Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 534

 

 

 

 

2020          06            03                                 2020/ШЦТ/534   

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ш.Хосбаяр,  

Шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Од холбогдох эрүүгийн 1909040250381 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1962 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Хандгайтын 6 дугаар гудамжны 689 тоотод оршин суух, урьд:

 

Сүхбаатар дүүргийн районы ардын эрүүгийн шүүхийн 1985 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №357 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169-р зүйлийн “б” ангид заасныг баримтлан нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №287 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Холливүүд /Hollywood/ баарны гадаа Г.Мөнхбаттай маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909040250381 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Дашчойлин хийдийн зүүн талаар явган хүний зам дээр хойшоо тамхи татангаа алхаад явж байсан. Ард явж байсан нэг залуу “хөөе пиздаа минь наад тамхины үнс утаа чинь хойшоо шаагаад байна” гэсэн. Би эргээд хартал эхнэртэйгээ явж байгаа бололтой нэг залуу байсан. Би “чи тэгээд хажуугаар зөрөөд яв л даа” гэсэн. Тэгсэн чинь “чи яасан сүртэй хулгайч бэ” гэсэн. Тэгэхээр нь би “чи ч гэсэн яасан сүртэй юм бэ, ямаан омогтой юм бэ” гэсэн. Бид хоёр маргалдаад бие биенээ заамдаж аваад зууралдаад хажуу талын хашаа руу зууралдсан чигээрээ ороод тэнд ноцолдоод харилцан бие биенээ цохиод тэгээд тэр залуу намайг боож газар унагаад миний толгой хэсгээр газарт хавсарч мөргүүлсэн. Тэнд байсан хэдэн хүмүүс ирээд бид хоёрыг салгасан. Тэр хооронд цагдаа нар ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8, 39-40 дүгээр хуудас/,

 

Хохирогч Г.Мөнхбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг өнгөрч байхад ажлын хамтрагч буюу найз Нямсүрэнгийн хамт “Автоплаза” орох гээд машинаа Гаалийн ерөнхий газрын хажууд байдаг автомашины зогсоол дээр тавьчихаад явган хүний замаар алхаад явж байхад урд нэг биеэрхүү ах алхаж явж байсан. Бид хоёр хажуугаар нь зөрөөд гарах үед бид хоёрыг хараагүй тамхи татаад явж байсан тамхины үнсээ үлээсэн. Миний нүүр ам руу орчихоор нь тэр ахад зүгээр шаардлага тавиад “ахаа таны тамхины үнс арай байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгтэл эргэж хараад нөгөө ах “тэгээд зайлаач” гээд хараагаад байсан. Тэгээд зүүн гараараа миний нүүр хэсэг буюу баруун нүдэн дээр нэг удаа цохисон. Шууд над руу дайраад бид хоёр хоорондоо барилцаад авсан. Тэр ахыг цохиод байхаар нь болиулах гээд оролдоод дийлээгүй. Арай гэж зогсоож бие биеэ заамдалцаад авсан. Би найздаа “гялс цагдаа дуудаарай” гэж хэлсэн. Бид хоёр цагдаа иртэл бие биеэ заамдсан хэвээрээ байсан. Тэр ах яг ямар бүлгэмийн мэдэхгүй байна бүлгэмийн гишүүн Чойгоо гэсэн үү Чойдогоо гэсэн үү би насаараа шоронгоор явсан хүн наранд гараад удаагүй байна, чамайг монгол гишгүүлэхгүй гэж заналхийлсэн. Би тэр ахад гар хүрээгүй цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цохиод дайраад байхаар нь зогсоох гэж зууралдаж заамдалцсан. Өөр зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23 дугаар хуудас/,

 

Гэрч О.Нямсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн өдөр найз Мөнхбаттай зээлийн судалгаа хийхээр “Автоплаза” төв рүү явж байсан. Гаалийн ерөнхий газрын хажуу талын автомашины зогсоол дээр машинаа тавьсан. Хойшоо явган хүний замаар алхаад явж байхад бид хоёрын урд талд нэг махлаг 40-50 орчим насны том биетэй ах тамхи татаад явж байсан. Тэгээд хажуугаар зөрөх үед тэр ахын тамхины үнс нь хийсээд нүүр амруу ороод ирсэн. Найз Мөнхбат “ахаа та наад тамхиныхаа үнсийг” гээд хэлэхэд “юу гээд байна” гээд эргэж хараад уурлаад үгийн зөрүүгүй Мөнхбатын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Зууралдаад Холливүүд гэх нэртэй баарны хашаа руу ороод хэд хэдэн удаа гараараа Мөнхбатын нүүр хэсэгт цохисон. Машины араар ороод зугтааж байгаад тэр хоёр байрцалдаж аваад манай найз Мөнхбат нь надад хандан “цагдаа дууд” гэсэн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13176 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Г.Мөнхбатын биед баруун зовхи, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.   
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Д.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 58 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 17 цаг 40 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Холливүүд /Hollywood/ баарны гадаа Г.Мөнхбатыг “ахаа таны тамхины үнс арай байна шүү дээ” гэж хэлснээс болж хоорондоо маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “баруун зовхи, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Г.Мөнхбатын “...“ахаа таны тамхины үнс арай байна шүү дээ” гэж хэлсэн...зүүн гараараа миний нүүр хэсэг буюу баруун нүдэн дээр нэг удаа цохисон. Шууд над руу дайраад бид хоёр хоорондоо барилцаад авсан. Тэр ахыг цохиод байхаар нь болиулах гээд оролдоод дийлээгүй...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч О.Нямсүрэнгийн “...Найз Мөнхбат “ахаа та наад тамхиныхаа үнсийг” гээд хэлэхэд “юу гээд байна” гээд эргэж хараад уурлаад үгийн зөрүүгүй Мөнхбатын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохисон. Зууралдаад Холливүүд гэх нэртэй баарны хашаа руу ороод хэд хэдэн удаа гараараа Мөнхбатын нүүр хэсэгт цохисон...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч Д.Оын “...Бид хоёр маргалдаад бие биенээ заамдаж аваад зууралдаад хажуу талын хашаа руу зууралдсан чигээрээ ороод тэнд ноцолдоод харилцан бие биенээ цохиод...” гэсэн мэдүүлэг,

 

Г.Мөнхбатын биед хөнгөн гэмтэл учирсан талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13176 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.О, хохирогч Г.Мөнхбат нараас хоорондоо зүй зохисгүй харилцаж, шүүгдэгчээс хохирогчийн биед хүч хэрэглэсэн үйл явдал, хэргийн нөхцөл байдлыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Оын үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүгдэгч Д.О нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож хохирогчийг цохих үед эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас Г.Мөнхбатын биед хөнгөн гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхэд хохирогч Г.Мөнхбатаас “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Д.Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН