Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2021/0674

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Н.Хонинхүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Д.Г, Д.Тнарыг оролцуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Тнарын гаргасан давж заалдах гомдлоор Д.Бгийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Тнарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 37 дугаар шийдвэрээр:

“...Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5/, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Бгийн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 115 дугаартай актаар тогтоосон 10.876.791 /арван сая найман зуун далан зургаан мянган/ төгрөгийн төлбөрөөс 1.861.161 /нэг сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран нэг/ төгрөгийг хасч багасган, үлдэх төлбөрийг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Хоёр. Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Тнар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Д.Б нь 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дүгээр шүүхийн шийдвэрт 1972 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 1975 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын салбарт ажилчин,1976 оны 1 дүгээр сарын 5-ны өдрөөс 1992 оны 6 дугаар сарын 1-ний өдөр хүртэл тус салбарт шавар будагчнаар ажиллаж байснаар тогтоолгож, 2012 оны 5 дугаар сарны 22-ны өдөр хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон Батцэнгэл сумын Хадгаламж банкаар 2012 оны 6 дугаар сараас тэтгэврээ авч эхэлсэн нь Батцэнгэл сумын Нийгмийн даатгалын тасгийн Хадгаламж банкны 18010000550 тоот харилцах дансны зарлагын гүйлгээний баримт болон тэтгэвэр авагчдын жагсаалт /файл/-аар тогтоогдож байна. /Хадгаламж банкин дахь Батцэнгэл сумын Нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын сангийн 18010000550 тоот харилцах дансны баримт Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архивд хадгалагдаж байгаа болно/.

Гэтэл Төрийн банкны Архангай аймаг дахь салбарын 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 35/576 дугаар албан бичигт иргэн “Д.Б нь манай банканд харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэггүй болно” гэсэн албан бичиг нь зөвхөн Төрийн банканд данс эзэмшдэггүйгээр гарган ирүүлсэн байна.

Харин 2012 онд Хадгаламж банк нэртэй байсан бөгөөд Хадгаламж банк ХХК-ийн баримтаас шүүж ирүүлээгүй байна.

Төрийн банкны 35/576 тоот албан бичгийг үндэслэн “Хадгаламж банк” ХХК-ийн 18010000550 тоот данснаас олгогдсон 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сар хүртэлх тэтгэврийн 10 сарын мөнгөн дүнтэй тэнцэх төлбөр буюу 1.861.161 /Нэг сая найман зуун жаран нэгэн мянга нэг зуун жаран нэгэн/ төгрөгийг хасч нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлийн шаардлагын шаардлагаас төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасны хүрээнд нотлох баримтыг цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Улсын байцаагчийн маргаан бүхий актад “…худал мэдүүлэн шүүхийн шийдвэрээр хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож нийгмийн даатгалын сангаас 10.876.791 төгрөгийн тэтгэвэр илүү авсан зөрчил илэрсэн…” гэж дүгнэсэн, харин шүүхийн шийдвэрт актын хууль зүйн үндэслэлийн талаар зөв дүгнэсэн атлаа 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сар хүртэлх нийт 10 сарын хугацаанд олгогдсон тэтгэвэр болох 1.861.161 төгрөгийг хасч шийдвэрлэхдээ холбогдох нотлох баримтыг хангалттай цуглуулаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Шүүхээс Хаан банкнаас ирүүлсэн хариуг үндэслэж Д.Бг 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн гэж дүгнэхдээ хэрэгт авагдсан бусад баримтуудын талаар, тухайлбал 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “Тэтгэвэр тогтоолтын хуудас”-т нэхэмжлэгч Д.Бгийн тэтгэвэр тогтоосон болон тэтгэвэр эхэлж олгох он, сар, өдрийг “2012.05.22” гэж тооцсоныг, мөн Батцэнгэл сумын Нийгмийн даатгалын тасгийн Хадгаламж банкны 18010000550 тоот харилцах дансны зарлагын гүйлгээний баримт зэргийг хэрхэн үгүйсгэж байгаа нь тодорхой бус, үнэхээр дээрх хугацаанаас эхлэн тэтгэвэр авч эхэлсэн гэж үзвэл чухам ямар үндэслэлээр тэтгэвэр тогтоолгосноос хойш 10 сарын турш тэтгэвэр олгогдоогүй шалтгааныг тодруулах шаардлагатай.

Энэ хүрээнд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан Төрийн банк байгуулагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан Хадгаламж банкнаас 2012 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 2013 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч Д.Б тэтгэвэр авч байсан эсэх талаарх лавлагааг гаргуулах нь зүйтэй, өөрөөр хэлбэл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2012 оны тэтгэвэр олголтын массивт Д.Бд мөн оны 6 дугаар сараас тэтгэвэр тооцогдсон талаар тэмдэглэгдсэн байна.

Гэтэл энэ талаар шүүхийн шийдвэрт “…дээрх баримт нь иргэний тэтгэврийн мөнгийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд тэтгэвэр авагчид үйлчлэгч банкаар сар бүр дамжуулан олгосон болохыг нотлохгүй…” гэж дүгнэсэн, үндсэндээ массив баримт нь зөвхөн нэхэмжлэгч төдийгүй  тэтгэвэр олгогдсон иргэдийн талаарх нэгдсэн мэдээлэл байгаагаас бус тэтгэвэр олгосон банкны мэдээллийг тусгаагүй нь “…тухайн хугацаанд тэтгэвэр олгосон болох нь тогтоогдохгүй байна…” гэж үзэх үндэслэл болохгүй.

Дээрх үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж байгаа тул нэхэмжлэгчийн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр актаар тогтоосон төлбөрөөс 1.500.000 төгрөг төлсөн талаарх хэргийн 205 дугаар талд авагдсан нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг ч хуулийн шаардлага хангуулж авах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 37 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Б.Б, Д.Г, Д.Тнарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

             

 

ШҮҮГЧ                                                          Д.ОЮУМАА

 ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

 ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН