Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 6

 

С.А-, Г.У-, Э.Х-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                          Ц.Амаржаргал

Б.Манлайбаатар

Прокурор                                         А.Оргилбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 314 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн дээд шатны прокурорын эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч С-ы А-, шүүгдэгч Г-ийн У-, Э-ийн Х- нарт холбогдох эрүүгийн 1718001960100 тоот, 166/2017/0313/Э индекстэй 1 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З- овогт С-ы А-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Монгол Улсын иргэн, Б- овогт Г-ийн У-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Монгол Улсын иргэн, Т- овогт Э-ийн Х-, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Г.У- нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархам сумын 4 дүгээр баг Төмөр замын 14 дүгээр байрны оролцоо иргэн Ц.Тогтуурыг Олон нийтийн газар байрлуу шээж болохгүй гэж шаардлага тавихад хэл амаар доромжлон маргалдаж улмаар иргэн М.Батсүхийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Х- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг Төмөр замын 14 дүгээр байрны ойролцоо иргэн Ц.Тогтуурыг Олон нийтийн газар байрлуу шээж болохгүй гэж шаардлага тавихад хэл амаар доромжлон маргалдаж улмаар иргэн Н.Нямсүрэнгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ2017 оны 09 дүгээр сарын 13-наас 2017 оны 09 дүгээр сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг Төмөр замын 14 дүгээр байрны оролцоо иргэн Ц.Тогтуурыг Олон нийтийн газар байрлуу шээж болохгүй гэж шаардлага тавихад хэл амаар доромжпон маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцээд 304 дугаартай  шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Б- Г-ийн У-, Т- Э-ийн Х-, насанд хүрээгүй шүүгдэгч З- С-ы А- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.У-, Э.Х- нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1- т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.А-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.У-, Э.Х- нарт оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.У-, Э.Х- нар нь торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг... тус тус зааж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Мөнхбат давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцээд, шүүгдэгч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Учрахтөгөлдөр, Э.Хишиггогтох нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.А-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай апбадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байх тул хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгчид хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7-р зүйлд заасан дараах шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7-р зүйлийн 1-д” хувийн байдпыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “тогтоох” хэсгийн 3 дахь заалтаар “ ...С.А-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг авсугай” гэж шийдвэрлэн, дээрх хуульд заасны дагуу ял оногдуулахыг тэнссэн тухай зааж өгөөгүй байна.

Өсвөр насны шүүгдэгчид шүүх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7-р зүйлийн 2-т заасныг баримтлан уг хуулийн 7.3-р зүйлийн 2-т заасан үүргийг хүлээлгээгуй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7-р зүйлийн 3-т “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж зааснаас үзэхэд хянан хүмүүжүүлэх үүргийг хэрэгжүүлэх этгээдэд даалгаж шийдвэрлэхээр байхад ингэж даапгаж өгөөгүй нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүйд хүргэж байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг дараах байдлаар хангаагүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.10 дугаар зүйлд зааснаас үзэхэд өсвөр насны хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаанд түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулж, түүнд эрх үүрэг тайлбарлан өгч, эрх үүргийг нь эдлүүлэхээр заасан байхад хууль ёсны төлөөлөгчийг /шүүхийн танхимд хүрэлцэн ирсэн байхад/ шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хуралдааныг явуулсан, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4-т заасны дагуу шүүгдэгчийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг даапгаж шийдвэрлэж болох нөхцлийг хангаж шийдвэрлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5-д зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж, шүүх шийдвэрлэхээр хуульчилсан байхад С.А- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа үндэслэлийг шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт удирдлага болгож баримтлаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 314 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүй үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Оргилбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр эсэргүүцэл гаргасан. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна” гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.У-ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймаг Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 14 дүгээр байрны оролцоо иргэн Ц.Тогтуурыг “Олон нийтийн газар байрлуу шээж болохгүй” гэж шаардлага тавихад хэл амаар доромжлон маргалдаж улмаар иргэн М.Батсүхийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж унагаан өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.Х-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг Төмөр замын 14 дүгээр байрны ойролцоо иргэн Ц.Тогтуурыг “Олон нийтийн газар байрлуу шээж болохгүй” гэж шаардлага тавихад хэл амаар доромжлон маргалдаж улмаар иргэн Н.Нямсүрэнгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч С.Анударийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 13-наас 2017 оны 09 дүгээр сарын 14-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Дархан-Уул аймаг Дархан сум 4 дүгээр баг Төмөр замын 14 дүгээр байрны оролцоо иргэн Ц.Тогтуурыг “Олон нийтийн газар байрлуу шээж болохгүй” гэж шаардлага тавихад хэл амаар доромжпон маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд С.А-, Г.У-, Э.Х- нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.У-, Э.Х- нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч С.А-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Дархан-уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 314 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар бичсэн 27 тоот прокурорын эсэргүүцлийн 1 дэх үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 8.7. дугаар зүйлийн 1-д .... хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно... гэж заасан байх бөгөөд шүүх “...С.А-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

“... Хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд ирсээр байтал оролцуулаагүй улмаар шүүгдэгчийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгах үүргийг хууль ёсны төлөөлөгчид даалгаж өгөөгүй...” гэсэн прокурорын эсэргүүцлийн үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Тодруулбал: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 8.7. дугаар зүйлийн 1-д .... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж заажээ.

Хуулийн энэ заалтаас үзэхэд өсвөр насны хүнд оногдуулсан ял дээр албадлагын арга хэмжээ давхар хэрэглэж болох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт энэ асуудлыг илүү тодорхой зохицуулсан байна.

Иймд Дархан-уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...” Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэсэн заалтыг үндэслэн шийдвэрээ гаргажээ гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...”  Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүн, тодорхой иргэний хүсэлтээр нь, эсхүл зөвшөөрснөөр нь даалгаж болно.” гэсэн ба шүүгдэгч С.Анударийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэвэлмаа шүүх хуралдаанд оролцохдоо С.Анударийг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх талаар шүүхэд хүсэлт, зөвшөөрөл гаргаагүй болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүх Эрүүгийн хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй нь буруу биш байна.

Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хуралдаанаас Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 314 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг:

“3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ийн А-д ял оногдуулахгүйгээр 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч Г.А- нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах, оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хэрэгжүүлэхийг даалгасугай” гэж өөрчлөн шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                               ШҮҮГЧИД                                            Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                            Б.МАНЛАЙБААТАР