Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 31

 

МАГАДЛАЛ

 

2016.12.23                                                   Дугаар 31                                      Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Ц.Цэрэнчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00647 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Р.Болормаад холбогдох,

 

Итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: Д.Бат-Оюун байрыг хувьчлах асуудлыг хөөцөлдөөд өгье гэж хэлээд байрны бүх бичиг баримтуудыг авсан байсан. Тухайн үед Д.Бат-Оюун эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан учраас        Д.Бат-Оюун н.Зоригт гэдэг хүнд байрны бичиг баримтыг өгч хувьчлах асуудалд туслаач гэж хэлээд өгсөн байдаг. Мөн намайг Д.Бат-Оюуны хэрэгт сэжигтнээр татаж байцаагаад хэрэгсэхгүй болгосон. Р.Болормаа Д.Бат-Оюуны хохирогч байсан юм. Тэр үед Д.Бат-Оюун надад хэлэхдээ “...Би ял шийтгэлгүй гарчих юм бол дараа нь чамд туслья, Урд хөршөөс гурван вагон гурил орж иртэл байраа барьцаалж туслаач...” гэж гуйсан. Д.Бат-Оюунд туслья гээд баталгаа гаргаж өгсөн, нотариат дээр итгэмжлэл гаргуулах гээд очиход нотариатч итгэмжлэл гаргах үндэслэл байхгүй, яагаад гэвэл энэ байр төрийн өмч юм байна гэж хэлээд нотариат дээр очиж баталгаа гаргаж өгсөн. Гэтэл дүү нар маань очоод байрны бичиг баримтаа авах гэтэл мөрдөн байцаагч Б.Энхтөр Д.Бат-Оюуны хэрэг шалгагдаж дуусаагүй байгаа тул хавтаст хэргээс материал өгөхгүй гэж хэлсэн байна лээ. Тэгээд Д.Бат-Оюуны шүүх хурал болоход байрны маань бичиг баримт хавтаст хэрэгт байгаагүй юм байна лээ. Хорих ангиас 2001 оны 02 дугаар сард хорихоос гарсан. Ингээд Нийслэлийн шүүхэд байрны бичиг баримтын талаар өргөдөл гаргаад хандахад 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3618 тоот албан бичгээр надад хариу өгсөн байдаг. Үүнд Д.Бат-Оюуны хэрэгт байрны асуудлыг шийдвэрлээгүй байна гэж дурдсан байдаг. Мөрдөн байцаах газарт хэлтсийн дарга н.Сайнжаргалд өргөдөл гаргахад н.Сайнжаргал нь Б.Энхтөрд өөрт нь тэр өргөдлийг маань өгчихсөн байдаг. Б.Энхтөр нь энэ асуудлыг шалгаж байхдаа цагдаагийн ерөнхий газар луу шилжиж очсон. Ингээд цагдаагийн ерөнхий газар луу шилжихдээ миний бичиг баримтуудыг би өөрөө шийдээд өгье гэж хэлээд аваад явсан байдаг. Мөн тухайн үеийн хавтас хэрэгт байсан баталгаа зэргийг алга болгосон. Би бодохдоо Б.Энхтөр мөрдөн байцаагч нь Р.Болормаатай хуйвалдаж байрны маань бичиг баримтыг өгсөн байгаа юм. Р.Болормаа миний өмнөөс худлаа бичиг баримт бүрдүүлээд байрыг хувьчилсан юм байна лээ. 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байрны бичиг баримт Р.Болормаагийн нэр дээр шилжсэн байдаг. Тэгээд хятад хүнд байрыг зарсан байсан. Би хорих ангиас гарч ирээд иргэний хэргийн шүүхэд хандсан Р.Болормаа нь олддоггүй юм. Мөн эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Миний байрны холбогдолтой бичиг баримтыг Б.Энхтөр байцаагч албан тушаалаа ашиглан өөр хүнд өгсөн нь хуйвалдсан гэж үзэж байна. Б.Энхтөрд холбогдуулж прокурорын мөрдөн байцаах газарт хандахад хэргийг удаа дараа хэрэгсэхгүй болгоод байдаг.

Их олон жил энэ асуудлаар хөөцөлдсөн. Р.Болормаа нь хятад хүнд байрыг маань зарахдаа 11 800 доллараар зарсан байдаг. Д.Бат-Оюун нь Р.Болормаад 6 700 000 төгрөг өгөх ёстой байсан. Энэ нь 1999 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан байдаг. Д.Бат-Оюун хорих ангид байхдаа Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргасан байдаг. Мөн миний өмнөөс бичсэн өргөдөл байдаг. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр миний бичвэр биш гэдэг нь тогтоогдсон. Намайг байхгүй хугацааг ашиглан байрыг хувьчлаад Р.Болормаа өөрийн нэр дээр шилжүүлсэн. 1999 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хийж өгсөн итгэмжлэл миний хийж өгсөн итгэмжлэл биш юм. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэдэг нь тогтоогдсон. Өрхийн бүртгэл болон орон сууцны конторын цохолтыг үндэслэн байрны нэрийг шилжүүлсэн байдаг. Тэрнээс биш итгэмжлэлийг үндэслэн байрны нэр шилжүүлсэн гэсэн юм байдаггүй Хамгийн чухал бичиг баримтыг Б.Энхтөр устгасан. Б.Энхтөр нь байрны бичиг баримтыг Р.Болормаад хүлээлгэж өгсөн баримт байдаггүй юм. Харин н.Зоригтоос байрны бичиг баримтыг хүлээж авсан тэмдэглэл байдаг. Энэ хүн миний хохирогч биш, Р.Болормаад итгэмжлэл хийж өгөх шаардлагагүй байсан. Би итгэмжлэлд гарын үсэг зураагүй, хоригдож байсан учраас мэдээгүй. Би байраа алдчихаад орох оронгүй, подвол түрээслэж амьдарч байна. Иймд 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ц.Цэрэнчимэг нь 2013 оноос хойш Р.Болормаа, ЦЕГ, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нотариатчдын танхимын гишүүн нотариатч Л.Батцэнд, тухайн үед Ц.Цэрэнчимэгт хэрэг үүсгэн шалгаж байсан мөрдөн байцаагч н.Энхтөр нарт холбогдуулан нэхэмжлэл гарган, биднийг шүүхэд хариуцагчаар дуудан ирүүлж байсан билээ. Уг хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэг удаа хэрэгсэхгүй болгосон боловч, Ц.Цэрэнчимэд нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 41-73 тоот орон сууцыг эзэмших итгэмжлэл олгосон Ц.Батцэнд нотариатын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай агуулга бүхий нэхэмжлэлийг Ц.Батцэндэд холбогдуулан гаргаж уг хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүхийн шийдвэрийг гаргасан байдаг.

Нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг нь 1999 онд хариуцагч гэх Р.Болормаагийн ОХУ-аас оруулж ирсэн 3 ширхэг пургон автомашиныг бэлэн мөнгөөр худалдан авах боломжгүй тул Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 41-73 тоотод байрлах орон сууцаар солъё хэмээн Р.Болормааг итгэл эвдэх, хууран мэхлэх аргаар залилан мэхэлж, эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4 дэх хэсэгт заасан залилан мэхлэх гэмт хэргээр шалгагдаж, шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, Р.Болормааг залилан мэхэлсэн хэргээр шүүхээс ял сонсож байсан билээ. Хариуцагч Р.Болормаа нь тухайн хэрэгт Иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоогдож, мөрдөн байцаах ажиллагааны явцад     Ц.Цэрэнчимэг нь тус байр өмчлөгдөөгүй байгаа, эзэмших эрхийн гэрчилгээг чамд итгэмжлэл хийлгээд өгөе гэж Р.Болормаад хэлэн, дээрх эд хөрөнгийг шилжүүлсэн байдаг нь өмнө хэргийн материалд нотлох баримтуудаар авагдсан байдаг. Иймд дээрх асуудлаар иргэний хэрэг үүсгэж байгаа нь учир дутагдалтай юм.

Иргэний хэрэг болон эрүүгийн хэргийн баримтууд хавтас хэрэгт энэ талаар шийдвэрлэгдсэн байдаг. Нэхэмжлэгч хариуцагч нар нь бизнесийн хамтрагч болж 3 өрөө байраар сольё гэсэн тохироо хийсэн байдаг. Энэ нь эрүүгийн хэрэг болон иргэний хэрэгт гэрчүүдийн тайлбараар нотлогддог юм. Мөн нэхэмжлэгч өмнө нь нотариатын үйлдлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргаад 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч шаардлагаа нотлохдоо мөрдөн байцаагч Б.Энхтөр хохироосон мэтээр яриад байна. Хэрвээ нэхэмжлэгч хохирсон бол 2001 онд суллагдаад гарч ирээд л энэ талаараа шүүхээр шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Гэтэл 1999 оны итгэмжлэлийг одоо хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж байгааг ойлгохгүй байна. Харин хавтас хэрэгт Б.Энхтөр нь Р.Болормаатай хуйвалдан байрыг шилжүүлэн авсан талаар нотлох баримт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

              Шүүх: Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэгийн хариуцагч Р.Болормаад холбогдох 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасангүйд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхаарч үзэлгүй хэргийг шийдвэрлэлээ. Шүүхийн дүгнэлтээс үзэхэд энэхүү нэхэмжлэлийг урьд нь шүүх шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа гэсэн дүгнэлт хийсэн, мөн нэхэмжлэлийн шаардлагыг нотариатын үйлдэлд холбогдуулан гаргасан байдлаар ойлгож дүгнэлт хийсэн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэж нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангаагүй, 1999 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн итгэмжлэл хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болно. Иргэний хуульд заасан төлөөлөл, итгэмжлэл олгох хэлбэр, хэлцэл хүчин төгөлдөр байх хуулийн шаардлагыг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх мөн шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй байна гэсэн аталаа шинжээчийн дүгнэлтийн зөрүүг арилгах дахин шинжээч томилох эрх шүүхэд байхад энэ асуудалд бодит зөв дүгнэлт хийхгүйгээр итгэмжлэлийг хуульд заасан шаардлага хангасан гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хөөн хэлэлцэх хугацааг сэргээн, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэн өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Цэрэнчимэг нь хариуцагч Р.Болормаад холбогдуулан итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Р.Болормаад 1999 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон 124 тоот итгэмжлэлийг өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр хийгээгүй, итгэмжлэлд гарын үсэг зураагүй, өөрийн эзэмшлийн орон сууцыг бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг түүнд олгоогүй, Р.Болормаа нь хууль зөрчиж итгэмжлэл хийлгэсэн...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ц.Цэрэнчимэгээс Р.Болормаад 1999 оны 2 дугаар сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлээр “...Рагчаа овогтой Болормаа нь № 952540 тоот орон сууц эзэмших эрхийн гэрчилгээтэй, 15 дугаар хорооллын 41 дүгээр байр, 4 дүгээр орц, 73 тоот 3 өрөө сууцыг өөрийн нэр дээр сольж шилжүүлэн эзэмших эрхийн гэрчилгээг бичүүлж авах эрхтэй, орон сууц эзэмших эрхийн гэрчилгээ ордерийг Р.Болормаа нь намайг төлөөлөн хувьчлуулах асуудлыг хөөцөлдөх ба өөрийнхөө нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ /үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн/ авах, бусдад захиран зарцуулах эрхтэй болно.” гээд итгэмжлэгчийн гарын үсэг гэсний ард Ц.Цэрэнчимэг гэж гарын үсэг зурагдсан байна.

Дээрх итгэмжлэлд Ц.Цэрэнчимэг гарын үсэг зурсан, зураагүй гэх шинжээчийн зөрүүтэй дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй тул нотлох баримтаар үнэлэн хэргийг шийдвэрлэх боломжгүй.

Түүнчлэн Р.Болормаад дээрх орон сууцыг өмчлүүлэх, захиран зарцуулах итгэмжлэлийг нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригоор хийгээгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж үзнэ.

Учир нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “...Д.Бат-Оюун надад хэлэхдээ” урд хөршөөс 3 вагон гурил орж иртэл байраа барьцаалж туслаач” гэж гуйсан, би найздаа туслах зорилгоор нотариат дээр очиж баталгаа гаргаж өгсөн...” гэсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Бат-Оюун “...тухайн үед би Ц.Цэрэнчимэгээс байрны бичиг баримтыг гуйж авч байсан, намайг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхад Р.Болормаа хохирогч байсан, Ц.Цэрэнчимэг нь Р.Болормаагаас ...миний найз Д.Бат-Оюуныг битгий ялтан болгооч, миний байрыг авчихаач гэж хэлээд байхад...” энэ байр хувьчлагдаагүй гэж байснаа байрыг хувьчлаад зарчихсаныг ойлгохгүй байна...” гэж мэдүүлжээ.

Дээрх тайлбар, мэдүүлгээс дүгнэхэд нэхэмжлэгч нь өөрийн хүсэл зоригоос гадуур үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2016/00647 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

      

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                               ШҮҮГЧИД                                                    Ш.ОЮУНХАНД

 

                                                                            М.НАРАНЦЭЦЭГ