| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00158/и |
| Дугаар | 165 |
| Огноо | 2017-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 165
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Бөхмөрөн сумын 3 дугаар багт оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОБ60051512, Шааваа овогтой Мэдэрийн Баяндалайгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Самбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Баяндалай шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1980 онд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны дунд сургуулийг эх баригч, бага эмч мэргэжлээр төгсөөд Увс аймгийн Өлгий сумын Чаргат багийн эмчээр ажилласан. Дараа нь цэрэгт явж ирээд Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн эмчээр ажиллаж байгаад 1985 оноос хойш өдий хүртэл хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын Хүн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байна. Энэ хугацаанд буюу 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуустал хугацаанд аймгийн Байгалын голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн Бөхмөрөн сумын голомт хяналтын бага эмчээр ажилласан юм. Гэтэл би 1988 онд тухайн ажилд томилогдсон тушаалаа гээгдүүлсэн бөгөөд архивт уг тушаал байхгүй байна. Харин 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөгдсөн тушаал байсныг хавсаргав. Дээрх 11 жил голомт хяналтын бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдөр дуустал хугацаанд аймгийн Байгалын голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн Бөхмөрөн сумын голомт хяналтын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Баяндалай нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 250 тоот лавлагаанд: Увс аймгийн Гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах станцын даргын 1989, 1990 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Мэдэр овогтой Баяндалайтай холбоотой баримт шүүн үзэх боломжгүй байна гэжээ.
Харин нэхэмжлэгч М.Баяндалайд 1980 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Эрүүлийг хамгаалах газраас олгосон хөдөлмөрийн дэвтэрт түүний 1980 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 1983 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Анагаах ухааны дунд сургууль төгсөж ирсэн тул Өлгий сумын Чаргат бригадад бага эмчээр, 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай бригадын бага эмчээр, 1985 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд Бөхмөрөн сумын Цагаантүнгэ бригадын бага эмчээр, 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс Бөхмөрөн сумын голомт хяналтын бага эмчээр ажилласан тухай бичилт хийгдсэн байна.
Мөн 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр М.Баяндалайд олгосон 261112 тоот нийгмийн даатгалын дэвтэрт 1995-1998 оныг дуустал хугацаанд цалин, орлогоос нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай тэмдэглэгээ хийгдсэн, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн шимтгэл төлөлтийн лавлагаанд Бөхмөрөн сумын Хүн эмнэлгийн ажилтан Мэдэр овогтой Баяндалайгийн 1999 оны 3 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд төлсөн шимтгэл төлөлтийн лавлагааг гарган ирүүлсэн байна.
Түүнчлэн Увс аймгийн Байгалийн голомтот ба гоц халдварт өвчнийг эсэргүүцэн судлах газрын даргын 1999 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 22 тоот тушаалаар голомт хяналтын бага эмч М.Баяндалайг 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ц.Пагмаа, Я.Хүрлээ нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Пагмаа: Би 1985 оноос эхлэн Увс аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар нэртэй байхад сувилагч, шимэгч судлалын лаборант зэрэг ажлуудыг 2005 он хүртэл хийсэн. Хүмүүсийн хэлдгээр ГОЦ халдварт нэртэй байгууллага юм. М.Баяндалай нь 1988 оноос эхлэн манай байгууллагын харьяа Бөхмөрөн сум дахь голомт хяналтын бага эмчээр 1999 он хүртэл ажилласан хүн байгаа юм. Бөхмөрөн, Өндөрхангай, Зүүнхангай, Ховд зэрэг 6 сумын бага эмч нар Улаангом сумаасаа цалинждаг, би давхар няравын ажил хийдэг байсан учраас тэдэнд цалинг нь олгодог байлаа. Бид зуны улиралд сумуудаар явж ажилладаг, эмч нарынхаа ажилтай очиж танилцдаг, 1 явахдаа сар гаран хугацаатай ажилладаг учраас 5 сум хариуцсан эмч нараа сайн таньж мэддэг юм. М.Баяндалай нь 1999 оноос хойш манай харьяанаас гарч сумын Хүн эмнэлэгт бага эмчээр одоо ч ажиллаж байна. Увс аймгийн Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын даргаар Г.Сайнжаргал, М.Даваасүрэн гэх хүн ажиллаж байсан юм гэж, гэрч Я.Хүрлээ: Миний бие нь 1979 оноос эхлэн Увс аймгийн Гоц халдвартын тасагт ариутгагч, нярав, зоо лаборант гэх ажлуудыг хийдэг байсан. Манай байгууллагын нэр их олон удаа өөрчлөгдсөн. Гоц халдвартын тасаг, Гоц халдварт станц, Байгалийн голомтод халдварт өвчин судлалын газар, төв, халдварт өвчинтэй тэмцэх газар, одоо бол Зоонозын төв гэх нэгртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Манай аймгийн тарвагатай 5-н сумдад тус тус 1 бага эмч ажилладаг байсан. М.Баяндалай нь Тарилан суманд анх ажилд орж байсан. Тариалан, Бөхмөрөн, Өндөрхангай, Зүүнхангай, Ховд гэх 5-н суманд Гоц халдвартын голомт хяналтын бага эмчээр тус тус 1 эмч ажилладаг байсан. М.Баяндалай нь Тарилан суманд анх ажиллаж байгаад Бөхмөрөн сум руу шилжин томилогдож Бөхмөрөн сумандаа Голомт хяналтын бага эмчээр олон жил ажилласан. Бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Тухайн байгууллагын даргаар их эмч н.Доноров, их эмч Г.Сайнжаргал, их эмч М.Даваасүрэн, биологч Д.Жаргалсайхан, биологч Д.Батболд гэх хүмүүс тус тус ажиллаж байсан гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар тус тус хэрэгт авагджээ.
Хэдийгээр М.Баяндалайгийн хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1990 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тухайн үеийн нэршлээр Увс аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцийн Бөхмөрөн сум дахь голомт хяналтын бага эмчээр томилсон тухай бичилт хийгдсэн байгаа боловч уг мэдээлэл нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул гэрч нарын М.Баяндалай нь 1988 оноос эхлэн манай байгууллагын харьяа Бөхмөрөн сум дахь голомт хяналтын бага эмчээр ажилласан гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд М.Баяндалай нь 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станцийн Бөхмөрөн сум дахь голомт хяналтын бага эмчээр ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Нөгөө талаар, Увс аймгийн Ариун цэвэр, халдвар судлалын станц нь 1988-1999 оны хооронд Гоц аюултай халдварт өвчин эсэргүүцэн судлах төв, Ариун цэвэр, халдвар судлалын станц, Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газар, Байгалийн голомтот ба гоц халдварт өвчин эсэргүүцэн судлах газар хэмээн олон нэршилтэй байсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан ба шүүх тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд ерөнхийд нь Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв гэж нэрлэхээр шийдвэрлэв.
Мөн Увс аймгийн 6 сумдад голчлон тарваган тахал өвчин гарах магадлал өндөртэй байсан нийгмийн хэрэгцээ шаардлыг үндэслэн тухайн үед М.Баяндалайг Бөхмөрөн сум дахь тарваган тахалын голомт хяналтын бага эмчээр ажиллуулсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М.Баяндалайгийн 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн Бөхмөрөн сум дахь тарваган тахалын голомт хяналтын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Баяндалайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шааваа овогтой Мэдэрийн Баяндалайгийн 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн Бөхмөрөн сум дахь тарваган тахалын голомт хяналтын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Баяндалайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА