| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00105/и |
| Дугаар | 152 |
| Огноо | 2017-02-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 152
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОК66101001, Дорлиг овогтой Огнооны Чулуунбаатарын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Чулуунбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 1982 оны 6 дугаар сараас эхлэн 8-р ангиа төгсөөд мал аж ахуйд гарч 1990 оныг дуустал хугацаанд тус сумын Шинэ зам нэгдлийн Цалуу бригадад тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Одоо би 51 нас хүрч тэтгэвэр тогтоолгох болсон боловч хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, нэгдэл тарсан учир нөхөн бичүүлэх боломжгүй болсон. Иймд Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1982 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Чулуунбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 30 тоот болон 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 51 тоот лавлагаанд Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1982-1990 оны тушаал болон цалингийн баримтууд манай архивт шилжиж ирээгүй тул О.Чулуунбаатартай холбоотой баримт гараагүй нь үнэн гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Намын хороо, нэгдлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас О.Чулуунбаатарт 1983 оны 3 дугаар сарын 06-ны өдөр олгосон Гэрчилгээ, 1985 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон 100 давсан хувьтны гэрчилгээ, 1986 оны 2 дугаар сарын 28-ны өдөр олгосон Талархал, 1990 оны 2 дугаар сарын 25-ны өдөр олгосон 100 давсан хувьтны гэрчилгээ зэрэг баримтууд авагджээ.
Мөн 1985 оны Малчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалт-д Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн малчин эмэгтэйчүүдийн хамтаар оролцож, авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт авагдсан байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Цэнд, Д.Дашдэндэв нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Цэнд: Би 1966 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цалуу бригадад 1991 он хүртэл хугацаанд, мөн нэгдэл тарж компани болоод тарах хүртэл буюу 1993 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан. О.Чулуунбаатар нь 1981 оноос 8-р ангиа төгсөөд илгээлтээр тус нэгдэлд саальчин болж байсан. О.Чулуунбаатарын аав Огноон гэх айлтай манайх айл саахалт байж, нэг баг бригадад хамт мал маллан амьдарч байсан учраас би О.Чулуунбаатарын талаар сайн мэднэ. Одоо ч О.Чулуунбаатар манайхдаа айл саахалт байгаа. О.Чулуунбаатар нь 1981 оны 6 дугаар сараас нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл саальчин, малчнаар ажилласан. О.Чулуунбаатар нь Шинэ зам компанид ажиллаагүй. Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргаар н.Цэрэннадмид гэх хүн ажиллаж байсан гэж, гэрч Д.Дашдэндэв: Би 1979 оноос эхлэн Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн Цалуу бригадад 1993 он хүртэл малчнаар ажилласан. О.Чулуунбаатар нь 1981 оноос 8-р ангиа төгсөөд илгээлтээр Шинэ зам нэгдэлд саальчин болж нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл саальчин, малчнаар ажиллаж байсан. О.Чулуунбаатарын аав Огноон гэх айлтай манайхан нэг баг бригадад хамтдаа мал маллан амьдарч байсан учраас нэгнээ сайн мэднэ. Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэл нь 1991 онд тарж, Шинэ зам компани болж 1993 он хүртэл ажилласан. Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргаар н.Цэрэннадмид гэх хүн ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийнажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О.Чулуунбаатарын Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1982 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Дорлиг овогтой Огнооны Чулуунбаатарын Увс аймгийн Өндөрхангай сумын Шинэ зам нэгдэлд 1982 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА