| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00107/и |
| Дугаар | 150 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 150
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 10-10 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ57022679, Хулигт овогтой Ширнэнгийн Цэдэн-Ишийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Цэдэн-Иш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Цэдэн-Иш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1957 онд төрсөн, одоо 60 настай. Би 1982 оноос 1989 оны хооронд Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд ажиллаж байсан. Өндөр насны тэтгэвэрт гарахаар бичиг баримтаа бүрдүүлэхэд 1982 онд тус сургуульд ажилд томилсон захирлын тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хүнс-мөнгөний няраваар, 1982 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд багш, мастер багш, байрны хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Цэдэн-Иш нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 323 тоот лавлагаанд Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирлын 1982 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Ширнэн овогтой Цэдэн-Ишийн 1982 оны тушаалыг шүүн үзэх боломжгүй байна гэсэн байх боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулиас олгосон 202184 тоот хөдөлмөрийн дэвтэрт Ш.Цэдэн-Ишийн 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хүнс-мөнгөний няраваар, 1982 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд багш, мастер багшаар, 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн байрны хүмүүжүүлэгч багшаар тус тус ажилласан тухай бичилт хийгдсэн байна.
Мөн Ш.Цэдэн-Ишийн 1977 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд хугацаат цэргийн алба хаасан тухай 335068 тоот Цэргийн батлах-ын хуулбар, 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр байрны хүмүүжүүлэгч багшийн ажлаас чөлөөлөгдсөн тухай Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн захирлын 1989 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 50 тоот тушаалын хуулбар, түүнчлэн Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн цалингийн тодорхойлолт буюу нэхэмжлэгчийн 1982 оны 9 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус сургуульд ажиллан, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн, 1984 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Монголын багш нарын баяраар Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн багш нарын хамтаар авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт, 1984 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн Намын үүр, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон Үнэмлэх, 1985 оны 2 дугаар сарын 02-ны өдөр дээрх байгууллагаас олгосон Сайшаалын үнэмлэх, 1985 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон Баярын бичиг, 1988 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн Намын үүр, Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон Диплом зэрэг баримтууд тус тус хэрэгт авагджээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Н.Уртнасанг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Н.Уртнасан: Би Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд 1982 оноос эхлэн 2005 он хүртэл мастер багшаар ажиллаж байсан. Ш.Цэдэн-Иш нь 1982 оноос 1989 оныг дуустал нярав, мастер багшаар тус тус ажиллаж байсан. Ш.Цэдэн-Иш бид нар үе тэнгийн хүмүүс учир нэгнээ сайн мэднэ. Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуулийн нэр нь 1991 онд Увс аймгийн Сургалт үйлдвэрлэлийн төв нэртэй болоод 2002 онд Улаангом политехник коллеж болон өөрчлөгдөж, одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Тухайн байгууллага нь 50 гаруй ажилчидтай үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн байгууллагын захирлаар М.Дамдинсүрэн, Д.Дамбийжав, Ц.Баянсан гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж мэдүүлсэн байх ба гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цэдэн-Ишийн Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хүнс-мөнгөний няраваар, 1982 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд багш, мастер багшаар, 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд байрны хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Цэдэн-Ишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хулигт овогтой Ширнэнгийн Цэдэн-Ишийн Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургуульд 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1982 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хүнс-мөнгөний няраваар, 1982 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд багш, мастер багшаар, 1986 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1989 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд байрны хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Цэдэн-Ишийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА