| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00141/и |
| Дугаар | 151 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 151
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Баруунтуруун сумын Туруун баг, Хийдийн 1-1 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОА61071502, Цагаагч овогтой Юнгарын Гүнсмаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Гүнсмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Гүнсмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1961 онд төрсөн, 55 настай. Би 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн билээ. Одоо нас өндөр болж тэтгэвэр тогтоолгох нас болсон ба бичиг баримтуудаа нийгмийн даатгалын байцаагчид өгөхөд Нийгмийн даатгалын хэлтэст шалгалт ирээд миний 6 жилийг хасч ирүүлсэн байна. Учир нь анх Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн даргаас надад хөдөлмөрийн дэвтрийг 1981 оны 3 дугаар сарын 26-ны өдөр олгосон ба 1981 гэсэн нь 1987 гэж бичсэн мэт харагдаж байгаа тул үүнийг зөрчилд тооцож, миний тэтгэвэрт орох ажилласан хугацааг 6 жилээр хасч тооцохоор ирүүлжээ. Би улсад нийт 31 жил асрагч, үйлчлэгчээр ажилласан ба Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгээс өөр газар, өөр мэргэжлээр ажиллаж байгаагүй. Ингээд миний ажилласан жилийг 26 жилээр тооцож оруулахаар шийдвэрлэснийг би зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн 1981 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн намайг ажилд томилсон Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгийн даргын тушаал архиваас олдохгүй, мөн Баруунтуруун сумын Архив нь шатаж, манай сумын ихэнхи баримтууд устаж үгүй болсон тул надад уг хөдөлмөрийн дэвтрээс өөр баримт олдохгүй байна. Би 1989 оны 1 дүгээр сараас 1990 оны 1 дүгээр сарын хооронд групп тогтоолгож, 1 жилийн хугацаанд ажилгүй байсан. Уг хугацааг ажилласан жилд оруулахгүй гэдгийг мэдэж байгаа. Харин 1990 оноос хойших бүх баримтууд бүрэн болно. Иймд миний 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ю.Гүнсмаа нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 399 тоот лавлагаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Хүн эмнэлгийн 1981-1987 оны баримт манай архивт шилжиж ирээгүй тул Юнгэр овогтой Гүнсмаагийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна гэсэн байх боловч нэхэмжлэгч Ю.Гүнсмаад Баруунтуруун сумын Сум дундын эмнэлгээс олгосон 141988 тоот хөдөлмөрийн дэвтэрт 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд тус Сум дундын эмнэлэгт асрагчаар ажилласан тухай бичилт хийгдсэн байна.
Мөн 1984 оны Сумын аварга үйлчлэгч болсон тухай Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон Диплом авагдсан байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Цэрэн, И.Цэрэнсамбуу нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Цэрэн: Миний бие нь 1964 оноос эхлэн Улаангом сумын төвийн нэгдсэн эмнэлэгт дотрын тасагт ажиллаж байгаад 1975 оноос эхлэн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт шилжин очиж ээлжийн сувилагчаар 1991 оны 7 дугаар сарыг дуустал ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд 1981 онд Ю.Гүнсмаа нь тухайн тус эмнэлэгт асрагчаар ажилд орж байсан. Ю.Гүнсмаа бид хоёр хамт ээлжинд гардаг байсан учраас би сайн мэднэ. Ю.Гүнсмаа нь намайг 1991 оны 7 дугаар сард тэтгэвэрт гарахад тухайн байгууллагадаа ажиллаад үлдсэн. Ю.Гүнсмаа нь өнгөрсөн жил буюу 2016 оны 11 дүгээр сар хүртэл Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт асрагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарах нас болон ажлаас гарсан. Бид нэг сумын хүмүүс, айл хошоо байдаг учир сайн мэдэж байна. Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгийн эрхлэгч эмчээр Ж.Мондгор, Ш.Дэжээхүү, С.Дүүдээ, н.Аюурзана гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч И.Цэрэнсамбуу: Би 1978 оноос эхлэн Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт түргэн тусламжийн жолоочоор 2016 оны 10 дугаар сарыг дуустал ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Ю.Гүнсмаа нь тухайн Сум дундын эмнэлэгт 1981 онд асрагчаар ажилд орж байсан. Би тухайн байгууллагагын жолоочоор ажиллаж байсан учир сайн мэдэж байна. Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгийн эрхлэгч эмчээр Ж.Мондгор, Ш.Дэжээхүү, С.Дүүдээ, н.Аюурзана гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ю.Гүнсмаагийн Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ю.Гүнсмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цагаагч овогтой Юнгарын Гүнсмаагийн Увс аймгийн Баруунтуруун сумын Сум дундын эмнэлэгт 1981 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ю.Гүнсмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА