Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 47

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Оюунчимэг даргалж, нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах Содон цамхагт өргөө ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдох

 

Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                                                                          Б.Баясгалан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                                                Д.Чагнаадорж,

                                                                                                                А.Нармандах нар оролцов.

                                                           ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгч “Содон цамхагт өргөө”ХХК-ний захирал Д.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Манай компани 2016 оны 06 дугаар сард зарлагдсан газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцон шалгарч ялагч болсны дагуу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаартай “Төсөл сонгон шалгаруулалтад шалгарсан иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” захирамжаар газар эзэмших эрхтэй болсон.

Гэтэл Засаг дарга С.Насанбат нь өмнөх Засаг даргын гаргасан 2016 оны 07 дугаар сарын 8-ны өдрийн А/272 дугаартай захирамжаа 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж гаргаж өмнөх захирамжийг хүчингүй болгосныг мэдэгдлээ.

Засаг даргын энэхүү шийдвэр /захиргааны акт/ нь газар эзэмшигч манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэж байгаа тул Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх заалтуудыг үндэслэн тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг дор дурдсан үндэслэлээр хуульд нийцээгүй буюу илт хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байна. Үүнд:

1. Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны А/440 дугаартай захирамжаараа газар эзэмшигч манай компанийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож буй нь үндэслэлгүй

1.1 Засаг дарга дээрх захирамжаараа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” асуудлыг шийдвэрлэсэн.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 “Аймаг, ...-ийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэсэн бөгөөд 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсгүүдэд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн тохиолдлуудыг тодорхой заасан.

Гэтэл манай компани нь дээр хуулийн заалтуудад дурдагдсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зөрчил гаргаагүй, ийм үндэслэл бүрдээгүй.

Хэрэв Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэж байгаа тохиолдолд зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан зөрчлийг газар эзэмшигч гаргасан байх, ийм үндэслэл бүрдсэн, тогтоогдсон байх учиртай.

Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад ийнхүү “газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй бөгөөд газар эзэмшигч /хуулийн этгээд/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзнэ.

1.2  Аливаа төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, ойлгомжтой, тодорхой, үндэслэлтэй байх ёстой.

Засаг дарга шийдвэрлэж буй асуудлаа “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” гэж захирамждаа тодорхойлсон боловч хууль хэрэглэхдээ үндэслэсэн хуулийн заалтын агуулга нь шийдвэрлэж буй асуудлынхаа хууль зүйн үндэслэлтэйгээ зөрчилдөөнтэй.

Үндэслэсэн хуулийн заалтуудын хувьд “албан тушаалтан гаргасан шийдвэрээ ...хуульд нийцээгүй, ..хууль бус, ...илт хууль бус гэж үзвэл шийдвэрээ өөрөө хүчингүй болгож болно” гэсэн хууль зүйн агуулгатай заалтуудыг хэрэглэсэн боловч “Захирамжлах нь” хэсгийн 1-д дурдагдсан нөхцөл байдлууд нь хуулийн ямар зүйл заалтыг хэрхэн, яаж зөрчсөн талаар тодорхой заагаагүй, ойлгомжгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

        

2. Захиргааны актын улмаас манай эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөхөд хүрч байна. Тодруулбал:

         Газар эзэмшигч манай компани нь:

  • Төрийн байгууллагаас зарласан шалгаруулалтад ялсан төслөө хэрэгжүүлэх,
  • Газраа зориулалтын дагуу ашиглах,
  • Төсөл хэрэгжүүлэх замаар ашгийн төлөө аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, үүнээс үүдсэн багагүй хэмжээний эдийн засгийн алдагдал, хохирол хүлээхээр байна.

Иймд Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” захирамжийн “Содон цамхагт өргөө” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болгохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Содон цамхагт өргөө ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад Содон цамхагт өргөө ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Иймд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нь төсөл сонгон шалгаруулалтын журмыг зөрчиж хууль бусаар газар эзэмшсэн байна. Хэрэв нэхэмжлэгч уг газрыг төсөл сонгон шалгаруулалтаар авсан бол төсөл сонгон шалгаруулалтын ялагчтай 3 хоногийн дотор гэрээ байгуулж, үүний үндсэн газрын эзэмшүүлэх гэрээг байгуулдаг, гэтэл ялагчтай байгуулах гэрээг нэхэмжлэгч байгуулаагүй. Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх гэж байгаа бол ГХБХБГ-аас зөвшөөрөл авах ёстой. Төсөл сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах ажиллагааг хангаагүй. Тухайн газрын цэгүүдийн солбицлыг газар дээр нь тодорхойлж тэмдэглүүлээгүй, мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлт, техникийн нөхцөлийг гаргуулаагүй, төсөл сонгон шалгаруулалтын ялагчтай байгуулах гэрээг байгуулаагүй зэрэг заалтууд зөрчигдөж А/272 дугаар захирамж гарч газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан зөрчил гарсан байна. Мөн Дархан хотын газар зохион байгуулалтын төлөөлөгч зөрчиж төсөл сонгон шалгаруулалт явуулсан, мөн өөр байгууллагын газартай давхцуулан газар олгох шийдвэр гаргасан зэрэг нөхцөл байдал байгаа тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  болон түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухайн захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг үндэслэсэн нь буруу, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь заалтын аль нэгийг үндэслээгүй нь илт хууль бус захиргааны акт хэмээн тодорхойлжээ. Үүнээс үзэхэд нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хоорондоо утга агуулгын зөрчилтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дүгээр захирамж буюу захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь хэсэгт заасан 7 шинжийн аль нэгийг агуулж байх ёстой гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл бүрдэж байгаа юм. Нэхэмжлэгч тал нэгэнт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлтэй хэнээ үзэж байгаа бол А/440 дүгээр захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7- дахь хэсэгт заасан аль нэг эсвэл хэд хэдэн шинжийг агуулж байгаа болохыг нотлох шаардлагатай болно. Гэтэл уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.1-47.1.7 дахь заасан 7 шинжийг агуулаагүй байгаа илэрхий байна. Харин нэхэмжлэгч А/440 дүгээр захирамж нь Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай асуудлыг шийдвэрлэсэн манай компани Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох аль ч зөрчлийг гаргаагүй хэмээгээд энэ нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзнэ хэмээн тайлбарласан байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч А/440 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан шинжийг агуулж байна гэж үзсэн байна.

Засаг даргын А/440 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг 61.1 дэх хэсгийг үндэслэж гарсан бөгөөд газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох эрхийг Засаг даргад олгосон заалтыг баримталж өмнөх Газрын тухай хууль тогтоомж, дүрэм журам зөрчиж бусдад газар эзэмшүүлсэн хууль бус шийдвэрийг хүчингүй болгосон байна. Энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 61.1 дэх заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл нь хүчингүй болгож буй шийдвэр нь Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн шийдвэр байх газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр байх гэсэн 2 тохиолдол байх бөгөөд А/440 дугаар захирамжийн хувьд Газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх урьдчилсан нөхцөл бүрдсэн тул Газрын тухай хуулийн 61.1 дахь хэсгийг үндэслэж гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм. Тодруулбал нэхэмжлэгч Содон цамхагт өргөө ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын шийдвэр нь анх гарсан үеэсээ Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж гарсан байх тул Газрын тухай хуулийн 61.1 дэх заалтыг үндэслэж засаг дарга А/440 дугаар захирамж гаргаж хууль зөрчсөн асуудал шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь Аймгийн Засаг даргын эрх хэмжээний асуудал бөгөөд хуульд заасан үндэслэл байсан гэж үзэх үндэслэлтэй. Анхнаасаа хууль зөрчиж гарсан захирамжийн дагуу үүссэн нэхэмжлэгч Содон цамхагт өргөө ХХК-ийн газар  эзэмших эрхийг хүчингүй болгох шийдвэр гаргахад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6- дахь заалтыг үндэслэх шаардлагагүй бөгөөд харин хуулийн дагуу үүссэн газар эзэмших эрхийг хүчингүй болгож байгаа тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглэх нь зөв юм. Иймээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарах илт хууль бус болохыг тогтоолгох гэж үндэслэлгүй шаардлагыг шүүхэд гаргасан байгаа нь тодорхой байна. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

 

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Үүнд: 1. Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн” шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч  “Содон цамхагт өргөө” ХХК -ийг 2016 оны 06 дугаар сард зарлагдсан газар эзэмшүүлэх эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцон ялагч болсон гэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн 14 дүгээр баг Дархан 50 цогцолборын ард нэгж талбарын 4505701503 дугаар бүхий 5700 м.кв газрыг үйлчилгээ, ажлын байрны зориулалтаар эзэмшүүлэхээр  Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаартай захирамж гарч, хуулийн этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулан, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000319887 дугаар гэрчилгээ олгосноор тус компанид  газар эзэмших эрх үүссэн байсан ба Дархан-Уул аймгийн Засаг дарга  2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 дугаар захирамж гаргаж 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/272 дугаартай  захирамжийг хүчингүй болгосон болох нь хэрэгт авагдсан захирамжууд,төслийн материалууд, нэхэмжлэгч,хариуцагч нарын тайлбаруудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгчээс Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 захирамжаараа “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” асуудлыг шийдвэрлэж байгаа тохиолдолд зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.6 дахь хэсэгт заасан зөрчлийг газар эзэмшигч гаргасан байх, ийм үндэслэл бүрдсэн, тогтоогдсон байх учиртай. Өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан үндэслэл бүрдээгүй байхад ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шийдвэр гаргах нь хуульд нийцэхгүй бөгөөд газар эзэмшигч /хуулийн этгээд/-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж.

 

Харин хариуцагчаас Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-47.1.7 дахь хэсэгт заасан захиргааны акт илт хууль бус болох 7 шинжийн  аль нэгийг агуулсан байх ёстой гэтэл тус захирамж нь дээрх шинжийг агуулаагүй, нэхэмжлэгч А/440 захирамжийг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан шинжийг агуулсан  гэж үзсэн нь буруу гэсэн тайлбарыг гарган маргаж байна.

 

Дархан-Уул аймгийн Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 дугаар захирамжийн 1 дэх заалт болон түүний хавсралтаар “Содон цамхагт өргөө” ХХК-ны Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 3 дахь заалтаар энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны А/ 272 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай гэж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3  Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг үндэслэл болгосноос үзэхэд  Засаг даргад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалт болон дээрх хуулийн заалтуудаар иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхэд халдах эрх нь байгаа болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн  “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/440 дугаар захирамжаар  хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буруу хэрэглэсэн байх тул уг акт нь маргаан бүхий захиргааны актад хамаарна. Харин Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан Захиргааны акт илт хууль бус болох тохиолдолд хамаарахгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар захирамжийн “Содон цамхагт өргөө” ХХК-нд  холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн”  нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  

   ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг баримтлан “Содон цамхагт өргөө” ХХК-иас Дархан-Уул аймгийн Засаг даргад  холбогдуулан  “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/440 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар   нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч,хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

         

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ОЮУНЧИМЭГ