Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 522

 

2020         05         29                                  2020/ШЦТ/522      

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч Э.У (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Уг холбогдох эрүүгийн 2009001080649 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүрэг 40 дүгээр хороо, Баянхошуу 29 дүгээр гудамж 75 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 62-79 УНӨ улсын дугаартай тоёота приус 10 маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Д.Мөнхцэцэгийн гээгдэл эд хөрөнгө болох гар утас, ээмэг, бэлэн 315.000 төгрөг эд зүйлсийг завшиж 1.142.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.У мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 2009001080649 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Э.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 дугаар сарын 12 дугаар сарын 23-ны өдөр 6279 УНӨ улсын дугаартай, ногоон өнгөтэй приүс 10 машинтайгаа таксинд явж байсан. Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урдаас 50 орчим настай эмэгтэй хүн авсан. Тэр эмэгтэй нэг их хол явалгүй буусан. Миний машинаас буухдаа арын сандал дээр хар өнгийн цүнхтэй эд зүйлээ үлдээсэн. Би тэр эмэгтэйг цүнхээ үлдээснийг Баянбүрдийн тойрог өгсөж явахдаа мэдсэн. Би тэр эмэгтэйгийн цүнхэн доторхыг үзэхэд дотор нь бэлэн 315.000 төгрөг, Samsung note 8 гар утас, шар өнгийн цагирган бөгж, Д.Мөнхцэцэг гэж хүний иргэний үнэмлэх, бусад бичиг баримт, энгийн цагирган ээмэг байсан. Би гар утсыг нь фэйсбүүкт зар тавьж байгаад 290.000 төгрөгөөр танихгүй хүнд худалдсан. Бусад эд зүйлийг гэртээ аваачиж үлдээсэн. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн хуудас/,

 

Хохирогч Д.Мөнхцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагийн үед Монгол Улсын их сургуулийн хичээлийн 2 дугаар байрны урдаас марк, дугаар тодорхойгүй машинд суугаад буухдаа өөрийн гар утас, цүнхээ мартаж буусан. Эхлээд миний гар утсыг дараа нь цүнхтэй эд зүйлсийг олж өгсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.Бат-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2020 оны 01 дүгээр сарын дундуур одоо ашиглаж байгаа 3557310937255878 imei дугаартай гар утсыг Фэйсебүүкээр зар тавьж байгаад 290000 төгрөгөөр худалдаж авсан. Худалдаж авсан фэйсебүүк хаягийг санахгүй байна. Утаснаасаа хайлт хийсэн боловч надад утсаа зарсан хүн хаягаа устгасан байж магадгүй, надад харагдахгүй байна. Би өөрийн Хас банкны 5002901617 дугаартай данснаасаа Уламбаяр нэртэй 5015288869 дугаарын данс руу мөнгийг нь шилжүүлж 11 дүгээр хороололд уулзаж гар утсыг худалдаж авч байсан. Тэр залууг одоо харвал танина...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Бат-Амгалан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний гар утас худалдаж авсан 290.000 төгрөгийг төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 дугаар хуудас/,

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Samsung Note 8 маркийн гар утас, алмаазан шигтгээтэй бөгж зэрэг эд зүйл болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 827.000 /найман зуун хорин долоон мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

 

Э.Уын “Хаан” банкны депозит дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

 

Ч.Бат-Амгалангийн “Хас” банкны дансны хуулга /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Эд зүйл хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 29, 45 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...355731093725878 imei дугаартай Samsung note 8 гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 46 дугаар хуудас/,

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “...20.000 төгрөг *15 ширхэг, 10.000 төгрөг* 1 ширхэг, 5000 төгрөг*1 ширхэг нийт 315.000 төгрөг, хар өнгий цүнх 1 ширхэг, шар өнгийн метал бөгж 1 ширхэг, шар өнгийн метал ээмэг 1 хос, сувдан бугуйвч 1 ширхэг 1 доллар 1 ширхэг, хар өнгийн гоо сайхны жижиг цүнх 1 ширхэг зэргийг хүлээлгэн өгөв...” гэжээ /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Э.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31 дүгээр хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.У нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 62-79 УНӨ улсын дугаартай “Тоёота приус 10” маркийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн Д.Мөнхцэцэгийн тухайн автомашинд мартаж буусан гээгдэл эд хөрөнгө болох гар утас, ээмэг, бэлэн 315.000 төгрөг эд зүйлсийг завшиж 1.142.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Мөнхцэцэгийн мэдүүлэг, гэрч Ч.Бат-Амгалангийн мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.У нь бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр авч, хувьдаа завшсан болох нь нотлогдсон байх ба түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Э.Уыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Д.Мөнхцэцэгээс “...эд зүйлээ бүрэн бүтэн буцааж авсан тул ямар нэг гомдол саналгүй...” гэсэн хүсэлтээ /хх-ийн 55/ илэрхийлсэн, энэ талаар баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Э.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо буцаан  төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Э.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Э.У  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1,4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                   ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Э.Уг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ДУЛАМСҮРЭН