| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0545/Э |
| Дугаар | 483 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.Түвшинбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 483
2020 05 20 2020/ШЦТ/483
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Г.Түвшинбаяр,
Шүүгдэгч Г.У, түүний өмгөөлөгч А.Ганзориг,
Шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У, Б.Н нарт холбогдох эрүүгийн 1709009650417 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн 6 гудамж 29/Б тоотод оршин суу, урьд ял шийтгэлгүй,
Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Эрдэнэ толгой 43 гудамж 164 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо мод үржүүлгийн 64-950 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.У, Б.Намхайннямбуу нар нь бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Цуурайтын зуслангийн задгайд байрлах хохирогч А.Азжаргалын эзэмшлийн 8 ханатай гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч Алтай кашмер гэх бичиглэл бүхий ноолууран хөнжил, ХО нэртэй виски, КоКо үйлдвэрийн эмэгтэй хүний цүнх, түрийвч, ноолууран ороолт, ноосон цамц, ноосон палаж, дээлийн торго, хос нүдэн дуран зэрэг эд зүйл хулгайлан авч түүнд 3.918.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Оросоо, Ууганбаяр, Намхайнямбуу нарын хамт архи ууж дуусаад амрах гэхэд Нямхайнямбуу нэг виски гаргаж ирсэн. Үүнийг “хаанаас авсан бэ” гэхэд Амаржаргалын гэрээс авсан гэж хэлсэн. Маргааш буюу 23-ны өдөр Оросоо ахын гэрт очиход гэр нь цоожтой байсан. Тэгсэн Нямхайнямбуу нь намайг Амаржаргалын гэрийн зүүн авдар руу гараа оруулаад виски байгаа авчих гэж хэлэхэд би гэр рүү нь тооноор орсон. Авдарнаас виски, дуран хоёрыг эхэлж аваад вискиг модонд орж уусан. Харин дараа нь үлдэгдэл эд зүйлсийг авсан хэргээ хүлээн зөвшөөрч өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Учрал, Оросоо, Ууганбаяр нарын хамт архи уусан. Оросоо ах амрахаар гэр рүүгээ явсан. Харин Ууганбаяр, Учрал нар манай путик дээр очиж амарсан. Өглөө Ууганбаяр ажилдаа явсан. Ингээд Учралын хамт Амаржаргалын гэрт нэвтэрч виски, дуран аваад вискиг нь модонд орж уусан. Дахин гэр рүү орж цүнх, түрийвч, ноолууран хөнжил зэргийг авч танихгүй хүнд зарсан. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргах зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 1709009650417 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Сэлхийн зуслангаас дээшээ өгсөөд Цуурайтын задгайд байрлах байшинд барилгын туслахын ажил хийж байсан. Тухайн үед бороо 4-5 хоног орж байсан болохоор ажил зогссон. Би Намхайнямбуугийн байранд байрлахаар болсон. Намхайнямбуу бид хоёр Оросоо гэх хүнтэй 2 шил Хараа архи уусан. Архи дуусахаар нь Намхайнямбуу бид хоёр харьж амрахаар Оросоогийн гэрээс гараад өөрсдийнхөө харуулын байранд очсон. Бид хоёр унтах гэж байтал Намхайнямбуу өөрөөсөө хуванцар савтай жижиг виски гаргаж ирэхээр нь “хаанаас авсан юм бэ” гэж асуухад Оросоогийн сахидаг хажуу талын гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь орсон. Гэрийн хойморьт хоёр авдар байсан ба нэг нь цоожгүй байхаар нь онгойлгоход виски байхаар нь авчихсан гэж хэлсэн. Бид хоёр уг вискийг хувааж ууцгаад унтаж амарцгаасан. Маргааш өглөө нь Намхайнямбуу хоёулаа Оросоогийнд очиж шар тайлах юм байвал ууя гэж хэлэхээр нь хэлээд хамт Оросоогийнд очиход байшин нь түгжээтэй байсан. Нөгөө талд байрлах манаач залуу хүрч ирэхээр нь Оросоо ахыг хаашаа явсан талаар асуухад Эрдэнэт явсан гэж хэлсэн. Бид хоёр харихаар алхаж байтал Намхайнямбуу нь “чи доошоо буугаад доор явж байгаа манаачийг харж бай, ирэх юм бол над руу шүүгэлдээрэй” гэж хэлээд үлдсэн. Намхайнямбуу нь буцаад дээшээ өгсөөд явсан. Тэгээд 5 орчим минутын дараа нэг шил виски, эмэгтэй гар цүнх, торгон дээлийн даавуу, эрэгтэй хүний хар түрийвч, 1 ширхэг хоёр нүдний дуран, ноолууран малгай ороолт, цамц, зэргийг авчихсан ирсэн. Хаанаас авсан талаар асуухад өчигдөр онгорхой байсан гэрээс нь авчихсан” гэж хэлсэн. Эзэн нь гэрийнхээ хаалгыг түгжиж явдаггүй юм байхдаа” гэж хэлэхэд Намхайнямбуу “би хаяагаар нь орсон” гэж хэлсэн. Бид хоёр Торгон дээлний даавуу, эмэгтэй хүний гар цүнхийг Салхитын орчимд явж байгаад үл таних хүнд 35.000 төгрөгөөр зарсан. Вискиг нь Намхай бид хоёр хувааж уусан. Эрэгтэй хүний түрийвчийг Намхайнямбуу өөрөө авсан. Дуран, ноолууран малгай ороолтыг 20.000 төгрөгөнд Намхайнямбуу ганцаараа хүнд зарсан байсан. Зарсан мөнгөөрөө бид хоёр архи уусан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-76, 108-117, 227-229, 2 дугаар хх-ийн 140-142, 213-214 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Н мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би сар өдрөө санахгүй байна. Учрал миний барьж байсан байшингын доод талд майханд байдаг байсан. Тухайн үед гадаа бороо цас ороод хүйтэн байсан болохоор би өөрийнхөө амьдарч байсан байранд авчирсан. Би хоол унд муутай байсан болохоор Оросоо гээд хохирогчийн дүүгээс гоймон, мах гуйж авчраад хоол хийж өгсөн. Тэгээд архи уухаар болоод Оросоогийнд очиж архи ууцгаасан. Оросоогийнх том гэрийн хажуу талд жижиг гэрт амьдарч байсан. Тэнд очиж хоол хийж өгөхөөр нь идээд архи ууж байгаад би тасраад уначихсан. Сэрэхэд Оросоо байхгүй байсан. Учрал, Ууганбаяр нар байсан. Би Оросоог хаачсан талаар асуухад “байшин руу орсон” гэж хэлэхээр нь би очоод Оросоог сэрээж босгоод би “тасраад яаж ийшээ орж ирснээ мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Оросоо том гэр рүү ороод шар хаягтай виски гаргаж ирээд Учрал, Ууганбаяр бид гуравт өгөхөөр нь жижиг гэрт хувааж уусан. Бид 3 доошоо уруудаад байрандаа очоод унтаад өгсөн. Өглөө нь боссон чинь Ууганбаяр байхгүй явчихсан байсан. Учрал бид 2 үлдсэн байсан. Учрал надаас “өчигдөр оройны вискийг хаанаас авсан юм” гэж асуухаар нь би “Оросоо надад өгсөн” гэсэн чинь Учрал “тэгвэл тэнд юм байгаа, хоёулаа явъя” гээд том гэр рүү явсан. Учрал тооноор нь ороод, гарч ирэхдээ баруун хатавчаар нь гарч ирсэн. 1 шил хавтгай шилтэй хүрэн виски барьсан байсан. Тэрийг нь буцаж манай байранд ирж бид 2 хувааж уусан. Бид 2 дахиад дээшээ өгсөөд Учрал баруун хатавчаар орсон. Би доод талд нь байхад Учрал намайг манай байран дээр дуудахад яваад очиход түрүүвч, цүнх, дээлийн торго, цамц эд нарыг барьсан байсан. Дараа нь би хатавчаар нь ороод ханын толгойд өлгөөтэй байсан дуран хүзүүний ороолтыг нь авч гарч ирсэн. Тэгээд байран дээрээ очоод бид цуг доошоо хотын төв рүү автобусанд суугаад явсан. Дамбын эцэс дээр очоод дээлийн торго, цүнхийг Учрал хүнд зарсан. Буцаж яваад байран дээрээ очиж архи уугаад би тасраад унасан. Миний цүнхтэй хувцас, тэр айлаас авсан түрийвч, хутга алга болсон байсан. Ажил дээр ирээд 2 хонож байхад гэрийн эзэд ирээд манай гэрт хулгай орсон байна гэж хэлээд удалгүй байж байтал цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 3-9 дүгээр хуудас/,
Хохирогч А.Амаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Миний зуслангийн газар Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цуурайтын аманд байдаг. Зуслан дээрээ 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8 ханатай гэр барьсан. 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 15 цагийн үед ирээд харахад авдар дээр байсан эд зүйл газар унасан байдалтай байсан. Алтай кашмер гэх бичиглэл бүхий ноолууран хөнжил, ХО нэртэй виски, КоКо үйлдвэрийн эмэгтэй хүний цүнх, түрийвч, ноолууран ороолт, ноосон цамц, ноосон плаж, дээлийн торго, хос нүдэн дуран зэрэг зүйлс алга болсон...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 17-18, 90-91 дүгээр хуудас/,
Гэрч Г.Лхагвадорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цуурайтын аманд байрлах зуслангийн газарт манаач хийдэг. 2017 оны 8 дугаар сарын 24-ний өглөө 07 цагийн уед зуслангийн газраа эргэж явсан. Манай доод зуслангийн манаач Намхай гэх залуу нэг залуугийн хамт хулгай орсон Амраагийн гэрийн ойролцоо зогсож байсан. Би “юу хийж явж байгаа юм бэ” гэхэд “Оросоотой уулзах гээд явж байна” гэж хэлсэн. Удалгүй Намхайгийн эзэн нь над руу залгаад “Намхайтай ярья” гэж хэлэхээр нь яриулах гээд очиход Намхай байхгүй өөр нэг залуу гэрт нь байсан. “Намхай хаашаа явсан юм” гэж асуухад Оросоогийнд очиж малаа авахаар явсан гэж хэлсэн. Би гэртээ ирээд гэрээ цоожлоод хойшоо очиход Намхайтай явсан залуу хулгай орсон гэрийн хажууд Намхайгийн куртикийг нь барьчихсан сууж байсан. Би “юу хийж байгаа юм бэ?” гэхэд тэр залуу “Оросоогийнхоос малаа авах гэж байна” гэхээр нь би Оросоо руу залгаж "Намхай мал авна гээд байна” гэхэд “би өчигдөр малыг нь аваачаад өгчихсөн” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүмүүсийг “яв” гэж хэлээд салцгаасан. Намхайг манай доод зуслангийн манаач гэдгээр нь таньдаг...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Д.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цуурайтын зуслангийн байшинд заслын ажлыг 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж хийж байна. 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Оросоогийн гэрт очиж Пүрэвням, Учрал бид нар 1 шил архи уусан. Тэр орой нь архи уучихаад би засал хийж байсан байранд унтсан. Маргааш өглөө нь Пүрэвням, Учрал хоёр 1 шил нэрийг нь сайн мэдэхгүй виски бариад орж ирсэн. Надад хийж өгөөд хувааж уусан. Хаанаас авсан виски вэ гэж асуухад Оросоо өгсөн гэж хэлсэн. Манай Буянхишиг даамалд тэр гэрээс хулгайд алдагдсан дуран, ноолууран ороолтыг Пүрэвням 20.000 төгрөгөөр зарсан байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 21-22, 2 дугаар хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Гэрч Ч.Буянхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 8 дугаар сарын сүүлээр миний таньдаг дүү Эрка миний утас руу залгаад “зусланд байшин баримаар байна та бариад өгөөч мөнгө хөлсийг нь өгнө” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд хүү Учрал, Учралын найз Ууганбаяр нарыг аваад гурвуулаа Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цуурайн зусланд 8x6 хэмжээтэй блокон байшин барихаар болсон. Учрал, Ууганбаяр хоёр уг газар байрлаж ажиллахаар болсон. Учрал Ууганбаяр хоёр нь байрлах газар байхгүй учир зуслангийн газрын манаач болох Намхайнямбуугийн амбаарт хамт байрлахаар болсон. Маргааш нь уг зуслангийн газарт очиход Намхайнямбуугийн амбаарт бүгдээрээ байхгүй, амбаар нь цоожтой байсан. Учрал, Ууганбаяр хоёрыг ажлаа хаяад явчихсан байна гэж бодоод хот руу очоод хоёр хүн ажиллуулахаар болоод маргааш нь уг газартаа очиход Намхайнямбуу нь хүрч ирээд “ахаа би өөрийнхөө дуран, хөнжил хоёрыг танд 20,000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад хот руу орчихоод ирье” гэж хэлээд цүнхтэй эд зүйлс авчихсан явж байсан. Тэгээд удалгүй манаач Лхагвадорж ирээд манаж байсан гэрт хулгай орсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 239-241, 3 дугаар хх-ийн 96 дугаар хуудас/,
Гэрч Л.Тамжидийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
Гэрч Г.Содномдаржаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би сар өдрөө санахгүй байна. Тухайн үед зуслангын байшин барьж байсан болохоор Намхайнямбууг манаачаар аваачихсан байсан. Тухайн өдөр яваад очиход Намхайнямбуу барилга дээр байхгүй байсан. Барилгын хүмүүстэй ажлаа хийгээд орой харанхай болсон байхад над руу цагдаагаас “Содномдаржаа мөн үү Намхайнямбуу хулгайн хэргээр баригдсан байна ирж батлан даалтаар авах уу” гэж асуухаар нь би зөвшөөрөөд ирж батлан даалтаар авсан. “Доод талын барилгын залуутай нийлээд гэрээс юм авсан талаар хэлж байсан. “Тэр юмнууд чинь хаана байгаа юм” гэж асуухад “доод талын барилга барьж байгаа хүн дээр байгаа” гэж хэлэхээр нь би Намхайнямбууг барилга дээрээ буулгачихаад өөрөө очоод портертой ахаас очиж наадах чинь хулгайн юм байна гэж хэлээд тэр хүнд 20.000 төгрөгийг өгөөд аваад цагдаа руу ярихад “маргааш аваад ир” гэж хэлэхээр нь өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 97-98 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...Хар өнгийн даавуун ууттай 61мАТ 100м гэсэн бичигтэй Канон маркийн хоёр нүдний дуран 1 ширхэг, Алтай кашмеран хөнжил зэргийг хохирогч А.Амаржаргалд хүлээлгэн өгөв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 85 дугаар хуудас/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...нийт дүн 3.918.000 төгрөг...” /1 дүгээр хх-ийн 162 дугаар хуудас/,
Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 86-89, 244-250, 2 дугаар хх-ийн 3-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Г.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 37 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 40 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Н гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хх-ийн 121 дүгээр хуудас/, гэрч Д.Түмэнжаргалын мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 57-59, 2 дугаар хх-ийн 130 дугаар хуудас/, гэрч Б.Маргад-Эрдэний мэдүүлэг /2 дугаар хх-ийн 245-246 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.У, Б.Намхайннямбуу нар бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Цуурайтын зуслангийн задгайд байрлах хохирогч А.Азжаргалын эзэмшлийн 8 ханатай гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд үргэлжилсэн үйлдлээр нэвтэрч “Алтай кашмер” гэх бичиглэл бүхий ноолууран хөнжил, “ХО” нэртэй виски, “КоКо” үйлдвэрийн эмэгтэй хүний цүнх, түрийвч, ноолууран ороолт, ноосон цамц, ноосон даашинз, дээлийн торго, хос нүдэн дуран зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч түүнд 3.918.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.У, Б.Н нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Амаржаргалын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Г.Лхагвадорж, Д.Ууганбаяр, Ч.Буянхишиг, Ш.Содномдаржаа нарын мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл шүүгдэгч Г.У, Б.Н нар нь өөрсдийн мөнгөтэй болох гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж хохирогч А.Амаржаргалын оршин сууж амьдрах зориулалттай гэрт хууль бусаар нэвтэрч, хохирогчид мэдэгдэхгүйгээр сэм нууцаар эд хөрөнгийг авсаны улмаас хохирогчид эд хөрөнгийн бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Прокуророос шүүгдэгч нарыг 2017 оны 8 дугаар сарын 22-ноос 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд гэмт хэрэг үйлдсэн талаар яллах дүгнэлтэд тусгасан байх боловч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн баримтуудаар хохирогч А.Амаржаргалаас гэрээс эд зүйлс алдагдсан хугацааг 2017 оны 8 дугаар сарын 27 гэж, шүүгдэгч нарын мэдүүлгээр 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр гэсэн ба шүүгдэгч нарын мэдүүлэг агуулгын хувьд гэрч Д.Ууганбаяр, Г.Лхагвадорж нарын мэдүүлэгтэй тохирч байх тул гэмт үйлдэл болсон өдрийг 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нараас 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангаж үргэлжилсэн нэг гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Г.У, Б.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллаж, өмгөөлөгч Н.Жамъяндорж, А.Ганзориг нараас “...шүүгдэгч нарын гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаангүй...” гэсэн санал тус тус гаргажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч А.Амаржаргалд 3.918.000 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд хар өнгийн даавуун ууттай 61мАТ 100м гэсэн бичигтэй Канон маркийн хоёр нүдний дуран 1 ширхэг, Алтай кашмеран хөнжил зэрэг 758.000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгсөн байх ба үлдэгдэл 3.160.000 төгрөгийг тэдгээрт хувь тэнцүүлэн тооцож, тус бүрээс 1.580.000 төгрөгийг /3.160.000:2=1.580.000/ гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь өөрт оногдох 1.580.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул Б.Н нь хохирогчид төлөх төлбөргүй, харин шүүгдэгч Г.Уаас 1.580.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Амаржаргалд олгох нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.У, Б.Н нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд шүүгдэгч Б.Н г оногдох хохирлоо нөхөн төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нарыг бүлэглэн гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүх шүүгдэгч Б.Н г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал тогтоогдсон ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан төрөл, хэмжээний дотор 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,
Шүүгдэгч Г.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.
Шүүгдэгч Г.У, Б.Н нарын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Г.У нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 382 хоног, 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 230 хоног нийт 612, шүүгдэгч Б.Н нь 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 84 хоног цагдан хоригдсон байх ба тэдгээрийн нийт цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.У, Б.Н нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Уыг 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Н г 1 жил 3 сарын хугацаагаар хорих шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У, Б.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус бүрт тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Уын цагдан хоригдсон 612 хоног, шүүгдэгч Б.Н гийн цагдан хоригдсон 84 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Н гаас хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Уаас 1.580.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Амаржаргалд олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.У, Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У, Б.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН