| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2020/1271/Э |
| Дугаар | 1281 |
| Огноо | 2020-07-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 1281
2020 07 09 2020/ШЦТ/1281
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюун-Эрдэнэ,
улсын яллагч Я.Сансар,
шүүгдэгч хохирогч Ш.К.,
шүүгдэгч хохирогч А.Е. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Н. овогт Ш.гийн К., С. овогт А.игийн Е. нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2006 02499 1623 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч хохирогч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд 1973 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, “Дельта” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, Н. овогт Ш.гийн К..
Монгол Улсын иргэн, 1996 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “Дельта” ХХК-д арматурчин ажилтай, ам бүл 5, аав, ах, дүү нарын хамт оршин суух бүртгэлтэй, С. овогт А.игийн Е..
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.К. нь 2020 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ВХ нэртэй баарны нийтийн байранд иргэн А.Е.тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож, духанд зулгаралт, баруун хацрын дотор салстад язрал, зүүн гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч А.Е. нь 2020 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ВХ нэртэй баарны нийтийн байранд иргэн Ш.К.тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч Ш.К. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хохирогч А.Е. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- А.Е.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, ВХ нэртэй баар байсан газрыг нийтийн байр болгосон байранд Руслан гэх найзтайгаа уулзаж, түүний найз охин Жанлган бид гурав дэлгүүр орж, 0.75 литрийн Хараа нэртэй архи авч, Русланы гэрт ирэхэд гэрт нь нийтийн байрны засвар дээр ажиллаж байгаа К., Серыкбол, мөн танихгүй нэг ах архи ууж дууссан халамцуу сууж байсан. Тэгээд би авсан архиа тухайн хүмүүстэй хувааж уусан. Тэгэхэд Серыкбол нь дахиад нэг архи уумаар байна гэхээр нь Руслан бид хоёр дахин дэлгүүр орж, 0.5 болон 0.75 литрийн Хараа архинаас тус бүр нэг шилийг авч, гэрт орж 0.75 литрийн архиа ууж дуусгаад өмнөх 0.5 литрийн архи нуусан газартаа очиж архи ууж байхад Руслан согтоод унтаад өгсөн. Тэгээд би өмнө нь архи ууж байсан газартаа өөрийн курткагаа үлдээсэн байхаар нь Жанлгантай хамт 3 давхар луу гарч айл руу ороход К., Серыкбол болон танихгүй нэг залуу 3 байсан. Тэгэхэд К. нь надад бид нараас нууж архи уугаад байгаа юм уу гэж маргасан. Тэгээд К. над руу дайраад байхаар нь түлхэж, өөрөөсөө холдуулахад миний баруун талын шанаа луу нэг удаа цохих үед би хариу үйлдэл үзүүлж, ганц хоёр удаа цохисон. Тэгээд би курткагаа аваад гарах гэж байхад араас К. нь миний зүүн талын бүдүүн гуя руу хутгалсан. Тэгээд би Жанлганд цагдаад битгий дуудлага өг гээд айлаас гараад коридорт унасан. Тэгэхэд миний зүүн талын гуянаас маш их цус гарч байсан. Намайг К. нь хоёр удаа зүүн талын гуянд хутгалсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- Ш.К.гийн хохирогчоор өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 35-356 тоотод байх нийтийн байранд түрээслэж байгаа. Би тухайн нийтийн байрны 2 давхрын барилгын засварын ажил хийж байна. 2020 оны 05 дугаар сарын 17-ны өглөө Серыкбол, Бахадбол нартай 0.5 литрийн Хараа нэртэй архи уусан. Тэгээд архи уусан гэртээ унтаж амарч байхад гаднаас 00 цагийн орчимд Эрганат согтуу орж ирсэн. Тэгээд ширээн дээр байсан эд зүйлийг авч над руу шидээд байхаар нь гэрийн гэрэл асаасан. Тэгэхэд Эрганат нь Бахадболыг нүүр лүү нь цохисон ба үргэлжлүүлээд над луу дайрч нүүр нүдгүй цохиж байхад баруун талын чих болон хамарнаас цус гарсан. Тэгэхээр нь би өөрийн дугаараасаа 102-т дуудлага өгөх гэхэд гар утас булааж аваад газар шидэж, би цагдаа нарт 100.000 төгрөгөөр торгуулиад сална, би шоронд явж байсан гэх мэтээр дарамтлаад байхаар нь би айгаад дүү Жанлган луу залгахад хурдан ороод ирсэн. Тэгээд Жанлган салгах гэхэд над руу дайрахаа больж Жанлган луу дайраад гар хөлнөөс нь татаж түлхээд яасан том хөхтэй юм гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд үргэлжлүүлээд над луу дайраад мөн бүх бие лүү цохиж зодоод өшиглөж байхад нь би ширээн дээр байсан хутга аваад Эрганатын зүүн талын гуяны орчимд нэг удаа хутгаар хатгасан. Тэгэхэд Эрганат зугатаад яваад өгсөн. Тэгээд би араас нь гарахад коридорт унасан байсан ба гуянаас нь цус их гарч байсан. Тэгэхээр нь Жанлган цагдаа болон түргэн тусламжийн дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5957 тоот: “А.Е.ийн биед духанд зулгаралт, баруун хацрын дотор салстад язрал, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 45-46/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5963 тоот:
1.Ш.К.гийн биед баруун чих, зүүн, баруун нүдний зовхи, зүүн хацар, шанаа, баруун тохойнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 39-40/,
- Гэрч Т.Жанлганы өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Өлгийн 35-356 тоотод байх нийтийн байрны 306 тоотод нөхрийн хамт амьдардаг ба үйлчлэгч хийдэг. Тухайн нийтийн байрны 2 давхарт унтаж байхад шөнө 00 цагийн орчим К. ах залгаад цагдаа дуудаад өгөөч гэхээр нь байрныхаа 3 давхарт 306 тоот өрөөнд ороход Эрганат гэх залуу маш их согтолттой 306 тоотод унтаж байсан Бахадбол, К. нарыг сэрээгээд зодоон хийж байсан ба К. ахын баруун талын чихнээс цус гарсан байсан, уртасгагч авч байгаад цохиж газар унагаж, зүүн талын нүд рүү нь гараараа олон удаа цохисон. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгөх гээд Эрганат миний гар утсыг авч шалан дээр цохиж эвдэж, баруун талын бугуйнаас базаж цагдаа дууддаг хэн бэ, би та нарыг зодсон ч 100.000 төгрөгөөр торгуулиад гараад ирнэ гэх мэтээр хэлж байгаад баруун талын гарын булчингаас зуурч байгаад хөхөнд хүрсэн ба ямар том хөхтэй юм бэ гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд К. ахаас гар бариад уучлал гуйх гэж гараа сунгаж байгаад орон дээр хэвтэж байхад нь татаж унагаад дахиад толгой руу нь өшиглөсөн. Тэгэхэд К. ах ширээн дээрээс нэг юм авах шиг болсон ба Эрганат гэрээд гараад гүйсэн. Тэгэхээр нь би араас гарахад 3 давхарт 305 тоот айлын өрөөнд цус гоожиж байгаа хөлөө дээшээ өргөөд хажуу талаараа хэвтсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
- Гэрч А.Ержанатын өгсөн: “2020 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн орчим төрсөн дүү Ердос над руу залгаж, Е. хүнд хутгалуулсан биеийн байдал тааруу байна, хурдан ир гэж хэлсэн. Тэгэхээр нь би ГССҮТ дээр аав, Ердос нар очиход Е.ын зүүн талын гуя дээр 4 оёдол тавьсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
- Гэрч З.Серикболын өгсөн: “Шалан дээгүүр цус болж будагдсан байсан ба К. нь Е.тэй хэрүүл маргаан болж байгаад Е.ыг хутгалсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Ш.К. нь 2020 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ВХ нэртэй баарны нийтийн байранд иргэн А.Е.тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар харилцан зодолдож, духанд зулгаралт, баруун хацрын дотор салстад язрал, зүүн гуянд нь хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, А.Е. нь 2020 оны 05 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ВХ нэртэй баарны нийтийн байранд иргэн Ш.К.тай таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус болох нь Ш.К., А.Е. нарын хохирогчоор өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 5963, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5957 тоот дүгнэлтүүд, гэрч Т.Жанлган, З.Серикбол нарыг мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.К., А.Е. нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Ш.К., А.Е. нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч хохирогч нар нь харилцан хохирол нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ш.К., А.Е. нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан тус тус торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н. овогт Ш.гийн К., С. овогт А.игийн Е. нарыг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.К., А.Е. нарт тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА