Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 493

 

2020           05           22                                 2020/ШЦТ/493   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Г.Түвшинбаяр,  

            Шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-д холбогдох эрүүгийн 2009000000692 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум 4 дүгээр баг 3 дугаар хороонд оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо согоотын 25-344 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хандгайтын задгайд Ц.Долгорсүрэнтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2009000000692 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би Долгорсүрэнд хардсаны улмаас маргалдсан. Маргалдаад цохисон. Би Долгорсүрэнгийн биед учирсан гэмтлүүдийг гар болон хөлөөрөө цохиж учруулсан. Гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

Хохирогч Ц.Долгорсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “... Би 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хамтран амьдрагч Даваацэрэнгийн ажил дээр хамт хоносон. Маргааш өдөр нь Даваацэрэн, түүнтэй хамт ажилладаг хүмүүс надаар архи авахуулж ууцгаасан. Манай ажлын хүмүүс над руу залгаад цалин буусан болохоор хамтдаа хоолонд орох талаар утсаар ярьж байтал Даваацэрэн миний утсыг булааж аваад манай ажлын хүмүүсийг “хүрээд ир зодно шүү” гээд байсан. Би гар утсаа авах гэсэн боловч миний гар утсыг өгөхгүй, хана руу шидэж эвдсэн. Миний цээж хэсэг рүү хөлөөрөө 2 удаа өшиглөж газарт унагасан. Ажлынхаа амралтын өрөө рүү чирч оруулаад миний дээр гарч суугаад нүүрэн тус газарт гараараа алгадаж, дух хэсгээрээ миний хамар руу мөргөсөн. Тэгээд үснээс зулгааж өрөөнөөс чирч гадаа гаргаж хөл, гарнаас хазаж зодоод байхаар нь өөрөөсөө холдуулах гээд Даваацэрэнгийн 2 гуянаас хазсан чинь гарнаас бариад үснээс зулгааж, толгой дараад байсан. Надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-16 дугаар хуудас/,

 

Гэрч М.Шинэбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Даваацэрэн, Долгорсүрэн хоёр орж гараад утсаар яриад байх шиг байснаа сүүлдээ уурлаад хэрэлдээд байх шиг байсан. Долгорсүрэнг Даваацэрэн хардаад байх шиг байсан. Тэр хоёр маргалдаж байснаа Даваацэрэн Долгорсүрэн өшиглөснөө орон дээр дараад авсан чинь Долгорсүрэн Даваацэрэнг хазсан. Би салгаад “та нар боль” гэж хэлсэн. Тэр хоёр гэрээс гараад хэрүүл хийгээд чанга чанга яриад байхаар нь гараад хартал гэрийн гадна байдаг буйдан сандал дээр Долгорсүрэнг Даваацэрэн дээр нь гараад дараад суусан маргалдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5117 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Ц.Долгорсүрэнгийн биед тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү цээж, зүүн мөр, бугалга, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, тохой, шуу тавхайд зулгаралт, баруун бугалга, хоёр гуя, шилбэ, шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

           

            Шүүгдэгч Б.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 62, 67 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь согтуурсан үедээ 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хандгайтын задгайд хамтран амьдрагч Ц.Долгорсүрэнг бусадтай хардаж маргалдан улмаар зодож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, хамрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эрүү цээж, зүүн мөр, бугалга, бүсэлхий, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, тохой, шуу тавхайд зулгаралт, баруун бугалга, хоёр гуя, шилбэ, шагайд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Долгорсүрэнгийн мэдүүлэг, гэрч М.Шинэбаатарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №5117 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, энэ талаар шүүгдэгч маргаагүйгээс гадна хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Дгийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Тодруулбал Б.Дгээс хохирогчийг цохиж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож цохих үед эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Ц.Долгорсүрэнгийн биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Долгорсүрэнгээс “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сайн дураараа эвлэрсэн...” гэсэн хүсэлт /хх-ийн 67 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Дг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг /хохирогчид төлөх төлбөргүй/ хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН