Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 141

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сум, 3 дугаар багт оршин суух, 1961 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ61082810, Шангас овогтой Дашийн Очирын,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Орлого, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Д.Очирын итгэжлэгдсэн төлөөлөгч Н.Орлого шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Очир нь 1983 оноос 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн нэгдсэн 4 дүгээр бригадад өрлөгчнөөр ажиллаж байсан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал Барилга угсралтын трест тарсан. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон ба бичиг баримтаа бүрдүүлэхэд тус трестэд ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд Д.Очирын Барилга угсралтын трестэд 1983 оны 9 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажиллаж байгаад 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс Өргөө хувьцаат компанид 1992 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Очирын ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

        Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Д.Очирын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 9 дүгээр сараас 1992 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд өрлөгчнөөр ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн, мөн тасгийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 323 тоот лавлагаанд: Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан Даш овогтой Очирын 1983 онд орсон болон 1992 онд гарсан тушаалын баримт гараагүй тул 1983-1992 оны цалингийн баримтыг түүвэрлэн хүргүүлэв гэжээ.

        Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 03 тоот лавлагаанд: Өргөө ХК нь 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэсэн байна.

          Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн О.Оюун, Ц.Нарантуяа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч О.Оюун: Би Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1980 оноос эхлэн нэгдсэн 4 дүгээр бригадад засалчнаар 1995 он хүртэл ажилласан. Манай байгууллага нь 1992 онд Өргөө ХК болон үйл ажиллагаа явуулсан. Д.Очир нь 1983 онд цэргээс халагдаж ирээд манай байгууллагад өрлөгчнөөр ажилд орж байсан. Д.Очир нь Зүүнговь сумын хүн юмаа. Д.Очир нь Өргөө ХК-нд ажиллаж байсан. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, Нэгдсэн 4 дүгээр бригадын даргаар Б.Орлоо гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ц.Нарантуяа: Би Увс аймгийн Барилга угсралтын трестийн 4 дүгээр бригадад анх засалчнаар ажилд 1985 онд ороход Д.Очир өрлөгчнөөр ажиллаж байсан. Тэр цагаас хойш бид нэгнээ мэднэ. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 онд Өргөө ХК болон үйл ажиллагаа явуулсан. Би 1995 онд хүртэл тухайн байгууллагадаа ажилласан. Д.Очир нь 1992 оныг дуустал Өргөө ХК-нд ажиллаж байгаад ажлаас гарч, өөр байгууллагад ажилд орж байсан. Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргаар Т.Батзул, Нэгдсэн 4 дүгээр бригадын даргаар Б.Орлоо гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

      Иймд дээрх бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Очирын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 9 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд, Увс аймгийн Өргөө ХК-д 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тус тус өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шангас овогтой Дашийн Очирын Увс аймгийн Барилга угсралтын трестэд 1983 оны 9 дүгээр сараас 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд, Увс аймгийн Өргөө ХК-д 1992 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 1992 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тус тус өрлөгчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Очирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                         ДАРГАЛАГЧ,

                                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ГЭРЭЛТУЯА