Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 44

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хас банкны Дархан салбар

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

            “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч В.Гантуяагийн иргэн А.Наранчимэгийн барьцааны эрхийн улсын бүртгэлийг зохих ёсоор бүртгээгүй үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, улсын бүртгэгчийн барьцааны эрхийн бүртгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас  барьцаа хөрөнгөөр хангагдах ёстой байсан шаардлагын хэмжээгээр 31,486,102,49 төгрөгийн хохирол учирсныг арилгуулах мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 543150 төгрөг, гуравдагч этгээд А.Наранчимэгт төлөх 458200 төгрөгийг тус тус улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах” шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:         А.Саранхишиг,   Э.Мөнх-Эрдэнэ             

                                                                             Х.Тэмүүжин

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:             Б.Хишгээ,   В.Гантуяа                                                                                                                        

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

В.Гантуяагийн өмгөөлөгч:                                      Д.Оюунчимэг  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнх-Эрдэнээс шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Хас банк нь Б.Мөнхсайхан, З.Батмандах нартай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр А.Наранчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007721 дугаартай Дархан сум, 12 дугаар баг, 6 дугаар хороолол, 26 дугаар байрны 17 тоот, 38 мкв талбайтай орон сууцыг барьцаалж, барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан ба барьцаалагч нартай холбоотой нотлох баримтуудыг бүрдүүлж өгснөөр бүртгэлийн тэмдэг дарж тэмдэглэгээ хийгдсэн байгаа. Гэвч зээлдэгчид зээлээ төлөх хугацаа хэтрүүлсэнтэй холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гарган иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад барьцаалуулагч А.Наранчимэг баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар бие даасан шаардлага гаргасанаар Баталгаат ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх талаар Хас банкны шүүхэд гаргасан хүсэлтээр үзлэг хийхэд Баталгаат ипотекийн гэрээнд бүртгэгдсэн тэмдэглэл хийгдсэн байх боловч улсын бүртгэлд бүртгэгдээгүй, барьцаа хөрөнгө барьцаалагдаагүй байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон юм. Өөрөөр хэлбэл барьцаалуулагч, барьцаалагч нар бүртгүүлсэн гэж бодож байсан барьцааны гэрээ нь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч В.Гантуяагийн зохих ёсоор бүртгээгүй, бүртгэл хийх актыг гаргаагүйн улмаас бүртгэгдээгүй болох нь илэрсэн.

Баталгаат ипотекийн гэрээний барьцааны эрхийн улсын бүртгэлийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу бүртгээгүй улсын бүртгэгч В.Гантуяагийн үйл ажиллагаа буюу захиргааны актын улмаас тухайн баталгаат ипотекийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй, Хас банк нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах боломжгүй болсон. Учир  нь Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 4-ний өдрийн 736 дугаартай шийдвэрээр эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тасгийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 45-43419 дугаартай эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007721 дугаартай Дархан сум, 12 дугаар баг 6 дугаар хороолол, 26 дугаар байр, 17 тоот 38 мкв талбайтай орон сууцны өмчлөгчөөр иргэн А.Наранчимэг бүртгэлтэй байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгөд үүрэг ногдуулсан тухай Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтуудыг үндэслэн хүчин төгөлдөр бусад тооцсон уг шийдвэрийг Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 001/хт2016/01197/ дугаартай тогтоолоор тус тус хэвээр үлдээж шийдвэрлээд байна. Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмаар ипотекийг улсын бүртгэлд бүртгэх улсын бүртгэгчийн ажиллагааг зохицуулсан байдаг бөгөөд улсын бүртгэгч ипотекийн мэдүүлгийг хүлээн авч хуульд заасан шаардлага хангасан бол улсын бүртгэлд бүртгэж, тухайн өдрийн мэдүүлэг хүлээн авах дэвтэр болон барьцааны гэрээний дэвтэрт бүртгэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулах, үүний үндсэн дээр талуудын хэрэгцээнд зориулан өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг дарж тэмдэглэл үйлдсэн ипотекийн гэрээний хувийг талуудад олгодог дэс дараалалтай байхад Улсын бүртгэгч В.Гантуяа баталгаат ипотекийн гэрээг улсын бүртгэлд бүртгэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд оруулалгүй зөвхөн бүртгэлийн тэмдэглэл хийсэн, бүртгэлийг эс хийгээгүйгээс барьцаа хөрөнгөөр хангагдах байсан үнийн дүнгээр банканд хохирол учраад байна.Энийг Төр хариуцах ёстой. Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д заасан улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны талаар сонирхогч этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж, 3121.6-д зааснаар бүртгэлийн ажиллагааг гүйцэд хийгээгүй гэж үзэх үндэслэлтэй юм. Эд хөрөнгө өмчлөх эрх , түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 313 дугаар зүйлийн 313.1 дэх хэсэгт зааснаар ипотекийг бүртгэх үүрэгтэй байгууллага хууль бус үйлдэл бүртгэл хийсний улмаас учирсан хохирлыг арилгах үүрэгтэй тул нэхэмжлэгч нь Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд 102 дугаар зүйлийн 102.1- дэх хэсгийн дагуу Улсын бүртгэгч В.Гантуяагийн улсын бүртгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүй үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоох, барьцаалуулагч, барьцаалагч нарт бүртгэсэн гэх өөрийн хувийн дугаар бүхий тэмдгийг дарж тэмдэглэл үйлдсэн хуурамч бүртгэлтэй гэрээг өгсөн, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцлийг бүрдүүлсэнтэй холбоотой гарсан хохирол болох 1001,350 төгрөгийг нөхөн төлөх, улсын бүртгэгчийн бүртгээгүй эс үйлдэхүйн улмаас барьцаалагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Баталгаат ипотекийн гэрээг эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн цахим санд нөхөж бүртгэхийг улсын бүртгэгчид даалгах шаардлага бүхий гомдлыг хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэст 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан. Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 23/165 дугаартай албан бичгээр Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэн нэхэмжлэгч Хас банкны Дархан салбар, А.Наранчимэг нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон байх тул уг барьцааны гэрээг нөхөн цахимжуулж, мэдээллийн санд оруулах боломжгүйг үүгээр мэдэгдэж байна гэж хариу ирүүлсэн. Гэтэл баталгаат ипотекийн гэрээ нь барьцаалагч болон барьцаалуулагч нарын хууль ёсны эрх, ашиг сонирлыг хамгаалах зорилготой, талуудын харилцан тохиролцсон нөхцлүүдийг бүрэн тусгасан бөгөөд зохих ёсоор бүртгээгүй улмаас хүчин төгөлдөр бусад тооцогдсонд гэм буруутай этгээд нь Улсын бүртгэгч В.Гантуяа мөн юм. Мөн шүүх Баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх нөхцлийг бүрдүүлсэнтэй холбоотой учирсан хохирол болох 1001,350 төгрөгийг нөхөн төлүүлэх нэхэмжлэгчийн гомдолд хариу өгөөгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхгүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар хуулийн этгээд шаардах эрхтэй , 101 дүгээр зүйлийн 100.1 дэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар иргэн хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгуулагаас гаргуулна гэж тус тус заасан байх тул Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч В.Гантуяагийн нэхэмжлэгчийн барьцааны эрхийн улсын бүртгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүй үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, барьцаалуулагч, барьцаалагч нарт бүртгэсэн гэх өөрийн хувийн дугаар бүхийн тэмдгийг дарж тэмдэглэл үйлдсэн хуурамч бүртгэлтэй гэрээг өгсөн талуудын илэрхийлсэн хүсэл зоригийг шүүхээс хүчин төгөлдөр бус гэж тооцох нөхцлийг бүрдүүлсэнтэй холбоотой гарсан хохирол болох 1001,350 төгрөгийг нэхэмжлэгчид нөхөн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгч Хас банк нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хариуцагчийн хууль бус эс үйлдэхгүйгээс буюу нэхэмжлэгчийн барьцааны эрхийн бүртгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас барьцаа хөрөнгөөр хангагдах ёстой байсан шаардлагын хэмжээгээр 31,486,102 төгрөгийн хохирол учирсныг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно гэв.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишгээгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хас банкны Дархан салбар нь Мөнхсайхан, Батмандах нартай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг зээлийн гэрээг Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 736 дугаар шийдвэр, Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 138 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тогтоолоор тус тус уг зээлийн гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн байна. Манай байгууллагын хувьд эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны бүртгэл хийх, ипотекийг бүртгэхээс татгалзах буюу хойшлуулах, ипотекийн бүртгэлийг нотлох, ипотек өөр этгээдэд шилжсэнийг бүртгэх үүрэгтэй бөгөөд зээлийн гэрээг цуцлагдах, түүнээс гарах үр дагаварыг талууд гэрээнд заасны дагуу хариуцах ёстой бөгөөд иргэн Мөнхсайхан, Батмандах нар нэхэмжлэлд дурдагдсан хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийг бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 312 дугаар зүйлд зааснаар Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны талаар сонирхогч этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлийг зааж өгсөн бөгөөд Хас банкны Дархан салбарын гаргасан нэхэмжлэл нь энэ хуулийн заалтад нийцээгүй, мөн хуулийн 313 дугаар зүйлийн 313 .1 дугаар зүйлд бүртгэлийн байгууллагын хохирол арилгах үндэслэлийг зааж өгсөн ба Хас банкны Дархан салбарын нэхэмжилж буй хохирлыг барагдуулах үүрэггүй болно. Баталгаат ипотекийн гэрээг  улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирэхэд нь тухайн мэдүүлгийг хүлээн авч мэдээллийн санд оруулсан байна. Иргэний хэрэг дээр нэхэмжлэгч этгээд нь хариуцагчаа тодорхойлж улсын бүртгэлийн хэлтсийг оролцуулах боломжтой байсан боловч Хас банк энэ эрхээ эдлээгүй байна. Түүнчлэн улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татан оролцуулаагүй мөртлөө өрөөл бусдыг өөрийнхөө өмнөөс буруутгах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  В.Гантуяагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Наранчимэг, Батмандах, Мөнхсайхан нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг бүртгүүлэхээр ирэхэд нь барьцаат зээлийн гэрээг бүртгүүлэх баримтуудыг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө өгч, бүрдүүлсэн баримтуудыг шалгаж, хүлээж аваад цахим мэдээллийн санд оруулан 45-23876 дугаарт бүртгэж, гэрээг бүртгэсэн тухай тэмдгийг дарж, холбогдох материалуудыг өгч явуулан Улсын бүртгэлийн ерөнхий хуулинд заасан ажиллагаануудыг хуулийн дагуу  хийж, еPRS  систем дээр бүртгэх үйлдлүүдийг хийгээд, тамга тэмдэг дарсан, цахим системийн тал дээр иргэний хэргийн шүүхээс үзлэг хийсэн бол бүртгэл хийсэн талаар мэдэх боломж байсан. Би өөрийн хийх ёстой ажлыг хийсэн билээ. Цахим мэдээллийн санд зээлийн барьцаат гэрээний талаар боловсруулалт хийгдсэн боловч гүйцэт хийгдээгүйгээс материал нь хадгалагдаагүй болно. Миний бие Улсын бүртгэлийн тухай хуульд заасан ажлаа хийсэн, өөрийн тэмдэг дарсан учир бүртгэл хийсэн гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гантуяагийн өмгөөлөгч Д.Оюунчимэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн үнийн дүнг хохирол гэж үзэн нэхэмжилсэн байгаа.Тухайн байгууллагад ямар хохирол учирсан талаар нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна. Зээлийн гэрээний талаар ярьж нэмэгдүүлсэн шаардлага оруулж ирсэн байна. Хас банк Наранчимэгтэй барьцааны гэрээ байгуулахдаа барьцаанд хэний ямар эд хөрөнгийг бүртгэсэн нь тодорхойгүй, хоёулаа очиж бүртгүүлэх байтал  ажлын цаг дууссан байхад бүртгүүлэхээр Наранчимэг гэдэг хүнийг ганцааранг нь явуулчихсан байдаг.Талууд барьцааны гэрээгээ бүртгүүлэхдээ хариуцлагагүй хандсан байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Барьцааны гэрээг бүртгүүлэх асуудал дээр банк өөрөө хариуцлагагүй хандсан. Барьцааны гэрээний үүргийг гэрээнд хэн биелүүлэхээр заасан байна тэр хүн үүрэг хүлээнэ. Миний үйлчлүүлэгч  нь энэ барьцааны гэрээний үүргийг хүлээхгүй болно. Сум дундын иргэний шүүхээр шийдэгдсэн асуудлыг хохирол гэж  төрөөс нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй, бодит хохирлыг гаргуулах байх. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг нотлох баримтаар авч өгсөн учир нотлох баримт дээр үндэслэх нь зүйтэй байх. Зээлийн гэрээний төлбөртэй холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэсэн байна. Улсын тэмдэгтийн хураамжийг төлснийг нэхэмжлэгч тал хохирол гэж үзээд, нэхэмжлээд байна. Иргэний журмаар шийдвэрлэсэн шаардлагыг дахин нэхэмжлэх боломжгүй, нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  Хас банкны Дархан салбараас “Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч В.Гантуяагийн иргэн А.Наранчимэгийн барьцааны эрхийн улсын бүртгэлийг зохих ёсоор бүртгээгүй үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, Хасбанкнаас  улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 543150 төгрөг, гуравдагч этгээд Наранчимэгт төлөх 458200 төгрөг бүгд 1001350 төгрөгийн хохирлыг улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “улсын бүртгэгчийн барьцааны эрхийн бүртгэлийг зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас  барьцаа хөрөнгөөр хангагдах ёстой байсан шаардлагын хэмжээгээр  буюу 31,486,102,49 төгрөгийн хохирол учирсныг арилгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодорхойлжээ.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нарын шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэлээ.

            Хас Банкны Дархан салбар, иргэн Ж.Мөнхсайхан, З.Батмандах нар нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1610006971 дугаартай зээлийн гэрээг байгуулан 45,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 30 хувийн хүүтэй зээлдүүлж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдөр 1610006971-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг байгуулан А.Наранчимэгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2003007721 дугаартай Дархан сум 12 дугаар баг 6 дугаар хороолол 26 дугаар байрны 7 тоот 38.0  м2  орон сууцыг барьцаалж, барьцаат зээлийн гэрээг улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхэд  улсын бүртгэгчийн 25 дугаар бүхий тамга тэмдэг дарж гэрээг бүртгэсэн тухай тэмдэглэл үйлдэж өгсөн нь нэхэмжлэгчээс нотлох баримтаар ирүүлсэн баталгаат ипотекийн гэрээгээр тогтоогдож байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гантуяагаас “барьцааны гэрээг бүртгүүлэхээр ирэхэд нь барьцаат зээлийн гэрээг бүртгүүлэх баримтуудыг хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөгөө өгч, бүрдүүлсэн баримтуудыг шалгаж, хүлээж аваад цахим мэдээллийн санд оруулан 45-23876 дугаарт бүртгэж, гэрээг бүртгэсэн тухай тэмдгийг дарж, холбогдох материалуудыг өгч явуулан Улсын бүртгэлийн ерөнхий хууль журамд заасан ажиллагаануудыг хуулийн дагуу  хийсэн” гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байгаа боловч энэхүү барьцаат зээлийн гэрээ, холбогдох материалууд нь Ү-2003007721 дугаарын хувийн хэрэгт авагдаагүй, мэдүүлэг хүлээн авах бүртгэлийн дэвтэр болон үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчоонд тус тус бүртгэгдсэн тухай бичилт тэмдэглэгээ хийгдээгүй болох нь шүүхээс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн баримт бичиг, бүртгэлүүдэд 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн дэвтрүүд, Ү-2003007721 дугаарын хувийн хэрэг,  аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийн 03/165 дугаарын албан тоотоор тус тус нотлогдож байна.

            Шүүхээс улсын бүртгэгч В.Гантуяагийн компьютер дээр цахим санд нэвтрэх  мэдээллийн бүртгэлийн еPRS программ руу орж  үзэхэд цахим мэдүүлгийн 45-23876 дугаарт мэдүүлэг гаргагч Алзахгүйн Наранчимэг, үйлчилгээний төрөл-УБД барьцаалбаргүй барьцааны гэрээ, Ү-2003007721, эд хөрөнгийн хаяг- Дархан сумын 12 дугаар багийн 26 дугаар байрны 17 тоот, огноо -2014.12.31 гэж бичигдсэн байх боловч дээрх бүртгэл нь  идэвхжээгүй, баталгаажиж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд орж бүртгэгдээгүй, зөвхөн гэрээнүүдэд бүртгэлийн тэмдэглэл хийгдэн тамга тэмдэг дарагдсан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Гантуяагийн тайлбараар нотлогдож байх бөгөөд хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгч нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам-ын 3.1 “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу иргэн, хуулийн этгээдийн гаргасан мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс улсын бүртгэгч хүлээн авч, мэдүүлэгт хүлээн авсан тэмдэг дарж, хуудсыг дугаарлан, огноо, цаг минутыг бичиж, мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг цахим систем /еPRS/-д хөтлөх журам-ын 3.1.1-д “мэдүүлэг, нотлох баримт нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлан хүлээж авч, мэдүүлэг түүнд хавсаргасан нотлох баримтыг цахим мэдээллийн системд программын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд шивж оруулна” гэж заасныг зөрчсөн нь тогтоогдож байх тул   барьцааны эрхийн улсын бүртгэлийг зохих ёсоор бүртгээгүй  үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгч Хас банкны Дархан салбараас  улсын бүртгэлийн хэлтсийн албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол болох барьцаа хөрөнгөөр хангагдах ёстой байсан шаардлагын хэмжээгээр буюу 31486.102.49 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1001350 төгрөг нийт 32.487.452.49 төгрөгийн хохирлыг хариуцагчаас нэхэмжилж байгаа бөгөөд Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 736 дугаар шийдвэрээр “хариуцагч Б.Мөнхсайхан, З.Батмандах нараас 33,055,659,25 төгрөгийг гаргуулах,...Хас банкны Дархан салбар, А.Наранчимэг нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан баталгаат ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, ...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338228 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 323228 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарт, гуравдагч этгээд А.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 458200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Хас банкны Дархан салбараас 458200 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Наранчимэгт олгохоор”, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын  08-ний өдрийн 001/хт2016/01197 дугаар тогтоолд “...хүчин төгөлдөр бусад тооцсугай гэснийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоосугай гэж тус тус өөрчлөн...” шийдвэрлэсэн, мөн Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 148 дугаар магадлал зэрэг хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд   байна.

             Нэгэнт нэхэмжлэлд заасан үйл баримтын талаарх зээлийн төлбөр, баталгаат ипотекийн гэрээг хүчин  төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, улсын тэмдэгтийн хураамж болох 323228 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгохоор шийдвэрлэснээс үзэхэд  захиргааны хэргийн шүүх дээрх маргаан бүхий асуудлыг дахин шийдвэрлэх боломжгүй, мөн нэхэмжлэгч нь иргэний хэргийн давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны иргэний хэргийн шүүхээр хэрэг шийдвэрлүүлэхийн тулд  шүүхийн үйлчилгээг авсныхаа төлөө улсын тэмдэгтийн хураамжид 543150 төгрөгийн төлсөнийг хохирол гэж үзэхгүй тул нэхэмжлэлийн шаардлагын 32.029.252.49 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Харин хариуцагч аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн улсын бүртгэгчийн буруутай үйл ажиллагаанаас тухайлбал улсын бүртгэгч В.Гантуяагийн тухайн барьцаат зээлийн гэрээг бүртгэлд бүртгээгүй, цахим санд шивж оруулаагүйгээс Хас банкны Дархан салбар, А.Наранчимэг нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг шийдвэрлэсэн бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 313 дугаар зүйлийн 313.1 д “ипотекийг бүртгэсэн болон бүртгэх үүрэгтэй байгууллага дор дурьдсан хууль бус үйлдэл эс үйлдэхүйгээр учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй, 313 1.4-д “улсын бүртгэлийн тэмдэглэлд хуульд зааснаар тусгавал зохих шаардлагыг хангаагүй, эсхүл өөр бусад алдаа гаргасан”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцна” гэж зааснаар Хас банкны Дархан салбараас А.Наранчимэгт олгох 458200 төгрөгийг нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэн хариуцагч аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

             

            Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,    106.3.4, 106.3.7, 106.3.13 дахь хэсэгт заасныг  тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 313  дугаар зүйлийн 313.1.4, Төрийн албаны  тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эрхийн улсын бүртгэгч В.Гантуяагийн иргэн А.Наранчимэгийн барьцааны эрхийн улсын бүртгэлийг зохих ёсоор бүртгээгүй үйл ажиллагаа нь хууль бус болохыг тогтоож, хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс   458200 төгрөгийн хохирлыг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Дархан салбарт олгох, үлдсэн хэсэг болох хохирол 32029252.49 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

        2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  48 дугаар зүйлийн 48.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

                                                                                                                                                           

        3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

        4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                            Д.НАРАНТУЯА