| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0478/Э |
| Дугаар | 473 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 473
2020 05 18 2020/ШЦТ/473
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч /хохирогч/ Э.Б (өөрөө өөрийгөө өмгөөлж),
Шүүгдэгч /хохирогч/ Г.Г (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус бүр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1909025350550 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа “Нарантуул-2” захын 8 дугаартай лангууг ажлуулдаг, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо хилийн цэрэг гудамж 16 байр 3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо 16-8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Налайх дүүрэгт Герман Монголын хамтарсан сургуулийн барилгад ажилладаг, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 18 гудамж 850 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Г, Э.Б нар нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн караокед хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлсэн зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлсэн зүйлгүй...” гэв.
Хохирогч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Эрүүгийн 1909025350550 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 06 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нийтийн караокед нэг залуутай маргалдаж муудалцсан. Бид хоёр бие биеэ цохиж зодсон. Тэр залуутай хамт явж байсан залуучууд манай эхнэрийг доромжлоод байсан. Тэрнээс болж би тухайн залуутай маргалдсан. Тэр залуу миний араас боож байхад нь би гарыг нь хазсанаа санаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нийтийн караокед сүүлд нэрийг нь мэдсэнээр Ганзориг гэх эрэгтэйтэй маргалдсан. Тэр залуу эхлээд миний нүүр рүү духаараа мөргөсөн. Намайг мөргөхөд Ганзориг нь арагшаа савж хана мөргөсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /ххийн 41-42 дугаар хуудас/,
Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Манай эхнэр Отгонцэцэг, найз Болдсайхан бид 3 үлдээд дуугаа дуусгаад Болдсайхан эхнэр хоёр гараад би араас нь гарах гэж байхдаа манай эхнэрийг хэл амаар доромжлоод байсан хажуу ширээн дээр сууж байсан залуу руу би уурлаад “яагаад хүн доромжлоод байгаа юм” гэж хэлээд нэг залуутай барьцалдаж авсан. Хуруугаа хазуулсан гэх залуу араас намайг боож унагаасан. Би гарыг нь тавиулах гээд хурууг нь хазсан. Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Хохирогч Э.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...манай найз Тамираатай муудалцаад байхаар нь би салгах гээд дундуур нь орсон. Тэр залуу миний гарын дунд хурууг хазсан. Миний нүд рүү гараараа 1 удаа цохиж энэ гэмтлийг учруулсан. Би бага зэргийн согтолттой байсан. Ганзориг гэх эрэгтэй эхлээд миний нүүр рүү мөргөж, цээж маажиж, гар хазахаар нь би зөрүүлээд нүүр рүү нь духаараа мөргөсөн. Намайг мөргөхөд Ганзориг нь арагшаа савж хана мөргөсөн. Надад ямар нэг гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8150 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8130 дугаартай дүгнэлт “Дүгнэлт:
Шүүгдэгч Э.Баярүүгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн караокед Э.Бтэй зүй зохисгүй харьцаж маргалдан биед нь хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд нь “зовхинд цус хуралт, цээжинд зулгаралт, баруун гарын сарвууны дунд хурууны 2-р шивнүүрийн түвшинд няцарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Бгийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8130 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны орой Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн караокед Г.Гтой зүй зохисгүй харьцаж маргалдан биед нь хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд “дагзны хуйх, баруун дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, баруун дээд зовхи, оочны шарх, дээд доод уруулын зөөлөн эдийн няцрал, язрал, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Э.Бгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Гийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №8150 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь тус тус нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч, хохирогч Г.Г, Э.Б нар нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон хоорондоо харилцан бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлээ хүлээн мэдүүлсэн, бие биедээ хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас тус тусын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг тус бүр агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн /нэхэмжлэх зүйлгүй/ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Г, Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд харилцан бие биедээ хохирогч Г.Г, Э.Б нараас “...гомдол, саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй сайн дураараа эвлэрсэн...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч тус бүрийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Г, Э.Б нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн /хохирогчийн хувьд хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй/ зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Г, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр тус бүрийг торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Г, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Б, Г.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Б нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус бүрийг шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Б нарт оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд төлүүлэхээр тус бүрт тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Г, Э.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г, Э.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН