Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 17

 

       Д.Б, П.Э нарт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            прокурор Д.Туяа,

            нарийн бичгийн дарга И.Буманбаяр нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базархандын гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 917 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 40 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн Д.Б, П.Э нарт холбогдох 2014260002454 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн Д-ийн Б, 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт .......... дүүргийн 16 дугаар хороо, ........... 5-98 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: УХ........./;

2. Б овгийн П-ийн Э, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт .......... дүүргийн 22 дугаар хороо, .............. 37 дугаар гудамж 654 тоотод оршин суудаг,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, /РД: ЧД........./;

Ч.Б нь 2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 13 дугаар гудамжид байсан иргэн Г.Л-н эзэмшлийн 89-31 УБӨ улсын дугаартай, “Хьюндай аксент” загварын тээврийн хэрэгслийн арын хаалганы жижиг гурвалжин шилийг хагалж, дотроос нь орос хромон гутал, хүрэм, “МП” тоглуулагч зэрэг эд зүйлийг хулгайлж, 340.000 төгрөгийн хохирол, автомашины хаалганы жижиг гурвалжин шилийг хагалж, 30.000 төгрөгийн гэм хор учруулсан,

2016 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжид зогсож байсан иргэн О.Б-ний эзэмшлийн 27-86 УНЛ улсын дугаартай, “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн арын хаалганы жижиг шилийг хагалж, дотроос нь футболк 14 ширхэг, өмд 4 ширхэг, амортизатор, гоо сайхны хэрэгсэл, масло, цамц зэрэг эд зүйл хулгайлж, 876.000 төгрөгийн хохирол, автомашины хаалганы жижиг шилийг хагалж, 30.000 төгрөгийн гэм хор учруулсан,

Давтан үйлдлээр П.Э-тай бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5-347 тоот хашааны гадна зогсож байсан иргэн Ж.Т-н 29-86 УБЕ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн арын хаалганы салхины шилийг хагалж, “Цахиур” ХХК-ийн 80 блок “Вест” тамхийг хулгайлж, 1.440.000 төгрөгийн хохирол, автомашины арын хаалганы салхины шилийг хагалж 50.000 төгрөгийн гэм хор учруулж, бусдад нийт 2.646.000 төгрөгийн хохирол, 110.000 төгрөгийн гэм хор учруулсан,

П.Э нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 9-229 тоотод оршин суух иргэн З.Х-н гэрийн хаалганы цоожийг эвдэн орж “Торов Чомбо” судар, “Манал” бурхан, “ДВД” тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлж, 7.470.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр 2016 оны 9 дүгээр сарын 30-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х М” хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэн орж, хүнсний бараа болон архи, тамхи зэрэг эд зүйл хулгайлж, бусдад 1.327.000 төгрөгийн хохирол учруулсан,

Давтан үйлдлээр Д.Б-той бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 3-ны шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 5-347 тоот хашааны гадна зогсож байсан иргэн Ж.Т-ийн 29-86 УБЕ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийн арын хаалганы салхины шилийг хагалж, “Ц” ХХК-ийн 80 блок “Вест” тамхийг хулгайлж, 1.440.000 төгрөгийн хохирол, автомашины арын хаалганы салхины шилийг хагалж 50.000 төгрөгийн гэм хор учруулж, бусдад нийт 10.237.000 төгрөгийн хохирол, 50.000 төгрөгийн гэм хор учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Б, П.Э нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2017 оны 11 сарын 10-ны өдрийн 2151 дугаар яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Д.Б-ийн үйлдсэн гэх 3 удаагийн хулгайн үйлдэл нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалах газарт эхэлж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалах газарт төгссөн, яллагдагч П.Э-ны үйлдсэн гэх 3 удаагийн хулгайн үйлдэл нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт харьяалах газарт эхэлж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт харьяалах газарт төгссөн гэж дурдагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт тус тус зааснаар "Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ", "Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт" үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ" гэж хуульчлан тогтоосон.

Уг хэрэгт Нийслэлийн Цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт "Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтооно" гэж заасны дагуу хэрэгт хяналт тавьсан прокурор эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг тогтоолголгүйгээр шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх үндэслэлээр Д.Б, П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн харьяалал тогтоолгохоор Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Дүүргийн прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “…Д.Б, П.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хүлээн аваад 917 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаажээ.

1. Шүүгчийн захирамжид хэрэгт хяналт тавьсан прокурор эрүүгийн хэргийн харьяаллыг тогтоолголгүйгээр шүүхэд ирүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт "...прокурорын саналыг үндэслэн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн шүүгч өөрчлөн тогтоож болно" гэсэн нь прокурор шүүхийн харьяаллыг заавал тогтоолгох гэсэн ойлголт биш бөгөөд нэгэнт шүүхэд шилжүүлсэн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ" гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 6,7 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийн шийдвэрээр хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэхээр хуульчилсан гэж ойлгогдож байна. Иймд шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргах нь хуульд нийцнэ гэж үзэж байна.

2. Шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн болон шүүгчийн захирамжид гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй гэж заасан нь буруу байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.  Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх эсхүл хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх гэж заажээ.

Шүүгч нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн аваад дээрх 4 шийдвэрийн аль нэгийг гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, 33.3 хэргийг прокурорт буцаах, 33.4 хэргийг түдгэлзүүлэх гэсэн зүйлүүдэд заасан журмын дагуу шийдвэрээ гаргахаар хуульчилсан байна.

Шүүгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах бол мөн хуулийн 33.3 дугаар зүйлд заасан "...хэргийг буруу тусгаарласан бол, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол..." гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаахаар заасан, өөрөөр хэлбэл "хэрэгт шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоолгох"-оор буцаах зохицуулалт байхгүй байна.

            Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй" гэж заажээ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 917 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

Прокурор Д.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасны дагуу хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэх боломжтой байсан. Хэргийг прокурорт буцаах хуулийн заалтыг баримталж, хэргийг буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна...” гэв.

                                                                   ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх, прокурор хянан шийдвэрлэж байгаа хэрэг нь харьяаллын бус болохыг тогтоовол харьяалах хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, шүүхэд шилжүүлнэ.” гэж, мөн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ.” гэж тус тус заажээ.

Анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 917 дугаар шүүгчийн захирамжаар Д.Б, П.Э нарт холбогдох хэргийг харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцаасан байна.

Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад шүүх хэргийн харьяалал зөрчсөн гэж үзвэл харьяалах шүүхэд шилжүүлэхээр хуульчилсан байхад анхан шатны шүүх уг хуулийн зохицуулалтыг харгалзан үзэлгүйгээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй болжээ.

Иймд Дүүргийн Ерөнхий прокурор Ц.Батболдын бичсэн 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд давж заалдах шатны шүүхэд “хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх” эрх олгогдоогүй, өөрөөр хэлбэл энэ талаарх хуулийн зохицуулалт байхгүйг дурдах нь зүйтэй.