Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2021/0287/З |
Дугаар | 221/МА2022/0018 |
Огноо | 2021-12-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2022/0018
2020 оны 03 сарын 31 өдөр 221/МА2020/0222 Улаанбаатар хот
““Д ц Т”” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Нэхэмжлэгч ““Д ц Т”” ХХК
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 694 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М
Хэргийн индекс: 128/2021/0287/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ““Д ц Т”” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.
3.2. Газар ашиглах эрхийн гэрчилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам (Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар) нь олгоогүйн улмаас газраа зохих ёсоор ашиглаж, газар ашиглах гурвалсан гэрээгээ байгуулж чадаагүй. Үүнтэй холбоотой үйл баримтыг гэрч Т.Ж нотолж, мэдүүлгээ өгсөн. Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журмын 3.4-д “ ...Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ олгоно. Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай Хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж...” гэж заасныг шүүх хэрэглэх ёстой.
3.3. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “... Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг” гэж заасны дагуу газрыг эрхийн гэрчилгээ болон гэрээний үндсэн дээр ашиглах хуулийн зохицуулалттай.
3.4. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана”, 2/-т “Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа”, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 - д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 34 дүгээр зүйлийн 34.6-д “Газар эзэмших гэрээнд дараах зүйлийг тусгана, 34.6.6-д “Газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа”, Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ... газарт төлбөр ногдуулна” гэж заасны дагуу газрын төлбөр төлөх үүрэг гэрээний үндсэн дээр үүсэх ёстой.
3.5. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг мушгин тайлбарлаж “... Нэхэмжлэгч нь газар ашиглах эрх үүссэн цагаас маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл 3 жил 5 сар орчим хугацаанд газрын төлбөрийг огт төлөөгүй, гэрээ байгуулах талаар эрх бүхий байгууллагуудад хандаж байгаагүй байна” гэж хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн. Гэрээ байгуулаагүй учраас төлбөр төлөгдөөгүй, гэрчилгээ олгогдоогүй учраас гэрээ байгуулж чадаагүй” гэж маргасныг шүүх ойлгоогүй бололтой.
3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан боловч анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын хүрээнээс хальж, тушаалд дурдаагүй үндэслэлээр буруутгасан. Дээр дурдсанчлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 79 дүгээр тушаалын үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 юм.
40.1.5-д
“эрхийн гэрчилгээ эзэмшигч” гэж субъектийг тодорхойлсон бөгөөд ““Д ц Т”” ХХК нь эрхийн гэрчилгээ эзэмшигч биш байсан.
“төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж заасан бөгөөд ““Д ц Т”” ХХК нь ямар хэмжээний төлбөрийг хэзээ төлөх ёстой байсныг тодорхойлох боломжгүй. Энэхүү гомдлын 3 дахь хэсэгт дурдсанаар төлбөр төлөх үүрэг гэрээний үндсэн дээр үүсдэг, төлбөрийн хэмжээ, хугацааг гэрээгээр тогтоодог болохыг шүүх анхаарч үзэх ёстой. Өөрөөр хэлбэл ““Д ц Т”” ХХК-ийн газар ашиглах эрхийг хуулийн энэхүү үндэслэлээр цуцлах хууль зүйн боломж байгаагүй.
40.1.6-д
“Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэж заасан бөгөөд гэрчилгээгээ авч чадаагүй, цаашлаад гэрээгээ байгуулаагүйн улмаас газрыг бодитоор ашиглах эрх үүсээгүй гэдгийг шүүх анхаарч, гэрчилгээгээ авахтай холбоотой тодорхой үүргээ хэрэгжүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд зохих ёсоор хандаж байсан ““Д ц Т”” ХХК-ийн үйл ажиллагааг харгалзах ёстой.
“гэрээнд заасан зориулалтын дагуу ... ашиглаагүй” гэж заасан бөгөөд гэрээ байгуулагдаагүй байсан, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох журмын 3.4-д зааснаар газрыг ашиглах эрх үүсээгүй байна.
3.7. Шүүх “... Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас газар ашиглах эрхийн гэрчилгээ авахыг нэхэмжлэгчид хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдсэн бөгөөд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.2-т “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт нь тушаалын үндэслэл болсон 40.1.5, 40.1.6 дахь заалтуудтай хэрхэн уялдаж байгаа нь ойлгомжгүй. Хариуцагч дээрх үндэслэлээр ““Д ц Т”” ХХК-ийг буруутгаж байсан бол Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан өөр үндэслэлийг баримтлах ёстой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээ, маргаан бүхий актын үндэслэлээс хальсан гэж гомдол гаргаж байна.
3.8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байдаг ч шүүх гэрчийн мэдүүлгийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй. Гэрчийн мэдүүлгийг “хэдийгээр гэрч гэрчилгээ авахаар удаа дараа хандсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь бусад баримтаар нотлогдохгүй ...” гэж дүгнэсэн. Гэрчийн мэдүүлэгт дурдагдсан ““Д ц Т” ХХК-ийн газар ашиглах эрхтэй холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газрыг шалгаж байсны улмаас гэрчилгээ олгогдоогүй, мэргэжилтэн н.Г тодорхой шалтгаануудаар гэрчилгээ олгохгүй хэмээн буцаадаг байсан” зэргийг шүүх мухарлаж тогтоох боломжтой байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах уургийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан, шүүх гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй, үнэлэх боломжгүй гэж үзсэн бол нотлох үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан.
3.9. Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэж заасан процессын зохицуулалтыг зөрчсөн. Гэрч Т.Ж-ыг шүүх хуралдаанд цахимаар асууж, биеийн байцаалттай нь ч зүй ёсоор танилцаагүй, эрх, үүрэг тайлбарласан баримтад гарын үсэг зуруулаагүй.
3.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү. Мөн нотлох баримтыг дутуу цуглуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах боломжтой байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
3.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Төрхурахын аманд 2.0 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авсан байх бөгөөд мөн сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 79 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” нэр бүхий 170 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосны дотор ““Д ц Т”” ХХК багтсан байна.
3.2. Нэхэмжлэгч ““Д ц Т”” ХХК-ийн өөрийнх нь газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгосон “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 79 дүгээр тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.
3.3. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч компани нь Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/263 дугаар тушаалаар газар ашиглах эрхтэй болсноос хойш тус компанийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох хүртэл 3 жил 5 сар гаруй хугацаанд тухайн газрын төлбөрийг огт төлөөгүй, гэрээ байгуулах талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж байсан болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчээс газрын төлбөр төлж байсан, гэрээ байгуулахаар хандаж байсан гэж маргаагүй, нэхэмжлэгчийн “... тушаал гарснаас хойш манай компанид газар ашиглах эрхийн гэрчилгээ огт олгогдоогүй ... гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан болох Засаг даргын бүрэн эрх эргэлзээтэй, үргэлж маргаантай байдгаас газар ашиглуулах гурвалсан гэрээгээ байгуулж байгаагүй ... тушаалаар газар ашиглах эрх олгогдсон ч газрын гэрчилгээ, гэрээ байгаагүй улмаас бодитоор ашиглах боломжгүй ...” гэсэн үндэслэлээр маргасныг хүлээн авч маргаан бүхий тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
3.4. Газрын тухай хуулийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 35.3.3-д “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус зааснаар газар эзэмшигч, ашиглагч нь газрыг зориулалтын дагуу ашиглаж, газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд хууль болон гэрээгээр заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд газар ашиглах эрхийг цуцлахаар хуульчилсан байна.
3.5. Хэдийгээр нэхэмжлэгчид газар эзэмшиж, ашиглах эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших гэрээ байгуулагдаагүй байх боловч хэрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 10/1759 дүгээр албан бичгээр “газар ашиглах эрх авсан ч гэрчилгээгээ аваагүй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д заасны дагуу 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болгож тэмдэгтийн хураамжаа төлж, газар ашиглах гэрчилгээгээ яамны нэг цэгийн үйлчилгээнээс авч, хууль биелүүлж төлбөр хураамжаа төлөх”-ийг мэдэгдсэн, уг мэдэгдлийг нэхэмжлэгч 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан, улмаар “... гэрчилгээ олгогдсон уг газрын төлбөрийг шийдвэрлэхээ, албан бичигт холбогдох уг ажлыг шийдвэрлэх хугацаа гаргаж өгөх”-ийг хүсч 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Албан бичиг хүлээн авсан хугацааны тухай” 1-18 дугаар албан бичгээр буцааж хариу хүргүүлсэн тухай баримт авагдсанаас үзвэл хариуцагчаас нэхэмжлэгчид хуульд заасан газрын төлбөр төлөх үүргээ биелүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авах тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдэгдэж байсан, нэхэмжлэгчээс газрын төлбөр төлөхөө илэрхийлж байсан боловч нэхэмжлэгч Газрын тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.
3.6. Түүнчлэн нэхэмжлэгчээс газар ашиглах гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээ авах, газрын төлбөр төлөх талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хандаж байсан, ийнхүү хандсаар байхад эрх бүхий төрийн захиргааны байгууллага албан тушаалтан хуульд заасан үүргийн хүрээнд газар ашиглах гэрээ байгуулах, төлбөр төлөх боломжгүй байдал үүсгэж байсан гэх нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар баримт нотолгоо гаргаж мэтгэлцэх боломжтой байсан байх боловч энэ талаар холбогдох баримт нотолгоог шүүхэд гаргаагүй байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг “эрхийн гэрчилгээ олгогдоогүй, газар эзэмших гэрээ байгуулаагүй” гэсэн үндэслэлээр хуулиар хүлээсэн газрын төлбөр төлөх, газраа зориулалтын дагуу ашиглах үүргээ биелүүлээгүйг зөвтгөх үндэслэлгүй, хуульд заасан хугацаанд газрын төлбөр төлөх, тухайн газраа зориулалтын дагуу ашиглах үүргээс чөлөөлөх үндэслэлтэй гэж үзэхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... газрыг эрхийн гэрчилгээ болон гэрээний үндсэн дээр ашиглах хуулийн зохицуулалттай ... шүүх нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг мушгин тайлбарлаж ... хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн ... гэрээ байгуулаагүй учраас төлбөр төлөгдөөгүй, гэрчилгээ олгогдоогүй учраас гэрээ байгуулж чадаагүй гэж маргасныг шүүх ойлгоогүй бололтой ... ” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь хэрэв эрх бүхий албан төрийн байгууллага, албан тушаалтан газар ашиглах гэрээ байгуулахаар хандахад татгалзсан эсхүл хуульд заасан үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргасан бол тухайн үед хуульд заасан журмын дагуу эрх бүхий дараагийн шатны байгууллага албан тушаалтанд хандаж гомдол, хүсэлт гаргах боломжтой байжээ.
3.7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр хуульчилсан хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ”, 20.1.3-д “нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах” гэж тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах болон хариуцагчийн хариу тайлбар, маргаж буй үндэслэлийг үгүйсгэх хуульд заасан шаардлагыг хангасан баримт, нотолгоог гарган мэтгэлцэх, хэрэв гаргах боломжгүй бол нотлох баримтын эх сурвалжийг шүүхэд зааж мэдүүлэх, шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт шаардлага гаргах эрх нь нээлттэй. Иймд анхан шатны шүүх “... хэдийгээр гэрч гэрчилгээ авахаар удаа дараа хандсан гэж мэдүүлж байгаа боловч энэ нь бусад баримтаар нотлогдохгүй, эрх бүхий байгууллага албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байсан гэх баримт бүртгэгдээгүй байх тул ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх гэрчийн мэдүүлгийг эргэлзээтэй, үнэлэх боломжгүй гэж үзсэн бол нотлох үүргээ хэрэгжүүлэх ёстой байсан ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
3.8. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчийг цахимаар оролцуулсан нь цар тахлын үетэй холбоотой нийтэд илэрхий арга журам байсан гэж үзэхээр байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, гэрчийн мэдүүлэгт дурдсан асуудлыг дэмжих, бодит байдлыг нотлох баримт нотолгоог гаргаж мэтгэлцэх нэхэмжлэгчийн эрхийг шүүх хязгаарлаагүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ