Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 30

 

МАГАДЛАЛ

 

2016.12.23                                                   Дугаар 30                                     Улаанбаатар хот

 

 

 

 

 

Зоос банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00792 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Зоос банк ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

 

Эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилсон тогтоол, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгож, 14112 А тусгай зөвшөөрлийн үнэлгээг дахин тогтоолгох, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хуульд заасан журмын дагуу эхний ээлжинд худалдан борлуулахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Базарсад,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 421 дүгээр шийдвэрээр “Вазальт” ХХК-иас 1 273 297 348,75 төгрөгийг гаргуулж, Зоос банкинд олгох, үүргийн гүйцэтгэлийг Төв аймгийн Баян сумын Хүрэн толгойд байрлах 833 га талбайтай  Х-11450, А14112 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл, ОХУ-д үйлдвэрлэсэн HANBA-60008, 100250 маркийн архины үйлдвэрийн тоног төхөөрөмж, БНХАУ-д үйлдвэрлэсэн чулуун хөвөн үйлдвэрлэх зориулалтай барилгын материалын үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мөн бутлагч, ачааны машин, нүүрс хийн ажиллагаатай Вагранка босоо зуух 2 ширхэг, зүсэгч машин, бэхжүүлэгч дамжлагын төхөөрөмж, ширхэглэн ялгах төхөөрөмж, гинжит транспортер, туузан дамжуулагч транспортер, Тоёота Ланд круйзер 105 маркийн УБА 40-44 дугаартай автомашин, Мицубиши пажеро маркийн УБЭ 33-01 дугаартай автомашин, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67/3 байрны 9 тоот 61 кв.м талбайтай 2 өрөө орон сууц, 18 кв.м талбайтай, автомашины зогсоолоос тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас барьцаанд дурдагдсан 14112 А ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлбөр төлөгч үнийн санал ирүүлснийг бидэнд мэдэгдсэн бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж, хөндлөнгийн шинжээч томилуулах барьцаанд буй бүх хөрөнгөд шинжээч томилон үнэлгээ тогтоохыг хүсэж энэ тухайгаа 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 256 албан тоотоор мэдэгдсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нь дээрх барьцааны эд хөрөнгөөс зөвхөн 14112 А ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг сонгон шинжээч томилон Үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлдсэнийг зөвшөөрөхгүй байгаа болно. Энэ талаар төлбөр авагч барьцаанд буй эд хөрөнгүүдээс аль нэгийг эсхүл бүгдийг үүргийн гүйцэтгэлээ хангуулахаар сонгох эрхтэй гэж үзэж байгаа тул барьцаанд буй бүх хөрөнгийн үнэлгээг тогтоон дуудлага худалдаанд оруулахыг шаардаж байгаа юм. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2016 оны 03 дугаар сарын        04-ний өдрийн 3/84 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хууль бус гэж үзэж байна. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгөд дээрх ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хамаарагдах эсэхэд эргэлзэж байна. Тухайн ашиглах эрхийг үл хөдлөх эд хөрөнгөд тооцсон нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгтэй шууд зөрчилдөж байгаа юм. Иймд шийдвэргүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанаас эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилсон тогтоол, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгож, 14112 А тусгай зөвшөөрлийн үнэлгээг дахин тогтоолгох, 2 дугаарт барьцаанд буй бусад хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хуульд заасан журмын дагуу эхний ээлжинд худалдан борлуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд даалгах гомдлын шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 421 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дугаарт заагдсан Төв аймгийн Баян сумын нутаг дахь Хүрэн толгойд байршилтай 277.23 га талбайтай ашиглалтын 14112А тоот тусгай зөвшөөрөлтэй газрыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нар харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөгч нараас үнийн санал авах ажиллагаа явуулахад талууд харилцан тохиролцож албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасны дагуу тус алба 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 95 тоот шинжээч томилох тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг томилсон. Тус компани үнэлгээ хийж 2 627 000 000 төгрөгөөр зах зээлийн үнийг тогтоосон байна. Төлбөр авагч Зоос банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болдод 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3/7198 тоот үнэлгээний мэдэгдлийг 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор төлбөр авагч Зоос банкны эрх хүлээн авагч нь гомдол гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

              Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар “Зоос банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагаас Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 421 дүгээр шийдвэрт тусгагдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хуульд заасан журмын дагуу эхний ээлжинд худалдан борлуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хүлээн зөвшөөрснийг баталж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 421 дүгээр шийдвэрийн дагуу явагдсан шинжээч томилсон тогтоол, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай “Зоос банк” ХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд бидний өмнө гаргаж байсан гомдлын агуулга бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаанд төлбөр авагчийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүдийг бүгдийг үнэлэн дуудлага худалдаанд оруулах явдал байсан юм. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд барьцаа хөрөнгүүдийг бүгдийг олж битүүмжлэх, хураах ажиллагаа явуулалгүйгээр зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг үнэлэн дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн. Энэ нь бидний гомдол, хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр явуулсан ажиллагаа болсон гэж бид үзсэн юм. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн агуулгыг нэхэмжлэгч зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн үнэлгээнд гомдол гаргасан гэж үзсэн нь өрөөсгөл болжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нь шүүхийн шийдвэрт заагдсан барьцаа хөрөнгүүдийг олж барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүх хурлын явцад зөвшөөрсөн. Нэхэмжлэлийн энэ 2 шаардлага хоорондоо харилцан уялдаатай, барьцаанд буй бүх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зөвшөөрсөн нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны албаны өмнө хэрэгжүүлсэн бүх үйл ажиллагаа, тухайлбал, хөрөнгө хураах, битүүмжлэх, үнэлгээ тогтоох гэх мэт тогтоолууд хүчингүй болох үндэслэлтэй болох юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг тус тус үндэслэсэн нь нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Зоос банк ХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилсон тогтоол, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгож, 14112 А тусгай зөвшөөрлийн үнэлгээг дахин тогтоолгох, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хуульд заасан журмын дагуу эхний ээлжинд худалдан борлуулахыг хариуцагчид даалгахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нь дээрх шаардлагуудаас “хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох хуульд заасан журмын дагуу эхний ээлжинд худалдан борлуулах” гэснийг зөвшөөрч, бусад шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 421 дүгээр шийдвэрээр “Вазальт” ХХК-иас 1 273 297 348,76 төгрөгийг гаргуулан Зоос банкны эрх хүлэн авагчид олгох, барьцааны зүйлийг худалдан борлуулсан үнийн дүнгээс зээлийн төлбөрийг барагдуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байна.

Дээрх шийдвэрийг гүйцэтгэх бичиг баримтыг хариуцагч байгууллага нь 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Нэхэмжлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагчид хандаж, эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох талаар бичгээр хүсэлт гаргасан ба хариуцагч нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 95 тоот тогтоолоор “Мөнх Оргил трейд” ХХК-ийг эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээчээр томилсон.

Шинжээчийн үнэлгээний 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тайланд заасан эд хөрөнгийн үнэлгээний талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Болдод 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгсөн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзэхэд “...үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох шинжээч томилсон тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, үл хөдлөх эд хөрөнгийн дуудлага худалдаанд оруулсан тогтоолыг хүчингүй болгох, 14112А тоот тусгай зөвшөөрлийн үнэлгээг дахин тогтоох...” гэсэн ба шийдвэр гүйцэтгэх бусад ажиллагаа болон эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ажиллагаанд гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Тухайлбал, нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ гаргуулсан талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн, барьцааны зүйлийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр дуудлага худалдаанд оруулах талаар нэхэмжлэгчид 2016 оны 3 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдсэн, 14112А тоот тусгай зөвшөөрлийн үнэлгээтэй холбоотой гомдлын хариуг нэхэмжлэгчид 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2/151 тоот албан бичгээр өгсөн баримт хэрэгт авагдсан, эдгээр үйл баримтын талаар зохигч маргаагүйгээс дүгнэвэл нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй талаар шүүхээс хийсэн дүгнэлт зөв байна.

Түүнчлэн хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.БАТЗОРИГ

 

                                 ШҮҮГЧИД                                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                        М.НАРАНЦЭЦЭГ