Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2017/00156

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг би

Дорнод аймгийн  тоотод оршин суух/  тоот хаягтай, ******* ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

            Дорнод аймгийн  тоотод оршин суух, ******* овогт ******* *******т холбогдох,

“Хамтын амьдралтай байсан болохыг тогтолгох, хамтран өмчлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2016 оны 12 сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би А.*******тай 2005 онд танилцаад 2006 оноос эхлэн гэр бүлийн хамтын амьдрал зохиосон. Бид 2 хэн аль нь өмнө нь өөр хүнтэй гэр бүл болж байсан бөгөөд ******* нь гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул гэрлэлтийн баталгаа хийлгүүлж чадаагүй 10 гаруй жил хамт амьдарсан. Хамтын амьдрал зохиохдоо би 8-10 насны 2 хүүхэдтэй байсан ба ******* ч мөн адил 10 настай хүүтэй байсан бөгөөд *******тай гэр бүл болж сайхан амьдарна гэж бодсны үүднээс өдийг хүртэл амьдралаа түүнд зориулан амьдарсан юм. Бид хоёр хамт амьдрахдаа “Дорнын жолоо” авто сургуулийг гэр бүлийн бизнес болгон хамтын хүчээр ажиллуулж өдий зэрэгт хүргэсэн. Анх гэр бүл болохдоо бид орох орон гэргүй түрээсийн байр болон ах дүүгийнхээ гэрээр амьдардаг байсан. Ингээд 2010 онд Хэрлэн сумын 9 дүгээр баг 13 дугаар байрны 61 тоотын 3 өрөө орон сууцыг банкны орон сууцны лизингийн зээлээр худалдан авсан. Байрны урьдчилгаа болох 10000000 төгрөгийг сургалтын төлбөр орлогоо цуглуулан авсан. Мөн 2014 онд норд бенз маркийн ДОА улсын дугаартай ачааны машин, 2016 оны хавар 00-19 УНЕ улсын дугаартай соната 7 маркийн суудлын автомашин, ДОА улсын дугаартай соната 6 маркийн суудлын автомашин зэрэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө худалдан авсан. Анх хамт амьдарч байх үед ******* нь өөрийн гэсэн 100-аад тооны толгой хонь, ямаа нийлсэн малтай байсан ба тэр мал нь өсөөд одоо адуу 66, үхэр 54, хонь 250, ямаа 170 бүгд 540 тооны малтай болсон. Эдгээр хөрөнгийг бий болгох, өсгөн үржүүлэхэд миний зүгээс 10 жилийн хөдөлмөр, хөлс, ухаан бодол шингэж хамтын хүчээр бий болголцсон. Би өдөр бүр өглөөнөөс орой болтол жолооны курс дээрээ ажилладаг байсан. Надад цалин олгодоггүй харин миний нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагаас төлдөг байсан. Бид 2 анх хамт амьдарсан цагаас хойш *******ын хүү Мөнхбадрах нь 9 настай байсан ба тэр үеэс намайг хөөгдөн гарах хүртэл бидний асрамжинд хамт байсан. Миний 2 хүүхэд ч ялгаагүй бидэнтэй хамт амьдарч байсан. ******* нь надтай хамтран амьдарч намайг эхнэрээ болгож авчихаад одоо өөр эмэгтэйг гэртээ дагуулан авчраад намайг гэрээс хөөн гудманд гаргасан. Энэ эмэгтэйтэй сүүлийн хэдэн сар явалдаж гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн намайг хуурч мэхлэн явсан. Үүнээс болж манай гэр бүлийн амьдрал хоёр тийш болж байна. Ер нь ******* их хүүхэмсэг. Байнга л энэ тэр хүүхнүүдтэй орооцолдон явдаг байсан бөгөөд намайг энэ тухай хэлэхэд дахин ийм асуудал гаргахгүй гэдэг боловч хэзээ ч болиогүй. Тэр байтугай одоо явалдаж байгаа эмэгтэйтэйгээ Солонгос улсад хэдэн сар хамт амьдарсан. Энэ талаар нь би мэдсэн боловч өөрт нь гэр бүлээ хадгалан үлдэх ухаан ухамсар байгаа гэдэгт итгээд аль болох хань ижлээ хайрлан түүнийг өөртөө болон гэр бүлдээ татах талаар сэтгэл гарган мэрийсэн боловч амьдралаа үрэхээр шийдсэн байна. Дахин дахин доромжлуулан хэдэн жил хамт амьдрах билээ. Тэгээд ч намайг “чи яваач” гэж гэрээс маань хөөж байгаа болохоор сэтгэл зүрх минь маш хэцүү байдаг болохыг би ойлголоо. Би нүдэндээ нулимстай *******ыг хайрлахын дээдээр хайрлаж байсан. Энэхүү 10 жилийн амьдралаа бодохоор голдоо ортол гомдож байна. Бид хоёрын үр хүүхдүүд насанд хүрч, биеэ даасан. Дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс тэдэндээ тусгаарлан олгоогүй. Хар нялхаараа л биднийг аав, ээжээ гэж төсөөлөн амьдарсан. Ер нь салах хүртэл бидэнтэй хамт ******* бид хоёрын асрамжинд амьдарсан. 13-61 тоот 3 өрөө байрыг худалдан авахад би хамтран зээлдэгчээр орсон. Энэ байрны хувьд одоо Голомт банкны зээлийн барьцаанд байгаа ба үлдэгдэл 17.0 сая төгрөг дутуу байгаа. Энэ байрнаас миний бие болон хүүхдүүд маань өөрт ногдох хэсгээ гаргуулан авна. Тухайн байрны үнэ одоогоор 60.0 сая төгрөгийн ханштай ба ******* нь байраа зарна гэж ярьж байгаа юм байна лээ. Норд бенз машин, шаланз камаз машин, соната 6, 7 машинаа болон малын талаар ******* нь маргахгүй бол хамтран ярилцаад үл маргах журмаар шийдэх саналтай байна. ******* нь надад нэг өрөө орон сууц авч өгөөд хөрөнгөө хувааж тохиръё гэсэн боловч 6 сар гаруй хугацаанд намайг хуураад байгаа учраас орон сууцнаас оногдох хэсгээ гаргуулмаар байна. Иймд *******, ******* биднийг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож, хамтын амьдралтай байхдаа хамтран бий болгосон дундын өмч болох 13-61 тоот 3 өрөө орон сууцнаас гэр бүлийн гишүүн нэг бүрт оногдох хувийг гаргуулан авахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн иргэн Цэгмид овогтой ******* би *******тэй танилцахаас өмнө өөрийн хөрөнгөөр тус “Дорнын жолоо” ХХК-ийг 2001 онд үүсгэн байгуулж үйл ажиллагаа нь хэвийн ашигтай тогтвортой ажиллаж байсан. Мөн би төрсөн дүүгийнхээ болон өөрийнхөө байранд амьдарч байсан ба түрээсийн байранд амьдарч байгаагүй. Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг 13-61 тоот байрыг компанийн ашигаас банкны зээлээр худалдаж авсан. Мөн норд бенз маркийн 00-40 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслүүд нь “Дорнын жолоо” ХХК-ийн хөрөнгө, 00-19 УБЕ улсын дугаартай соната 7 машин нь манай найз Я.Ганзоригийн машин юм. ДОР улсын дугаартай соната 6 маркийн авто машиныг би 2016 оны 02 сард БНСУ-д хоёр сар ажил хийж олсон хөлсөөрөө авсан юм. Мөн эцэг, эхээс өвлүүлж үлдээсэн малаа өсгөж үржүүлсэн гэжээ.

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ******* нь хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчийг хуваалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Шүүхэд хэргийг шалгах ажиллагааг хийх явцад хариуцагч ******* би нэхэмжлэгч *******тэй харилцан ярилцаж тохиролцсоны дагуу Хэрлэн сумын 6 дугаар баг 24-62 тоотын нэг өрөө 18м2 орон сууцыг 2017 оны 01 сарын 25-ны өдөр хүлээлгэж өгөхөөр боллоо. Харин *******ийн нэр дээр байгаа 1 дүгээр багийн нутагт байрлах нөөцийн газрын урдах 2 айлын газрыг ******* миний нэр дээр шилжүүлэн өгсний дараа болон ******* нь үүнээс хойш миний нэр хүнд болон цаашдын амьдралд оролцохгүй, хэл ам хийхгүй байхыг хүсэж байгаа бөгөөд хүлээн зөвшөөрч байвал 1 өрөө байрыг шилжүүлэн өгөхөөр тус тус тохиролцлоо. Нэхэмжлэгч ******* нь хамтын амьдралтай байсныг шүүхээр тогтоолгох шаардлагагүй болсон болно гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч *******ийн хариуцагч *******т холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтолгох, дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж хянан шийдвэрлэх ажиллагааг хийх явцад нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар харилцан тохиролцож эвлэрсэн байх ба эвлэрэлдээ хариуцагч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг 24-р байрны 62 тоотын нэг өрөө 18м2 орон сууцыг 2017 оны 01 сарын 25-ны өдөр хүлээлгэж өгөх, харин *******ийн нэр дээр байгаа 1 дүгээр багийн нутагт байрлах нөөцийн газрын урд талд байршилтай 2 айлын газрыг *******ын нэр дээр шилжүүлэн өгөх, ******* нь *******ын нэр хүнд болон цаашдын амьдралд оролцохгүй, хэл ам хийхгүй байхаар тус тус тохиролцож, нэхэмжлэгч ******* нь хамтын амьдралтай байсныг шүүхээр тогтоолгохоос татгалзжээ.

Иймд зохигчдын дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар “*******, ******* нарыг хамтын амьдралтай байсныг тогтоолгох хэсгээс татгалзаж, дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт Хэрлэн сумын 6 дугаар баг, 24-р байрны 62 тоотын нэг өрөө 18м2 орон сууцыг ******* нь *******т хүлээлгэн өгөх, *******ийн нэр дээр байгаа 1 дүгээр багийн нутагт байрлах нөөцийн газрын урд талд байршилтай 2 айлын газрыг *******ын нэр дээр шилжүүлэн өгөх, ******* нь *******ын нэр хүнд болон цаашдын амьдралд оролцохгүй, хэл ам хийхгүй байхаар” харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457950 төгрөгийн тал хувь 228975 төгрөгийг төсвийн орлого болгож, үлдэх 228975 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 228975 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                           Б.ТҮМЭНЦЭЦЭГ