| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0499/Э |
| Дугаар | 502 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Я.Мөнхзаяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 502
2020 05 26 2020/ШЦТ/502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч Я.Мөнхзаяа,
Шүүгдэгч Г.Г /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Гд холбогдох эрүүгийн 2009003000327 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, шар хад 31 дүгээр гудамжны 489 тоотод оршин суух, урьд:
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 392 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 457 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Бат Солюшн Партнерс ХХК-ийн байрнаас “Сони А7-2” загварын дижитал камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.168.655 /хоёр сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун тавин тав/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2009003000327 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр дүүгийнхээ машинтай такси үйлчилгээнд явж байгаад бөхийн өргөөний урдхан талаас нэг эрэгтэй хүн аваад “Хөвсгөл” гэх нэртэй зочид буудал очсон. Тэр залуу намайг “ороод мөнгө авчих” гэж хэлэхээр нь би хамт орсон. Өрөөнд нь ороход ширээн дээр камер байхаар нь аваад гарсан. Би камерыг зарж үрээгүй өөртөө байлгаж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Хохирогч Т.Эгшиглэнт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 06 цаг 20 минутын орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах бөхийн өргөөний хойд талаас такси бариад ажил руугаа хүргүүлсэн. Таксины мөнгө өгөх гээд мөнгө байхгүй болохоор нь мобайл банкаар шилжүүлэх гэтэл утасны цэнэг дуусчихсан асахгүй байсан. Таксины жолоочтой хамт оффис руу ороод гар утсаа цэнэглээд “түр хүлээж байгаарай” гэж хэлээд цаад өрөөнөөс цэвэр ус авч ирээд таксины жолоочид өгөөд гар утсаа асааж 5018130637 дугаартай данс руу 5000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн надаас “танай байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг вэ “ гэж асуухаар нь “маркетингийн байгууллага, баярлалаа” гэж хэлээд гаргасан. Маргааш өглөө нь манай ажлын хүн ирээд “компьютерийн ширээн дээр байсан Сониа А7-2 маркийн видео камер хаана байна” гээд алга болсон талаар мэдсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...хар өнгийн Сони А7-2 маркийн видео /линз болон мемори картгүй/ Т.Эгшиглэнтэд хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,
“Дамно” ХХК хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Sony A7-2 маркийн видео камер болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 2.168.655 /хоёр сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун тавин тав/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Шүүгдэгч Г.Гантулгын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 36-39 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 06 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бат Солюшн Партнерс” ХХК-ийн байрнаас “Sony A7-2” загварын дижитал камерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.168.655 /хоёр сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун тавин тав/ төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Эгшиглэнтийн мэдүүлэг, “Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болохыг хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон, хохирогчийн эд зүйлийг шүүгдэгчээс хураан авсан тэмдэглэл зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Гантулгын үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг буцаан төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Гантулгыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Т.Эгшиглэнтээс “...камераа буцаан авсан, гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн /хх-ийн 49/, хохирогчоос хохирлын эд хөрөнгийг буцаан авсан болох нь хэрэгт авагдсан тэмдэглэлд тусгагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Г.Гантулгыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид Г.Гд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хохирогчид төлөх төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдлаа.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Гыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гантулгыг шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН