| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00144/и |
| Дугаар | 160 |
| Огноо | 2017-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 160
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 2-36 айлын орон сууцны 1-8 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ56010173, Хув Гончигзов овогтой Жанчивын Тойвгоогийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Тойвгоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Тойвгоо шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1956 онд төрсөн. 61 настай. Би 1982 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагч багшаар, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байна. Анх ажилд томилогдсон тушаал, мөн ажлаас чөлөөлөгдсөн тушаал, мөн 1995 оноос 2000 оны хоорондох бичилттэй нийгмийн даатгалын дэвтэр тус тус олдохгүй байгаа ба 2000 оноос хойш бичилттэй нийгмийн даатгалын дэвтэр байгаа боловч 2002 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй байсан буюу тухайн хугацааны шимтгэл төлөлтийн лавлагаа байхгүй байна. Тиймээс шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд миний 1982 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагч багшаар, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2002 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Тойвгоо нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 50 тоот лавлагаанд Увс аймгийн Биеийн тамир спортын хорооны даргын 1982 оны тушаал, 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн 1991 оноос хойших цалин манай архивт шилжиж ирээгүй, мөн Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны тушаал, 10 жилийн 2 дугаар дунд сургуулийн захирлын 1987 оны тушаалыг тус тус шүүн үзэхэд Жанчив овогтой Тойвгоотой холбоотой баримт гараагүй нь үнэн гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Биеийн тамир спортын хорооноос 1982 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ж.Тойвгоод олгосон 296328 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан ба уг дэвтэрт түүний 1982 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагч багшаар, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллуулсан тухай бичилт хийгдсэн байна.
Түүнчлэн 2002 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нээгдсэн А137048 тоот нийгмийн даатгалын дэвтэрт Ж.Тойвгоогийн 2000 оны 1 дүгээр сараас 2001 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалин, төлж байсан нийгмийн даатгалын шимтгэл нь тус тус бичигдсэн байна.
Мөн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Ж.Тойвгоогийн 10 жилийн 2 дугаар дунд сургуульд биеийн тамирын багшаар ажиллахдаа буюу 1987 оны 9 дүгээр сараас 1990 оны 7 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Д.Дамдинсүрэн, Д.Төрмөнх нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Дамдинсүрэн: Миний бие 1986 оноос хойш өнөөдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 2 дугаар 10 жил, Ахлах 2 дугаар сургууль, Эрдэм-Оргил сургууль, Цогцолбор 2 дугаар сургуульд тус тус зураг, шугам зургийн багш, технологийн багшаар ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа. Ж.Тойвгоо нь манай сургуульд 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй биеийн тамирын багшаар ажиллаж байгаа. Тухайн сургуулийн зархирлаар н.Түмэнжаргал, Т.Рагчаасүрэн, Р.Орших, Т.Идэш, Д.Бэгзжав, Б.Алтан-Ай, Д.Туяа, Б.Цолмонхүү, Э.Одонтуяа, Г.Энхбат гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж, гэрч Д.Төрмөнх: Миний бие 1979 оноос 1986 онд Увс аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагч, 1986 оноос 1997 он хүртэл хугацаанд Улаангом сумын 2 дугаар дунд сургуульд багш, 1997 оноос хойш Биеийн тамир спортын газрын даргаар тус тус ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа. Ж.Тойвгоо манай Биеийн тамир, спортын хороонд 1982 оны 7 дугаар сараас 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дасгалжуулагчаар ажиллаж байсан. Мөн Улаангом сумын 2 дугаар дунд сургуульд бид хамтдаа багшаар ажиллаж байсан. Ж.Тойвгоо бид хоёр Увс аймгийн Биеийн тамир спортын газарт 5 жил, 2 дугаар дунд сургуульд 10 жил хамтдаа ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Спортын хорооны даргаар н.Шарав гэх хүн ажиллаж байсан. Харин 2 дугаар дунд сургуулийн зархирлаар Т.Рагчаасүрэн, Р.Орших, Т.Идэш, Д.Бэгзжав, Б.Алтан-Ай гэх хүмүүс тус тус ажиллаж байсан юм гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Тойвгоогийн 1982 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагч багшаар, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2002 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Тойвгоогийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хув Гончигзов овогтой Жанчивын Тойвгоогийн 1982 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Биеийн тамир, спортын хороонд дасгалжуулагч багшаар, 1987 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2002 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн 2 дугаар дунд сургуульд биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Тойвгоогийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА