| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0391/Э |
| Дугаар | 395 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Анармөнх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 395
2020 05 26 2020/ШЦТ/395
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Г.Анармөнх,
шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Аслан овгийн М.А ад холбогдох эрүүгийн 2011000000448 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Аслан овгийн М.А , 1991 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Бишрэлт трейд” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 27-9 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч М.А нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн дурсамж” амралтын газарт Э.Цэцэгмаатай “бусдын нөхөртэй явалдлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар үснээс нь зулгааж орон дээрээс унагах, нүүр, толгойн тус газарт нь дэвсэх, гарыг нь хазах зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/,
Хохирогч Э.Цэцэгмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр манай найз н.Тамирын төрсөн өдөр болж бид нар найзуудаараа Чингэлтэй дүүрэг 19-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн дурсамж” нэртэй амралтын газарт төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тэгээд манай найз Тамир найз Алтансувдыг дуудсан. Бид нар найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж 0.750 литрийн Соёрхол нэртэй 2 шил архи хувааж ууцгаасан. Тэгсэн Алтансувд согтчихоод намайг учир зүггүй хүний нөхөртэй явалддаг гэж хардаад улмаар намайг орон дээр сууж байхад үснээс зулгаан татаж, орноос унагааж нүүрэн тус газарт цохиж, дээрээс дэвссэн. ...Алтансувд миний үснээс зулгаан, орноос татаж газар унагааж, нүүрэн тус газар гараараа цохиж эдгээр гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх 6/,
Гэрч Б.Бямбасүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Онончимэг, Цэцэгмаа хоёр хоорондоо юм яриад сууж байтал гэнэтхэн М.А орон дээр сууж байсан Э.Цэцэгмаагийн үснээс зулгаан, орноос татаж унагааж, чирээд зуухны хажууд байхад нь би дундуур нь орж салгах гээд дийлэхгүй байхаар нь би айгаад гэрээс гарсан. ...Дараа нь сонсоход М.А Э.Цэцэгмаагийн нүүрэн тус газар нь цохиж, дээрээс нь дэвссэн гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх 14-15/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5068 дугаар дүгнэлтэд: “...Э.Цэцэгмаагийн биед бүсэлхийн 2-3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 5-р хавирганы цуурал, баруун зовхи, хамрын нуруу, баруун бугалга, бүсэлхийд цус хуралт, толгойн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 24-25/,
Шүүгдэгч М.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э.Цэцэгмаа согтчихоод хүн хүнрүү хэрүүл өдөөд намайг “гичий, янхан”-аар дуудсан юм. ...би уусан архиндаа согтоод Цэцэгмаад уурлан гичий янханаар дуудлаа гээд хоорондоо маргалдан улмаар би Цэцэгмаагийн үснээс зулгаан, орон дээрээс татаж унагаасан. ...Үснээс нь зулгаан орноос унахад бүсэлхийн 2-3-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 5-р хавирганы цуурал үүссэн. Баруун зовхинд миний гар үснээс нь зулгаахад хүрсэн байх. Баруун бугалга нь гарнаас нь татахад үүссэн байх аа. Толгойн хуйх нь үснээс нь зулгааснаас болсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх 33-34/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 37/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 38/, шүүгдэгч М.А ын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх 39-41/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 126 дугаар тогтоол /хх 50/, шүүгдэгч М.А ын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 48/, хохирогч Э.Цэцэгмаагийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 47/, хохирогч Э.Цэцэгмаагийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх 17-22/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.А нь 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ойн дурсамж” амралтын газарт Э.Цэцэгмаатай “бусдын нөхөртэй явалдлаа” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар үснээс нь зулгааж орон дээрээс унагах, нүүр, толгойн тус газарт нь дэвсэх, гарыг нь хазах зэргээр эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, Хохирогч Э.Цэцэгмаагийн “...Тэгсэн Алтансувд согтчихоод намайг учир зүггүй хүний нөхөртэй явалддаг гэж хардаад улмаар намайг орон дээр сууж байхад үснээс зулгаан татаж, орноос унагааж нүүрэн тус газарт цохиж, дээрээс дэвссэн...” гэх мэдүүлэг /хх 6/, гэрч Б.Бямбасүрэнгийн “...Онончимэг, Цэцэгмаа хоёр хоорондоо юм яриад сууж байтал гэнэтхэн М.А орон дээр сууж байсан Э.Цэцэгмаагийн үснээс зулгаан, орноос татаж унагааж, чирээд зуухны хажууд байхад нь би дундуур нь орж салгах гээд дийлэхгүй байхаар нь би айгаад гэрээс гарсан...” гэх мэдүүлэг /хх 14-15/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 5068 дугаар дүгнэлт /хх 24-25/, шүүгдэгч М.А ын “...би уусан архиндаа согтоод Цэцэгмаад уурлан гичий янханаар дуудлаа гээд хоорондоо маргалдан улмаар би Цэцэгмаагийн үснээс зулгаан, орон дээрээс татаж унагаасан...” гэх мэдүүлэг /хх 33-34/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.Цэцэгмаа нь баримтаар 1.501.100 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч М.А бүрэн төлж барагдуулсан бөгөөд хохирогчоос “...Алтансувд нь 4 дүгээр сарын 24-ны өдөр надаас албан ёсоор уучлалт гуйж хамт эмнэлэгээр явж миний биеийн байдалд снаа зовж эмчилгээний бүх зардлыг гаргаж байгаа. Миний биеийн байдал сайжирч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт гаргасан тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иймд шүүх шүүгдэгч М.А ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул улсын яллагчийн шүүгдэгчтэй тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгж буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдав.
Шүүгдэгч М.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аслан овгийн М.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А ад 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч М.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А ад авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН