Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 393

 

 2020        05          25                                   2020/ШЦТ/393

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Ц.Батбямба,

  шүүгдэгч Б.Г  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн Б.Г д холбогдох эрүүгийн 2011009190502 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Б.Г , 1996 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Улаанбаатар секьюрити ХХК-д дуудлагын жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1214 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖЮ96051473.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19- 29Б тоот хашааны гадаа хохирогч Б.Батмөнхийг иргэн Ж.Ганзоригтой хашаа руу шүлс хаялаа гэх шалтгаанаар маргалдах явцад Б.Батмөнхийн зүүн нүд орчим гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дал, тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Батмөнх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим хашаан дотроо тамхи татаад зогсож байтал манай хашааны хаалган дээр цагаан Приус маркийн машин ирж зогсохоор нь манайд ирж байгаа юм байна гэж бодоод тамхи татаад, хараад зогсоход манай хашаа руу цонхоороо шүлс, нусаа хаяад байхаар нь би нэлээд байж байгаад очоод та нар айлын хашаа руу шүлс, нусаа хаяхаа больчхоорой гэж хэлэхэд би цэр нусаа хаядаг өвчтэй гэж хэлэхээр нь за одоо больчхоорой, өөр газар хаячих гэж хэлэхэд за за гэж хэлсэн. Тэгээд эргээд хашаа руу орох гэтэл дахин шүлсээ хаяхаар нь чи больчих л доо гэхэд цаад талд нь сууж байсан залуу бууж ирснээ яах гээд байгаа хошного бэ гээд над руу хүрч ирсэн ба бид хоёр маргалдаад, барилцаж авсан. Тэр залуу намайг зүүн нүд орчим цохисон. Тэр машины жолооч хүрч ирээд намайг цохисон залууг машиндаа суулгаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 11-12/,

Гэрч Ц.Цэвэлдолгор нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед гэртээ байж байсан чинь манай гэрийн гадна хүмүүс орилолдоод зодолдоод байх шиг байхаар нь гараад харсан чинь манай хүргэн хоёр согтуу залуутай зууралдаад зодолдож байсан тэгээд салгах гээл нэлээн зууралдаж байгаад салаад юу болсон талаар асуусан чинь манай хашааруу нус цэрээ хаясан гээд манай хүргэн шаардлага тавьсан чинь шаардлагын биелүүлээгүй зодолдсон байсан...” гэх мэдүүлэг /хх 13/,

Гэрч Ж.Ганзориг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би машины цонхоор шүлсээ хаяахад тухайн хашаанаас нэг залуу гарч ирээд яагаад хашаа руу шүлсээ хаяад байгаа юм бэ гэхээр нь би хашаа руу чинь хаяагүй гэсэн. Түүнээс болоод маргаан болсон. Тэр үед Гантулга машинаас бууж ирээд нөгөө залуутай барилцаад авахаар нь би боль гэхэд нөгөө залуу Гантулгыг мөргөсөн. Тэгээд тэр хоёр нэгнийгээ цохиод зодолдоод эхэлсэн. Тэр үед нөгөө залуугийн хөмсөг орчимоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4576 дугаар дүгнэлтэд: “...Б.Батмөнхийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дал, тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 21-22/,

Шүүгдэгч Б.Г  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Батмөнх хашаа руу шүлсээ хаялаа гээд уурлаад байсан. Бид хоёр түүнээс болж маргалдаж эхэлсэн. Би нэг удаа гараараа нүдэн тус газар нь цохисон. ...Батмөнхийн биед учруулсан гэмтлүүдийг миний бие учруулсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 30/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 29/, шүүгдэгч Б.Гантулгын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 33-37, 39-40/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 130 дугаар тогтоол /хх 47/, шүүгдэгч Б.Гантулгын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 44/, хохирогч Б.Батмөнхийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 45/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19- 29Б тоот хашааны гадаа хохирогч Б.Батмөнхийг иргэн Ж.Ганзоригтой хашаа руу шүлс хаялаа гэх шалтгаанаар маргалдах явцад Б.Батмөнхийн зүүн нүд орчим гараараа цохиж, эрүүл мэндэд нь “зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дал, тохойд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Батмөнхийн “...цаад талд нь сууж байсан залуу бууж ирснээ яах гээд байгаа хошного бэ гээд над руу хүрч ирсэн ба бид хоёр маргалдаад, барилцаж авсан. Тэр залуу намайг зүүн нүд орчим цохисон...” гэх мэдүүлэг /хх 11-12/, гэрч Ц.Цэвэлдолгорын “...2020 оны 04 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед гэртээ байж байсан чинь манай гэрийн гадна хүмүүс орилолдоод зодолдоод байх шиг байхаар нь гараад харсан чинь манай хүргэн хоёр согтуу залуутай зууралдаад зодолдож байсан...” гэх мэдүүлэг /хх 13/, гэрч Ж.Ганзоригийн “...Тэр үед Гантулга машинаас бууж ирээд нөгөө залуутай барилцаад авахаар нь би боль гэхэд нөгөө залуу Гантулгыг мөргөсөн. Тэгээд тэр хоёр нэгнийгээ цохиод зодолдоод эхэлсэн. Тэр үед нөгөө залуугийн хөмсөг орчимоос цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх 12/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4576 дугаар дүгнэлт /хх 21-22/, шүүгдэгч Б.Гантулгын “...Батмөнх хашаа руу шүлсээ хаялаа гээд уурлаад байсан. Бид хоёр түүнээс болж маргалдаж эхэлсэн. Би нэг удаа гараараа нүдэн тус газар нь цохисон. ...Батмөнхийн биед учруулсан гэмтлүүдийг миний бие учруулсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Хохирогч Б.Батмөнх нь “...Миний бие Б.Г д холбогдох хэрэгт ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Б.Г  нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч Б.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Б.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Г  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН