Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2017/00027/и |
Дугаар | 154 |
Огноо | 2017-02-13 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 154
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Цээл сумын Сүүл буга 4 дүгээр багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО67101061, Шарнууд овогтой Аюушийн Баярхүүгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мядаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Баярхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1983 оны 10 дугаар сараас 1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын болон Тэс сумын Говийн хөгжил, Лениний зам нэгдэлд малчнаар ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн тул шүүхэд хандаж ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд намайг Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1983 оны 10 дугаар сараас 1985 оны 8 дугаар сарыг дуустал, 1985 оны 9 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Баярхүү нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэл болон Тэс сумын Лениний зам нэгдлийн малчин Аюуш овогтой Баярхүүгийн 1983 оны 10 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Жаргалсайхан, Ж.Насан нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Жаргалсайхан: Миний бие нь 1977 онд Хөдөө аж ахуйн техникум төгсөөд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малын эмчээр ажиллаж эхэлсэн. Тэр цагаас хойш 1992 оныг хүртэл тус нэгдэлд малын эмчээр ажилласан. А.Баярхүү нь Увс аймгийн Зүүнговь сумын охин юмаа. А.Баярхүү нь 1985 онд Тэс сумын 1 дүгээр бригадын иргэн Л.Ганбаатар гэх залуутай гэр бүл болон тэр цагаас Лениний зам нэгдэлд малчин болж байсан. Би Лхамжавын Ганбаатарын малыг сайн мэднэ. Тухайн үедээ би үржлийн хонины суурин дээр ажиллаж, тухайн айлуудын хонин үржлийн ажил хариуцдаг байсан учраас сайн мэдэж байна. А.Баярхүү нь нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал мал малласан. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Гомбосүрэн, н.Норов, Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ж.Насан: Би 1971-1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд боловсон хүчний эрхлэгч, нярав, нягтлан бодогч зэрэг ажлуудыг тасралтгүй хийж байсан. А.Баярхүү 1983 оноос эхлэн Говийн хөгжил нэгдлийн Улиастай бригадад аав, ээжийн хамт мал маллаж байсныг сайн мэднэ. Түүний аав нь хараагүй хүн байсан учраас аавдаа туслах зорилгоор эрт сургуулиас завсардаж мал маллаж эхэлсэн юм. Улмаар Тэс сумын иргэн Л.Ганбаатартай гэр бүл болж, түүнээс хойш 1991 оныг дуустал хугацаанд Лениний зам нэгдэлд малчнаар ажилласан юм. Одоо ч Төв аймгийн Цээл суманд малаа маллан амьдарч байгаа хүмүүс юм. Би тухайн үед нэгдлийн ажилчдын санхүү тооцоо боддог байсан учраас А.Баярхүүг сайн таньж мэднэ, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Норов, н.Далай гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримт болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч А.Баярхүүгийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1983 оны 10 дугаар сараас 1985 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 9 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А.Баярхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарнууд овогтой Аюушийн Баярхүүгийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1983 оны 10 дугаар сараас 1985 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд, Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1985 оны 9 дүгээр сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч А.Баярхүүгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА