Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 162

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 4-22 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ62112811, Бутангууд овогтой Санжийн Түвдэндоржийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч С.Түвдэндорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1962 онд төрсөн, 54 настай. Би 1978 онд ОХУ-ын Техник мэргэжлийн сургуулийг өрөгч, угсрагчийн мэргэжлээр төгсөж, 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 160 тоот тушаалаар тус трестийн Тоосгоны заводын дугуй зууханд тоосго өрөгчөөр ажилд орсон. Тус газарт ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдөн, цэргийн албанд явсан. 1985 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд мөн оныхоо 10 дугаар сараас эхлэн өмнө нь ажиллаж байсан Барилга угсралтын трестийн Тоосгоны заводын дугуй зуухны тоосго өрөгчөөр ажиллаж эхэлсэн ба 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд уг ажлаа хийсэн юм. Ингээд 1992 оны 3 дугаар сард Барилга угсралтын трест нь Барилгын бирж болж, өөрчлөн зохион байгуулалтад орсон ба 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 142 тоот тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн юм. Миний бие ажиллах хугацаандаа 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын тушаалаар мөнгөн шагналаар, 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 724 тоот тушаалаар Тэргүүний ажилтан, 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 323 тоот тушаалаар Гавшгайч цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан. Миний бие Увс аймгийн Архивын тасгаас 1978-1994 оны хооронд ажилласан хугацаанд авч байсан цалинг шүүлгэсэн боловч миний анх ажилд орсон буюу 1978 оны 9 дүгээр сараас эхлэн цалин гарч, зарим саруудад нь цалингийн бичилт хийгдээгүй, дутуу гарч ирлээ. Тухайн үед хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн ба одоо Барилга угсралтын трест тарсан тул нөхөн бичүүлэх боломжгүй байна. Мөн 1985 онд цэргээс халагдаж ирээд 1985 оны 10 дугаар сард ажилд томилогдсон тушаал, 1992 онд Барилгын бирж рүү шилжсэн тухай тушаалаа гээж, үрэгдүүлсэн байна. Иймд намайг 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд, 1985 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трест болон Барилгын биржийн Тоосгоны заводын Дугуй зууханд тоосго өрөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч С.Түвдэндорж нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх ба хэрэгт дараах баримтууд авагджээ. Үүнд:

  • Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолтод: Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод тоосго өрөгчөөр ажиллаж байсан Санж овогтой Түвдэндоржийн 1978 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн,
  • ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 160 тоот Ажилд томилох тухай тушаалд: ... 1. Барилга угсралтын трестийн Тоосгоны заводын Дугуй зууханд тоосго өрөгчөөр Санж овогтой Түвдэндоржийг 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай. 2. С.Түвдэндоржийг хийснээр нь цалинжуулахыг санхүүд зөвшөөрсүгэй. Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул гэжээ,
  • ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 140 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: ... 1. 1982 оны ээлжит цэрэг татлаганд орж, Ардын цэрэгт явж байгаа 34 ажилчдыг 1 дүгээр хавсралтаар 6 дугаар сарын 24-наар тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй. ... Дарга Т.Батзул гээд уг тушаалын хавсралтын 10 дугаарт С.Түвдэндорж 7 дугаар бригад гэжээ,
  • ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 тоот Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай тушаалд: Тус трест 1986 оны барилга угсралтын төлөвлөгөөг 109,2 хувь, ашиглалтад оруулах барилга 108,3 хувь, ачаа эргэлт, тээх ачааны төлөвлөгөөг 106,8-107,1 хувиар биелүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, амжилт гаргасан тул нэр бүхий 359 ажилчдыг 69.031 төгрөгөөр шагнасугай. ... Трестийн дарга Т.Батзул гээд уг тушаалын хавсралтын 35 дугаарт Санж Түвдэндорж 70 төгрөг гэжээ,
  • Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1989 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 724 тоот Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай тушаалд: Байгууллагын төлөвлөгөөт зорилтуудыг жигд хангаж, биелүүлэхэд онц идэвхи зүтгэл гаргаж, ажилласан зарим тэргүүний ажилчдыг шагнаж урамшуулах нь зүтэй гэж үзээд Тушаах нь: 1. Хавсралт ёсоор 100 хүнийг бүгд 13.900 төгрөгөөр шагнасугай. ... Дарга Т.Батзул гээд уг тушаалын хавсралтын 3 дугаарт Санжийн Түвдэндорж 1 өрөгч 200 төгрөг гэжээ.
  • Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь Алтан гадас одонт барилга трестийн даргын 1990 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 323 тоот Гавшгайчдыг шагнах тухай тушаалд: ... 1. 8 дугаар 5 жилийн төлөвлөгөөг амжилттай биелүүлж, гавшгайч цол тэмдгээр шагнагдсан Ц.Орших, Д.Дурмаг, Ч.Сайнжаргал, С.Түвдэндорж нарын 91 хүнд хүн тус бүрд 100 төгрөгийн шагнал олгож, хавсралтаар баталсугай. ... Дарга Т.Батзул гэжээ,
  • Увс аймгийн Барилгын биржийн ерөнхий захирлын 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142 тоот Ажлаас чөлөөлөх тухай тушаалд: Өөрийн хүсэлтийг үндэслэн 1. Тус биржийн Тоосгоны заводын Дугуй зууханд тоосго өрөгчөөр ажиллаж байсан С.Түвдэндоржийг 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас нь чөлөөлсүгэй. 2.С.Түвдэндоржтой холбогдох тооцоо хийж дуусгахыг санхүүд зөвшөөрсүгэй. Захирал Д.Цээпил гэжээ,
  • Увс аймгийн Барилга угсралтын трестийн Захиргаа, Намын хороо, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос олгосон 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр С.Түвдэндоржид олгосон Баярын бичиг-т: Бүх ард түмний 1988 оны социалист уралдаанд авсан үүргээ нэр төрөл, тоо чанарын бүх үзүүлэлтээр ханган биелүүлсэн явдалд талархан, баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав гэжээ.
  • Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 012 тоот лавлагаанд: Барилгын бирж улсын үйлдвэрийн газар нь 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэжээ,
  • Гэрч Л.Дамдинсүрэнгийн мэдүүлэгт: Би Увс аймгийн Барилга угсралтын трестийн Материалын үйлдвэрийн Тоосгоны заводад 1970 оноос 1991 оны 5 дугаар сар хүртэл дугуй зуухны бригадын даргаар ажиллаж байсан. С.Түвдэндорж бид хоёр 1978 оны 6 дугаар сараас 1991 оны 5 дугаар сарыг дуустал хамт ажиллаж байгаад би тэтгэвэрт гарсан, С.Түвдэндорж нь дугуй зуухандаа тоосго өрөгчөөр ажиллаад үлдсэн. С.Түвдэндорж нь тухайн байгууллагад Дугуй зуухны тоосго өрөгчөөр ажиллаж байсан. Тэрээр ажиллаж байгаа хугацандаа 1982 оноос 1985 оны хооронд цэргийн албанд явж байсан. С.Түвдэндорж нь ажилдаа сайн шагнал урамшуулал их авдаг байсан. Анх намайг ажилд ороход Барилга угсралтын контор гэх нэртэй байсан, дараа нь Барилга угсралтын трест, сүүлд 1992 онд Барилгын бирж гэх нэртэй болон үйл ажиллагаа явуулж байсан. Бид хамтдаа дугуй зууханд ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Тухайн байгууллагын даргаар н.Гэндэн, Ч.Нүүнээ, Т.Батзул гэх хүмүүс ажиллаж байсан гэж,
  • Гэрч Б.Уртнасангийн мэдүүлэгт: Би Увс аймгийн Барилга угсралтын трестийн Материалын үйлдвэрийн Тоосгоны заводад 1979 оноос 1994 оны 8 дугаар сар хүртэл дугуй зуухны тоосого өрөгчөөр ажиллаж байсан. С.Түвдэндорж бид хоёр үе тэнгийн нас чачуу найз нөхөд хүмүүс юмаа. Бид хоёр тухайн байгууллагад 15 гаруй жил хамт ажилласан. С.Түвдэндорж нь тухайн байгууллагад Дугуй зуухны тоосго өрөгчөөр ажиллаж байсан. Тэрээр ажиллаж байх хугацандаа 1982 оноос 1985 оны хооронд цэргийн албанд явж байсан. Манай байгууллагын нэр нь их олон өөрчлөгдсөн Барилга угсралтын контор, Барилга угсралтын трест, сүүлд 1992 онд Барилгын бирж гэх нэртэй болон үйл ажиллагаа явуулж байсан. 1994 оны 8 дугаар сард Барилга бирж нь татан буугдаж бид хамтдаа ажлаас гарч байсан. Бид хамтдаа дугуй зууханд ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Тухайн байгууллагын даргаар н.Гэндэн, Ч.Нүүнээ, Т.Батзул гэх хүмүүс ажиллаж байсан гэж мэдүүлсэн,
  • Гэрч Л.Дамдинсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Уртнасангийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 852 тоот шийдвэрийн хуулбарууд тус тус хэрэгт авагдсан байна.

        Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.Түвдэндоржийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Тоосгоны заводын дугуй зууханд 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дуустал, 1985 оны 10 дугаар сараас 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд, Увс аймгийн Барилгын бирж улсын үйлдвэрийн газрын Тоосгоны заводод 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус тоосго өрөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Түвдэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бутангууд овогтой Санжийн Түвдэндоржийн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Тоосгоны заводын дугуй зууханд 1978 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дуустал, 1985 оны 10 дугаар сараас 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд, Увс аймгийн Барилгын бирж улсын үйлдвэрийн газрын Тоосгоны заводод 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус тоосго өрөгчөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Түвдэндоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                            ДАРГАЛАГЧ,

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ГЭРЭЛТУЯА