| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2020/0522/Э |
| Дугаар | 539 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 539
2020 07 06 2020/ШЦТ/539
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
Улсын яллагч И.Ариунсанаа /томилолтоор/,
Шүүгдэгч М.Э /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт М.Э-т холбогдох эрүүгийн 2011 00000 0664 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Билэгт интернэшнл” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9-222 тоотод түр оршин суудаг /Булган аймаг, Хангал, 4 дүгээр баг, Хялганат, ойчид 2, 6 дугаар гудамж, 01 тоотод оршин суух албан ёсны хаягтай/, урьд ял шийтгэлгүй,
Тайж овгийн М.Э, Регистрийн дугаар: //.
Шүүгдэгч М.Э нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 497а тоотод хохирогч Г.Батцоожийг шалтаг, шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, үсдэн газар чирэх зэргээр эрүүл мэндэд нь “дух, зүүн хацарт шарх, хамар, баруун хацар, баруун, зүүн тохой, баруун шилбэ, баруун ташаанд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун бугуй, баруун ташаанд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч М.Э-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч М.Э-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх 37х/ “...2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 15:00 цагийн үед найз Лувсанжамцын хамт Анхбаатарын гэр болох Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-497а тоотод ирсэн. Тэгээд бид дөрөв ярилцаж байгаад 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво 2 ширхэгийг аваад дөрвүүлээ хувааж уусан. Базараа, Лувсанцамц хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Лувсанжамцыг аваад хашааны гадна гарчихаад ороод иртэл Базараа өмнө пиво ууж байсан нэг хүнтэй маргалдаад барьцалдаад зогсож байсан тэгэхээр би гүйж очоод салгах гэтэл миний араас нэг хүн зуураад байхаар нь эргэж хараад цохисон чинь нэг эмэгтэй хүн байсан. Тэгээд би тэр эмэгтэй хүний нүүр нь тус газарт 1-2 удаа цохиод түлхэж унагаад явах гэтэл миний хөлнөөс зуураад газарт хэвтээд байхаар нь би гарыг тавиулах гээд нэг удаа жийсэн...” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Батцоожоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх 8-10х/ “...2020 оны 05 дугаар сарын 24-ний 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын Г-497а тоотод байрлах нийтийн байрны 04 тоотод гэртээ амарч байхад нийтийн байрны 01 тоотын хөрш хаалга нүдээд нөхөр Отгонбаатар, найз Идэрбат нарыг дуудаад гараад ир архи ууя гээд байсан. Тэгсэн чинь нөхөр Отгонбаатар, найз Идэрбатын хамт гарч гадаа архи уучихаад орж ирсэн. Тэгтэл Идэрбат бие засая гээд байсан. Тэгэхээр нь би нөхрөө, найзтай нь дагуулаад бие засахаар гарсан. Тэгтэл гадна хаалгаар 01 тоотын 5 залуу орж ирээд нөхөр Отгонбаатар, найз Идэрбат хоёрыг мөрлөөд өдөөд хоргоогоод байсан. Тэгтэл шууд нөгөө таван залуутай, Идэрбат нөхөр Отгонбаатар нар зууралдаад, заамдалцаад. Салахгүй болохоор би дундуур нь ороод боль гэтэл саарал саравчтай малгайтай, цагаан цамцтай нэг залуу, өндөр савхитай, өөр нэг намхан нэрийг нь Анхбаатар гэх залуучууд салгаж холдуулсан. Улаан цамцтай намхан залуу нэрийг нь М.Э гэсэн миний зүүн хацар орчим нэг удаа цохиод, намайг үсдээд миний толгойны зүүн талаар газарт мөргүүлсэн. Тэгээд явах гээд байхаар нь би тэр залуугийн хөлнөөс чирэгдээд хашааны гадна гаргаад толгойн баруун тал руу өшиглөсөн. Намайг газарт унагаад чирэхэд 2 өвдөг, зулгараад, баруун талын бүсэлхий орчим зулгарсан, 2 тохой зулгарчихсан. Тэгээд босоод хашаандаа ортол байрны эзэн гарч ирээд цагдаа дуудая гэтэл 01 тоотын хүмүүс гараад зугтчихсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Манай нөхөр Отгонбаатар, найз Идэрбат нар архи уучихсан байсан. Маргалдаж муудалцсан шалтгаан байхгүй, бие засахаар гартал гаднаас 5 залуу согтуу орж ирээд муудалцсан, би салгах гэж дундуур нь ороод улаан цамцтай М.Э-т зодуулсан. Миний зүүн хацар хавдаж, хөхөрсөн, толгойн зүүн талын хөмсөгний дээд талд 4 оёо тавиулсан, толгойн баруун талын хөмсөгний дээд талд шалбарсан, Газарт чирүүлээд баруун талын бүсэлхий орчим, 2 өвдөг, 2 тохой шалбарсан байна. Намайг Улаан цамцтай М.Э-аас өөр хүн цохиж зодоогүй. ...би нийт 358.000 төгрөг нэхэмжилж байна. 358.000 төгрөгийн хохиролыг миний дансаар төлж барагдуулсан тул надад одоо гомдол санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Идэрбатаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх 11х/ “...Батцоож бидний дундуур орж ирээд салгах гэж байгаад 01 тоотын залуучуудад цохиулсан. Яг хэн хэдээ удаа цохисоныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг,
Гэрч Н.Базарсадаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх 13х/ “...Би Лувсанцамцтай маргалдаад хоорондоо заамдалцах үед бид хоёрыг М.Э салгаад Лувсанжамцыг аваад хашааны гадна гарсан. Тэгтэл пиво ууж байгаад танилцсан нэг хөгшин ах миний нутгийн дүүтэй муудалцлаа гээд Лувсанжамцыг өмөөрөөд надтай маргалдаад бид барилцаад зогсож байтал хашааны гаднаас М.Э орж ирээд надтай муудалцаад байгаа хүнийг салгах гэтэл надтай маргалдаад байгаа хүний эхнэр М.Э-аас араас татаад байхаар нь М.Э эргэж хараад шууд нүүр нь тус газарт 1-2 удаа цохиосон. Тэгээд тухайн эмэгтэйг түлхэж унагатал нөгөө эмэгтэй М.Э-аас хөлнөөс нь зүүгдээд тавихгүй байсан тул М.Э цаашаа алхаад, өшиглөөд байсан. Тэгтэл тухайн эмэгтэй цагдаа дууд гээд үлдсэн бид нар гараад явчихсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Лувсанжамцаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх 14х/ “...М.Э-ын араас нэг эмэгтэй хүн зуураад байхаар нь М.Э эргэж хараад тухайн эмэгтэй хүний нүүрэн тус газарт 1-2 удаа цохиод түлхэж унагаад явах гэтэл миний хөлнөөс зуураад газарт хэвтээд байхаар нь хөлөө татаж авахад тухайн эмэгтэй газарт чирэгдээд үлдсэн. Тэгээд бид дөрөв хашаанаас гараад зугтчихсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6199 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: /хх 16-17х/ “...Г.Батцоожийн биед дух, зүүн хацарт шарх, хамар, баруун хацар, баруун, зүүн тохой, баруун шилбэ, баруун ташаанд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун бугуй, баруун ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийн мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,
Шүүгдэгч М.Эын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 30х/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 20х/, оршин суугаа хорооны тодорхойлолт /хх 31х/, ажлын газрын тодорхойлолт /хх 32х/
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Э нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г гудамжны 497а тоотод хохирогч Г.Батцоожийг шалтаг, шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж, үсдэн газар чирэх зэргээр эрүүл мэндэд нь “дух, зүүн хацарт шарх, хамар, баруун хацар, баруун, зүүн тохой, баруун шилбэ, баруун ташаанд зулгаралт, зүүн нүдний доод зовхи, баруун бугуй, баруун ташаанд цус хуралт” бүхий гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохиж, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Э-аас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Хохирогч Г.Батцоож нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул шүүгдэгч М.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогт М.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мягмарын М.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР