| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0509/Э |
| Дугаар | 510 |
| Огноо | 2020-05-27 |
| Зүйл хэсэг | 20.7.2., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 510
2020 05 27 2020/ШЦТ/510
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,
Улсын яллагч С.Мөнхгэрэл,
Шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Бд холбогдох эрүүгийн 2002001810130 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Дамбадаржаагийн 23 дугаар гудамж 256 тоотод оршин суух, урьд:
2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 795 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.Б нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 170 грамм жинтэй ургамал мэт, мөн 0.2211 грамм жинтэй “шавар” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тус тус худалдаалах зорилгогүйгээр 2020 оны 01 дүгээр сард оршин суух гэрийнхээ ойролцоо байх Дамбадаржаагийн гүүрний доороос хууль бусаар олж авч, 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Дамбадаржаагийн 23 дугаар гудамж 256 тоот гэртээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Эрүүгийн 2002001810130 дугаартай хэргээс:
Шүүгдэгч О.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 01 дүгээр сарын сүүлээр гэрийн ойролцоо байрлах Дамбадаржаагийн гүүрний хажуу талын саадны дэргэдүүр 8 сартай хүүхдээ салхилуулаад явж байтал уг гүүрний доод талд ууттай зүйл байхаар нь сонирхоод онгойлгоод үзтэл дотор нь хоёр хуванцар савтай өвс байсан. Уг өвстэй савны таган дээр жижиг хэмжээтэй баримлын шавар шиг зүйл байхаар нь нөгөө өвс нь байна гэж таамаглаад авчихсан. Тэндээс аваад гэртээ зөөж ирээд эхнэр, хүүхдүүдээсээ нууцаар татаж хэрэглэсэн. Өвсийг цаасанд ороож байгаад татаж хэрэглэж үзсэн. Анх удаа хэрэглэсэн. Харин тэр шавар шиг зүйлийг юу болохыг нь ойлгоогүй. Тэр зүйлээс хэрэглээгүй. Хэрхэн хэрэглэдэг талаар нь би мэдэхгүй. Өмнө ийм шавар харж байгаагүй. Эдгээр зүйлсийг байшингийнхаа үүдний хэсэгт байрлах нам даралтын зуухны буюу галлагааны жижиг хэмжээтэй өрөөнд оруулаад тавьсан. Тэр чигээрээ байж байгаад цагдаа нарт хураалгасан. Уг өвс, шавар гэх зүйлсийг би бусдаас ямар нэгэн төлбөр төлж худалдан авсан зүйл байхгүй. Би ганцаараа байхдаа нэг удаа хэрэглэж үзсэн. Уг зүйлээс өөр ямар нэг хүнд өгсөн, зарсан, борлуулсан зүйл огт байхгүй. Манай эхнэр энэ талаар огт мэдээгүй байсан. Би ийм зүйл хийсэн явдалдаа маш ихээр харамсаж байна. Би одоо гурвын гурван нялх хүүхдээ тэжээх гээд амьдарч байна. Үйлдсэн хэргийнхээ хор, уршгийн талаар маш сайн ойлгосон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Сүхбаатар дүүргийн 15-р хороо 23-256 тоотод нэгжлэг хийхийн өмнө гэрийн эзэн О.Баас Танай гэрт нэгжлэг хийх гэж байна. Та гэртээ мансууруулах бодис хадгалж байна уу? Хэрэв хадгалж байгаа бол сайн дураараа гаргаж өгнө үү гэхэд ...өвс, шавар хадгалж байна гэж хэлээд сайн дураараа гаргаж ...80.1 грамм жинтэй бор хуванцар савтай ургамал, 139.8 грамм жинтэй хуванцар савтай ургамал мэт зүйл, картон хайрцганд дугуй хэлбэрийн хүрэн бор өнгийн шавар мэт зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авав...” /хх-ийн 3-6 дугаар хуудас/,
Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэлд “...О.Бд ...дээрх 10 төрлийн мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилсан байдлаар тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодисуудыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав...” гэжээ /хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...нэгжлэгээр хураан авсан цэврээр 0.2211 грамм жинтэй “Шавар” гэх нэршилтэй мансууруулах бодис цэврээр 56 грамм жинтэй хүрэн өнгийн хуванцар савтай ургамал мэт зүйл, цэврээр 114 грамм жинтэй хуванцар савтай ургамал мэт зүйл зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1783 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1788 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шинжилгээнд ирүүлсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно.
Шүүх сэтгэц эмгэг судлалын №338 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:
Шүүгдэгч О.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/, О.Бы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 65-69 дүгээр хуудас/, гэрч А.Батчимэгийн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний №795 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-76 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Прокуророос О.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 170 грамм жинтэй ургамал мэт, мөн 0.2211 грамм жинтэй “шавар” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тус тус худалдаалах зорилгогүйгээр 2020 оны 01 дүгээр сард оршин суух гэрийнхээ ойролцоо байх Дамбадаржаагийн гүүрний доороос хууль бусаар олж авсан үйлдлийг шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээс өөр баримтаар тогтоогоогүй байх тул уг үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “...шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийг сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан үйлдлийг зөвхөн түүний мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэх үндэслэлгүй тул тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч О.Б нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан делта 9 тетрагидроканнабинолын агууламжтай нийт 170 грамм жинтэй ургамал мэт, мөн 0.2211 грамм жинтэй “шавар” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тус тус худалдаалах зорилгогүйгээр 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Дамбадаржаагийн 23 дугаар гудамж 256 тоот гэртээ хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, О.Бы биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1788 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1783 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн гэрээс хураагдсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсныг дээрх нотлох баримтуудаар нотолсон байх тул О.Бы үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч О.Быг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч О.Быг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүйгээс гадна түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал /үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, мөрдөн шалгах ажиллагаанд сайн дураараа дэмжлэг үзүүлсэн, бага насны олон хүүхэдтэй/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж шүүх үзлээ.
Шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авахаар шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 170 грамм жинтэй ургамал мэт, мөн 0.1873 грамм жинтэй “шавар” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, сэтгэцэд нөлөөт бодисын хор аюулыг ухамсарлаагүй, нийгэмд биеэ зөв авч явах, зөв амьдрах зан төлөвшил дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Прокуророос О.Бд холбогдуулан хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Ог хориглосон сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Бд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Шүүгдэгч О.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 170 грамм жинтэй ургамал мэт, мөн 0.1873 грамм жинтэй “шавар” мэт мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд зэргийг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДУЛАМСҮРЭН