Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 450

 

 

 

 

 

2020           05          13                                   2020/ШЦТ/450      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,

Улсын яллагч С.Оюунжаргал,  

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Амарзаяа,                                                                                              

Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ад холбогдох эрүүгийн 2003000980107 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 2-р хороолол замчид гудамж 48 байр 54 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зорчин согтууруулах ундаа хэрэглэсэн 2.46 хувийн согтолттой үедээ 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр “Dream” дэлгүүрийн зүүн талын Сэлбийн замд “Тоёота приус” маркийн 44-49 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас буудал дээр зогсож байсан Н.Азбаяр жолоочтой “Daewoo” маркийн 17-52 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, Б.Амарзаяа жолоочтой “Хонда Сивек” маркийн 36-53 УНН упсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 4 настай А.Азын эрүүл мэндэд хөнгөн хохирол, 5 настай А.Маргадын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Б.Амарзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Амарзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгээс нь авчихаад явж байсан. Бэлхийн замаар урдаас хойш чиглэлтэй явж байсан. Анхбаяр надад ижил төрлийн маркийн автомашин авч өгсөн. Миний хүүхдүүдийг цаашид сэтгэл зүйн засрал хийх хэрэгтэй гэж эмч хэлсэн. Энэ ослоос болж миний хүүхдүүд маш их айдастай болсон. Би Анхбаяраас 8.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн 2003000980107 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн байранд гэртээ ганцаараа 200 гр архи уучихсан. 18 цаг 45 минутын орчим гэрээсээ гараад хүнс авахаар өөрийн хүү Мөнхренчингийн эзэмшлийн Тоёота приус маркийн 44-49 УБГ улсын дугаартай автомашиныг жолоодон Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Dream дэлгүүрийн зүүн талын зам буюу Сэлбийн замаар хойноосоо урагшаа чиглэлтэй ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Тухайн үед цас орчихсон замын хальтиргаа их байсан учраас нэг их хурдтай яваагүй. Автомашин гэнэт шарваад өөдөөс буюу урдаасаа хойшоо чиглэлтэй зорчиж явсан шар өнгийн автобусны зүүн буланг мөргөөд зүүн хойд булан хэсгийг шүргээд замын зорчих хэсэг дээр шарваж мургинаад цаашаа явж байгаад эсрэг урсгалаас ирж явсан суудлын автомашины өөдөөс мөргөсөн. Анх автобус шүргээд зогсох гэсэн боловч миний унаж явсан Тоёота приус маркийн машин зогсохгүй шарваж тэрхэн үедээ шоконд орсон. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гарган бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний төлбөрт 1.603.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Цаашид бодит хохирлыг төлж барагдуулна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Амарзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 18 цаг 45 минутын орчим өөрийн нөхөр Алгаагийн нэр дээр бүртгэлтэй гэр бүлийн хэрэгцээнд унаж хэрэглэдэг Хонда Сивек маркийн 36-53 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон гэртээ харихаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Dream дэлгүүрийн зүүн талын сэлбийн замаар урдаасаа хойшоо чиглэлтэй 30 орчим км/цагийн хурдтай явтал өөдөөс буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явж байсан Приус маркийн автомашин урсгал сөрөөд эгц урдаас мөргөсөн. Ертөнцийн зүгээр замын баруун талын бетонон хашааг мөргөөд зогссон. Тухайн үед би автомашиндаа 3 хүүхэдтэйгээ зорчиж явсан. Охин А.Аз жолоочийн эсрэг талын урд талын суудалд зориулалтын суудалгүй, хамгаалах бүс зүүсэн байсан. Охин А.Маргад автомашины баруун хойд талын суудалд зориулалтын суудалд суугаад хамгаалах бүс зүүчихсэн явж байсан. Мөн хүү А.Тэгшжаргал автомашины зүүн хойд суудалд зориулалтын суудалгүй хамгаалах бүс зүүчихсэн зорчиж явсан. Осол гаргасан жолооч болон намайг драйгер багажаар үлээлгэхэд осол гаргасан жолооч 2.46% согтолттой байсан. Замын зорчих хэсгийн баруун талын бетонон хашаа эвдрээгүй байсан. Осол гаргасан жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж биднийг маш их хохироосон. Хохиролд 8 сая төгрөг нэхэмжилж байна. Гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-8 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...H.Fit маркийн 36-53 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Б.Амарзаяаг драйгер багаж ашиглан шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...Prius-20 маркийн 44-49 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Д.Аыг драйгер багаж ашиглан шалгахад 2.46% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Алгаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний эзэмшлийн автомашины урд хэсэг бүгд чихэгдэж эвдэрсэн. Осол гаргасан жолооч болон ар гэрийнхэн ирж надтай уулзаад “автомашины үнэлгээ хийлгэхээр тодорхой хэмжээний мөнгө болох юм байна, тэгэхээр өөрийн чинь машинтай адилхан онтой Хонда Сивек машин авч өгье” гэхээр нь би хүлээн зөвшөөрсөн. Тэгээд саарал өнгийн Хонда Сивек маркийн 21-77 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авчирч үзүүлэхээр нь би уг автомашиныг өөрийнхөө автомашины оронд авсан. Осол гаргасан автомашины жолооч миний хуучин автомашиныг сэлбэгэнд өгсөн. Миний зүгээс автомашинтай холбогдуулж гаргах санал хүсэлт гомдол нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

 

Иргэний хариуцагч А.Мөнхрэнчин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний эзэмшлийн автомашины урд хэсэг тэр чигээрээ чихэгдэж эвдэрч, хэмхэрсэн. Би аав, ээжтэйгээ ярилцаж байгаад уг автомашиныг засаж янзлуулахгүйгээр тэр чигээр нь зарж борлуулсан. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлэх шаардлагагүй. Автомашинд учирсан эвдрэл хохирлыг өөрийн төрсөн эцэг Д.Ааас нэхэмжлэхгүй, миний зүгээс гомдол санал нэхэмжлээд байх зүйл байхгүй. Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулна. Баримтаар бодит хохирол гарсан тохиолдолд төлөхөд татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Азбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цаг 36 минутын үед 17-52 УНБ улсын дугаартай “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ компанийн эзэмшлийн автобусыг жолоодон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Бэлхээс цааш Сэлбэ амралт руу явах замд Dream дэлгүүрийн урд талын автобусны буудал дээр ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байрлалтай хүнээ буулгаад зогсож байтал өөдөөс саарал өнгийн Приус-20 маркийн автомашин ирээд зүүн урд талынхаа гупер хэсгээр миний автобусны зүүн урд талын буланг мөргөчихөөд тэр чигээрээ яваад өгсөн. Би тухайн үед автобусаа зогсоосон байсан. Автобусны зогсоол буудал руу бүрэн орсон байсан зогсож байсан. Тухайн Приус маркийн машин тоормос гишгээд дарсан өөдөөс нь харахад баруун зүүн тийшээ жолоогоо мушгиж байсан. Автобусны зүүн урд булан эвдэрсэн, мөн гупер нь жаахан хонхойсон байсан. Өөр бусад хэсэгт ослын улмаас эвдрэл үүсээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1821 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. А.Маргадын биед баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэжээ /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1819 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Б.Амарзаяагийн биед тархи доргилт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн шилбэ, баруун тавхайн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, архаг хууч өвчтэй эсэхийг тогтоох боломжгүй байна.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 
  5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэжээ /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1822 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. А.Азын биед тархи доргилт, дух зүүн нүдний дотор булангийн цус хуралт, баруун нүдний зовхи, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын баруун угалз, уруулын хажуу хэсгийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна...” гэжээ /хх-ийн 48-50 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1820 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. А.Тэгшжаргалын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн магадлагаа “...Жолооч Дамдинсүрэн овогтой Анхбаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсон, мөн дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”... гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэжээ /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,

 

Тээврийн Цагдаагийн албанд тодорхойлолт гаргах нь “... “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-н 3-р хэсгийн 3-099 /17-52/ УБЧ улсын дугаартай DAEWOO BS-106 маркийн автобусыг 2019 оны 01 сарын 20-ны өдөр Ч:29 чиглэлд шугамын үйлчилгээнд ажиллаж байхад нь Toyota Prius маркийн 44-49 /УБГ/ улсын дугаартай саарал өнгийн автомашины эсрэг урсгалаас сөрж мөргөсөн. Манай байгууллагын хувьд гомдолгүй болно...” гэжээ /хх-ийн 73 дугаар хуудас/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 94-98 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Аын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр хуудас/, гэрч Б.Мөнхжаргалын мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, гэрч А.Мөнхрэнчингийн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 10 хуудас баримт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөртэй холбоотой 10 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа, ...хэрэглэсэн, ....үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчин согтууруулах ундаа хэрэглэсэн 2.46 хувийн согтолттой үедээ 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цаг 45 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Dream” дэлгүүрийн зүүн талын Сэлбийн замд “Тоёота приус” маркийн 44-49 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.”, мөн дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас буудал дээр зогсож байсан Н.Азбаяр жолоочтой “Daewoo” маркийн 17-52 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, Б.Амарзаяа жолоочтой “Хонда Сивек” маркийн 36-53 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч 4 настай А.Азын эрүүл мэндэд хөнгөн хохирол, 5 настай А.Маргадын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Б.Амарзаяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

  • Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл,

 

- Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Амарзаяагийн мэдүүлэг,

 

- Гэрч Н.Азбаярын мэдүүлэг,

 

- Шүүгдэгч Д.Аын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №1821 дугаартай дүгнэлт /А.Маргадын биед шинжилгээ хийж хүндэвтэр гэмтэл учирсан талаар/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №1819 дугаартай дүгнэлт /Б.Амарзаяагийн биед шинжилгээ хийж хөнгөн гэмтэл учирсан талаар/,

 

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №1822 дугаартай дүгнэлт /А.Азын биед шинжилгээ хийж хөнгөн гэмтэл учирсан талаар/,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

  Дээрх нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Д.А нь “Toyota prius” маркийн 44-49 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа 36-53 УНН улсын дугаартай “Хонда Сивек” маркын автомашиныг мөргөсөн болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа болон бусад баримтуудаар, хохирогч нарын биед хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Д.Аын үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг мэдсээр атлаа тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсрэг урсгалд орсон, замын үзэгдэх орчин хангалтгүй үед хөдөлгөөний хурдыг тохируулж яваагүй зэрэг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд оролцож, Н.Азбаяр жолоочтой “Daewoo” маркийн 17-52 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, Б.Амарзаяа жолоочтой “Хонда Сивек” маркийн 36-53 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол, автомашинд гэмтэл учруулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Аыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн хуралдаанаар шүүгдэгч Д.Ааас 1.600.000 төгрөгийн гэм хорын хохирлыг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Амарзаяад гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасны дагуу завсарлуулсан хугацаанд шүүгдэгчээс тухайн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Амарзаяагаас 8 сая төгрөг нэхэмжилснээс 1.600.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсэг нь шаардлага хангаагүй тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.  

 

Түүнчлэн Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Амарзаяагаас насанд хүрээгүй хохирогч А.Маргад, А.Аз нарт цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Д.Ааас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Аыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нэхэмжилсэн баримтаар учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс цаашид гарах гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул түүний хувийн байдлыг харгалзан Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох, албадлагын арга хэмжээг тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Д.А нь согтуурч улмаар замын хөдөлгөөнд оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт хураагдсан Д.Аын BCD ангиллын №30594 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

        

         ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д.Аын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Аыг тээврийг хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Шүүгдэгч Д.Ад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн хууль, зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргүүдийг хүлээлгэх, мөн хууль зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжилсэн баримтаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.Амарзаяа нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ял оногдуулах болохыг дурьдсугай.

 

7. Хэрэгт хураагдсан Мандал овогт Дамдинсүрэнгийн Анхбаярын BCD ангиллын №30594 дугаартай жолоочийн үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН