Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 98

 

   Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        шүүгч Ц.Эрдэнэзуу би

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, “Бага дөрвөлж”-д оршин суух, /РД:ЛМ78092308, утасны дугаар 98281583, 86866067/, Соо овогт Ишгэнхүүгийн Очир-Эрдэнийн нэхэмжлэлтэй,      

Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Одкон” хотхоны 2-2-4 тоотод оршин суух, /РД: ЛЛ71030877, утасны дугаар 99510033/, Амбуу овогт Ухнын Эрдэнэбилэгт холбогдох

 

“Ажлын хөлс 1 520 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн  авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Соо овогт Ишгэнхүүгийн Очир-Эрдэнэ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У.Эрдэнэбилэг нь 2015 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр бидэнтэй харилцан ярилцаж сарын тогтмол цалин 300 000 төгрөг, өвөл идэшний бяруу, бүтэн жил болоод 30 толгой бог мал өгье гэж тохиролцон малчнаар ажиллуулсан юм. Бид малчин хүний хийх бүхий л ажлыг өөрийн сэтгэлээр хийж байсан. 2016 оны 9 дүгээр сарын 22-нд малыг тоолж өгөөд тооцоо хийж авах малаа нэхсэн боловч хэлэхгүй муухайгаар гүтгээд өгсөнгүй. Бас сүүлийн сарын 300 000 төгрөгийг ч өгөлгүй өдий хүрлээ. Иймд У.Эрдэнэбилэгээс цалин 300 000 төгрөг, ишигтэй ямаа 7 буюу 420 000 төгрөг, хургатай хонь 8 буюу 800 000 төгрөг, бүгд 1 520 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Очир-Эрдэнэ 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: У.Эрдэнэбилэгээс 1 520 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл өгсөн. Учир нь бид ажилласан ажлынхаа хөлсийг авахыг хүсч байна. Иймд нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч У.Эрдэнэбилэг 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч И.Очир-Эрдэнийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 700 000 төгрөг болгож ирүүлсэн тайлбартай танилцлаа. 700 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч мөнгийг бэлнээр хүлээлгэн өглөө. Хариуцагч У.Эрдэнэбилэг, нэхэмжлэгч И.Очир-Эрдэнэ гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Соо овогт Ишгэнхүүгийн  Очир-Эрдэнэ нь хариуцагч Амбуу овогт Ухнын Эрдэнэбилэгээс “Ажлын хөлс 1 520 000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 820 000 /найман зуун хорин мянга/ төгрөгөөр багасгаж 700 000 /долоон зуу мянга/ төгрөгийг гаргуулахаар тохиролцсоныг хариуцагч У.Эрдэнэбилэг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 270 төгрөгийн тал хувь болох 19 635 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 19 635 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүн 700 000 төгрөгт  ногдох улсын тэмдэгтийн хураамж  21 350 төгрөгний тал хувь буюу 10 675 төгрөгийг хариуцагч У.Эрдэнэбилэгээс гаргуулж нэхэмжлэгч И.Очир-Эрдэнэд олгохоор шийдвэрлэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Соо овогт Ишгэнхүүгийн Очир-Эрдэнэ, хариуцагч Амбуу овогт Ухнын Эрдэнэбилэг нарын 700 000 /долоон зуу мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39 270 төгрөгийн тал хувь болох 19 635 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 19 635 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагын эвлэрсэн дүн 700 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21 350 төгрөгний тал хувь буюу 10 675 төгрөгийг хариуцагч У.Эрдэнэбилэгээс гаргуулж нэхэмжлэгч И.Очир-Эрдэнэд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                          Ц.ЭРДЭНЭЗУУ