Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2018/00907

 

 “А” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 156/ШШ2017/00694 дүгээр шийдвэр

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 226/МА2018/00002 дугаар магадлалтай

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.Ө-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 6 600 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.Ө-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Ө-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Б.Ө-тэй дүнзэн байшин бариулах гүйцэтгэлийн гэрээ байгуулж урьдчилгаа 40 хувь болох 6 600 000 төгрөгийг өгсөн. Захиалагч талаас байшин бариулахаа больсон гэдгээ гүйцэтгэгч талд мэдэгдээд гэрээний дагуу өгсөн урьдчилгаа мөнгөө авъя гэхэд өгөөгүй. Дахин 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дүнзэн байшин бариулах гэрээний 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнд хавсралт оруулж уг хавсралтаар гэрээний урьдчилгаанд таарах банз авахаар гэрээ байгуулсан. Гэтэл хугацаа дууссан боловч одоог хүртэл банзыг нийлүүлэхгүй байна. Иймд гэрээний урьдчилгаа болох 6 600 000 төгрөгийг алдангийн хамт Б.Ө-гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК-иас байшин барих гэрээ байгуулж, урьдчилгаанд 6 600 000 төгрөгийг авсан нь үнэн. Би байшингийн зураг төслийг гаргаж банзаа авчихсан байсан. Тухайн үед байшин бариулахаа болилоо гэхээр нь банз өгөхөөр тохиролцсон боловч өөрсдөө ирж аваагүй. Урьд нь 2010 онд надаар бариулсан амрагчдын байшинг томсгосон 40 мкв-ийн үнийг одоог хүртэл төлөөгүй. Иймд 40 мкв-ийн үнэ 5 200 000 төгрөг, дээр нь тухайн үед Өмнөдэлгэр сумын засаг дарга Зундуй гэдэг хүний байшинг барих ажилтай байхад наад ажлаа зогсоож манай компанийн ажлыг түрүүнд нь хий гэж шахаж хийлгэснээс Зундуй гэдэг хүн надад өгөх ажлын хөлснөөсөө 1 500 000 төгрөгийг хассан ба үүнийг “А” ХХК-нь надад нөхөж өгөх ёстой бөгөөд тээврийн хөлс 1 500 000 төгрөг, нийт 6 700 000 төгрөгийг “А” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нэхэмжлэгч талаас 6 700 000 төгрөгийг нэхэмжилж сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Ямар учраас сөрөг нэхэмжлэл гаргасан бэ гэхээр би эхний 3 ширхэг жижиг дүнзэн байшингаа 80мкв тооцоод үнэлсэн. Ингэж үнэлсэн учраас дараа нь барих байшингаа бас мкв үнэлсэн. Уг байшин 120 мкв болсон бөгөөд мкв үнийг 130 000 төгрөгөөр үнэлж барьсан ингэхээр нийт 5 200 000 төгрөг гарч байгаа юм. Би Зундуй гэдэг хүний байшинг барьж байхад болиулсан бөгөөд ингэхдээ тэр Зундуй гэдэг хүний байшинг хот руу тээвэрлүүлсний мөнгийг өгнө гэж тохиролцсон байсан. Энэ тээврийн хөлсний 1 500 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа юм.

Уг байшинг барьсны хөлс нь миний дансанд “А” ХХК, Шаргалжуут гэж миний дансанд орж ирсэн. Жаргалсайхан нь “А” ХХК-ийг төлөөлж байшин бариулах гэрээ надтай байгуулсан. Аварга тосонгийн хашаанд байгаа л бол уг компанийн өмч гэж хэлж байсан. Тийм учраас уг байшин нь энэ компанийн өмч учраас “А” ХХК надтай тооцоо хийх ёстой гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: 2010 онд манай байгууллага Жаргалсайхан гэдэг хүнтэй гэрээ байгуулсан. Жаргалсайхан нь туслан гүйцэтгэгчээрээ Б.Ө- гэдэг хүнийг авч ажиллуулсан гэж ойлгогдож байгаа. Үндсэн ажил гүйцэтгэх гэрээний тал нь Жаргалсайхан юм. Манай байгууллагатай Жаргалсайхан гэрээ байгуулсан болохоос Б.Ө-тэй гэрээ байгуулаагүй. Б.Ө-тэй Жаргалсайхан гэрээ байгуулсан. Манай талаас төлбөр тооцооны асуудлыг Жаргалсайхантай бүрэн хийж дуусгасан. Талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас манай байгууллага хариуцагчийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Тээврийн хөлсөнд 1 500 000 төгрөгийг авсан асуудал нь Жаргалсайхан Б.Ө- хоёрын дунд л яригдсан асуудал байх. Энэ талаар манай тал мэдэхгүй. Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан байдаг. Талуудын хооронд гэрээ байгуулаагүй. Гэрээний хугацаа 3 жил байдаг. Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгүүлэхээс татгалзах эрхтэй гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэглэх ёсгүй. Яагаад гэхээр манай тал Б.Ө-гийн өмнө хүлээсэн үүрэг байхгүй. Манай тал Жаргалсайхантай гэрээ байгуулсан, төлбөр тооцоог мөн адил Жаргалсайхантай хийсэн гэрээний дагуу төлбөрөө бүрэн хийгээд дууссан учраас хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөх үндэслэлгүй гэж үзэж байгаа.

Уг байшинг тус компанийн өмчлөлийнх гэдэгт маргасан зүйл байхгүй. Учир нь гэвэл уг байшинг бариулсан хөлсөө манай компани бүрэн төлж барагдуулсан учир гэрээ байгуулаагүй Б.Ө- гэх хүнд мөнгө өгөх үндэслэл байхгүй. Харин манай компани сүүлд бариулна гээд бариулаагүй байшингийн урьдчилгаанд өгсөн 6 600 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Урьдчилгаанд Б.Ө- гэх хүнд уг мөнгийг өгсөн. Буцаагаад уг мөнгийг өгч чадахгүй болохоороо банз өгье гэсэн. Банзаа ч тохирсон ёсоороо өгөөгүй учраас манай талаас мөнгөө л нэхэмжилж байгаа гэжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 694 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар хариуцагч Б.Ө-гээс 6 600 000 /зургаан сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож,

хариуцагч Б.Ө- нь “А” ХХК-иас барилгын ажлын хөлс, тээврийн зардалд 6 700 000 /зургаан сая долоон зуун мянга/ төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 550 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б.Ө-гээс 120 550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, хариуцагч Б.Ө-гээс сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165 350 төгрөгийн 122 150 төгрөгийг улсын орлого болгож, болгож, үлдэх 43 200 төгрөгийг Төрийн сангийн 180000941 тоот данснаас гаргуулж хариуцагчид буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 226/МА2018/00002 дугаар магадлалаар:  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “343 дугаар зүйлийн 343.1 гэсний дараа 205 дугаар зүйлийн 205.1” гэж нэмэлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ... Б.Ө- миний бие 2010 онд Жаргалсайхантай 10 400 000 төгрөгөөр 3 салангид жижиг байшин барьж өгөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл Жаргалсайхан “А” ХХК-д 3 жижиг байшин барихаа болиод нэг том байшин бариулахаар болсон гээд зургийг өгсөн. Би зургийн дагуу гэрээнээс гадуур байшин барьж өгсөн. Гэтэл нэг том байшин бариад мкв зөрүү нт 40мкв том болсон. Анх тохиролцохдоо 1мкв 130 000 төгрөгөөр тохиролцсон. Ингээд мкв зөрүү 5 200 000 төгрөгийг би “А” ХХК-иас авах болсон. Үүнийг өгөөгүй. Намайг Жаргалсайхантай анх тохиролцсон болохоор Жаргалсайханаас нэхэмжил гэсэн. Хэрэв Жаргалсайханаас нэхэмжлэх ёстой бол би 3 жижиг байшингаа барьж өгөөд 10 400 000 төгрөгийг дутуу авсан бол Жаргалсайханаас нэхэмжлэх нь зүйтэй гэж бодож байна. Гэтэл “А” ХХК-иас захиалга өгч нэг болгон өөрчлүүлсэн. 10 400 000 төгрөг нь миний дансанд орохдоо Аварга тосонгоос гэж ордог байсан. Эндээс хархад би Жаргалсайхан биш “А” ХХК-иас мкв зөрүү нэхэмжлэх нь зүйтэй байгаа тул сөрөг нэхэмжлэлээсээ татгалзахгүйгээр шийдвэрлүүлмээр байна.

Нэхэмжлэгч талаас гаргасан нэхэмжлэлдээ өмнө 40 хувийн урьдчилгаа болох 6 600 000 төгрөг өгсөн гэж байгаа. Энэ байшин нт өмнө бариулсан байшинтай яг адил байшин бариулах захиалга байсан. Гэтэл өмнө нь бариулсан байшин 10 400 000 төгрөг, сүүлд бариулсан байшингийн үнэ 16 000 000 байхаар тооцсон байгааг хархад 5 200 000 төгрөгийн зөрүүтэй байгаа нь миний хэлээд байгааг нотлож байна. Миний барьсан байшингийн мкв үнийг тодорхойлоогүй шинжээч томилсон боловч үнэлгээ гаргаж өгөх боломжгүй гэж байсан. Асуултандаа 3 байшин гэсэн боловч нэг том байшин байгаа  тул үнэлэх боломжгүй гэсэн байсан. Миний асуултыг өөрчилж асуугаад бодит үнэлгээ гаргуулах хүсэлтэй байгаагаа хэлмээр байна.

Жаргалсайхантай 3 байшин барих гэрээ байгуулсан боловч нэг том болгон бариулсан газар нь “А” ХХК учраас мкв зөрүүг төлөх нь тодорхой байгаа тул сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаагүй гэдгээ хэлмээр байна.

2. Миний бие болоод миний өмгөөлөгч Д.Чимгээ нь давж заалдах шатны шүүх хуралд эмнэлгийн магадалгаагаар оролцох боломжгүй байгаагаа мэдэгдэж шүүх хурлыг хойшлуулах хүсэлт өгсөөр байтал шүүх хурлыг үргэлжлүүлэн хийж эмнэлгийн магадалгаа эмчийн тамгатай байсаар байтал гарын үсэг зураагүй тул нотлох баримт болох үндэслэлгүй байна гэж үзсэнд үнэхээр их гомдолтой байгаагаа хэлмээр байна.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг бодит нөхцөл байдалтай уялдуулан шийдвэрлэх нөхцөл бололцоогоор хангаж үнэн шударга шийдвэр гаргаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “А” ХХК нь Б.Ө-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний урьдчилгаанд өгсөн 6 600 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, хариуцагчаас 6 700 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Дүнзэн байшин бариулах ажил гүйцэтгэлийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч Б.Ө- батлагдсан зураг төслийн дагуу Хэнтий аймгийн Аварга тосон рашаан сувиллын дэргэд баригдах дүнзэн байшинг гэрээгээр тохирсон хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч “А” ХХК барилын ажлын санхүүжилтийг ажлын үе шат бүрд тасралтгүй хийж, ажлын хөлсийг төлж барагдуулах үүрэг тус тус хүлээсэн байна.

Гэрээний дагуу захиалагч 2012 оны 05 дугаар сарын 04-ний өдөр урьдчилгаа төлбөр 40% болох 6 600 000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн, 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр талууд гэрээнд өөрчлөлт оруулж, Б.Ө-гээр байшин бариулахаа больж, урьдчилгаанд өгсөн мөнгөнийхөө оронд 25 куб метр банз модыг 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээн авахаар тохирсон боловч хариуцагч банз нийлүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд өгсөн мөнгөө буцаан шаардсан байна.

Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр захиалагч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтад нийцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүй орхигдуулсан байсныг давж заалдах шатны шүүхээс засч, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад заасныг зөв хэрэгжүүлжээ.

Хариуцагч Б.Ө- нь нэхэмжлэгчээс 6 700 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаан дээр сөрөг нэхэмжлэлээс татгалзсныг үндэслэн анхан шатны шүүх хариуцагчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй тул “...сөрөг нэхэмжлэлээ шийдвэрлүүлмээр байна...” гэсэн гомдлыг хангах боломжгүй.

Түүнчлэн хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй нь үндэслэл бүхий баримтаар нотлогдоогүй гэж үзэн, тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаар зүйлийн 165.2. дахь заалтыг зөрчөөгүй тул давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Ө-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 226/МА2018/00002 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Б.Ө-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б.Ө-гөөс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120 550 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Х.СОНИНБАЯР     

ШҮҮГЧ                                                  Х.ЭРДЭНЭСУВД