Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2021/0700

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр                     221/МА2020/0222               Улаанбаатар хот

                                                                                                                               

Х.Н-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Х.Н, түүний өмгөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 688 шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу Х.Н-ийн нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 688  дугаар шийдвэрийн

1 дэх заалтаар: Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.6, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Нээс гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/535 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Н-ийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлс, нэмэгдлийн зөрүүг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... шүүхээс ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл, нэхэмжлэгчийн гаргасан гэх 2 зөрчил тус бүрд нь бүрэн гүйцэд дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна … Шүүхээс ... дүгнэхдээ хэрэгт хамааралтай үйл баримт болон нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой авч үзээгүйгээс үндэслэл бүхий дүгнэлт болоогүй гэж үзэж байна.

Тухайлбал,

Нэхэмжлэгч нь хэдийгээр Эрүүлжүүлэх саатуулах байрны дарга, эмчийн албан тушаалд ажиллаж байсан боловч 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр эмчийн хувиар томилгоот үүрэг гүйцэтгэж байсан ба эрүүлжүүлэх байрны ажилтан, цагдаа Б.А-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан.

Нэхэмжлэгч эмчийн хувиар холбогдох журмын дагуу иргэн И.Д-н эрүүл мэндийн байдалд үзлэг хийж тэмдэглэл хөтлөн, цусны даралтыг хэмжиж, сэтгэл санаа тогтворгүй, амиа хорломоор байна гэсэн өгүүлэмжтэй байсан нөхцөлийг харгалзан түүнийг хүргэгдэн ирсэн 04 цаг 30 минутад шууд камерт хийх нь эрсдэлтэй гэж үзэж, сэтгэл санаа тогтворжтол нь жижүүрийн өрөөний коридорт суулган харгалзах шийдвэр гаргасан. Тухайн үед иргэний хувцас эд зүйлд үзлэг хийж, хураан авах үүргийг эрүүлжүүлэх байрны ажилтан, цагдаа Б.А гүйцэтгээгүйгээс дээрх нөхцөл байдал бий болсон, Б.А нь энэ талаар мэдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн үед эрүүлжүүлэх, саатуулах байранд 20-иод хүн эрүүлжүүлэгдэж, баривчлагдсан байсан тэдгээрийг 2 албан хаагч харгалзаж байснаас анхаарал алдах нөхцөл бий болсон талаар тайлбарладаг бөгөөд сахилгын шийтгэлийг шалган тогтоох үүргийн хүрээнд хариуцагчаас дээрх нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оноож, Б.А-т сануулах шийтгэл оноосон нь шударга бус, ялгавартай хандсан, оноосон шийтгэл нь гаргасан зөрчлийн хэр хэмжээнд нийцсэн байх шаардлагад нийцээгүй гэж маргасан. Шүүхээс дээрх нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. 

Нэхэмжлэгчийн зүгээс тухайн өдөр олдсон гэх 250 граммын “Хараа” архины шил иргэн И.Д-н биед байсан эсэх нь эргэлзээтэй, камерт өмнө нь байсан эсэхийг тогтоолгох хүсэлтэй байгаа талаараа албаны шалгалтын үед тайлбар гаргахдаа хэлсэн боловч энэ талаар тогтоох ямар нэгэн ажиллагаа хийгээгүй гэж маргасан боловч энэ талаар мөн дүгнэлт хийгээгүй. 

Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг тухайн өдөр 08 цаг 30 минутад ээлж хүлээлцсэн мэтээр бичсэн нь ташаа бөгөөд нэхэмжлэгч тухайн өдөр 07 цаг 30 минутад ээлжээ хүлээлгэн өгч ажлаас буусан байдаг. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн дээрх үйлдлийг Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.6-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй. Өөрөөр хэлбэл, уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2-т зааснаар эрүүлжүүлэх байрны ажилтан, цагдаагийн албан хаагч буюу Б.А нь иргэний биед үзлэг хийж, эд зүйлийг хураан авахаар ялгавартай зохицуулсан зохицуулалтыг харгалзан үзээгүй. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Цагдаагийн албаны тухай хуулийн 81дүгээр зүйлийн 81.3, 81.6, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсгийн агуулга зөвхөн Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчлийг зохицуулсан зохицуулалт байх бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан гэж үзэж байгаа Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийг зөрчсөн гэх зөрчил нь дээрх зохицуулалтад хамаарахгүй гэж үзэж байна. 

Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан гэх хоёр дахь зөрчил буюу нэхэмжлэгч Х.Н нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Т.Е-г “Цагдаагийн албан хаагчийг заналхийлсэн” гэх үндэслэлээр хууль журамд заагаагүй байхад үндэслэлгүйгээр эрүүлжүүлэх байранд 24 цаг байлгасан, зан харьцааны дутагдал гаргасан, нотлох баримтыг хуурамчаар цуглуулсан, Цагдаагийн албан хаагчийг заналхийлсэн талаар дуудлага өгч Т.Е-г эрүүлжүүлэх байранд 24 цаг хонуулсан мөртлөө энэ талаар гомдол гаргаж шалгуулаагүй гэх зөрчлийн талаар нэхэмжлэгч уг зөрчлийг үгүйсгэж маргасан байхад энэ талаар дүгнэлт хийлгүйгээр прокурорын шаардлагад захиргааны хэргийн шүүх дүгнэлт өгөх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдсэн нь хууль бус гэж үзэж байна.

Учир нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар энэхүү зөрчил бүрэн үгүйсгэгдэж байгаа бөгөөд хэдийгээр прокурорын шаардлага хүлээн авсан этгээд хариу өгөх үүрэгтэй боловч энэ тохиолдолд прокурорын шаардлагад дурдсан зөрчил гэх нөхцөл байдлыг захиргааны байгууллага шалган тогтоож, сахилгын шийтгэл хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй гэж үзэж байна.

Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд энэхүү тохиолдолд захиргааны байгууллага прокурорын шаардлагад дурдсан асуудлыг шалган тогтоож зөрчил мөн гэж үзвэл хариуцлага хүлээлгэж хариу мэдэгдэх, зөрчил үйлдсэн болох нь тогтоогдохгүй бол энэ тухайгаа хариу мэдэгдэх агуулгатай байна.

Өөрөөр хэлбэл, прокурорын шаардлага хүргүүлэх нь захиргааны байгууллагын хувьд ч шүүхийн хувьд ч шууд уг шаардлагад дурдсан агуулгаар заавал шийдвэр гаргахыг үүрэгжүүлсэн зохицуулалт биш юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 128/ШШ2021/0688 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Х.Н-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, маргаанд хамаарах Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль болон холбогдох дүрмийг зөв тайлбарлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/535 дугаар тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.6, 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Цагдаагийн хошууч Х-ын Нэхэмжлэл-ийг Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.3, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.6, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3, 2.2.2, 2.3.2, 2.4.1, 2.4.13-д заасныг тус тус зөрчсөн гэж Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-д заасныг баримтлан Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчийн ажлаас 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 05 дугаар сарын 20-ны өдрөөс мөн газарт эрүүлжүүлэх, саатуулах байрны эмчээр томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “... цагдаагийн байгууллагад 14 жил ажиллахдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй ... иргэн Т.Еркетай нь ... эрүүлжүүлэгдсэн бөгөөд Эрүүлжүүлэх, саатуулах байрны даргын зүгээс ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй ... Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Е өөрийн хувийн сонирхлоор уг гомдлыг гаргуулсан болох нь нотлогддог ... албаны шалгалтын үеэр албан хаагч нарын ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, хуулиар олгогдсон хэм хэмжээ түүнийг хэрэгжүүлэх, гүйцэтгэсэн байдал зэргийг шударгаар тогтоогоогүй ... миний буруутай ямар үйлдэл, эс үйлдэхүй байгаа болохыг шударгаар, үнэн зөв тогтоолгүй, зөвхөн буруутгах, яллах бодлого барьж асуудалд хандсан ... би эмчийнхээ хувьд үзэг хийсэн, ...” гэсэн үндэслэлээр “Цагдаагийн ерөнхий газрын даргын дээрх тушаалыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурч ажилласан хугацааны цалин хөлс, нэмэгдлийн зөрүүг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан байна.

Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн 20210370000004  дүгээр “Албаны шалгалтын материал хянасан тухай” материалаас үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, баривчлах байрны дарга, эмч албан тушаалтай цагдаагийн хошууч Х.Н нь 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Айдосын хамт томилгоот үүрэг гүйцэтгэж байхдаа “... гэртээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, өөрийгөө боомилж амь насаа хохироох гээд байна” гэх дуудлагын дагуу хүргэгдэн ирсэн И.Д-ийг хүлээн авч, “Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл” хөтөлсөн боловч уг этгээдийн биед болон хувцсанд нарийн үзлэг хийхгүйгээр зөвхөн гадна хувцсыг харагдах байдлаар бичиж, цусны даралтыг шалган, И.Д-ийг  амиа хорлож болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүлжүүлэх камерт хийлгүй жижүүрийн коридорт суулгаж байгаад 06 цагийн үед эрүүлжүүлэх өрөө /камер/-нд оруулахдаа гутлын үдээс, өмдний бүсэлхийний уяаг хурааж аваагүйн улмаас уг иргэн өрөөндөө гутлын үдээсээ холбож өөрийнхөө хоолойг боомилсон байсныг Ёс журмын эргүүлээр ажиллаж байсан Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.Е 08 цаг 30 минутад эрүүлжүүлэх саатуулах байраар орж шалгахдаа илрүүлж, үйлдэл дээр нь таслан зогсоосон байх бөгөөд И.Даулыбекийн хажуугаас “Хараа” архины хоосон шил байсныг хураан авсан болох нь тогтоогдсон байна.

Нэхэмжлэгч Х.Н нь Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эрүүлжүүлэх, баривчлах байрны даргын албан тушаалаас чөлөөлөгдөж, албан тушаал бууруулсан хариуцагчийн шийдвэртэй маргасан гол үндэслэлээ “... эмчийнхээ хувьд үзлэг хийсэн, ... эд зүйлийг хурааж авах үүрэг нь цагдаагийн албан хаагчид байгаа болохоос биш эмчид байхгүй ... И.Д-тай холбоотой асуудал дээр оролцсон албан хаагчид адилхан шийтгэл оногдуулах ёстой ...” гэж тайлбарлажээ.

Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно” 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д “Цагдаагийн алба хаагч, үүргээ гүйцэтгэхдээ бусадтай хүндэтгэлтэй харьцаж, бусдыг үл тоосон, заналхийлсэн, доромжилсон үг хэллэг, үйл хөдлөл хэрэглэхгүй байж, өөрийн шаардлагыг үндэслэлтэй, ойлгомжтой хэлбэрээр илэрхийлэх үүрэгтэй”, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгнө”, 5.3-д “Согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд албадан хүргэхийг хориглоно” гэж тус тус хуульчилжээ.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/129 дүгээр тушаалаар батлагдсан Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.3-д “албан үүргээ гүйцэтгэх явцдаа төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг үл задруулах, хувийн болон бусдын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй байх, албан ёсны шийдвэр гараагүй аливаа асуудлын талаар байр суурь илэрхийлэхгүй байх, зөвшөөрөлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх”, 2.2.2-д “цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын эрхэнд хууль бусаар халдах, чирэгдүүлэх, дарамтлах, хүнд суртал гаргахгүй байх”, 2.3.2-д “цагдаагийн байгууллагын нэр төр, алдар хүндэд харшлах аливаа зохисгүй үйлдэл, эс үйлдэл гаргахгүй байх”, 2.4.1-д “өөрийн болон албаны нэр төрийг ариун байлгах, иргэдтэй соёлтой, хүнлэг хүлээцтэй харьцах, үл тоох, шаардлагагүй баримт бичиг нэхэх, гаргасан гомдол, хүсэлтийн талаар маргахгүй байх”, 2.4.13-д “Иргэдтэй маргалдах, хэл амаар доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, шивнэлдэх, инээлдэх, залхсан эсвэл уцаарласан өнгөөр харьцах зэргээр зан харьцааны дутагдал гаргахыг цээрлэх” гэж, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-д “Энэ хуулийн 81.2, 81.3-т заасан ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн нь сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болно”, 81 дүгээр зүйлийн 81.4-д “Төрийн албаны тухай хууль, энэ хууль, ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн алба хаагчид эрх бүхий албан тушаалтан дараахь сахилгын шийтгэл оногдуулна”, 81.4.3-д “албан тушаал бууруулах”, 97 дугаар зүйлийн 97.1-д “Цагдаагийн албаны тухай хууль, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл оногдуулна” гэж тус тус заасан.

Дээрх хууль, дүрмийн зохицуулалтуудаас үзвэл цагдаагийн алба хаагч нь үйл ажиллагаандаа хууль болон ёс зүй, сахилгын дүрмийг мөрдөж ажиллах үүрэгтэй, хэрэв тухайн албан хаагч Цагдаагийн албаны тухай хууль, болон цагдаагийн албан хаагчийн үйл ажиллагаанд мөрдөгдөх ёс зүй, сахилгын дүрмийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу сахилгын шийтгэл хүлээлгэх эрхтэй байна.

Түүнчлэн Цагдаагийн Эрүүлжүүлэх, баривчлах, саатуулах байрны эмчийн Албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын зорилтын хүрээнд “Эрүүлжүүлэх, саатуулах байрны хэвийн үйл ажиллагааг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, цагдаагийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулах, Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байранд тавих хяналт шалгалтыг сайжруулах, иргэдийн амь нас, аюулгүй байдал, хууль ёсны эрхийг хангаж, ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээ, ерөнхий шаардлагыг хангаж ажиллах, Эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны үйл ажиллагаанд мөрдөх хууль, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах, дэг журам сахиулах, хяналт тавих алба хаагчдыг удирдан зохион байгуулж ажиллах”, Эрүүлжүүлэх, саатуулах /баривчлах/ байрны дарга нь Албан тушаалын тодорхойлолтод заасан албан тушаалын зорилтын хүрээнд “Эрүүлжүүлэх, саатуулах байрны хэвийн үйл ажиллагааг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах цагдаагийн үйлчилгээг шуурхай хүртээмжтэй хүргэх ажлыг зохион байгуулах, Эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагаанд мөрдөх хууль, дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах, дэг журам сахиулах, хяналт тавих алба хаагчдыг удирдан зохион байгуулж ажиллах” зэрэг чиг үүрэгтэй байна.

Иймээс нэхэмжлэгч нь дуудлагын дагуу тус эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэгдэн ирсэн И.Д-ийг хүлээн авч, “Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл” хөтөлсөн боловч уг этгээдийн биед болон хувцаст нарийн үзлэг хийхгүйгээр зөвхөн гадна хувцсыг харагдах байдлаар бичиж, эрүүлжүүлэх өрөө /камер/-нд оруулахдаа гутлын үдээс, өмдний бүсэлхийний уяаг хурааж аваагүйн улмаас уг иргэн өрөөндөө гутлын үдээсээ холбож өөрийнхөө хоолойг боомилсон үйлдэл гаргасан болон И.Д-ийн хажууд “Хараа” архины хоосон шил байсан нь албаны шалгалтаар тогтоогдсон, нэхэмжлэгч албан үүргээ гүйцэтгэж байхдаа гутлын үдээсээ холбож өөрийнхөө хоолойг боомилж, амиа хорлох үйлдэл хийсэн тухайн иргэний эд зүйлийг хураан авсан гэж маргаагүй буюу нэхэмжлэгчтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан хураан авах ёстой байсан гэж маргасан энэ тохиолдолд нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан Эрүүлжүүлэх, саатуулах байрны хэвийн үйл ажиллагааг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах, өдөр тутмын хяналт тавих чиг үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, түүнийг Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Цагдаагийн алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна”, 8 дугаар зүйлийн 8.6-д “Эрүүлжүүлэх байранд үйлчлүүлэгч этгээд амиа хорлох, бусдад халдан довтлоход ашиглаж болох эд зүйл оруулахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн, албан үүрэгтээ хайнга хандсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... эмчийн хувиар томилгоот үүрэг гүйцэтгэж байсан ба эрүүлжүүлэх байрны ажилтан, цагдаа Б.А-ын хамт үүрэг гүйцэтгэж байсан ... цагдаа Ө.А гүйцэтгээгүйгээс дээрх нөхцөл байдал бий болсон ... “Хараа” архины шил ... байсан эсэх нь эргэлзээтэй ... шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг 08 цаг 30 минутад ээлж хүлээлцсэн мэтээр бичсэн нь ташаа ... “Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3, 81.6, 97 дугаар зүйлийн 97.1-д заасан заалтуудын агуулга зөвхөн Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, сахилга, ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчлийг зохицуулсан зохицуулалт ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Нэхэмжлэгчтэй хамт үүрэг гүйцэтгэж байсан Эрүүлжүүлэх, саатуулах байрны жижүүрийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.А-т “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь нэхэмжлэгчид “сануулах” сахилгын шийтгэл оногдуулах, нэхэмжлэгчийн хуулиар болон ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Хариуцагчаас маргаан бүхий актын нэг үндэслэлээ “... нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр иргэн Т.Е-г цагдаагийн алба хаагчийн заналхийлсэн гэх хууль журамд заагаагүй үндэслэлээр эрүүлжүүлэх байранд 24 цаг байлгасан, хэл амаар доромжилсон бөгөөд энэ талаар прокурорын байгууллагаас шалгалт явуулж хариуцлага тооцуулахаар шаардлага ирүүлсэн ...” гэж тайлбарлан маргасан байх бөгөөд хэрэгт Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “... Х.Н нь ... Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, 13 дах хэсэг, Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, ...Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтууд, “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 1, 5.3-ыг ... тус тус зөрчсөн байна, иймд дээр дурдсан хууль журмыг зөрчсөн зөрчлүүдийг арилгах, хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн цагдаагийн алба хаагчид ... хариуцлага тооцож, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирол болох 4150 төгрөг буюу эрүүлжүүлэх байранд 24 цаг байлгахад гарсан зардлыг Цагдаагийн албаны тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.4 дэх хэсэгт заасныг үндэслэн х/ч Х.Н-ээр нөхөн төлүүлэхээр Прокурорын шаардлага хүргүүлэв” гэх “Хариуцлага тооцуулах тухай” 02 дугаар шаардлага авагдсан байна.

Прокурорын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Прокурор зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар шаардлага бичнэ, Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй”, 3.1.4-т “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, түүнд тавих прокурорын хяналт, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж тус тус заасан.

Дээрх хуульд зааснаар “Прокурорын шаардлага” нь Прокурор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа тухайн зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар гаргасан тусдаа шийдвэр бөгөөд прокурорын хяналтын үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахааргүй, энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Хэдийгээр нэхэмжлэгч “... Т.Е нь ... эрүүлжүүлэгдсэн бөгөөд Эрүүлжүүлэх, саатуулах байрны даргын зүгээс ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй бөгөөд Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Е өөрийн хувийн сонирхлоор уг гомдлыг гаргуулсан болох нь нотлогддог ...” гэж маргасан байх боловч Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Хариуцлага тооцуулах тухай” 02 дугаар шаардлагыг эс зөвшөөрч эрх бүхий дээд шатны албан тушаалтанд хандаж байгаагүй, хандсан талаар баримт, нотолгоог гарган мэтгэлцээгүй, энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар уг прокурорын шаардлагын үндэслэлийг хянах хууль зүйн үндэслэлгүй энэ тохиолдолд  хууль, журам зөрчсөн зөрчлүүдийг арилгах, хүний эрх, эрх чөлөөг үндэслэлгүйгээр зөрчсөн цагдаагийн алба хаагчид буюу нэхэмжлэгчид хариуцлага тооцож, иргэний зөрчигдсөн эрхийг сэргээж, учирсан хохирол зардлыг нөхөн төлүүлэхээр шаардсан эрх бүхий этгээдийн шийдвэрийг маргаан бүхий актын үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... Т.Е-г “Цагдаагийн албан хаагчийг заналхийлсэн” гэх үндэслэлээр хууль журамд заагаагүй байхад үндэслэлгүйгээр эрүүлжүүлэх байранд 24 цаг байлгасан, зан харьцааны дутагдал гаргасан, ... гэх зөрчлийн талаар ... үгүйсгэж маргасан байхад энэ талаар дүгнэлт хийлгүйгээр ... шүүх дүгнэлт өгөх боломжгүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдсэн нь хууль бус ... нотлох баримтаар энэхүү зөрчил бүрэн үгүйсгэгдэж байгаа ... прокурорын шаардлага хүлээн авсан этгээд хариу өгөх үүрэгтэй боловч энэ тохиолдолд прокурорын шаардлагад дурдсан зөрчил гэх нөхцөл байдлыг захиргааны байгууллага шалган тогтоож, сахилгын шийтгэл хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 688 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                              Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                             Н.ХОНИНХҮҮ