Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 529

 

 

 

 

 

 

2020        07          02                                   2020/ШЦТ/529

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч П.Итгэл,

  шүүгдэгч Я.Э, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийт овогт Я.Э-д холбогдох эрүүгийн 1811 00039 1033 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1969 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч мэргэжилтэй, 220 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа, ам бүл 5, 2 хүүхэд, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо сургуулийн 1 дүгээр гудамж 5 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүрэг Баянзүрх худалдааны төвийн баруун талын 61а байрны 15 давхрын 132 тоотод оршин сууж байгаа, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 312 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан,

Өлзийт овогт  Я.Э, регистрийн дугаар / /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Я.Э нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 220-р цэцэрлэгийн анхны эрхлэгчээр томилогдон 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас олгосон Dell Optiplex 3020МТ маркийн intel core i5 4590 3.3GHz, 4GB ram, 500 GB HDD үзүүлэлттэй тус бүр нь 1.331.000 төгрөгийн 2 компьютерийг хүлээн авч цэцэрлэгийн бүртгэлд хий бүртгэн авч оронд нь Lenovo Q190 маркийн intel Pentium 2127U, 2GB RAM, 232GB HDD үзүүлэлттэй 1 ширхэг компьютер, Lenovo H530 маркийн intel Pentium G3220 2GB RAM, 500 GB HDD бүхий үзүүлэлттэй 1 ширхэг компьютеруудыг өгч өмнө нь БСШУЯ-наас олгосон компьютеруудын үзүүлэлтээс доогуур үзүүлэлттэй компьютер өгсөн,

мөн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр БСШУЯ-наас олгосон HASEE Т-500 маркийн intel core J5-4460, 4GB RAM, 500GB HDD үзүүлэлттэй тус бүр нь 1.230.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг компьютерыг авч нэг ширхэг компьютерийг цэцэрлэг дээр өгч үлдсэн нэг компьютерын оронд нь Dell Vostro 230 маркийн Dual core Е5400, 2GB RAM, 250GB HDD гэсэн доогуур үзүүлэлттэй компьютер өгсөн,

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр БСШУЯ-наас олгосон Lenovo Е-40-80 маркийн intel core i5 5005U, 4GB RAM, 500GB HDD үзүүлэлттэй зөөврийн компьютер хүлээн авсан боловч ажил хүлээлцэх үедээ Lenovo Е-40-80 маркийн i3 2GB RAM гэсэн доогуур үзүүлэлттэй зөөврийн компьютер хүлээлгэн өгсөн,

мөн Чингэлтэй дүүргийн 220 дугаар цэцэрлэгийг төлөөлөн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нэкст Дистрибьюшн ХХК-тай компьютер нийлүүлэх гэрээ байгуулж 4.239.000 төгрөгийн үнэлгээ бүхий Lenovo Q190 маркийн 2 ширхэг процессор, Lenovo Н530 маркийн 1 ширхэг процессор, Dell 3046 маркийн 1 ширхэг компьютер, Lenovo L11931Е загварын дэлгэц 3 ширхэгийг авч албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Я.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Туулын “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 220 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Өмнө нь Я.Э ажиллаж байсан. Манай байгууллага дээр 2017 оны 12 сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Отгончимэг гэх хүн ирээд Нэкст дистрибюшн ХХК-н зээлээр хүлээн авсан 7 ширхэг 4,539,000 төгрөгийн үнэ бүхий компьютерын төлбөрийг гаргуулж авах талаар хэлсэн. Би энэ талаар мэдэхгүй байсан тул эргээд холбогдох талаар тэр хүнтэй тохиролцоод сургууль дээр байгаа компьютерыг шалгаад үзсэн чинь Нэкст дистрибюшн ХХК-с цэцэрлэгийн нэр дээр компьютеруудыг зээлээр авсан байсан. Гэхдээ компьютер нь цэцэрлэг дээр байхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан. Мөн Дэлхийн зөн байгууллагаас нэг ширхэг компьютер буцалтгүй тусламжаар өгсөн ба тэр нь бас манай ажил дээр байхгүй байгаа. Мөн Боловсрол соёл шинжпэх ухааны яамнаас албан хэрэгцээнд Делл маркийн 2 ширхэг компьютер, Наsее маркийн 2 ширхэг, Lenovo маркийн 1 ширхэг зөөврийн компьютер өгсөн боловч Делл биш Lenovo маркийн компьютерууд цэцэрлэг дээр байгаад байгаа. Наsее маркийн нэг компьютер нь таараад байгаа ба өөр нэг нь байхгүй байгаа. Мөн зөөврийн компьютерын үзүүлэлт нь таарахгүй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-н 31-32-р хуудас/,

Гэрч П.Оюунтуяагийн “...Манай байгууллагад 2016 оны 12 дугаар сард Я.Э гэдэг хүн ирсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн 12-р хорооны нутаг дэвсгэрт шинээр цэцэрлэг байгуулагдсан, танайхаас ямар нэгэн тусламж байдаг эсэхийг асуусан. Би тэгэхээр нь тийм тусламж байдаггүй манай байгууллагын дарга одоогоор байхгүй байна, та хүсэлтээ албан ёсоор бичгээр өгөөд зээлээр авах боломжтой гэж хариу өгсөн. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр албан бичгээр хүсэлт гаргасан. Тэрийг нь байгууллагын захиралд танилцуулаад тухайн цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагааг Чингэлтэй дүүргийн веб сайтаас хараад захирлын зураг нь мөн тэр веб сайтад байсан. Тэгээд зээл өгөх боломжтой гэж үзээд 2017 оны 01-р сарын 24-ний өдөр компьютер нийлүүлэх гэрээ хийгээд 7 нэр төрлийн компьютерийн техникийн хэрэгсэл акт хийж хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл 3 ширхэг компьютер 1 ширхэг процессор авсан. Гэрээн дээр 2017 оны 02 дугаар сард багтаан төлбөрийг 2 хувааж барагдуулахаар заасан боловч ерөөсөө барагдуулаагүй. Тэгээд манай байгууллагын зүгээс Чингэлтэй дүүргийн захиргааны хэргийн шүүхэд хандаж 2017 оны 10 дугаар сард манай байгууллагад учирсан хохирлыг төлж барагдуулах шийдвэр гарсан. 2017 оны 12 дугаар сарын 20-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас манай байгууллагад учирсан 4,281,790 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Энэнээс өмнө буюу 2017 оны 06- р сарын 07-ны өдөр Я.Э гэх хүн 100,000 төгрөг, 6 сарын 13-ны өдөр 200,000 төгрөг төлсөн. Манай байгууллагаас Я.Э гэх хүн өөрөө сонгоод 4 ширхэг процессор, 3 ширхэг дэлгэц авсан. 2 ширхэг lenovo Q190 процессор нь жижиг модем шиг хэмжээтэй, нөгөө 2 профессор нь энгийн том процессор байсан. Би анх 2017 оны 03 сард очих үед үзээгүй. Дараа нь 2017 оны 05 сард очих үед компьютеруудаа шалгахад нярав дээр нь нэг ширхэг Lenovo Н530 процессор, 1 ширхэг Lenovo LI1931 Е загварын дэлгэцтэй байсан, өөрт нь 1 ширхэг LenovoLI 1931 Е дэлгэц өөр үзүүлэлттэй процессорын хамт, эмч дээр нь LenovoQ19 маркийн процессор өөр дэлгэцтэй байсан санагдаж байна. Үлдсэн бусад эд зүйл нь няравын складанд байгаа, складны түлхүүр байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-н 39-41-р хуудас/,

Гэрч С.Батнарангийн “... Анх намайг ажилд орох үед цэцэрлэгт 2 ширхэг суурин компьютер байсан ба арга зүйч Энхсайханы өрөөнд НАSЕЕ загварын компьютер, эрхлэгч Я.Эгийн өрөөнд DELL загварын компьютер байсан. Манай ажил дээр өөр компьютер байхгүй болохоор би гэрээсээ Dell маркийн суурин компьютер хувиараа авчраад ажлаа хийж байсан ба удалгүй миний компьютер эвдрээд эргээд гэртээ аваачсан. Дахиад компьютергүй байж байтал Я.Э эрхлэгч 2016 оны 11 сард хаанаас ч юм 2 ширхэг Lenovo маркийн компьютер авчирсан. Нэг компьютерийг нь би авсан бөгөөд нөгөө компьютерийг нь хуучин ажиллаж байсан Эрдэнэчимэг эмчийн өрөөнд байрлуулсан. Энэ хоёр компьютер хоёулаа шинэ байсан, Я.Э эрхлэгч хаанаас авчирсан талаар надад хэлээгүй. Өөр ямар нэгэн байгууллагаас зээлээр компьютер авсан гэж хэлж байгаагүй. Цэцэрлэг дээр нийт дансаар 5 компьютер байх ёстой. Одоо цэцэрлэг дээр 5 компьютер байгаа боловч 1 компьютерын үзүүлэлт нь тохирч байгаа бусад 4 компьютерын үзүүлэлт зөрүүтэй байгаа. Мөн складанд 2 ширхэг компьютер байгаа бөгөөд намайг жирэмсний амралттай байх үед Дэлхийн зөн олон улсын байгууллагаас Я.Э эрхлэгч нэг компьютер авсан байсан. Тэр компьютер хаана байгаа талаар асуухад нэг ширхэг компьютер өгсөн ба юмыг яаж мэдэхэв гээд складанд хийсэн. Үлдсэн нэг компьютерыг Я.Э эрхлэгч яамнаас авсан нэг компьютерын оронд өгсөн. Намайг ажиллаж байх хугацаанд компьютерын процессор шатсан асуудал гараагүй. Я.Э эрхлэгч 2017 оны 08 сард ажлаа өгсөн бөгөөд шинэ эрхлэгч ирээд данс тооцоогоор компьютеруудаа бүртгэсэн. Тэгэхэд байхгүй байсан эд зүйлээ би Я.Э эрхлэгчээс нэхэхэд 2017 оны 09 сард намайг Монгол 3 дугаар сургуулийн шинэ зам дээр дуудаж хайрцагтай иж бүрэн Делл маркийн компьютер өгсөн ба тэр нь одоо складанд байгаа. Дэлхийн зөн олон улсын байгууллагын компьютер гэж хэлсэн. Дараа нь 10 орчим хоногийн дараа Я.Э эрхлэгч нэг таксины жолоочид Делл маркийн процессор өгч явуулсан. Тэрийгээ яамнаас авсан нэг процессорын оронд гэж хэлсэн. Энэ бас складанд байгаа. Би 2017 оны 09 сард Я.Э гэх хүний гэрт нь очиж яамнаас авсан зөөврийн компьютерыг хүлээн авсан. Тэрийг Я.Э эрхлэгч хэрэглэж байсан ба би тухайн үед асааж үзэхэд хэвийн байхаар нь хүлээж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 42-44-р хуудас/,

Гэрч Т.Эгиймаагийн: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 220 дугаар цэцэрлэгт нягтлан гэх албан тушаалд 2016 оны 04 сард томилогдсон. Намайг томилогдох үед Я.Э эрхлэгчээр ажиллаж байсан. Намайг анх цэцэрлэг дээр ирэхэд Я.Эгийн өрөөнд нэг суурин компьютер, арга зүйч Энхсайханы өрөөнд нэг суурин компьютер, нярав Батнарангийн өрөөнд нэг суурин компьютер байсан гэх боловч Энхсайхан, Батнаран 2 өөрсдөө хувийнхаа компьютерыг цэцэрлэг дээр авчирсан гэж байсан. Я.Эгийн өрөөнд байсан нэг компьютер нь БСШУЯ-с өгсөн 2 компьютерын нэг нь байх. Харин нөгөө компьютер нь яасан талаар мэдэхгүй. Тэгээд 2016 оны 06 сард дахиад хоёр компьютер БСШУЯ-аас авсан ба тэрийг нь би тухайн үед мэдээгүй байсан. 2016 оны 09-р сард Батнарангаас тайлан мэдээ нэхэж асуугаад тэр хоёр компьютерийг авсан талаар мэдсэн. Тэгээд би Я.Эгаас асуусан чинь 2016 оны 02-р сард авсан хоёр компьютерийн нэгийг нь тогноос болж шатаасан, 2016 оны 06-р авсан хоёр компьютероо таксинд авч явж байгаад алдсан гэж хэлсэн. Тэгээд эдгээр авсан компьютеруудыг нь нэхсээр байгаад 2016 оны 10-р сард гурван ширхэг Lenovo маркийн компьютер Я.Э авч ирсэн. Тэрийг нь дутуу байсан данс тооцоонд оруулаад бүрдсэн. Тэгээд байж байтал 2017 оны 12-р сард манай цэцэрлэг дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүн ирээд Нэкст ХХК гэх байгууллагаас зээлээр 2017 оны 01 дүгээр сард байгууллагын нэр дээр компьютер зээлээр авсан байна гэж хэлэхээр нь би мэдсэн. Тэрнээс өмнө надад Я.Э гэх хүн Нэкст гэх байгууллагаас зээлээр компьютер авсан талаараа ерөөсөө хэлж байгаагүй. Миний бодлоор БСШУЯ-аас авсан компьютеруудаа нөхөн бүрдүүлэхийн тулд 2017 оны 10-р сард өөр газраас Леново компьютерууд аваад тэрийг дахин нөхөхийн тулд Нэкст гэх газраас зээлээр аваад хүнд өгсөн гэдэг таамаглал байна. Цэцэрлэгийн эрхлэгч зээлээр аливаа байгууллагаас ямар нэгэн эд зүйлс авах тохиолдолд эхлээд надад мэдэгдээд төсөв санхүү, хөрөнгийн зардал зэргээ асуух ёстой. Хэрвээ бүр шаардлагатай тохиолдолд би Чингэлтэй дүүргийн санхүү төрийн сангийн хэлтэст бичгээр хүсэлт тавьж зөвшөөрсөн тохиолдолд эд зүйлсээ авдаг. Харин Я.Э гэдэг хүн ийм зүйлсээ мэдсээр байж дур мэдэн тэр компьютеруудыг авсан байна. Тэрийгээ ч цэцэрлэг дээр авчирсан зүйл байхгүй. Хэрэв авчирсан тохиолдолд нярав Батнаранд хүлээлгэн өгөөд нярав надад анхан шатны тайлан өгөөд тэрийг нь үндэслэн бүртгэлд авдаг. Би Батнарангаас эдгээр зүйлсийг нэхэхээр Батнаран аваагүй зүйл дээрээ тайлан гаргахгүй гэдэг болохоор Батнаранд Я.Э бас эд зүйлсээ өгөөгүй байх. Манай цэцэрлэгт 2017 оны 6 сараас эхлэн Дэлхийн зөн олон улсын байгууллагаас буцалтгүй тусламжаар нилээн хэдэн зүйл цувуулж Я.Э эрхлэгч өөрөө очиж авсан. Хамгийн сүүлд 2017 оны 11 сард зарлагын падан ирсэн бөгөөд тэрэн дунд байсан Делл маркийн компьютераас бусад нь байсан. Тэрийг нь Я.Эгаас асуухад Дэлхийн зөн байгууллагад буцаагаад өгчихсөн гэж хэлсэн. Манай цэцэрлэг дээр тус байгууллагаас ямар нэгэн зээлээр компьютер авах шаардлага хэрэгцээ байгаагүй. БСШУЯ-наас нийт 4 суурин компьютер, 1 ширхэг зөөврийн компьютер өгсөн. Энэ нь компьютер ашиглах албан тушаалтнуудад хангалттай норм. Өөрөөр хэлбэл цэцэрлэгийн арга зүйч 1 компьютер, эмч 1 компьютер, нярав 1 компьютер, эрхлэгч 1 компьютер байхад хангалттай. Бусад цэцэрлэгийн багш нар нь хүүхдүүдтэй ажилладаг тул компьютерын хэрэгцээ тэр болгон гараад байдаггүй...” гэх мэдүүлэг /1-р хх-н 47-49-р хуудас/,

Шүүгдэгч Я.Э-гийн “... 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1403 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбогдуулан хэлэх санал хүсэлт алга байна би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 45-р хуудас/,

Хохирогч С.Хонгорзулын “...Хэргийн материалаас харахад Я.Э эрхлэгч хохирлыг бүрэн барагдуулсан байна. Гэхдээ хохирлыг барагдуулсан ч албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл байх тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 49-р хуудас/,

Шүүгдэгч Я.Э-гийн иргэний үнэмлэхний лавлагаа болон хувийн байдлыг тогтоосон бусад баримт, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 171 дугаар тогтоол /3хх 88/, шүүгдэгч Я.Эгийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /3хх 87/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Э нь 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 220-р цэцэрлэгийн анхны эрхлэгчээр томилогдон 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүртэл эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас олгосон Dell Optiplex 3020МТ маркийн intel core i5 4590 3.3GHz, 4GB ram, 500 GB HDD үзүүлэлттэй тус бүр нь 1.331.000 төгрөгийн 2 компьютерийг хүлээн авч цэцэрлэгийн бүртгэлд хий бүртгэн авч оронд нь Lenovo Q190 маркийн intel Pentium 2127U, 2GB RAM, 232GB HDD үзүүлэлттэй 1 ширхэг компьютер, Lenovo H530 маркийн intel Pentium G3220 2GB RAM, 500 GB HDD бүхий үзүүлэлттэй 1 ширхэг компьютеруудыг өгч өмнө нь БСШУЯ-наас олгосон компьютеруудын үзүүлэлтээс доогуур үзүүлэлттэй компьютер өгсөн, мөн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр БСШУЯ-наас олгосон HASEE Т-500 маркийн intel core J5-4460, 4GB RAM, 500GB HDD үзүүлэлттэй тус бүр нь 1.230.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг компьютерыг авч нэг ширхэг компьютерийг цэцэрлэг дээр өгч үлдсэн нэг компьютерын оронд нь Dell Vostro 230 маркийн Dual core Е5400, 2GB RAM, 250GB HDD гэсэн доогуур үзүүлэлттэй компьютер өгсөн, 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр БСШУЯ-наас олгосон Lenovo Е-40-80 маркийн intel core i5 5005U, 4GB RAM, 500GB HDD үзүүлэлттэй зөөврийн компьютер хүлээн авсан боловч ажил хүлээлцэх үедээ Lenovo Е-40-80 маркийн i3 2GB RAM гэсэн доогуур үзүүлэлттэй зөөврийн компьютер хүлээлгэн өгсөн, мөн Чингэлтэй дүүргийн 220 дугаар цэцэрлэгийг төлөөлөн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нэкст Дистрибьюшн ХХК-тай компьютер нийлүүлэх гэрээ байгуулж 4.239.000 төгрөгийн үнэлгээ бүхий Lenovo Q190 маркийн 2 ширхэг процессор, Lenovo Н530 маркийн 1 ширхэг процессор, Dell 3046 маркийн 1 ширхэг компьютер, Lenovo L11931Е загварын дэлгэц 3 ширхэгийг авч албан тушаалын байдлаа ашиглан хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Туулын “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 220 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсан. Өмнө нь Я.Э ажиллаж байсан. Манай байгууллага дээр 2017 оны 12 сарын 19-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Отгончимэг гэх хүн ирээд Нэкст дистрибюшн ХХК-н зээлээр хүлээн авсан 7 ширхэг 4,539,000 төгрөгийн үнэ бүхий компьютерын төлбөрийг гаргуулж авах талаар хэлсэн. Би энэ талаар мэдэхгүй байсан тул эргээд холбогдох талаар тэр хүнтэй тохиролцоод сургууль дээр байгаа компьютерыг шалгаад үзсэн чинь Нэкст дистрибюшн ХХК-с цэцэрлэгийн нэр дээр компьютеруудыг зээлээр авсан байсан. Гэхдээ компьютер нь цэцэрлэг дээр байхгүй байсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан....” гэх мэдүүлэг /1-р хх-н 31-32-р хуудас/, гэрч П.Оюунтуяагийн “...Тэгээд зээл өгөх боломжтой гэж үзээд 2017 оны 01-р сарын 24-ний өдөр компьютер нийлүүлэх гэрээ хийгээд 7 нэр төрлийн компьютерийн техникийн хэрэгсэл акт хийж хүлээлгэн өгсөн. Өөрөөр хэлбэл 3 ширхэг компьютер 1 ширхэг процессор авсан. Гэрээн дээр 2017 оны 02 дугаар сард багтаан төлбөрийг 2 хувааж барагдуулахаар заасан боловч ерөөсөө барагдуулаагүй....Энэнээс өмнө буюу 2017 оны 06- р сарын 07-ны өдөр Я.Э гэх хүн 100,000 төгрөг, 6 сарын 13-ны өдөр 200,000 төгрөг төлсөн. Манай байгууллагаас Я.Э гэх хүн өөрөө сонгоод 4 ширхэг процессор, 3 ширхэг дэлгэц авсан. 2 ширхэг lenovo Q190 процессор нь жижиг модем шиг хэмжээтэй, нөгөө 2 профессор нь энгийн том процессор байсан. Би анх 2017 оны 03 сард очих үед үзээгүй. Дараа нь 2017 оны 05 сард очих үед компьютеруудаа шалгахад нярав дээр нь нэг ширхэг Lenovo Н530 процессор, 1 ширхэг Lenovo LI1931 Е загварын дэлгэцтэй байсан, өөрт нь 1 ширхэг LenovoLI 1931 Е дэлгэц өөр үзүүлэлттэй процессорын хамт, эмч дээр нь LenovoQ19 маркийн процессор өөр дэлгэцтэй байсан санагдаж байна. Үлдсэн бусад эд зүйл нь няравын складанд байгаа, складны түлхүүр байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-н 39-41-р хуудас/, гэрч С.Батнарангийн “...Дахиад компьютергүй байж байтал Я.Э эрхлэгч 2016 оны 11 сард хаанаас ч юм 2 ширхэг Lenovo маркийн компьютер авчирсан. Нэг компьютерийг нь би авсан бөгөөд нөгөө компьютерийг нь хуучин ажиллаж байсан Эрдэнэчимэг эмчийн өрөөнд байрлуулсан. Энэ хоёр компьютер хоёулаа шинэ байсан, Я.Э эрхлэгч хаанаас авчирсан талаар надад хэлээгүй...Цэцэрлэг дээр нийт дансаар 5 компьютер байх ёстой. Одоо цэцэрлэг дээр 5 компьютер байгаа боловч 1 компьютерын үзүүлэлт нь тохирч байгаа бусад 4 компьютерын үзүүлэлт зөрүүтэй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-н 42-44-р хуудас/, гэрч Т.Эгиймаагийн: “...Тэгээд 2016 оны 06 сард дахиад хоёр компьютер БСШУЯ-аас авсан ба тэрийг нь би тухайн үед мэдээгүй байсан. 2016 оны 09-р сард Батнарангаас тайлан мэдээ нэхэж асуугаад тэр хоёр компьютерийг авсан талаар мэдсэн. Тэгээд би Я.Эгаас асуусан чинь 2016 оны 02-р сард авсан хоёр компьютерийн нэгийг нь тогноос болж шатаасан, 2016 оны 06-р авсан хоёр компьютероо таксинд авч явж байгаад алдсан гэж хэлсэн. ...Тэгээд байж байтал 2017 оны 12-р сард манай цэцэрлэг дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хүн ирээд Нэкст ХХК гэх байгууллагаас зээлээр 2017 оны 01 дүгээр сард байгууллагын нэр дээр компьютер зээлээр авсан байна гэж хэлэхээр нь би мэдсэн. Тэрнээс өмнө надад Я.Э гэх хүн Нэкст гэх байгууллагаас зээлээр компьютер авсан талаараа ерөөсөө хэлж байгаагүй. Миний бодлоор БСШУЯ-аас авсан компьютеруудаа нөхөн бүрдүүлэхийн тулд 2017 оны 10-р сард өөр газраас Леново компьютерууд аваад тэрийг дахин нөхөхийн тулд Нэкст гэх газраас зээлээр аваад хүнд өгсөн гэдэг таамаглал байна. Цэцэрлэгийн эрхлэгч зээлээр аливаа байгууллагаас ямар нэгэн эд зүйлс авах тохиолдолд эхлээд надад мэдэгдээд төсөв санхүү, хөрөнгийн зардал зэргээ асуух ёстой. Хэрвээ бүр шаардлагатай тохиолдолд би Чингэлтэй дүүргийн санхүү төрийн сангийн хэлтэст бичгээр хүсэлт тавьж зөвшөөрсөн тохиолдолд эд зүйлсээ авдаг. Харин Я.Э гэдэг хүн ийм зүйлсээ мэдсээр байж дур мэдэн тэр компьютеруудыг авсан байна. Тэрийгээ ч цэцэрлэг дээр авчирсан зүйл байхгүй. Хэрэв авчирсан тохиолдолд нярав Батнаранд хүлээлгэн өгөөд нярав надад анхан шатны тайлан өгөөд тэрийг нь үндэслэн бүртгэлд авдаг. ... Хамгийн сүүлд 2017 оны 11 сард зарлагын падан ирсэн бөгөөд тэрэн дунд байсан Делл маркийн компьютераас бусад нь байсан. Тэрийг нь Я.Эгаас асуухад Дэлхийн зөн байгууллагад буцаагаад өгчихсөн гэж хэлсэн. Манай цэцэрлэг дээр тус байгууллагаас ямар нэгэн зээлээр компьютер авах шаардлага хэрэгцээ байгаагүй. БСШУЯ-наас нийт 4 суурин компьютер, 1 ширхэг зөөврийн компьютер өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 47-49-р хуудас/, шүүгдэгч Я.Эгийн “... 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1403 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, тогтоолтой холбогдуулан хэлэх санал хүсэлт алга байна би бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 45-р хуудас/, хохирогч С.Хонгорзулын “...Хэргийн материалаас харахад Я.Э эрхлэгч хохирлыг бүрэн барагдуулсан байна. Гэхдээ хохирлыг барагдуулсан ч албан тушаалаа урвуулан ашигласан үйлдэл байх тул хуулийн дагуу шийдвэрлүүлэхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 49-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч С.Хонгорзул нь “...Надад нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Я.Э нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Я.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэгсийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв. Ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э-д оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Я.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өлзийт овогт Я.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Э-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 1 жил, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Я.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.РЕНЧЕНХОРОЛ