Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
Хэргийн индекс | 152/2017/00010/и |
Дугаар | 163 |
Огноо | 2017-02-16 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 16 өдөр
Дугаар 163
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Ховд сумын 1 дүгээр багт оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ67081120, Шангас овогтой Отгонжүүхэний Нямжавын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Нямжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Нямжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1983 оноос эхлэн Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд хонь яамаа маллаж эхэлсэн ба тус нэгдэл тарах хүртэл хугацаанд ажилласан. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй бөгөөд одоо нөхөн бичүүлэх боломжгүй болсон байна. Иймд намайг Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Нямжав нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд ажиллаж байсан Отгонжүүхэн овогтой Нямжавын 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Т.Сайндаа, Ө.Данзандагва нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Т.Сайндаа: О.Нямжав нь Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар 1983 оноос 1990 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. О.Нямжав нь 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болж байсан. Би Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1968 оноос 1972 он хүртэл мал маллаж байгаад 1972 оноос 1975 он хүртэл цэргийн алба хаасан, 1975 оноос 1980 он хүртэл бригадын даргаар, 1980 оноос 1987 онд хүртэл нэгдлийн аж ахуйн нярав, 1987 оноос Халиунбулаг бригадад хэсгийн даргаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Иймд тухайн бригадын малчдыг сайн мэднэ. Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргаар Б.Жамсран, Г.Хөхөө, Г.Батхүү, орлогч даргаар Ц.Хүүхээ гэх хүмүүс ажиллаж байсан гэж, гэрч Ө.Данзандагва: Би Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн Шивэр бригадад 1967 ноос 1991 он хүртэл малчин, нярав, бригадын даргаар тус тус ажиллаж байсан. О.Нямжав нь Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд малчнаар 1983 оноос 1990 оныг дуустал ажиллаж байсан. О.Нямжав нь 8-р ангиа төгсөөд илгээлтээр малчин болж байсан. Бид нэг сумын нэгдэлд хамт ажиллаж байсан, мөн О.Нямжавын аав Отгонжүүхэн нь манай Шивэр бригадад малчнаар ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдлийн даргаар Б.Жамсран, Г.Хөхөө, Г.Батхүү, орлогч даргаар Ц.Хүүхээ гэх хүмүүс ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрч Т.Сайндаагийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот шийдвэр, гэрч Ө.Данзандагвын ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 210 тоот шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч О.Нямжавын Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Нямжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шангас овогтой Отгонжүүхэний Нямжавын Увс аймгийн Ховд сумын Хөгжил нэгдэлд 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Нямжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА