Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 49

 

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, шүүгч Ж.Оюунчимэг, Ц.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, иргэдийн төлөөлөгч С.Сүрэнхүү, нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны  танхимд  нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо” ТББ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын  хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаагийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                Б.Саранчимэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                          Ц.Баасандорж,

Хариуцагч                                                                     П.Болормаа,

Хариуцагчийн өмгөөлөгч                                             Ё. Ринзаан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саранчимэг, өмгөөлөгч Ц.Баасандорж нар шаардлагын талаар тайлбарлахдаа: Таримал ургамлын үр сортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т зааснаар таримал ургамлын үр сортын чанарт тавих улсын хяналтыг үрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ гэснийг зөрчин хорио цээрийн улсын байцаагч болох П.Болормаа өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн байна. Засгийн газрын 2003 оны 37 дугаар тогтоолоор улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрмийг баталсан байна.Таримал ургамлын улсын байцаагч, хорио цээрийн хяналтын улсын байцаагч нь тус тусдаа чиг үүрэгтэй байдаг. Улсын хорио цээрийн байцаагч нь зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, ургамлын хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байдаг.Гэтэл Засгийн газрын 37 дугаар тогтоолд заасан үрийн улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа.

П.Болормаа байцаагч нь дүгнэлт гаргахдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг зөрчсөн. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий байгууллагын албан тушаалтаны баталсан удирдамжийн дагуу хийж гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Гэтэл Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Болормаа нь ямар ч удирдамжгүйгээр дур мэдэн уг дүгнэлтийг гаргаж хуулийг зөрчсөн. П.Болормаа байцаагч нь удирдамжгүй гаргаж байгаа тайлбараа өдөр тутмын хяналт шалгалтыг удирдамжгүй хийнэ гэж тайлбарладаг. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т  хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд буюу шууд бусаар ноцтой аюул болон их хэмжээний хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нөхцөл байдал үүссэн тохиолдолд хяналт шалгалтыг мэргэжлийн хяналтын болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр энэ хуулийн 5.2-т заасан удирдамжгүйгээр хийж болно гэж заасан. Өөрөөр хэлбэл 5 дугаар зүйлийн 5.3-т  удирдамжгүй явуулах заалтыг оруулсан. Үүнээс бусад тохиолдолд 5 дугаар зүйлийн 5.2-т заасны дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг заавал удирдамжийн дагуу явуулна гэж заасан. Уг хяналт шалгалт ямар ч удирдамжгүй хийснээрээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10-т хяналт шалгалт хийж байгаа байцаагч хууль тогтоомжийг чанд сахиж мөрдөнө гэсэн заалт зөрчигдөж байна. П.Болормаа байцаагч хариу тайлбар ирүүлэхдээ “Нямбайгальдаваа” ХХК -ийн хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэсэн гэж тайлбар хүргүүлдэг. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.2-т энэ хуулийн 52.1-д зааснаар төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу хийж гүйцэтгэнэ гэж хуульд заасан байдаг. Өөрийнх нь гаргаж өгч байгаа тайлбар нь аж ахуй нэгжийн хүсэлтийн дагуу уг шалгалтыг хийсэн юм гэж байгаа. Өөрөөр хэлбэл 52.2-т заасан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52.1-д заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалт орж байгаа уг хяналт шалгалтыг 5.2-т заасны дагуу удирдамжтай гүйцэтгэх хяналт шалгалт гэж ойлгож болохоор байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1-д удирдамжийн дугаарыг бичнэ гэж заасан. Уг мэргэжлийн хяналтын байцаагчийн акт удирдамжийн дугааргүй байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7, 10.9.10-г зөрчсөн гэж үзэж байна.  5.7-д хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасны дагуу үндэслэнэ гэсэн байдаг.

 П.Болормаа байцаагчийн гаргаж байгаа акт маань өөрөө ойлгомжгүй акт.Энэ нь хог ургамлын хэмжээ  20, 30, 10 гэж тоо тавьсан байдаг. Монгол Улсад хорио цээртэй юм уу, хорио цээргүй юм уу, ямар хог ургамал байгаа гэдгийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар өгсөн.  Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтэнд заасан нэршил бичигдээгүй. Хавтас хэрэгт авагдсан лабораторын дүгнэлтээр энэ нэршлүүд бүгд бичигдсэн байдаг. Гэтэл энэ хог ургамлын хэмжээн дээр ямар хог ургамал байгаа нь ойлгомжгүй актыг ойлгоход төвөгтэй нөхцөл байдал үүсэж байна.  Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. 6.1-д хорио цээрийн улсын хяналт, шалгалт нь хилийн боомт, гүний гаалиар нэвтрүүлж буй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн хяналт, шалгалтыг хийж, зөрчилтэй болон эрсдэлтэй зүйлийг улсын хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чиг үүрэгтэй. Монгол Улсын стандарт Сортын болон үрийн чанар Ерөнхий шаардлага 0246:2010  стандартын 6.1-д Монгол улсад орж ирж байгаа үрийн будааг нэг, хоёр, гуравдугаар сорт гэж гурав ангилсан. Мөн хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/90 дүгээр тушаал дээр Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад болон дотоод хорио цээртэй хог ургамлын жагсаалтыг баталсан. Үүнд хонгио хошуу будаа, татар сагаг, чөдөр тарна гээд хавсралтанд нь орсон. А/90 дүгээр тушаалын дагуу дээрх урт нэртэй хуульд заасны дагуу улсын хилээр нэвтрүүлж таслан зогсоох үүрэгтэй П.Болормаа байцаагч маань улсын хилээр нэвтрүүлэх акт гаргасан нь өөрөө дээрх хуулийн 6.1-г зөрчиж байна.

 1 килограммд ногдож байгаа хог ургамалын хэмжээгээрээ гурав хувааж байгаа. 1 килограммд ногдох хог ургамалын хэмжээ 0-5 хүртэл байвал нэгдүгээр сорт, 5-20 хүртэл байвал 2 дугаар сорт, 20-70 хүртэл байвал гуравдугаар сортын ангилалд хамаарч байна. Гэтэл П.Болормаа байцаагч дүгнэлтэн дээр хог ургамалын хэмжээ 30, 30 гэж хоёр удаа гарчихаад байхад 3 дугаар ангилалын үрийн будаа гэдэг нь тодорхой болчихоод байхад зориуд Монгол Улсын стандартыг зөрчиж өөрийнх нь дүгнэлт дээр хоёрдугаар ангилалын будаа гэж бичиж үрийн будаа болгосон байгаа. Энэ ангилалаар будааны үнэ, чанар тодорхойлогддог. Гэтэл хоёрдугаар ангилалын будаа  маань 5-20 хэмжээний хог ургамал байдаг ба 30 гэж тодорхойлоод гуравдугаар ангилалын будаанд хамаарч байхад 2 дугаар ангилал гэж бичиж дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй акт байна. Уг будааг тариалснаар тухайн жилдээ ургац алдах, Монгол Улсын хөрс бохирдох, хөрс хог ургамалын өвчнөөр өвчлөх ийм ноцтой үр дагаварууд үүсдэг. Захиргааны хэргийн шүүхэд анх удаагаа ирж байгаа маргаан. Үүнийг таслан зогсоосноор Монгол Улсын тухайн аж ахуйн нэгжүүдийн зах зээлийн үнэ, чанарт нь нийцсэн үнэ төлж будаа авах нөхцөл нь бүрдэж байна. Гэтэл “Нямбайгаль даваа” ХХК нь энэ дүгнэлтийг бариад Монгол Улсад хаана ч байхгүй өндөр үнээр худалдаалан борлуулж маш богино хугацаанд ашиг олох нь тухайн компанийн эрх үүрэг боловч төрийн байгууллага энд нь оролцож будааны ангилалыг дээшлүүлж худалдан борлуулах нөхцлийг бүрдүүлж асар олон компанид хохирол учир ч хор уршиг болж байгаа. Хэрвээ үүнийг Монгол улсын стандартад заасны дагуу гуравдугаар ангилал гэж гаргасан байсан бол өнөөдөр энэ будааг өндөр үнээр худалдаалах боломжгүй, үрийн будаанд Монгол Улсад оруулж ирэхгүй байх байсан. Тийм учраас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормаагийн дүгнэлт асар өндөр үр дагавартай. Муу будаагаа сайн болгож дээшлүүлж хэдэн тэр бум төгрөгийн ашгийг маш богинохон хугацаанд олсон. Дээрээс нь тариаланчид хохирдог. Манай улс нь үеийн үед үрийн будааны хомсдолтой гэдэг байдлаар гаднаас товарын будааг үрийн будаа гэдэг байдлаа оруулж ирдгийг таслан зогсоохоор бид нэхэмжлэл гаргасан. Үрийн будааны ангиллаас болж үнэ нь өөр өөр байдаг. Улсын байцаагч нар нь будааны ангиллыг дээшлүүлж, хууль зөрчсөн дүгнэлт гаргадаг энэ байдлыг таслан зогсоох шаардлагатай, Актыг шийдвэрлэсний дараа бид хохирлоо тооцож нэхэмжлэх болно. Иймд Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон мэргэжлийн хяналтын сайдын тушаал, Монгол улсын стандартыг зөрчсөн уг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч П.Болормаагийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч П.Болормаа , түүний өмгөөлөгч Ё.Ринзаан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд  Монгол улс тариалах үргүй болж 4-н аж ахуйн нэгж байгууллагууд гадаадаас үр авах зөвшөөрөл хүсч  3598 тн будаа оруулж ирсэн юм билээ. Эдгээр будаанд 7 байцаагч шинжилгээ хийж дүгнэлт гаргасан бөгөөд бүгдээрээ 2 дугаар зэрэглэлийн будаа гэж уг дүгнэлт дээрээ зааж өгсөн байдаг. Эхний 6 вагон будааг Болормаа хариуцаж дүгнэлт гаргасан бөгөөд бусад будааг нь өөр байцаагч нар шалгасан. Энэ будаа орж ирэхдээ гүний гаалиар орж ирсэн ба Гүний гааль нь Дархан вокзал, Хөтөл, Зүүнхараа, Баруунхараа гэх мэт зогсоолтой газруудад харъяалагдаж байгаа. “Нямбайгальдаваа” ХХК-ийн оруулж ирсэн будааг шинжлэх нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ургамал хорио цээрийн улсын байцаагч Болормаад дүгнэлт гаргах үүрэг ногдсон. Ганцхан П.Болормаа биш. Тасгийн ажилчид нь бүгд дүгнэлт гаргасан. 43 вагоны 6 вагон дээр нь дүгнэлт гаргасан. Хамгийн түрүүнд орсон 6 вагон дээр мэдээж гүний гаалийнхан, Мэргэжлийн хяналтын хорио цээр, оруулж ирж байгаа компани очсон. Бүтээгдэхүүнээс дээж авч шинжилгээнд өгсөн. 4 лаборатори дүгнэлт гаргасан. Лабораторын дүн үнэн зөв гарсан. Нэхэмжлэл гаргаж байгаа хуулийн этгээд 3 дугаар зэрэглэлийн үр байсаар байтал 2 дугаар ангилал болгосон гэж Болормаа байцаагчийг буруутгаж байгаа. Газар тариалан эрхлэгчдийн холбоо П.Болормаа байцаагчийг энэ үндэслэлээр Авилгатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаад хоёр сар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, гаалийн ерөнхий газар гээд бүтэн жил шалгуулсан. Болормаа нь эрүүгийн гэмт хэрэгтэн биш, аж ахуй нэгж байгууллагыг хохироосон нь тогтоогдоогүй.Үрийн будаа орж ирнэ гэж Мэргэжлийн хяналтын газар гүний гааль мэдэхгүй. Орж ирсэн будаа болон дагалдахыг нь харж байж шийднэ. Хорио цээрийн улсын байцаагч будаанд шууд очиж шалгалт хийж байгаа.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан удирдамж нь дотоодын хяналт шалгалт хийхэд хамааралтай, хилийн хяналт шалгалт нь өдөр тутмын байнгын байх тул удирдамжгүй явуулдаг журамтай. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 2003 оны Засгийн газрын 60 дугаар тогтоол, сайдын 330 дугаар  тушаал дээр байнгын хяналт шалгалтыг удирдамжгүй хийнэ гэж заагаад өгсөн байдаг. Бидэнд ямар дээж авах, үрийн ангилал зэрэг, генийг тодорхойлох хүртэл шинжилгээ хийх эрхтэй гэдгийг нэг бүрчлэн зааж өгсөн байдаг юм. Нийт 88 вагон дээр ажиллаж дүгнэлт гаргаж байсан. Эхний вагон нь хог ургамал ихтэй орж ирсэн боловч сүүлийн вагон үр нь хог ургамалгүй орж ирсэн байдаг. Эхний 5 вагон нь хог ургамал ихтэй байдаг сүүлийн вагонтой тариа нь хог ургамалгүй гарч ирсэн. Ингээд нийт үрийн будааны хог ургамлыг тооцож арифметик дунджаар бодож нийт үрийг 2 дугаар ангиллын үр байна гэж дүгнэлт гаргасан. Улсын байцаагчийн дүгнэлтэд хог ургамлын нэрийг бичих шаардлага байхгүй. Лабораторийн шинжилгээгээр хог ургамлын нэр тодорхоой гараад ирсэн болохоор дүгнэлтдээ 1 кг-д байх хог ургамлын тоо ширхэгийг бичсэн, нэрсийг дурьдаад байх шаардлагагүй, 6 вагоны дунджаар тооцсон, улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.

Энэ үрийг 147 аж ахуйн нэгж Монголын газар тариалан эрхлэгч нар авч тарьсан. Үүнээс ямар нэгэн гомдол гараагүй. Ган алдаагүй, өвчлөөгүй. Бүгд гурил болоод худалдаанд гараад дууссан. Аж ахуйн нэгжид үр ашгаа өгсөн. Бүгд ашигтай ажилласан. Ганцхан энэ жил орж ирж байгаа үр биш. 10 жил манайд орж ирж байгаа үр. Ургамал хорио цээрийн салбарт хамтран ажиллах гэрээг Монгол улсын засгийн газар Оросын холбооны улсын засгийн газрын 90 тоот хэлэлцээрээр баталсан байна. Өнөөдөр хүртэл уг хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж байна. 90 дүгээр тушаалаар стандартын дагуу Чөдөр тарна, татаар өвс гэдэг нь байж болохгүй гэж  заасан нь үнэн. Иймээс тариалалт явагдаагүй. Нямдаваабайгаль ХХК-д ийм юм илэрлээ шүү гэж 05 дугаар сарын 03-ны өдөр зөвлөмж өгөөд, 05 дугаар сарын 05-ны өдөр шаардах өгсөн байдаг. Тэрний дагуу цэвэрлэгээнүүд явагдсан. Стандарт дээр импортоор оруулах болон тариалах  гадаад болон дотоод хорио цээртэй ургамлын өвчин хог ургамалын үрээр бохирлогдсон байхыг ойлгоно гэсэн. Хэрвээ 40 вагон дотор тийм зүйл байвал өмгөөлөгчийн хэлдэгээр дүгнэлт гаргахгүй буцаана. Мэргэжлийн хяналтын газраас өөр итгэмжлэгдсэн лаборатори Монголд байхгүй. Нөгөө шалгасан байцаагч нар нь ч байсан. Тэд нар нь гэм буруугүй ганцхан П.Болормаа гэм буруутай болж байна. Хорио цээрийн улсын байцаагчийн ажлын байрны тодорхойлолтын 2.1-д заасан эрх үүргийг Болормаа байцаагч гүйцэтгэсэн юм. ОХУ болон Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон 30 нэр төрлийн ургамал байдаг бөгөөд уг хортон ургамлын үр илрээгүй учир үрийг буцаах арга хэмжээ авах үндэслэлгүй болсон. 2016 онд таригдсан тариалалт нь маш сайн ургац авсан. 2017 онд дахин энэ үрээр тариалалт хийсэн. Засгийн газар нь 800,000 төгрөгөөр үнэлж оруулж ирсэн боловч үрийг тариалалт эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зээлээр өгсөн, намар тарьсан будаанаас нь төлбөрийг нь авсан. Нэхэмжлэгч тал үрийн чанар муу гэх боловч 2016 онд хамгийн их будаа хурааж авсан байдаг. П.Болормаагийн дүгнэлт хүчингүй болсон асуудал байхгүй. Нэхэмжлэлийн шаардлага хангаж шийдлээ гэж бодъё. Манайх ямар буруутай юм бэ. Хохирол хэн үүсгэсэн юм бэ. Яаж хэн хохирчихоод байгаа юм бэ. Ямар хууль тогтоомж зөрчсөн юм бэ. 90 дүгээр тушаал хүчин төгөлдөр байгаа. Энэ үрийн буудайг худалдаж байгаа Оросын холбооны улсын шинжилгээ орж ирж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд гэм буруутай болох нь тогтоогдоогүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд “Нямбайгаль даваа” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баяраа шүүхэд ирүүлсэн тайлбартаа:- ...”Нямбайгаль даваа” ХХК нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны  харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сантай байгуулсан гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр сард ОХУ-аас “Алтайская жница” сортын үрийн буудайг оруулж ирсэн бөгөөд үүнтэй холбогдуулан гаргасан бусдын гүтгэлэг, үндэслэлгүй мэдээллээр тухайн үрийн буудайг Авилгатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мэргэжлийн хяналтын газар, Гаалийн ерөнхий газраас тус тус шалгаж, тухай бүрт мэргэжлийн байгууллагын итгэмжлэгдсэн лабораторуудад шинжлэн, зохих шаардлагыг хангасан гэсэн дүгнэлтүүдийг гаргасан.“Нямбайгаль даваа” ХХК нь ОХУ-ын чанар байдлын тодорхойлолт, гарал үүсэл болон ургамлын эрүүл ахуйн зохих гэрчилгээтэй үрийн буудай оруулж ирсэн.

Гуравдагч этгээдийн хувьд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу тус захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаашид оролцох шаардлагагүй гэж үзэж байгаа тул биднийг  байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй болно гэжээ.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд зэргийг хянаад дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

1.Нэхэмжлэлийн “Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаагийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Хариуцагч Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хилийн хяналтын  хэлтсийн ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаа нь “Нямбайгаль даваа” ХХК-аас хаврын тариалалтанд зориулж ОХУ-аас импортоор гүний гаалиар нэвтрэн орж ирсэн эхний 6 вагон үрийн буудайнд хяналт шалгалт хийж, ургамал хорио цээр, чанарын дүгнэлт гаргах зорилгоор дээж авч, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын магадлан итгэмжлэгдсэн лаборатороор шинжлүүлсэн байна.  “Алтайская жница” сортын үрийн буудайнд  шинжилгээгээр гадаад хорио  цээртэй хөнөөлт шавьж, хачиг, ургамлын өвчин, хог ургамлын үр илрээгүй тул Монгол улсын MNS 0246:2010 стандартын үрийн 2 дугаар ангийн шаардлагыг хангасан гэж үзээд улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-012/084 тоот дүгнэлтийг гаргасан байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын магадлан итгэмжлэгдсэн лабораторийн 6 вагоноос авсан дээжийн шинжилгээгээр 1 кг тутамд байгаа хог ургамал  шинжилгээний 1463, 1464 дүгээр сорилтын дүнгээр хонгио хошуу будаа - 20, 20, чөдөр тарна 10 ширхэг, 1465,1466 дугаар сорилтын дүнгээр хонгио хошуу будаа 20, 20, татаар сагаг 10 ширхэг, 1476, 1477 дугаартай сорилтын дүнгээр татаар сагаг 10, хонгио хошуу будаа 20, чөдөр тарна 12 ширхэг илэрсэн ба гадаад хорио цээртэй хог ургамал илрээгүй болох нь 1463-1466,1476-1477 гэсэн сорьцын дугаартай шинжилгээний дүнгээр нотлогдож байх бөгөөд дээрх шинжилгээний дүнд дурьдагдсан хог ургамал нь Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А-90 тот тушаалаар батлагдсан “Монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон гадаад хорио цээртэй болон тус улсад хязгаардмал тархалттай дотоод хорио цээртэй ургамлын өвчин, хог ургамал, хөнөөлт шавж ,мэрэгч амьтдын нэрсийг жагсаалт”-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон хог ургамлын жагсаалтад бүртгэгдээгүй, хамааралгүй байна.

Нэхэмжлэгчээс “хариуцагч MNS0246:2010 үрийн буудайн стандартын 6 дугаарт тарих үрийн чанарын шаардлагад хог ургамлын үр 1 кг тутамд байх хэмжээгээр 3 ангилалд хувааж 1 дүгээр ангилалд 5 ширхэг, 2 дугаар ангилалд 20 ширхэг, 3 дугаар ангилалд 70 ширхэг байхаар хамаарсан байхад дүгнэлтдээ 30 ширхэг гэж бичсэн атлаа үрийн буудайг 2 дугаар ангилалд хамааруулсан” гэх тайлбарын тухайд; MNS0246:2010 үрийн буудайн стандартын 6 дугаарт тарих үрийн чанарын шаардлагад хог ургамлын үр 1 кг тутамд байх хэмжээгээр 3 ангилалд хувааж 1 дүгээр ангилалд 5 ширхэг, 2 дугаар ангилалд 20 ширхэг, 3 дугаар ангилалд 70 ширхэг байхаар тодорхойлсон байх ба Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын магадлан итгэмжлэгдсэн лабораторийн 6 вагоноос шинжлүүлсэн үзүүлэлтүүдийн хүрээнд 52131976 вагонд 20, 52648870 вагонд 20, 52131455 вагонд 20, 5204670064 вагонд 30, 52685930 вагонд 10, 52649035 вагонд 30 гэж дүгнэгдсэнээс дүгнэхэд хог ургамлын үр 1 кг-д 21,6 ширхэг  байна.Нэгэнт шинжилгээгээр хог ургамлын үр 21,6  ширхэг буюу Үрийн буудай сортын болон үрийн чанар.Ерөнхий шаардлага BNS 0246:2010 стандарын 6.1-д заасан тарих үрийн 2 дугаар ангийн шаардлагыг хангаагүй байхад  Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн 2 дугаар ангилалд хамааруулан дүгнэлт гаргасан нь  үндэслэлгүй  байх тул улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-012/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн “улсын байцаагч нь уг хяналт шалгалтыг удирдамжгүйгээр, таримал ургамлын үр сортын чанарт тавих улсын хяналтыг үрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ гэснийг зөрчин өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн” гэх тайлбарын тухайд;  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 208 дугаар тушаалаар аймгийн мэргэжлийн хяналтын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталснаас үзэхэд хил, хорио цээрийн хяналтын хэлтэст “ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч- 2 гэжээ.

Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтын дүрмийг Засгийн газар батална, Засгийн газрын 1999 оны 150 дугаар тогтоолоор батлагдсан Таримал ургамлын үр, сортын чанарт тавих улсын хяналтын дүрмийн нэгийн 4-д “Таримал ургамлын үр, сортын хяналтын асуудал эрхэлсэн агентлаг болон аймаг нийслэлд ажиллах таримал ургамлын үр, сортын хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нарыг улсын ерөнхий байцаагчтай зөвшилцөн агентлагийн дарга болон аймаг, нийслэлийн Засаг дарга томилж, чөлөөлөх бөгөөд улсын байцаагчийн эрхийг нь хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд олгоно” гэж хуульчилсан боловч  орон нутагт таримал ургамлын үр, сортын хяналтын улсын байцаагч байдаггүй болох нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 03/2281, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн  01/2469 дугаарын албан тоотуудаар нотлогдож байна.

Хариуцагч П.Болормаа 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг гаргахдаа Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2016 оны 2 дугаар улиралд хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын байцаагчдын ажиллах хяналтын хуваарийн дагуу, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хорио цээрийн хяналт шалгалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ...гүний гааль бүхий газарт хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч ... хэрэгжүүлнэ”, 8 дугаар зүйлийн 8.1.3-д “хилээр нэвтрүүлж буй ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хорио цээрийн анхдагч үзлэг хийх”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2012 оны 207 тоот тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 9.2-т “хил, хорио цээрийн хяналт нь байнгын хяналт байх”, 9.9.-д “хил гүний хяналтын бүсэд хийх өдөр тутмын хяналтыг удирдамжгүй хийнэ” гэж тус тус заасныг зөрчөөгүй байна.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагчийн “Алтайская жница” үрийн буудайнаас дээж авч шинжилгээнд хамруулан, дүгнэлт гаргасан нь ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 1-д “Ургамлын хорио цээрийн чиглэлээр монгол улсын нэгдэн орсон  олон улсын конвенц, гадаад орны хяналтын байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээр, Монгол улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтэнд хяналт тавих”, 2-т “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үед хилийн боомт, гүний гаалийн хяналтын талбайд хийх ургамлын хорио цээрийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавих” гэж заасан эрх хэмжээ, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” гэсэн зарчимтай нийцэж байна.

 Иймд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 10 дугаар зүйлийн 10.9.11, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт шалгалтын тухай хуулийн  8 дугаар зүйлийн 8.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан холбоо” ТББ-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч П.Болормаагийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10-02-0120/084 тоот дүгнэлтийг хүчингүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд  хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурьдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч  нар  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Д.НАРАНТУЯА

                   

                   ШҮҮГЧИД                                                                          Ж.ОЮУНЧИМЭГ

                                                                                                              

                                                                                                             Ц.БАЙГАЛМАА