Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1282

 

 

 

 

 

 

 

 

 

  2020         07          09                                        2020/ШЦТ/1282

 

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Д.Э. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан И. овогт Д.ын Э.д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 1729 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 324 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэнийг мөн хугацаагаар тэнсэж байсан, И. овогт Д.ын Э..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Э. нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 00:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 12 дугаар байрны 48 тоот байранд хардалтын улмаас хамтран амьдрагч С.Цэрэннадмидын нүүр,  нуруу хэсэгт цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                         

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Э. мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хавтаст хэрэгт хууль заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч С.Цэрэннадмидын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шөнө 00:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12-48 тоотод буюу гэртээ унтлагын өрөөнд сэрүүн хэвтэж байтал хамтран амьдрагч Д.Э. гаднаас орж ирэхээр нь өрөөний хаалгыг цоожилсон бөгөөд Д.Э. нь унтлагын өрөөний хаалгыг цөм цохиж орж ирээд намайг Чука гэх хүнтэй хардаж, хэд хэдэн удаа зодож байсан бөгөөд тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаж, дуудлага өгч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7159 тоот: “1.С.Цэрэннадмидын биед хоёр нүдний зовхинд цус хуралт, сээрний голд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 13-14/,

- Д.Э.ийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 12-48 тоотод хамтран амьдрагч С.Цэрэннадмид гэртээ ирж хоноогүй бөгөөд би өөрийн 80881133 дугаараас хамтран амьдрагч С.Цэрэннадмидын 99001819 дугаар луу удаа дараа холболт хийхэд гар утсаа авахгүй байсан. Тухайн өдөр би гэртээ хамтран амьдрагч С.Цэрэннадмид хоёр хүүхэд цугтаа хоносон. Маргааш өглөө нь би хөдөө ажилтай байсан бөгөөд Чойр луу явсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 00:00 цагийн үед гэртээ буюу Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 12-48 тоотод ирсэн ба хамтран амьдрагч Цэрэннадмид гэрийн хаалга онгойлгож өгсөн. Тухайн үед би хамтран амьдрагч С.Цэрэннадмидад хандаж, 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хаана байсан талаар асуухад хэнтэй, хаана хоносноо хэлэхгүй гэх үед нүүр хэсэгт 2-3 удаа алгадаж, нуруу, хоёр талын гуя, толгойн ар хэсэгт 1-2 удаа цохисон. Дараа нь үнэнээ хэлэхгүй болохоор цагдаад би эхнэрээ зодчихлоо гэж дуудлага өгсөн бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хамтран амьдрагч Цэрэннадмидтай хамт хоносон хүнийг олж мэдэх гээд, мөн өөрийн гэм буруугаа хүлээж цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

             Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Д.Э. нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 00:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 12 дугаар байрны 48 тоот байранд хардалтын улмаас хамтран амьдрагч С.Цэрэннадмидын нүүр,  нуруу хэсэгт цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Э.д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

           Д.Э. нь 2020 оны 06 дугаар сарын 18-ны шөнө 00:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хорооллын 12 дугаар байрны 48 тоот байранд хардалтын улмаас хамтран амьдрагч С.Цэрэннадмидын нүүр,  нуруу хэсэгт цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Цэрэннадмидийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 7159 тоот дүгнэлт, Д.Э.ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Э.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, хохирол нэхэмжлэхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Д.Э.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 44/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Д.Э.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И. овогт Д.ын Э.ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э.д 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Э. нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА