чи болиоч ээ хүний амьдралыг ингэж үймүүлэхээ боль гэхэд чамд хамаагүй гээд бид хоёр хэрэлдэж байхад гэнэт хадам ээж орж ирээд энэ хүүхэн мөн үү балиар амьтан гээд Хунцэцэг гэх эмэгтэйн нүүрэн дээр нь хөлөөрөө хоёр удаа дэвсээд миний малгайны үсээр 2-3 удаа ороолгож харагдсан юм...” /хавтас хэргийн 35-36 дугаар тал/

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 дугаар сарын 11- ний өдрийн №3396 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:       

1. Т.Ганбатын биед хамар ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, 2 нүдний зовхины дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 24-25 дугаар хуудас/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/, хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний баримтууд /хх-ийн 63-68 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Хунцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газар нь хөлөөрөө өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Хунцэцэгийн мэдүүлэг, гэрч Б.Ууганцэцэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3396 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Алтанцэцэгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул С.Алтанцэцэгийг Хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч С.Алтанцэцэгийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Шүүгдэгч С.Алтанцэцэгт ял оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь  тэтгэврийн зээлтэй, ам бүл олуулаа, гэр бүлээ тэжээдэг  болон хохирогчид учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлыг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч С.Алтанцэцэг нь өндөр насны тэтгэвэр авдаг талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг / жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлж , шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж болохыг анхааруулж шийдвэрлэв. 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын…. эрүүл мэнд......-д  хууль бусаар санаатай буюу /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ”гэж,  мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Хохирогч Б.Хунцэцэг эмчилгээний төлбөрт нийт 120.000 төгрөг нэхэмжилсэнээс 120.000 төгрөгийг шүүгдэгч С.Алтанцэцэгээс  гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ. Хохирогч нь хөнгөн хохирол учирсантай холбоотой гарсан эмчилгээний зардлыг шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Алтанцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Мөнхөн овгийн Санжийн Алтанцэцэгийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгийг 500 /таван зуун мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгт оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ялыг  шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэг  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Алтанцэцэгээс 120.000 /нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Хунцэцэгт олгож, хохирогч Г.Хунцэцэг нь цаашид энэ хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

  6. Шүүгдэгч С.Алтанцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч , улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Алтанцэцэг урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ДАРЬСҮРЭН