Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 3

 

Ө.А-, Г.Т- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                         О.Доржмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 328 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө-ын А-, Г-ын Т- нарт холбогдох эрүүгийн 1718000200006 тоот, 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Ж- овгийн Ө-ийн А-, регистрийн дугаар **********

2.Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай А- овогт Г-ын Т-, регистрийн дугаар **********.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Өсвөр насны шүүгдгч Ө.А-, Г.Т- нар нь бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 2-87 тоотод оршин суух Я.А-ийн гэрт нэвтэрч, нийт 734.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 328 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр 2-т заасныг баримтлан Жаргалант овгийн Ө-ын А-, Алаг адууныхан овогт Г-ын Т- нарыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Өсвөр насны шүүгдэгч Ө.А-, Г.Т- нараас гаргуулах төлбөргүй болохыг дурдаж,

-2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Жаргалант овгийн Ө-ын А-, Алаг адууныхан овогт Г-ын Т- нарт тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Г.Т-, Ө.А- нарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг 2 /хоёр/ дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоож,

-2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.А-, Г.Т- нарын 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр,

-Өсвөр насны шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

-2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Ө.А-д сургуульд суралцахыг даалгаж, Ө.А-, Г.Т- нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчилсөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Ө.А-, Г.Т- нарыг бүртгэлд авч хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар хүлээлгэсэн үүрэг биелүүлэхгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжпүүлэхээр,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр тус тус заажээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нарт тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Г.Т-, Ө.А- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн 328 тоот шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байх тул хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Г.Т-, Ө.А- нарыг иргэн Я.А-ийн гэрт нэвтэрч эд зүйл хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч нарт тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр” гэж нэмэгдэл ялын талаар зааж өгсөн байхад анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа нэмэгдэл ял хэрэглэх эсэхийг шийдвэрлэлгүйгээр хорих ял оногдуулж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа тохиолдолд нэмэгдэл ял оногдуулах эсэх талаар шийтгэх тогтоолдоо дурдаагүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дээд шатны прокурорын зүгээс эсэргүүцэл бичсэн. Улсын яллагчийн зүгээс дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас өсвөр насны шүүгдэгч Ө.А-, Г.Т- нарыг бүлэглэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 10 дугаар хэсгийн 2-87 тоотод оршин суух Я.А-ийн гэрт нэвтэрч, нийт 734.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ө.А-, Г.Т- нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр 2-т заасныг баримтлан орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Г.Т-, Ө.А- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2-т зааснаар уг хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Ө.А-д сургуульд суралцахыг даалгаж, Ө.А-, Г.Т- нарыг оршин суух газар, ажил сургуулиа өөрчилсөн, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэднээс гаргуулах төлбөргүй болохыг дурдаж, урд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжпүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй хэдий ч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т “эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр” гэж нэмэгдэл ялын талаар заасан байхад анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа нэмэгдэл ял хэрэглэх эсэхийг шийдвэрлэлгүйгээр орхигдуулж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ талаар бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт хуулийн үндэслэлтэй, оногдуулсан ял нь тэдний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон байна.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 328 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг

“3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Жаргалант овгийн Ө-ын А-, Алаг адууныхан овогт Г-ын Т- нарт эд хөрөнгийг хураахгүйгээр тус тус 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Г.Т-, Ө.А- нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай” гэж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын дараа 61 гэсэн заалт нэмж:

 “61. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ө.А-, Г.Т- нарт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлөхийг дурдсугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                           ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                           ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                        Ц.АМАРЖАРГАЛ