Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 153

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Элит 45 орон сууцны 905 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ61112167, Хайрт овогтой Лхагвасүрэнгийн Сэржээгийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Сэржээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Л.Сэржээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 1961 онд төрсөн. 55 настай. Би Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестийн 3 дугаар гуанзанд 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажилласан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон ба дээрх ажилласан байдал хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч намайг ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн тушаал Увс аймгийн Архивын тасагт хадгалагдан үлдээгүй байна. Иймд миний Увс аймгийн Улаангом сумын Худалдаа бэлтгэлийн трестийн 3 дугаар гуанзанд 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Л.Сэржээ нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

      Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 72 тоот лавлагаанд Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1978, 1980 оны тушаалыг шүүн үзэхэд Лхагвасүрэн овогтой Сэржээтэй холбоотой баримт гараагүй нь үнэн болно. Мөн тус трестийн Нийтийн хоолны газрын 1978-1980 оны цалингийн баримт архивт шилжиж ирээгүй болно гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн дарга Гэндэнжаваас Л.Сэржээд 1981 оны 6 дугаар сарын 20-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд тус трестийн 3 дугаар гуанзанд үйлчлэгчээр ажилласан тухай бичилт хийгдсэн байна.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Х.Янжмаа, Х.Буянтогтох нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Х.Янжмаа: Би 1967 оны 8 дугаар сараас 1995 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа Хархираа зочид буудалд тогооч, ахлах тогтоочоор ажиллаж байсан. Л.Сэржээ нь Хархираа зочид буудлын 3 дугаар гуанзанд 1978 оноос 1980 оныг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би тухайн үед ахлах тогоочоор ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Л.Сэржээ нь хүний өгсөн үүрэг даалгаварыг цаг хугацаанд нь хийж гүйцэтгэдэг, ажилдаа идэвхи зүтгэлтэй сайн ажилтан байсан. Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар н.Цэвгээ, н.Гэндэнжав, н.Авимэд, н.Чойдон, н.Цэрэннамжил гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч Х.Буянтогтох: Л.Сэржээ нь Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн харьяа Хархираа зочид буудлын 3 дугаар гуанзанд 1978 оноос 1980 оны хооронд үйлчлэгчээр ажиллаж байсан. Би тухайн үед тогоочоор ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Манай 3 дугаар гуанз нь 20 гаруй ажилчидтай, бид бүгд нэгнээ сайн мэддэг. 2 ээлж болон ажилладаг байсан. Л.Сэржээ 8 дугаар анги төгсөөд манай гуанзанд ажилд орсон. Мөн ажилдаа сайн охин байсан. Увс аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар н.Цэвгээ, н.Гэндэнжав, н.Авимэд, н.Чойдон, н.Цэрэннамжил гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Сэржээгийн Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 3 дугаар гуанзанд 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Сэржээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хайрт овогтой Лхагвасүрэнгийн Сэржээгийн Увс аймгийн Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 3 дугаар гуанзанд 1978 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Сэржээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                    ДАРГАЛАГЧ,

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Н.ГЭРЭЛТУЯА