Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 375

 

   2020        05          14                                   2020/ШЦТ/375

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Батбямба,

шүүгдэгч Н.Н , түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Н.Н т холбогдох эрүүгийн 1811028790638 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Н.Н , 1974 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 77б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Н  нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-138 тоотод байрлах хохирогч Б.Алтанбаганын тусгайлан хамгаалсан агуулах болох авто машины гражид нэвтэрч, 3 ширхэг 20 литрийн хуванцар савтай 60 литр дизель түлш, 12 В-той 60-н ампер цагийн хуучин аккумлятор 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 289.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өдий насандаа гэмт хэрэгт холбогдож байгаадаа гэмшиж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-19/,

Хохирогч Б.Алтанбагана нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2018 оны 10 дугаар сарын 11-ний өглөө 05 цагийн үед би ажилдаа явсан. Тэгээд өдөр 16 цагийн үед гэртээ ирэхэд гражны хаалгыг эвдчихсэн, дотор нь байсан 60 литр түлш, хашаанд байсан Соната-6 маркийн хоёр авто машины аккумлятор алга болсон байсан. Хашаан дотор гарсан цасан дээрх мөрийг хөөтөл манай хашааны хойгуур даваад жалга уруудаад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх 32-34/,

Гэрч Б.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 23 цаг 30 минутын үед бие засчхаад, тамхи татаад хашааны үүдэнд байж байтал нэг хүн манай хажуугийн хашааны үүдэнд суугаад байсан. Тэр хүн ах нь жаахан халуурсан байна. 1500 төгрөгөөр 60 литр түлш зармаар байна. Чи яах вэ 1000 төгрөгөөр авбал ав гэхээр нь би 60.000 төгрөгөөр авсан юм. Намайг Нараа гэдэг гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 35/,

Дамно ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЧД-2-18-586 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд: “...Дизель түлш 60 литр, 20 литрийн сав 5 ширхэг, 60А цагтай 12В-той автомашин тавьж хэрэглэж байсан хэвийн ажиллагаатай аккумлятор 2 ширхэг нь  зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2018 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 289.000 төгрөг...” гэх үнэлгээний тайлан /хх 43-44/,

Шүүгдэгч Н.Н  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би өнгөрсөн намар буюу 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өөрийн дүү Н.Болорнямын гэрт байж байсан. Дүү Болорнямын гэр хохирогч Б.Алтанбаганын гэрээс 4 хашааны цаана байдаг болохоор би тухайн өдөр дүүгийнхээ гэрээс орой 22 цаг орчимд гарч дэлгүүр орж, халамцуу байсан болохоор би тухайн өдөр пиво авах санаатай явж байгаад хохирогчийг автобусны баазад жолооч ажилтай гэдгээр зүс мэддэг байсан. Тэгээд уг залуугийн гэр лүү орж ганц юм хувааж уух уу гэж хэлэхээр орсон боловч гэр нь эзэнгүй, цоожтой байсан. Гражны хаалгыг нь татаж үзэхэд мөн адил цоожтой байхаар нь уг гражид түлш байдаг гэж бодоод ... гражны хаалганы цоожийг нь ойролцоо байх төмрийн хогноос бор өнгийн модон иштэй хутгыг авч хаалганы цоожийг хөшиж үзэхэд онгойлгож дийлээгүй учир төмрийн хог дээрээс нэг төмөр авч хөшиж хаалганы цоожны цүүг нь татаж гаргаж ирээд хаалгыг нь онгойлгож дотогш орж граж дотор байх 20 литрийн савлагаатай 3 ширхэг шар өнгийн хуванцар савтай түлшийг аваад хажуу талын нүүрс зарж борлуулдаг айлын хүнд 1 литрийг нь 1000 төгрөгөөр бодоод ахынхан өөрийн түлш байгаа юм гэж хэлээд зарж борлуулсан. Тэгээд мөн гражны хажуу талд байх саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн копуд нь онгорхой байхаар нь сөхөж үзэхэд суурилуулсан байсан 60-н ампер цагийн аккумляторыг нь аваад, хажууд нь байх бас нэг ширхэг аккумляторыг хулгайлж аваад хашаанаас гараад явж байгаад тухайн үед халамцуу байсан болохоор түлш зараад мөнгөтэй болсон байсан болоод уг аккумляторыг жалганд хаяад цааш явсан...” гэх мэдүүлэг /хх 49-51/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 60/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 57/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт, хохирогч Б.Алтанбаганын гомдол саналгүй гэх хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Н  нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны шөнийн 23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-138 тоотод байрлах хохирогч Б.Алтанбаганын тусгайлан хамгаалсан агуулах болох авто машины гражид нэвтэрч, 3 ширхэг 20 литрийн хуванцар савтай 60 литр дизель түлш, 12 В-той 60-н ампер цагийн хуучин аккумлятор 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 289.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол,  мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 13/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-19/, хохирогч Б.Алтанбаганын “...гэртээ ирэхэд гражны хаалгыг эвдчихсэн, дотор нь байсан 60 литр түлш, хашаанд байсан Соната-6 маркийн хоёр авто машины аккумлятор алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх 32-34/, гэрч Б.Батбаярын “...Тэр хүн ах нь жаахан халуурсан байна. 1500 төгрөгөөр 60 литр түлш зармаар байна. Чи яах вэ 1000 төгрөгөөр авбал ав гэхээр нь би 60.000 төгрөгөөр авсан юм. Намайг Нараа гэдэг гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 35/, Дамно ХХК-ны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ЧД-2-18-586 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 43-44/, шүүгдэгч Н.Н ын “...дотогш орж граж дотор байх 20 литрийн савлагаатай 3 ширхэг шар өнгийн хуванцар савтай түлшийг аваад хажуу талын нүүрс зарж борлуулдаг айлын хүнд 1 литрийг нь 1000 төгрөгөөр бодоод ахынхан өөрийн түлш байгаа юм гэж хэлээд зарж борлуулсан. Тэгээд мөн гражны хажуу талд байх саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн копуд нь онгорхой байхаар нь сөхөж үзэхэд суурилуулсан байсан 60-н ампер цагийн аккумляторыг нь аваад, хажууд нь байх бас нэг ширхэг аккумляторыг хулгайлж аваад хашаанаас гараад явж байгаад тухайн үед халамцуу байсан болохоор түлш зараад мөнгөтэй болсон байсан болоод уг аккумляторыг жалганд хаяад цааш явсан...” гэх мэдүүлэг /хх 49-51/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Н.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Н  нь гэм буруугийн талаар, түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Н.Н  нь хохирлын мөнгө болох 289.000 төгрөгийг хохирогчид төлж хохирлыг барагдуулсан бөгөөд хохирогч Б.Алтанбагана нь “...хохирлоо бүрэн барагдуулж гомдол, санал байхгүй...” гэх тул шүүгдэгч Н.Н ыг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилсан гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Н  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Мөн шүүхээс шүүгдэгч Н.Н т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал буюу учруулсан хохирлыг нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд  мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н ын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх нийт 29 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Н.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар тусгайлан хамгаалсан агуулах болох автомашины гражид нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Н т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Н ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 29 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.Н  нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН