Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 535

 

 

 

 

2020         06          04                                  2020/ШЦТ/535     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч Ч.Батбаатар,  

Хохирогч Д.Эрдэнэбат,

Шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч В.Оюун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Од холбогдох эрүүгийн 2003002380144 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1997 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Унгар улсад төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Хууль зүйн үндэсний хүрээлэнд жолооч ажилтай, ам бүл 5, эмэг эх, эх, 2 ахын хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Дүүрэг 9-368б тоотод оршин суух,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 47 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Цэцээ гүн” сургуулийн зүүн талын замд “Вольксваген” маркийн 93-75 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Эрдэнэбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Иргэний хариуцагч В.Оюун-Эрдэнэтэй ашиг сонирхлын зөрчилгүй, өмгөөлөгчөөр оролцуулахад татгалзах зүйлгүй..” гэв.

 

Иргэний хариуцагч В.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.

 

Хохирогч Б.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр би баруунаас зүүн чиглэлтэй явган хүний гарцаар гарч замын голд ирэхэд Оргилын машинд мөргүүлсэн. Үүний улмаас би ухаан алдаж, гэмтлийн эмнэлэгт түрдэг орон дээр явж байхад ухаан орсон. Үүний улмаас цээж гэмтэлтэй, хөлний баруун талын тохой, зүүн гарын бугалга зэрэгт гэмтэл учирсан. Одоо хөл бороолж эдгэж байна. Тухайн үед 2.490.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Үүнээс шүүгдэгч Оргил нь 470.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн 2003002380144 дугаартай хэргээс:

 

Хохирогч Д.Эрдэнэбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 47 минутын үед би ажлаас гараад замын зүүн талд байх өөрийнхөө машин дээр очих гээд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Цэцээ гүн сургуулийн зүүн талын замын замынхаа баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гарч байтал гэнэт замын хойд талаас нэг машин гарч ирээд миний зүүн талаас мөргөснөөс болж би газар унаж хэсэг хугацаанд ухаан алдсан байсан. Нэг мэдсэн түргэний машин дотор явж байхдаа ухаан орсон. Тэгээд шууд гэмтлийн эмнэлэг орж биеэ үзүүлсэн. Тэгтэл миний баруун хөл хугарсан байна гээд намайг гэмтлийн эмнэлэгт хэвтүүлсэн. Би эрүүл мэнд болон сэтгэл санаагаараа хохирсон учраас гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тухайн өдөр би Хууль зүйн үндэсний хүрээлэн орохоор явж байсан. СУИС-ийн урд талын замаар хойноосоо урагшаа чиглэлтэй замынхаа 3-р эгнээгээр 20-30 км/цагийн хурдтай явж байгаад Цэцээ гүн сургуулийн зүүн хойд талын уулзвар дээр ирээд явган хүний гарцан дээгүүр явж байтал баруун гар талаас нэг хүн зогсож байсан машин дундаас гэнэт зам хөндлөн гарч ирэнгүүт нь тоормозоо гишгээд зогсох үед явган зорчигч миний машинд мөргүүлээд газар унаж байгаа харагдсан. Би машинаасаа гараад хартал тэр хүн миний машины баруун урд хаалганы хажууд зам дээр хэвтэж харагдахаар нь тэр хүн дээр очоод “ахаа таны бие яаж байна” гэж асуутал тэр хүн миний өөдөөс юм ярихгүй байсан. Би өөрийнхөө утсаар түргэн тусламж дуудаад тэр хүнийг газраас өргөж босгоод машиндаа суулгасан. Би одоогоор эмчилгээний зардалд 470.000 төгрөг төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-81 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5, 8-10 дугаар хуудас/,

 

Замын цагдаагийн газар, Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 6 дугаар хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...wolkswager маркийн 93-75 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Батзориг овогтой Оргилыг драйгер багаж ашиглан шалгахад 0,00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...”200300238” гэсэн бичигтэй 1 ширхэг цагаан өнгийн дискийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Хохирлын баримтууд /хх-ийн 23-29 дүгээр хуудас/,

 

Иргэний хариуцагч В.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Осол гарсан өдөр намайг ажил дээр байхад Оргил над руу утсаар хэлээд би няравтайгаа осол болсон газар очсон. Ослоос болж манай машинд ямар нэг эвдрэл учраагүй. Манай жолооч Оргил бусдад учруулсан хохирлоо өөрөө төлж барагдуулах болно. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3616 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Д.Эрдэнэбатын биед тархи доргилт, баруун хөлийн 5-р хуруунуудын өлмий ясны хугарал, баруун хацар, баруун шуу, цээжний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн сарвуу, баруун өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

 

Өвчний түүх /хх-ийн 50-56 дугаар хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв шинжээчийн №15389 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Volkswagen Santana маркын 93-75 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна.
  2. Урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 14.0 мм, баруун урд крыло доод хэсэгтээ бага зэрэг хонхойсон, урд дохионы гэрэл баруун, зүүн тал асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
  3. Урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан байгаа эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлсөн байх боломжтой байна.
  4. Урд тэнхлэгийн тохиргоо алдагдсан байгаа нь осолд жолоодлого алдагдах байдлаар нөлөөлсөн байх боломжтой. Хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.
  5. Тоормосний систем нь шингэн дамжуулгатай ABS тоормосны системтэй.
  6. Уг тээврийн хэрэгслийн тоормосны системийн ажиллагаа хэвийн стандартын шаардлага хангаж байна...” гэжээ /хх-ийн 60-63 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн алба, Замын цагдаагийн газар шинжээчийн №192 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Вольксваген-Сантана маркийн 96-75 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван зургаа дугаар бүлэг, Явган хүний гарц нэвтрэх, 16.1 дэх заалт /Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө/ зөрчсөн байх үндэслэлтэй байна. Мөн Баянгол техник хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №15389 дугаартай дүгнэлтээр “Урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан байгаа эвдрэл гэмтэл нь осолд нөлөөлсөн байх боломжтой гэсэн байх тул мөн дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4 дэх заалт Жолооч дараахь үүргийг хүлээлнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос /чиргүүлтэй үед/ эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно/ гэснийг зөрчсөн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсон үндэслэлтэй байна.
  2. Явган зорчигч Д.Эрдэнэбат нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
  3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг тэмдэглэгээний байдал замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл нь уг осол гарахад нөлөөлөөгүй байна.
  4. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна...” гэжээ /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

 

Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 90 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 92 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 94 дүгээр хуудас/, болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүдэгчийн хувийн байдалтай холбоотой 11 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 47 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Цэцээ гүн” сургуулийн зүүн талын замд “Вольксваген” маркийн 93-75 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Д.Эрдэнэбатыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

  - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

              - Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

 

              - Хохирогч Д.Эрдэнэбатын мэдүүлэг,

             

              - Түргэн тусламжийн дуудлагын хуудас,

             

  -Иргэний хариуцагч В.Оюун-Эрдэний мэдүүлэг,

             

              -Шүүгдэгч Б.Оын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг,

 

              -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №3616 дугаартай дүгнэлт /Д.Эрдэнэбатын биед шинжилгээ хийсэн талаар/,

 

              -Тээврийн цагдаагийн албаны №192 дугаартай шинжээчийн дүгнэлт,

 

- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв шинжээчийн №15389 дугаартай дүгнэлт,

 

  - Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол,

 

  - Ослын талаарх бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл

 

- Д.Эрдэнэбатын өвчний түүх зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

  Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон камерын бичлэгт тус тус тусгагдаж, Б.О “Volkswagen Santana” маркийн 93-75 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган зорчигч Д.Эрдэнэбатыг мөргөж гэмтээсэн болохыг хохирогч, шүүгдэгч нараас тодорхой мэдүүлж, жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт болон бусад баримтуудаар, хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Б.Оын үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.О нь “Вольксваген” маркийн 93-75 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эвдрэл гэмтэлтэй, бүрэн бүтэн байдал нь хангагдаагүй байхад тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Д.Эрдэнэбатыг мөргөж Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг гэмтээсэн үйлдэл нь нотлогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Оыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүх шүүгдэгчийг гэм буруутайг тогтоож, хохирогч Д.Эрдэнэбатаас гаргасан гэм хорын хохирлын баримтуудыг хангаж шүүгдэгчээс 2.100.274 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгчөөс хохирол төлөх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх хуралдааныг түр завсарлуулсан хугацаанд хохирогч Д.Эрдэнэбатад 2.111.000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Д.Эрдэнэбат нь “цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай” байдлаа илэрхийлсэн байх тул түүнийг цаашид гарах эмчилгээтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай Б.Ооос нэхэмжлэх эрхтэйг дурьдлаа.  

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Оыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн нэхэмжлэлийн дагуу учруулсан хохирлоо төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

            Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Б.Ооос замын хөдөлгөөнд хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

        

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ог Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН