Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00689

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03673 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаар магадлалтай,                                                                                            

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаар шийдвэрээр В.Ганзоригоос 271,518,000 төгрөг гаргуулж С.Отгоннямд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд хураагдсан дараах эд хөрөнгүүд нь төлбөр төлөгч В.Ганзоригийн эхнэр Б.Б- миний бие болон бидний хүүхдүүд болох Г.Намуун, Г.Ганбаяр, Г.Ган-Очир нарын хамтран өмчлөх хөрөнгө болох нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1155 дугаартай шийдвэр, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дутаар сарын 04-ний өдрийн 1561 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдсон. Шүүхийн шийдвэрт дурьдсан эд хөрөнгө нь миний нөхөр В.Ганзоригийн өмчлөлд бүртгэлтэй боловч дээр дурьдсан шүүхийн шийдвэрээр би болон миний хүүхдүүд хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоож, эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг даалгасан. Гэтэл Монгол Улсын шүүхээр хянан шийдвэрлэж, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байхад В.Ганзориг болон түүний гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгийг В.Ганзоригийн бусад этгээдэд төлөх төлбөрийн шаардлагын дагуу төлбөр авагчид “Санал болгох хурал”-ыг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж нийт хөрөнгийн хэмжээний 50 хувьтай тэнцэх 221,011,550 төгрөгөөр төлбөр авагч нарт санал болгон төлбөр авагч нь н.Отгонням нь хөрөнгийг авах хүсэлтээ 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ирүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2 “Төлбөр төлөгчийн цалин хөлс, бусад орлого нь банк, эрх бүхий хуулийн этгээд дэх хадгаламжийн болон харилцах данснаас...” мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.4 “Төлбөр төлөгч-иргэнд мөнгөн хөрөнгө байхгүй, эсхүл мөнгөн хөрөнгө нь гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн энэ хуулийн 86.1-д заасан бусад хөрөнгөөс төлбөр гаргуулна” гэсний дагуу төлбөр төлөгчөөс гаргуулах төлбөрийг нэн тэргүүнд өөрийнх нь хуваарьт эд хөрөнгө, орлогоос гаргуулах ёстой байтал В.Ганзоригийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгийн нийт дүнгээр тооцож төлбөр авагчид санал болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 “Хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах гэж тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагааг ойлгоно” эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024244, Ү-2204050803, Ү-2204050803, Ү-2204026206, Г-2204007236 дугаартай хөрөнгийн захиран зарцуулах эрхийг тус тус түдгэлзүүлж, В.Ганзоригоос төлбөр авагчийн шаардлагыг гаргуулах эд хөрөнгийн жагсаалтад орсон болно. Иймд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024244, Ү-2204050803, Ү-2204050803, Ү-2204026206, Г-2204007236 дугаартай хууль ёсны хамтран өмчлөгч болох Б.Б-, хүүхдүүд болох Г.Намуун, Г.Ганбаяр, Г.Ган-Очир нарт ногдох хэмжээгээр төлбөр төлөгч В.Ганзоригийн битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонгын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073Б дугаар шийдвэрээр В.Ганзоригоос 271,518,000 төгрөгийг гаргуулж, С.Отгоннямд олгохоор шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу В.Ганзоригийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204050803 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 66 байр 49 тоот 66 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024244 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 170 байрны 120 тоот 54.63 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204026206 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70а тоот 384 к.в талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрын хамт анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т зааснаар төлбөр авагч С.Отгоннямын нэр дээрх эд хөрөнгүүдийг шилжүүлсэн нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Дүүргийн иргэний хэргийн анхан шатын 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073Б дугаар шийдвэрээр төлөгдөх төлбөрт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа эд хөрөнгүүд нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр болон 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрүүдээр хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцогдсон учир нэхэмжлэгчид оногдох хэсэг чөлөөлөгдөх ёстой мэтээр нэхэмжлэлийн үндэслэлээ гаргажээ. Төлбөр төлөгч В.Ганзоригийн эд хөрөнгүүдэд хэдийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсанаас хойш 2 жил 8 сар, 3 жил 2 сарын дараа гэнэт хамтран өмчлөгчөөр тогтоолгох хүсэлт гаргаж байгаагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан, хүчин төгөлдөр шийдвэрийн биелэлтийг хангуулахаас санаатай зайлсхийсэн үйлдэл болох нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргаж байсан үйлдлүүд болон одоо шүүхэд нэхэмжлэл гаргасан байдлаас ойлгомжтой байна. В.Ганзориг гэр бүл болсноос хойш зээл авч зээлийг өөрийн ахуй амьдралд зарцуулсан, төлөх ёстой болох нь тодорхой байх ба эхлээд С.Отгоннямын зээлийг барагдуулж, дууссаны дараа гэр бүлийн бусад гишүүдэд маргаантай асуудал байдаг бол түүнийг шийдвэрлүүлэх нь зүйд нийцнэ. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                               

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03673 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн /2017 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүчингүй болсон/ 34.1.1, 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3073/Б дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдсэн эд хөрөнгүүд болох Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгон төвийн 1 дүгээр гудамжны 70/а тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204026206 дугаартай, 384 м.кв талбайтай хувийн сууц, 30 м.кв талбайтай гарааж, мөн тоотод орших Г-2204007236 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгогдсон 700 м.кв талбай бүхий газар, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Намьянжүгийн гудамжны 170 дугаар байрны 120 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204024244 дугаартай, 54.63 м.кв талбайтай орон сууц, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 66–49 тоотод орших, улсын бүртгэлийн Ү-2204050803 дугаарттай, 66 м.кв талбайтай орон сууц, LEXUS-570 маркийн, арлын JTJHY7AX9D4089790 дугаартай, 15-44 УНЧ улсын дугаартай суудлын автомашиныг тус тус битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалтаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03673 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 03673 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч гомдол гаргасан байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 150 дугаартай магадлал гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт "... шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй ..." үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон. Шүүхээс шийдвэрийн үндэслэлийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.8 дахь хэсэгт Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс, олсон ашиг орлогоо гэр бүлийн бусад гишүүдийн хуваарьт эд хөрөнгөд, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдсон бол тэр хэмжээгээр уг эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно ... ” гэж заасныг баримтлан шийдвэрлэсэн нь зөв зүйтэй болсон. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.3 дахь хэсэгт “... Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу хэд хэдэн төлбөр авагчийн хөрөнгийн шинжтэй шаардлагыг гүйцэтгэх баримт бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад бүртгэгдсэн дарааллын дагуу хангах бөгөөд, эхний гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг бүрэн хангаснаар дараагийн гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зарчмыг баримтална ...” гэж заасныг хэрэглээгүй нь алдаатай болсон байх ба энэхүү хуулийг хэрэглэх ёстой гэж үзэж байна. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 150 дугаартай магадлалын үндэслэлд нэмэлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 150 дугаар магадлалыг “Хууль буруу хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй. Шүүхүүд Иргэний хуульд өөрт нь байгаа бусад өрсөлдөх хэм хэмжээний талаар ямар ч дүгнэлт хийсэнгүй. Иргэний хуульд гэр бүлийн өмчийг а. Хуваарьт хөрөнгө б. Гэр бүлийн дундаа хамтран өмчлөх дундын өмч гэсэн 2 төрлийг зааж өгчээ. Шүүх үүнийг ойлгохгүй байна. Тухайлбал, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заажээ. Энэ үүднээсээ бол дээрх хөрөнгүүд гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмч мөн юм. Гэтэл шүүх дээрх хөрөнгүүдийг 2016 болон 2017 онд дундын өмч болгож тогтоосон гэж буруу дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл, шүүх “маргаж буй хөрөнгүүд В.Ганзоригийн хуваарьт өмч байж байгаад сүүлд нь дундын өмч болжээ” гэсэн агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй юм. Шүүх ийм дүгнэлт хийхийн тулд наандаж дээрх хөрөнгүүд “гэрлэхээс өмнө бий болсон” гэсэн урьдач нөхцөл хангагдсан эсэх тухайд нотлох баримтаар тогтоосон байх ёстой. Энэ бүх хөрөнгүүд гэр бүл болсноос хойш бий болсон нь нотлогдсон, хэзээ ч гэрлэхээс өмнө бий болоогүй, В.Ганзоригийн хуваарьт хөрөнгө байгаагүй болох нь нотлогдсон юм. Иргэний хуульд өөрт нь байгаа бас нэг өрсөлдөх хэм хэмжээ бол 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэг юм. Энэхүү хэсэгт “Гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй, хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна" гэж заажээ. Өөрөөр хэлбэл, насанд хүрээгүй 3 хүүхэд ч гэсэн дээрх хөрөнгийн өмчлөгч юм. Шүүх энэ заалтыг анхаарсангүй “2016, 2017 онд дээрх хөрөнгүүд гэр бүлийн дундын хөрөнгө болжээ, өмнө нь ганцаараа В.Ганзоригийн нэр дээр бүртгэлтэй байжээ” гээд дүгнээд байна. Гэтэл Монгол Улсад өнөөдөр 5 настай, 8 настай хүүхдийн нэр дээр ямар ч машин бүртгэдэггүй, Монгол Улсад газар эзэмшүүлэх, авто машин бүртгэх зэрэг үйлчилгээг төрөөс авахын тулд төрийн байгууллагууд зөвхөн “эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн"-д үйлчилж байгаа. Энэ бол нийтэд илэрхий үйл баримт. Түүнчлэн Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль зэрэгт зааснаар насанд хүрсэн хүн л өргөдөл хүсэлтээ гаргаж газар эзэмшиж байгаа болохоос насанд хүрээгүй хүүхэд яваад очвол Газрын алба хаалгаараа ч оруулахгүй. Шүүх Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гацууртад байрлах газрыг гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлсэн байгаа болохыг анхаарсангүй. Энэ мэтчилэнгээр насанд хүрээгүй, сургуульд ч ороогүй байсан хүүхдүүдийг "хөрөнгөө нэр дээрээ бүртгүүлэхгүй яасан юм бэ” гэж шүүх тавлаж байгааг зөвшөөрөхгүй.

Энэ хэргийн тухайд шүүх гэр бүлийн бусад гишүүд болох 11 настай Г.Намуун, 8 настай Г.Ганбаяр, 5 настай Г.Ган-Очир нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар дүгнэлт хийх ёстой байсан. Хүүхдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлын талаар Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ зэрэгт юу гэж тусгасан болох, эдгээр хууль дахь хэм хэмжээ, зохицуулалт манай Иргэний хуулиас өөр байна уу гэдгийг анхаарах, аль нь давамгайлах хэм хэмжээ вэ гэдэг талаар нь дүгнэлт хийх ёстой байсан. Хэрвээ Иргэний хууль хамгийн мундаг хууль гэж үзэж байгаа бол яагаад дан ганц Иргэний хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тухайгаа магадлал, шийдвэртээ тусгах байжээ. Тодруулбал, Хүүхдийн эрхийн түгээмэл тунхаглалын 16 дугаар зүйлийн 1-д “Нэг ч хүүхдийн хувийн болон гэр бүлийн амьдрал, орон байрны халдашгүй байдал болон захидал харилцааны нууцад хөндлөнгөөс, хууль бусаар буюу дур мэдэн оролцох, эсхүл түүний нэр төр, алдар хүндэд хууль бусаар халдаж болохгүй”, 2-т ”Хүүхэд хөндлөнгийн ийм оролцоо, халдлагаас хуулиар хамгаалуулах эрхтэй” гэж заасныг зөрчөөд байна. Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т “Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, эрүүл мэнд, хувийн харилцааны нууц, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй” гэж заасныг болон мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, эрхийг тэгш хангах зарчим баримталж ажиллахыг заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Маргаж байгаа орон сууц бол нэхэмжпэгч өөрийн 3 хүүхдийн хамт амьдарч байгаа орон сууц шүү дээ. Гэтэл тэднийг гудамжинд гаргахаар санаархаж байгаа нь дээрх олон улсын гэрээ, конвенцийг бүхэлд нь зөрчиж байна. Шүүх олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэхгүй, түүнийг үнэлэхгүй гэж үзэх боломжгүй.

Шүүх Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.8 "Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс эайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс, олсон ашиг орлогоо гэр бүлийн бусад гишүүдийн хуваарьт эд хөрөнгөд, эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн нь нотлогдсон бол тэр хэмжээгээр уг эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно” гэж заасныг хэрэглээд байна. Энэхүү заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хуулийн бичвэрт өөрт нь наандаж 1/ Бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх, хууль бус үйлдлээ халхавчлах зорилго, сэдэлтэй байх, 2/ Олсон ашиг орлогоо гэр бүлийн бусад гишүүдийн хуваарьт эд хөрөнгөд эсхүл хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд шилжүүлсэн идэвхитэй үйлдэп байх, 3/ Олсон ашиг орлого нь дан ганц төлбөр төлөгч иргэний өөрийнх нь байх 4/ Энэ бүх байдал нотлох баримтаар нотлогдсон байх 5/ Нотлогдсон хэмжээгээр уг эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болох нь. Манай зүгээс маргаж байгаа хөрөнгүүд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгосон анхан шатны шүүхийн 2 ч шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Харин энэхүү хөрөнгүүдийг шийдвэр гүйцэтгэлийн алба хураан авах гэж байгаа бол Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.8-д зааснаар дээрх 5 шинж хангалттай бүрдсэн, нотлох баримтаар тогтоогдсон үед хураан авч төлбөр гаргуулах нь. Өөрөөр хэлбэл, дээрх хөрөнгүүдийг анх хураан авч битүүмжлэх үед л энэ 5 шинж хангалттай бүрдсэн, нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой юм. “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж Үндсэн хуульд заажээ. Иргэний хуулийн 129 гэсэн энэ заалтыг ашиглан үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол Шийдвэр гүйцэтгэлийн алба өөрөө энэ зүйлд агуулагдаад байгаа 5 шинжийг өөрсдөө нотлох ёстой юм.

Давж заалдах шатны шүүхийн хэрэглээд байгаа Иргэний хуулийн 129.8 дахь хэсэгт заасан шинж байхгүй болохыг манайх дараах байдлаар тайлбарлаж байна. В.Ганзоригийг төлбөр төл гэсэн шийдвэр гарснаас хойшхи хугацаанд В.Ганзориг ямар нэг идэвхитэй үйлдлээр төлбөр төлөхөөс зайлсхийж хөрөнгөө бусдад шилжүүлсэн, бэлэглэсэн, худалдсан ямар ч гэрээ хэлцэл байгуулаагүй. Ямар нэгэн гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж шүүх тогтоосон зүйл огт байхгүй. Гэр бүлийн гишүүн бид нар В.Ганзоригоос ямар ч эд хөрөнгө хүлээн аваагүй. В.Ганзоригийн төлбөр төлөхөөс зайлсхийж, ашиг орлогоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд оруулсан болохыг шийдвэр гүйцэтгэлийн алба нотлоогүй, үүнийг нотлосон ямар ч баримт шийдвэр гүйцэтгэх алба болон шүүхэд гаргаж өгөөгүй болно. Эцэст нь тэмдэглэхэд С.Отгоннямд төлөх 270 сая төгрөг гэдэг бол 100 м.кв талбайтай орон сууцны л мөнгө юм. Гэхэд НШГА гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 66 м.кв 2 өрөө орон сууц, 54 м.кв 2 өрөө орон сууц, Гацуурт дахь 384 м.кв хаус, 30 м.кв автомашины гараж, мөн Гацуурт дахь 700 м.кв газар зэргийг битүүмжлээд болоогүй бас 60 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэж байгаа нь илт луйврын шинжтэй байгааг анхаарна бизээ. Манай зүгээс В.Ганзоригт ногдох хэсгийн үнийг төлөхөөр эхний ээлжинд машины 20 хувь буюу 18 сая төгрөг шилжүүлээд, улмаар 66 м.кв орон сууцны В.Ганзоригт ногдох 50 хувийг төлөх гэж байхад НШГА 18 сая төгрөг буцаан шилжүүлснээр энэ үйл ажиллагаа зогссон. Тэгээгүй бол манайх машины 20 хувь орон сууцны 50 хувь, гаражны 20 хувь, 384 м.кв хаусны 20 хувь, 700 м.кв газрын 20 хувь зэргээр В.Ганзоригт ногдох хэсгийн үнийг бүрэн төлж барагдуулах байсан юм. НШГА-ны энэхүү үйл ажиллагаа бол олон арван ХЗХ-ны хөрөнгийг үнэгүйдүүлж хуваан завшсан, нэгэнт тогтсон аргаа Б.Б- болон түүний 3 хүүхэд дээр хэрэгжүүлэх гэсэн санаархал юм. Өмнө нь ХЗХ-ны эзэд шоронд байгаад НШГА-ны арга амжилттай хэрэгжсэн бол энэ удаад Б.Б- болон түүний 3 хүүхэд энх тунх байгаа тул энэ аргаа хэрэглэж чадахгүй. Тийм боломжийг манай зүгээс олгохгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн хяналтын шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Б.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 03673 дугаартай шийдвэр гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 150 дугаартай магадлал гаргасан. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын гомдол гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3 дахь хэсэгт "... Хяналтын журмаар гомдол гаргасан этгээд хяналтын шатны шүүх хуралдаанаас өмнө гомдлоосоо татгалзвал түүнийг гомдол гаргаагүйд тооцож, улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай шүүгч захирамж гаргана ...” гэж зааснаар шүүх хуралдаанаас өмнө хяналтын гомдлоосоо татгалзаж байх тул хүлээн авч захирамж гаргаж өгнө үү.” гэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг болон нэхэмжлэгч Б.Б- нар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хяналтын шатны шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4 дэх хэсэгт “Хяналтын журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг зөвшөөрсөн бол анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасны дагуу дараах хүсэлтийг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.Б- нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03673 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ИХШХШ тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй болно.” гэжээ.

Зохигчдын гаргасан дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3, 26 дугаар зүйлийн 26.2-т нийцсэн, хүсэлтийнхээ хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан асуудлыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоосоо татгалзсан асуудалтай хамт хуралдаанаар шийдвэрлэсэн тул зохигчдын хүсэлтийг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.4, 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/03673 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 150 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.3-т зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн хяналтын журмаар гаргасан гомдлоос татгалзсан тул түүнийг гомдол гаргаагүйд тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т зааснаар гуравдагч этгээд С.Отгоннямын хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд төлсөн 70,200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг буцаан олгож, нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 / далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                   Д.ЦОЛМОН