Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 378

 

 

2020         05         15                                   2020/ШЦТ/378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

            улсын яллагч Б.Чинзориг,

            хохирогч Д.Хандаасүрэн, түүний өмгөөлөгч М.Хувцагаан,

            шүүгдэгч Э.Э , түүний өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа,

техникийн шинжээч Ш.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Э.Э ад холбогдох эрүүгийн 2011000300123 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Сартуул овгийн Э.Э , 1989 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютерын операторчин мэргэжилтэй, “Зорчигч тээвэр 3” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүнбаян цагаан 5 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Э  нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Цэцэг” худалдааны төвийн баруун замд “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS106” маркийн 33-08 УНН улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч 66 настай, эмэгтэй Д.Хандаасүрэнг автобусны суудалд бүрэн сууж амжаагүй байхад нь унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Хандаасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг 30 минутын орчим “Сэлх-Ард кино теарт” гэсэн автобусаар үйлчлүүлсэн. Уг тээврийн хэрэгсэл Цэцэг төвийн буудлаас бага зэрэг хэтэрсэн байсан тул би араас нь очиж суусан. Шатаар дээшээ дөнгөж гараад картаа уншуулах үед автобус огцом хөдөлсөн учраас би хаалга талын 2,3 дахь сандлын орчим баруун талаараа унасан. Надад бариулнаас барих, аюулгүй байдлаа хангах ямар ч боломж олгоогүй. Унаад босох гэтэл миний баруун тал суларсан байсан нь мэдрэгдсэн. 2-3 удаа босох гэж оролдсон боловч босч чадахгүй байхад миний эсрэг талд байсан эмэгтэй намайг зүүн гар талаараа босох гээд үз гэж хэлээд намайг сандал дээр суулгасан. Тухайн өдөр 6-7 зорчигт автобусанд байсан бөгөөд нартай цэлмэг халтиргаагүй байсан. Надад толинд жолооч харагдаж байсан. Би жолоочид хандан “... Ямар эвгүй явдаг юм бэ, надаас уучлалт гуйхгүй юм уу...” гэхэд “...Тэгвэл уучлаарай...” гэж хэлээд цаашаа харсан. Миний дотор муухайрч байсан тул би буух буудалдаа хүрэхгүй урд талын хаалгаар шүүгдэгчийн зургийг аваад буусан. Намайг уначихаад байхад Э.Э  анхаарал хандуулаагүй бөгөөд  намайг буухад нэгдүгээр эгнээнээс гуравдугаар эгнээ рүү хааз нэмээд явсан. Би яс хугарсан байх гэж бодож байсан учраас гэмтлийн эмнэлэгт очиж анхны тусламж авсан. Намайг имарай шинжилгээ хийлгэ гэж хэлсэн. Мөрний зураг хэрэгтэй байсан тул би маргааш нь дугаар авч имарай шилжилгээ хийлгэсэн. Манай хүүхдүүд шинжилгээний хариу аваад баруун талын өргөгч 4 булчин тасарсан байна гэж хэлсэн. Олон хүнд үйлчилж байгаа хүн ийм сэтгэлгүй байгаад гомдолтой байна. Би 64 настай, эмч нарын зөвлөгөөнөөр намайг хагалгаанд орох шаардлагатай гэж хэлсэн тул би  өндөр өртөгтэй мэс засал хийлгэсэн. Мэс засал 4 цаг үргэлжилсэн бөгөөд өдөр тутмын үйлдлээ өөрөө хийх боломжгүй байсан тул өөрийн охиноо 7 хоног ажлаас нь чөлөө аваад Солонгос улсруу дагуулж явсан. Энэ талаар би Э.Э ын ажилладаг байгуулагад нь хандаж хэлсэн. Шүүгдэгчийн зүгээс надад анхаарал тавиагүй бөгөөд хохирол барагдуулаагүй байгаа. Хохирлын баримтад биеийн дархлааг сайжруулах эмчилгээ болон үрэвслийн эсрэг эмчилгээтэй холбоотой зардлыг оруулаагүй, зөвхөн мөртэй холбоотой эмчилгээний зардлыг оролцуулсан. Би био суулгагч гэсэн гадны биет мөрөндөө суулгасан. Маш олон нарийн жижиг шүрмэсүүд тасарсан. Одоо миний гар 90 градус хөдөлж байгаа. Эрүүл мэнд болон сэтгэл санаа, эдийн засгаар хохирлоо. Би хувцсаа өмссөх, усанд орох, үсээ самнах зэрэг энгийн үйлдлүүдийг өөрөө хийж чадахгүй болсон, бусдын тусламжийг авч байгаа. Мөн баруун тийшээ хараад хэвтэж болохгүй, булчингууд нь хатуурууд, их өвддөг. Миний эрүүл мэндийн байдал урьд нь хэвийн байсан. Би баримтаар учирсан эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг мөн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.

Техникийн шинжээч Ш.Батмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх хэсэгт заасан жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно гэх заалтыг зөрчсөн. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 50-55/,

Хохирогч Д.Хандаасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цаг өнгөрч байхад би Ард кинотеатрын баруун талын автобусны буудлаас Сэлх ард кино театр гэсэн чиглэлтэй шар өнгийн автобусанд суугаад билетээ дараад л бариулаас ч барих боломжгүй, суудал дээр ч суухын завдалгүй автобус гэнэт огцом хөдлөөд уг хөдөлгөөнөөс болж би баруун талаараа газар савж унасан. ...би гэмтэл аваад гэмтлийн эмнэлгийн сарвууны тасагт үзүүлээд 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэсэн. Миний баруун мөрний өргөгч булчингийн шөрмөс нь тасарсан учраас мэс засалд орох шаардлагатай гэсэн. Гэмтлийн эмнэлэгт тухайн хагалгааны аппарат эвдэрсэн учир хагалгаа хийх боломжгүй талаар надад хэлсэн. 2020 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр БНСУ-ын Бан эмнэлэгт хагалгаа хийлгэх хүсэлт явуулж хагалгаанд орох боломжтой гэсний дагуу 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр тус эмнэлэгт очиж дурангийн хагалгаанд ороод мөн сарын 09-ний өдөр ирсэн. Одоо сэргээн засварлах эмчилгээ хийлгэж байна. Монгол улсад хийсэн эмчилгээ нь 793.680 төгрөг, Солонгос улсын эмчилгээний зардал 20.970.000 төгрөг, охин бид хоёрын замын зардал 2.002.200 төгрөг нийт 23.765.880 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх 57-63/,

Гэрч П.Лхагвасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын дундуур яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна. Сэлх, 7 буудал гэсэн хаягтай, шар өнгийн автобусанд ард кино театрын буудал дээрээс суусан. Миний араас нэг эмэгтэй сууж байгаа харагдсан. Тухайн эмэгтэй картаа уншуулаад автобусны суудлын бариулаас бариж амжаагүй байхад нь автобусны жолооч хөдөлсөн чинь тухайн эмэгтэй унасан. Би тэр эмэгтэйг өргөөд босгох гэсэн чинь тэр эмэгтэй би босож чадахгүй байна. Намайг өргөхөө больчих гэж хэлээд тэр эмэгтэй өөрөө сандлаас зуурч боссон. Тэр эмэгтэй автобусны сандал дээрч суучихаад жолоочийг би бариулаас бариагүй байхад хөдөллөө гээд загнасан... ...Автобусны жолооч унасан эмэгтэйд тусламж үзүүлээгүй. Биеийн байдлыг нь асуугаагүй. Ямар ч тусламж үзүүлээгүй... ...Автобус огцом хөдөлсний улмаас тэр эмэгтэй унасан. Зөөлөн хөдлөөгүй...” гэх мэдүүлэг /хх  71-72/,

Гэрч А.Цэцэгмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тухайн үед хохирогч автобусанд дөнгөж орж ирээд байж байтал автобус хөдөлж хүнсний 1 дүгээр дэлгүүрийн гэрэл дохиотой уулзвар дээр автобусны жолооч гэнэт тоормос гишгэж тухайн үед хохирогч халтираад гулгаад унсан тэр өдөр их цас орсон халтиргаатай өдөр байсан. Тухайн хохирогч халтираад босож чадахгүй байхад жолоочийн талийн эгнээнд сууж байсан нэг эмэгтэй хүн очиж тухайн хохирогчийг өргөж босгож өгсөн...” гэх мэдүүлэг /хх 75/,

Иргэний хариуцагч П.Онон нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай байгууллага иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хариуцаж төлнө...” гэх мэдүүлэг /хх 78/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №514 дүгээр дүгнэлтэд: “...Д.Хандаасүрэнгийн биед баруун мөрний өргөгч шөрмөснүүдийн урагдал, баруун далны тогооны уруул хэсгийн урагдал, баруун мөрний зөөлөн эдийн няцал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” гэх дүгнэлт /хх 83-84/,

Тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газрын Техникийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн №142 дугаар дүгнэлтэд: “...Daewoo /Дэү/ маркийн 33-08 УНН улсын дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Э.Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Зорчигч Д.Хандаасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх 93-94/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэд: “...Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хойд дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангасан, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн, нэг тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хэмжээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Харин зүүн баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын урд дохионы гэрлийн чийдэн асахгүй, дуут дохио ажиллахгүй, зүүн баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэнгүүд, тоормосны гэрлийн чийдэнгүүд, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй, иж бүрдэл бүрэн бус /эмийн сан, ослын зогсолтын тэмдэг гэх мэт/ зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна. Зүүн баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын урд дохионы гэрлийн чийдэн асахгүй, дуут дохио ажиллахгүй, зүүн баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэнгүүд, тоормосны гэрлийн чийдэнгүүд, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Зүүн баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, баруун гар талын урд оврын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын урд дохионы гэрлийн чийдэн асахгүй, дуут дохио ажиллахгүй, зүүн баруун гар талын хойд оврын гэрлийн чийдэнгүүд, тоормосны гэрлийн чийдэнгүүд, ухрах арааны гэрлийн чийдэнгүүд асахгүй зэрэг эвдрэл гэмтэл нь ашиглалтын явцад үүссэн байх боломжтой бөгөөд тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Тоормосны систем нь хийн дамжуулгын системтэй. Автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд хойд дугуйнуудын тоормосны хүчний зөрүү нь стандартын шаардлага бүрэн хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Эвдэрсэн зүйлгүй байна. Тоормосны систем нь хийн тоормосны системтэй үед автотээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачсан ачаа зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүснэ. Уг автотээврийн хэрэгслийн спидометр ажиллахгүй байгаа нь жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хянах боломжгүй. Уг эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлснийг тодорхойлох боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх 102-103/,

Шүүгдэгч Э.Э  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Ард кино театрын автобусны буудал дээрээс 3-4 хүн нэмж суусан. Тэгээд хүмүүсээ буулгаж дуусаад хөдөлсөн. Тэгсэн урд талын уулзварын гэрэл дохион дээр ирсэн чинь ард зааланд юм унах чимээ гарахаар нь эргээд хартал нэг эгч шалан дээр уначихсан байсан. Би тэр эгчийг яасан бэ? гэсэн чинь тэг эгчийг автобусанд явж байсан нэг эмэгтэй татаж босгосон. Унасан эгч автобусан дотор нэг суудал дээр суусан. Тэр эгч миний зургийг гар утсаар аваад би чамайг хэлдэг газар нь хэлнэ гээд талбайн урд талын буудал дээр буугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх 114-115/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 145/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 125/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 142-143/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 120, 126/, хохирогч Д.Хандаасүрэнгийн эмчилгээнд зарцуулсан хохирлын баримт /хх 6-41/, Улаанбаатар смарт карт ХХК-ны 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 04/169 тоот албан бичиг /хх 118-119/, шүүгдэгч Э.Э ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 122-124/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Э  нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Цэцэг” худалдааны төвийн баруун замд “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS106” маркийн 33-08 УНН улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4. “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч 66 настай, эмэгтэй Д.Хандаасүрэнг автобусны суудалд бүрэн сууж амжаагүй байхад нь унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 50-55/, хохирогч Д.Хандаасүрэнгийн “...автобусанд суугаад билетээ дараад л бариулаас ч барих боломжгүй, суудал дээр ч суухын завдалгүй автобус гэнэт огцом хөдлөөд уг хөдөлгөөнөөс болж би баруун талаараа газар савж унасан. ...би гэмтэл аваад гэмтлийн эмнэлгийн сарвууны тасагт үзүүлээд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хх 57-63/, гэрч П.Лхагвасүрэнгийн “...Тэр эмэгтэй автобусны сандал дээрч суучихаад жолоочийг би бариулаас бариагүй байхад хөдөллөө гээд загнасан... ...Автобусны жолооч унасан эмэгтэйд тусламж үзүүлээгүй. Биеийн байдлыг нь асуугаагүй. Ямар ч тусламж үзүүлээгүй... ...Автобус огцом хөдөлсний улмаас тэр эмэгтэй унасан. Зөөлөн хөдлөөгүй...” гэх мэдүүлэг /хх  71-72/, гэрч А.Цэцэгмаагийн “...Тухайн хохирогч халтираад босож чадахгүй байхад жолоочийн талийн эгнээнд сууж байсан нэг эмэгтэй хүн очиж тухайн хохирогчийг өргөж босгож өгсөн...” гэх мэдүүлэг /хх 75/, Иргэний хариуцагч П.Ононгийн “...Манай байгууллага иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг хариуцаж төлнө...” гэх мэдүүлэг /хх 78/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн №514 дүгээр дүгнэлт /хх 83-84/, тээврийн цагдаагийн алба замын цагдаагийн газрын Техникийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №142 дугаар дүгнэлт /хх 93-94/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх 102-103/, шүүгдэгч Э.Э ын “...Ард кино театрын автобусны буудал дээрээс 3-4 хүн нэмж суусан. Тэгээд хүмүүсээ буулгаж дуусаад хөдөлсөн. Тэгсэн урд талын уулзварын гэрэл дохион дээр ирсэн чинь ард зааланд юм унах чимээ гарахаар нь эргээд хартал нэг эгч шалан дээр уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 114-115/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчийн гэмтсэн, хагалгаанд орж, эмчлүүлсэн гэдэгт маргахгүй. Гагцхүү Э.Э ын үйлдлийн улмаас хохирсон гэж үзэх боломжгүй, эдгээр нь хоорондоо шалтгаант холбоо байхгүй. Хууль зүйн хувьд гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй. Хохирогч өөрөө аюулгүй байдлаа хангаж явах үүрэгтэй. Жолооч хохирогчийг автобусанд суусны дараа хаалгаа хаагаад хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Иймд түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэх санал гаргасан боловч хохирогч Д.Хандаасүрэн нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан Чиглэлийн тээврийн хэрэгслээр зорчигчийн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн гэх үндэслэлгүй, нөгөөтэйгүүр жолооч хөдөлгөөнөө эхлэхдээ зорчигчийг зориулалтын бариулаас барьж явах боломж олгоогүй бөгөөд хөдөлгөөнөө эхлэх үедээ осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Э ын үйлдлийн улмаас хохирогч Д.Хандаасүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Э.Э ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Э.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулав.  

Ингэхдээ түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тодорхойлов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

“Daewoo BS106” маркийн 33-08 УНН тээврийн хэрэгсэл нь “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийнх байхад иргэний хариуцагчаар иргэн П.Ононг тогтоосон нь үндэслэлгүй байх тул  зөвтгөж иргэний хариуцагчаар “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг тогтоож шийдвэрлэв.

Мөн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Шүүгдэгч Э.Э  нь “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тээврийн хэрэгслийн лавлагаа зэргээр нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Д.Хандаасүрэнгийн  эмчилгээний болон бусад зардалд баримтаар нийт 24.153.480 төгрөг нэхэмжилснийг иргэний хариуцагч “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан  хохирогчид олгуулж,  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, цаашид дахин эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай тул хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Харин иргэний хариуцагч “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь өөрт учирсан хохирлоо шүүгдэгч Э.Э аас нэмэжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч П.Ононд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралд суух шаардлаггүй гэснийг тэмдэглэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сартуул овгийн Э.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ад 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хариуцагчаар иргэн П.Ононг  тогтоосныг “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын иргэний хариуцагчаар зөвтгөн тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Зорчигч тээвэр гурав” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 24.153.480 төгрөгийг гаргуулан хохирогч Баянгол дүүргийн 5 дугаар хороо 3-1-34 тоотод оршин суух Довдон Хандаасүрэнд /РД: ЧП54071105/ олгож, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН