Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 48

 

     Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Энхтуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуягийг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч “Дархан-Ар шанд” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

     Хариуцагч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК болон Тендерийн үнэлгээний хороонд холбогдох

     Гуравдагч этгээд “Хас жинст” ХХКомпани

     Нэхэмжлэлийн “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/358 тоот албан бичиг болон албан бичгийг боловсруулахад үндэслэл болсон Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлах үйл ажиллагааг Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлж өгнө үү” гэсэн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч          Т.Уламбаяр,                                                    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Р.Батжаргал,

     Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Анхбаяр нар оролцов.

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-иас зарласан “ДДС-02/2017 тоот ган хаалт нийлүүлэх” нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон бөгөөд “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ис 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр манай байгууллагыг тендерийн бичиг баримтын ТОӨЗ/тендерийн оролцогчид өгөх зөвлөмж/-ийн 18.1/г/ Сүүлийн 2 жил ижил төрлийн гэрээ гүйцэтгэсэн туршлага, түүнийг нотлох баримт, ТОӨЗ-ийн 18.2/б/ Гүйцэтгэгчээр ажилласан байх жилийн тоо 2 доошгүй байх/ гэсэн заалтуудыг хангаагүй тул тендерт шалгарах боломжгүй талаар мэдэгдэж 1/294 дугаартай албан тоот ирсэн.

Манай байгууллага нь дээрх үндэслэлүүд нь захиалагч тендерээс татгалзах үндэслэл болохгүй үзэж өөрсдийн тайлбар үндэслэлүүдийг 21/17, 22/17, 23/17 дугаартай албан тоотоор Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагчид гомдол гаргасан боловч манай гомдлыг хүлээн авах боломжгүй талаар 1/306 тоот албан бичиг ирсэн тул хуулийн хүрээнд Монгол Улсын  Сангийн Яаманд ажлын 5 хоногийн дотор 25/17 тоот албан бичгээр хандсан. Үүний дараа Сангийн яамнаас 6-1/2606 дугаар бүхий албан тоотоор захиалагчийн гаргасан шийдвэр болох ТББ-ийн ТОӨЗ 18/г/, 18.2/б/ заалтаар оролцогч байгууллагын тендерээс татгалзах нь үндэслэлгүй байгааг захиалагч болон Дархан-Ар шанд ХХК-д хүргүүлж, захиалагчийг уг тендерийн үнэлгээг хууль журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Гэтэл захиалагч дахин үнэлгээ хийж манай байгууллагад 1/358 тоот албан бичгийг хүргүүлж дахин ТОӨЗ-ийн 18.1/г/ заалтыг хангаагүй, мөн техникийн тодорхойлолт хэсэгт буй санал болгож буй барааны хаалтууд нь “сугардаг, сугардаггүй, фланцтай, фланцгүй нь тодорхой бус” гэсэн үндэслэлээр манай өгсөн тендерийн материалаас татгалзсан. Бид дахин Монгол Улсын Сангийн Яаманд 27/17 тоот албан бичгээр гомдол гарган Төсвийн асуудал эрхэлсэн төрийн дээд байгууллагын шийдвэр нь эцсийнх байна гэсэн ТБОНӨХБАҮХАТ хуулийн 55.2 дахь заалтыг захиалагч зөрчсөн талаар мэдэгдэн дахин уг тендерийн материалуудыг шалгаж өгөхийг хүссэн. 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр манай байгууллагад Сангийн яамны 6-1/3201 тоот албаны бичиг ирсэн бөгөөд үүнд захиалагчийн 2 дахь удаагаа гаргасан ТББ-ын ТОӨЗ-ийн 18.1/г/ заалтаар тендерээс татгалзах нь үндэслэлгүй байгааг дурдаад мөн техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй гэсэн нь үндэслэлтэй  байгаа мэдэгдэж бүх тендерийг хүчингүй болгож дахин уг тендерийг зарлахаар болсон.

Манай тендерийн материалын техникийн тодорхойлолт хэсэгт Ф800 мм-ийн ган хаалтыг сугардаггүй голтойг зааж өгсөн бөгөөд ф25-ф300 мм-ийн ган хаалтууд болон бусад хаалтуудын биет зургийг тендерийн материалд хавсаргасан болно. Энэ зургаас дээрх фланцтай, фланцгүй эсэх, сугардаг голтой нь тодорхой харагдаж байгаа юм. Мөн захиалагч нь манай санал болгож буй үнийн саналаас 11,583,000 /арван нэгэн сая таван зуун наян гурван мянга/ төгрөгөөр илүү буюу оролцож буй дөрвөн байгууллагаас хамгийн өндөр үнийн санал өгсөн “Хас жинст” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 50.1.1 заалт болох шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, 50.1.2 заалт болох төрийн ашиг сонирхлыг дээдлэх зэрэг заалтыг зөрчсөн. Мөн Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд өргөдөл гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараах байдлаар хянан үзнэ гээд уг зүйлийн 3-д өөрийн харьяалан шийдвэрлэвэл зохих өргөдөл гомдолд дурдсан асуудал бүрд дүн шинжилгээ хийж, холбогдох газраас магадлах, судалгаа, тодорхойлолт шаардан авах зэрэг үйл ажиллагаа явуулна гэж заасныг зөрчсөн нь харагдаж байна.

Иймд Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Гантуулын гаргасан 1/358 тоот албан тоот болон уг албан бичгийг боловсруулахад үндэслэл болсон  Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлах үйл ажиллагааг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн болон Тендерийн үнэлгээний хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:- Захиалагч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 49 тоот тушаалаар байгуулагдсан “Нээлттэй тендер шалгаруулах үнэлгээний хороо” нь 2017 оны их засварын ажилд шаардлагатай хаалт арматурыг худалдан авах ажлыг “Төрийн болон орон нутгийн өмч ийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д заасан журмын дагуу зохион байгуулж,  мөн оны 3 дугаар сарын 10-ны өдөр тендер шалгаруулалтын баримт бичиг боловсруулж, 3 дугаар сарын 13-ны өдөр “Өдрийн сонин”-ийн №057, №058, /5624,5625/ дугаарт нийтлүүлсэн.

Нээлттэй тендерийн урилгын дагуу “Дархан Ар шанд” ХХК, “Хас жинст” ХХК, “Агротрейд импекс” ХХК, “Новатек” ХХК нь баримт бичгийн үнэ 50 000 төгрөг төлж худалдан авсан ба 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Дархан Ар шанд” ХХК-иас “Тодруулга хүсэх тухай” 12/17 тоот ирсний дагуу баримт бичиг худалдан авсан 4 компаниудад хариу хүргүүлсэн.

Дээрх 4 компани тендерийн материалаа 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр манай компанийн үнэлгээний хорооны дарга Б.Энхтөрд өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж хүлээлгэн өгсний дараа тэднийг байлцуулан тендерийн материалыг нээж нээлтийн тэмдэглэл хөтөлж гарын үсэг зурж баталгаажуулсан.

2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үнэлгээний хороо 100 хувийн ирцтэйгээр хуралдаж тендерт оролцогч “Дархан Ар шанд” ХХК, “Хас жинст” ХХК, “Агротрейд импекс” ХХК, “Новатек” ХХК-ийн материалыг үнэлж, сонгон шалгаруулалт явуулж, хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн “Хасжинст” ХХК-ийг ялагчаар шалгаруулж, мөн оны 4 дүгээр сарын 19-ны өдөр гэрээ байгуулах эрх олгох тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсан.

Манай компани 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр тендерт шалгараагүй 3 компанид 1/294 тоот албан бичгээр нэгэн зэрэг шалгараагүй тухай мэдэгдэхэд 4 дүгээр сарын 20-ны өдөр “Дархан Ар шанд” ХХК нь 21/17 тоот албан бичгээр захиалагч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-д шалгараагүй үндэслэлийн талаар гомдол гарсан.  Манай компани “Дархан Ар шанд” ХХК-иас 21/17, 22/17, 23/,17 26/17, 28/17 тоот албан бичгээр гомдол ирсэнтэй холбогдуулан 2017 оны 04 дүгээр сард 1/306, 2/313 тоот албан бичгээр хариуг тухай бүрт өгч байсан.

“Дархан Ар шанд” ХХК-иас Сангийн яаманд гаргасан гомдлын дагуу Сангийн яамны 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/2368 тоот гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлэх тухай албан бичгийн дагуу зохих баримт бичгүүдийг бүрдүүлж заасан хугацаанд хүргүүлсний дараа мөн оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус яамнаас дахин үнэлгээг хийхийг манай компанид мэдэгдсэн.

Үнэлгээний хороо 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дахин үнэлгээ хийж  “Дархан Ар шанд” ХХК-ийн техникийн тодорхойлолт зөрүүтэй, нийлүүлэх хаалтын марк тип тодорхойгүй үндэслэлээр шалгаруулаагүй ба өмнө ялагчаар шалгарсан “Хас жинст” ХХК-тай гэрээ байгуулах эрхийг хэвээр үлдээсэн.

Гэтэл “Дархан Ар шанд” ХХК дахин үнэлгээний шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 6-1/3201 тоот албан бичгээр шаардлага  хангасан нэг ч тендер ирээгүй, дээрх тендерт шалгаруулалтыг хүчингүй болгож тендер шалгаруулалтыг дахин зарлахыг манай компанид мэдэгдсэн.

Манай компани тендер шалгаруулалтыг дахин зарлахаар төлөвлөж байсан боловч “Дархан Ар шанд” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр, уг үнэлгээний хороо болон захилагч “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн шийдвэрийг хүчингүй болгуулах, тендер дахин зарлах үйл ажиллагааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. “Дархан Ар шанд” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалыг үнэлж үзэхэд, манай компанийн тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолтын шаардлага хангаагүй, мөн сүүлийн 2 ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлага, түүнийг нотлох баримт ирүүлэхийг шаардсан шаардлагыг тус тус хангаагүй тул шалгаруулаагүй болно.

Манай компани хаалтын тендер шалгаруулалтыг Сангийн яамнаас шаардсаны дагуу дахин зарлахаар төлөвлөж байгаа ба шүүх уг маргааныг цаг алдалгүй, аль болох богино хугацаанд хянан шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Манай компаниас нээлттэй тендер зарлаж худалдан авахаар төлөвлөсөн хаалт нь 2017 оны их засварын ажилд нэн шаардлагатай байгаа бөгөөд их засварын ажил нь маргаантай асуудлын улмаас төлөвлөсөн хугацаанаасаа хойшилж цаг хугацаа алдахад хүргэж байна гэв.

 

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-аас зарласан ДДС-02/2017 дугаар бүхий “Дулааны сүлжээний ган хаалт” нийлүүлэх нийлүүлэгчдийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт оролцогчдоос Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь заалт, тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан үндэслэлээр Үнэлгээний хорооны шийдвэрээр шалгарч, “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн бараа нийлүүлэх гэрээг байгуулах эрх олгосон 1/293 дугаартай албан бичгийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авсан болно.

     Гэтэл уг тендерт оролцогч “Дархан-Ар шанд” ХХК нь хуульд заасан ажлын 5 хоног хэтэрсэн байхад 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яам хүлээн авч гомдлыг шийдвэрлэсэн.

     Сангийн яамны зүгээс дээрх гомдлыг хянаж үзээд тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо хуралдаж манай “Хас жинст” ХХК-ийг дахин шалгаруулсан. Ийнхүү гаргасан шийдвэрийг “Дархан-Ар шанд” ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргасан. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасан “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба эцсийн шийдвэр болно” гэснийг ноцтой зөрчсөн асуудал юм.

     Түүнчлэн Сангийн яам “Дархан-Ар шанд” ХХК-ийн гаргасан гомдлыг шийдвэрлэсэн албан бичигтээ ямар үндэслэлээр “Хас жинст” ХХК-ийг шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн талаар дүгнэж бичээгүй, өөрөөр хэлбэл Сангийн яамны шийдвэр хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй байсан учраас бид Сангийн яамны шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, бүрдүүлбэр хангуулах хугацаа өгсний дагуу нэхэмжлэлийн шаардлагын бүрдүүлбэрийг хангуулан шүүхэд өгсөн байгаа.

     Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасан байдаг. Энэ нь хамгийн түрүүнд тендерийн үнийг бус шаардлагыг бүрэн хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангасан тендерт оролцогчид дундаас тендерийн үнийн хэмжээг үнэлгээндээ шалгуур үзүүлэлт болгох тухай ойлголт билээ. “Дархан-Ар шанд” ХХК-ийн тендерийн материал нь шаардлагыг бүрэн хангаагүй байсан нь 2 удаагийн Үнэлгээний хорооны шийдвэрээр тогтоогдсон юм.

     Мөн “Дархан-Ар шанд” ХХК нь захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж маргаж байх боловч  “Дархан-Ар шанд” ХХК-ийг ТОӨЗ-ны 18.1 /г /-д заасан мэдээллийг ирүүлээгүй гэж үзсэн байх бөгөөд уг мэдээллийг тендерийн баримт бичигт оруулсан, гэрээнүүдийг хавсаргасан болохоо “Дархан-Ар шанд” ХХК нь нотолж чадаагүй байна.

     Хоёрдугаарт  захиалагч нь “Дархан-Ар шанд” ХХК-ийг тендерийн баримт бичгийг техникийн тодорхойлолт хэсэгт нийлүүлэх бараа материалыг төрөл бүрээр нь ялгаж бичээгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Тодруулбал тендерийн баримт бичигт бараа материалын гэрэл зургийг хавсаргах бус, техникийн тодорхойлолтод нэг бүрчлэн тусгаж бичих шаардлага тавигддаг болно.

     Иймд  захиалагчийн гаргасан шийдвэрийг хэвээр үлдээж, хууль зөрчиж гаргасан “Дархан-Ар шанд” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  өгнө үү гэв.

 

                                                     ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэлийн “Дарханы Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/358 тоот албан бичиг болон албан бичгийг боловсруулахад үндэслэл болсон Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлах үйл ажиллагааг Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлж өгнө үү” гэх шаардлагын тухайд:

Хариуцагч “Дархан Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн захирлын 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 49 тоот тушаалаар 2017 оны их засварын ажилд шаардагдах хаалт, арматурыг худалдан авах нээлттэй тендерийг шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан байна. Үнэлгээний хороо “Дулааны сүлжээний ган хаалт” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтыг зарлаж, тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нээж, 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж тендерийн баримт бичигт үнэлгээ хийж, тендерт “Хас жинст” ХХК-ийг ялагчаар шалгаруулж,  захиалагчтай гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, нэхэмжлэгч “Дархан-Ар шанд” ХХК-д 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1/294 тоот албан бичгээр  Тендерийн баримт бичгийн Зааварчилгааны 18.1 /г/ “тухайн тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн /ТШӨХ-д заасан тоо/ жилийн хугацаанд гүйцэтгэсэн ижил төстэй гэрээний талаарх мэдээлэл”, 18.2 /б/ “сүүлийн /ТШӨХ-д заасан тоо/ жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тухайн гэрээтэй ижил төстэй, доод тал нь нэг бараа нийлүүлэх үндсэн гүйцэтгэгчээр ажилласан туршлага”  зэрэг заалтуудыг хангаагүй гэсэн үндэслэлээр тендерт шалгарах боломжгүй тухай мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч захиалагч байгууллага болон Сангийн  Яаманд гомдол гаргасны дагуу Сангийн Яамнаас  2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/2368 тоот  албан бичгээр  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг ...түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно” гэж зааснаар тендер шалгаруулалтын гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлж, гомдлыг 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/2606 тоот албан бичгээр шийдвэрлэж, нэхэмжлэгч болон захиалагч байгууллагад  тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

Дээрх шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тендерийн баримт бичигт дахин үнэлгээг хийж, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/358 тоот албан бичгээр нэхэмжлэгчид “Тендерийн баримт бичгийн тендерт оролцогчид өгөх зааварчилгааны 18.1 /г/-д сүүлийн 2 жил ижил төрлийн гэрээ гүйцэтгэсэн туршлага, түүнийг нотлох баримт бичиг ирүүлэх гэсэн шаардлагад сүүлийн 1 жил ижил төрлийн гэрээ гүйцэтгэсэн туршлага, нотлох баримтыг ирүүлсэн,  техникийн тодорхойлолтод хаалтуудын марк, тип, сугардаг сугардаггүй голтойг тодорхой заах гэсэн шаардлагад  хаалтууд сугардаг, сугардаггүй, фланцтай, фланцгүй болох нь тодорхойгүй” гэсэн үндэслэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан шаардлагыг хангаагүй тул татгалзаж байгаа тухай мэдэгдлийг хүргүүлж, гуравдагч этгээд “Хас жинст” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэсэн болох нь Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл, захиалагч байгууллагын 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн  1/358 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь захиалагч байгууллагын дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн Яаманд гомдол гаргахад Сангийн Яам 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/3201 тоот албан бичгээр дахин үнэлгээнд оролцсон “Дархан-Ар шанд” ХХК болон “Хас жинст” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичиг аль аль нь шаардлага хангаагүй гэж үзэж дээрх тендерийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин зарлахыг мэдэгдсэн шийдвэр гаргажээ. Гэвч хариуцагч   тендерт оролцогч байгууллага шүүхэд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр дахин тендер зарлах тухай шийдвэрийг гаргаагүй болох нь хариуцагчийн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1-д “ энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу  шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх” гэж зааснаар Сангийн Яам нь тендерийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэх эрхтэй байна. Шүүхийн мэтгэлцээний шатанд хэргийн оролцогч нараас Сангийн яамны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/3201 тоот албан шийдвэрийн талаар гомдол, нэхэмжлэл гаргасан эсэх талаар лавлахад нэхэмжлэгчээс “Сангийн яамны албан бичгийн талаар гомдол болон шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, энэ тухай дараа нь гаргана” гэж, гуравдагч этгээдээс “Сангийн Яамны дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа”  гэж шүүх хуралдаан дээр тайлбарлаж байгаагаас үзэхэд захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин тендер зарлахыг мэдэгдсэн дээд шатны байгууллагын шийдвэр хүчинтэй байна гэж шүүх үзлээ.

Иймд  хүчингүй болсон “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/358 тоот албан тоот, тендерийн баримт бичигт дахин үнэлгээ хийсэн  Үнэлгээний хорооны шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх боломжгүй байна.

Мөн гуравдагч этгээд “Хас жинст” ХХК-тай хариуцагч “Дархан дулааны сүлжээ” ТӨХК өнөөдрийг болтол гэрээ байгуулаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх тул “Хас жинст” ХХК-ийг тендерт шалгарсан гэж үзэх боломжгүй байна. Учир нь  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 5-аас доошгүй хоногийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар тендерт шалгарагч нь захиалагчтай гэрээ байгуулснаар тендерт шалгарсан гэж үзэх бөгөөд зөвхөн гэрээ байгуулах эрх олгосноор тендерт шалгарсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тендерийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болсон байна.

Дээрх байдлуудаас дүгнэж  нэхэмжлэгчээс хариуцагч “Дархан дулааны сүлжээ”ТӨХК болон Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан  “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/358 тоот албан бичиг болон үүнийг боловсруулахад үндэслэл болсон Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлах үйл ажиллагааг Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Дархан-Ар шанд” ХХК-аас “Дархан дулааны сүлжээ” ТӨХК болон Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан  “Дархан дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1/358 тоот албан бичиг болон үүнийг боловсруулахад үндэслэл болсон Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, уг тендерийг дахин зарлах үйл ажиллагааг Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл түдгэлзүүлэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд  нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ЭНХТУЯА