Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 155

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын Мал хамгаалах сан-ийн дарга, Өмнөговь сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ65122011, Зөөд овогтой Товнойгийн Батсүхэд холбогдох,

          Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.700.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагч Т.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Мал хамгаалах сан-ийн дарга, Өмнөговь сумын Засаг дарга Р.Төмөрчөдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 197 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2009-2010 оны өвөл, хавар тохиолдсон байгалийн гамшиг, зудны улмаас малаа хорогдуулж, малгүй болсон өрхийг малжуулах, зохион байгуулах ажлын хүрээнд 2 дугаар багийн иргэн Т.Батсүх нь малжуулахын 1.700.000 төгрөгийг 2013 онд 40 хувь буюу 680.000 төгрөг, 2014 онд 30 хувь буюу 510.000 төгрөг, 2015 онд 30 хувь буюу 510.000 төгрөг эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Т.Батсүхэд удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч 1.700.000 төгрөг төлөөгүй. Иймд Т.Батсүхээс 1.700.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Т.Батсүх шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн гэрээний дагуу авсан 50 тооны малаа 2011 оныхоо өвөл зуданд үрэгдүүлсэн юм. Тэгээд эхнэрийн цалингийн зээлээр оюутан хүүхдээ сургаж, зээлийн төлбөрөө төлж чадаагүй нь үнэн. Харин хүүхэд маань одоо төгсөөд ирсэн ба надад жаахан хугацаа өгөхийг хүссэн. Өмнөговь сумын Засаг даргад өөрийн байгаа байдлын талаар танилцуулан хэлсэн байгаа гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Мал хамгаалах сан-ийн дарга, Өмнөговь сумын Засаг дарга нь хариуцагч Т.Батсүхэд холбогдуулан, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээлийн үлдэгдэл 1.700.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

          Зээлдэгч буюу хариуцагч Т.Батсүх нь 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын Мал хамгаалах сан-ийн дарга, Өмнөговь сумын Засаг даргатай Зудны улмаас малгүй болсон малчинтай хийх малжуулах зээлийн гэрээ байгуулан, тус гэрээний дагуу 1.700.000 төгрөгийн үнэ бүхий 20 хонь, 30 ямаа, нийт 50 тооны малыг авч үржүүлэх, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд буюу 2013 онд 40 хувь болох 680.000 төгрөг, 2014 онд 30 хувь болох 510.000 төгрөг, 2015 онд 30 хувь болох 510.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар талууд тохиролцсон байна.

         Өөрөөр хэлбэл, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хэдийгээр зээлийн гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр дууссан байх боловч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлдэгчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн өргөдөл, мөн зээлдэгчид хүргүүлсэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01 тоот Мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзэв.

         Мөн хариуцагч Т.Батсүх зээлийн гэрээний үүрэг 1.700.000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байгааг дурдах нь зүйтэй.

      Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Т.Батсүхээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Мал хамгаалах сан-д олгож шийдвэрлэлээ.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Т.Батсүхээс 29.750 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Т.Батсүхээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Мал хамгаалах сан-д олгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Т.Батсүхээс 29.750 /хорин есөн мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ГЭРЭЛТУЯА