Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 4

 

Д.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                         О.Доржмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 312 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн улсын яллагчийн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-ын Э-д холбогдох эрүүгийн 201709000275 тоот, 166/2017/0251/Э индекстэй 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б- овгийн Д-ын Э- /РД:**********/.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Э- нь Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарах “дельта-9 тетрагидроканнабинол” нэртэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд 312 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Боржигон овгийн Д-ын Э-ийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Д-ын Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3-т зааснаар Д.Э-д оршин суух газар, сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т шүүхийн шийдвэрээр тогтоосон хязгаарлалт, даалгасан үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр... тус тус зааж шийдвэрлэжээ.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгдэгч Боржигон овгийн Д-ын Э-ийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгапж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “...Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх ба 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд уг хэрэгг оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй байна” гэсэн дүтэлт хийж шүүгдэгч Д.Э-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн учир тухайн хуулийн, тухайн зүйл, хэсэгт заасан ялыг оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж байгаа явдал юм.

Гэтэл 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй байна.

Мөн ямар үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуульд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаа тухай дүгнэлт хийж шийдвэрлээгүй байна.

Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод, уг зүйл хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр 2015 оны Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шйитгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Д.Э-ийг 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйпдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэснийг журамлаж шийдвэрлээгуй байх тул Д.Э-д холбогдох Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь зааптыг тус тус баримтлан Прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор О.Доржмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Шүүгдэгч Д.Э-ийг 2002 оны Эрүүгийн хуульд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бол тухайн хуулийн зүйл, заалтаар ял шийтгэлийг оногдуулах ёстой байтал анхан шатны шүүх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцохдоо 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг журамлаж шийдвэрлээгүй” гэв.

Тодорхойлох нь:

2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарах “дельта-9 тетрагидроканнабинол” нэртэй бодисыг борлуулах зорилгогүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогдуулан Дархан-уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар оногдуулах ял хүндэрч эрх зүйн байдал дордож байх тул шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн нь зөв байна.

Гэвч анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүх 2002 оны Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулах нь гэм буруутай этгээдийн эрх зүйн байдал дээрдэнэ гэж дүгнэсэн учир эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасан “...гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлогдоно” гэсэн заалтыг баримтлан зөвхөн 2002 оны Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан хариуцлагыг шүүгдэгч Д.Э-д оногдуулах ёстой байжээ.

Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 312 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Э-д ямар нэгэн ял оногдуулаагүй тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 312 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Д.Э-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Д.Э-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

  

 

                                                 ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                                 ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                              Б.МАНЛАЙБААТАР