Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 541

 

2020          06            08                                 2020/ШЦТ/541   

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхжин,

Улсын яллагч И.Мөнхцэцэг,  

Хохирогч П.Мөнхжаргал,

Шүүгдэгч Ш.У, түүний өмгөөлөгч Д.Алтангэрэл,

Шүүгдэгч У.Г, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Г, Ш.У нарт холбогдох эрүүгийн 2009002420533 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамж, 10 тоотод оршин суух, урьд:

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 385 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн №1718 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,

 

Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Увс аймагт төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамж 10 тоотод оршин суух, урьд:

 

Сэлэнгэ аймгийн Сум дундын шүүхийн 1985 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №5/10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 63а дугаар зүйлд зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ш.У нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 2019 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 7-10 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч П.Мөнхжаргалтай маргалдаж, түүн рүү гар утас шидэж улмаар хамран тус газар нь онож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, дотор булан хэсэгт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч У.Г нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 2019 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 7-10 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч П.Мөнхжаргалтай маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Г мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Мөнхжаргал бид хоёр манай найзын төрсөн өдөрт очсон. Би түрүүлээд гэртээ ирэхэд араас Мөнхжаргал орж ирсэн учир би түүнийг найзтайгаа хардсан. Мөнхжаргал том өрөөнд аавтай маргалдаад байсан. Түүнийг өрөөнд орж ирэхэд нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиж түлхэхэд арагшаа унасан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.У мэдүүлэхдээ “...Тухайн үед би хэвтэрт байсан учир орон дээрээ хэвтэж байсан. Ингээд Гантүлхүүр, Мөнхжаргал нар гэрт орж ирээд маргалдаад байхаар нь би тэр хоёрыг дуугуй болгох гээд утсаа аваад шидсэн. Хаана нь оносон гэдгийг мэдэхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Мөнхжаргал мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 30-наас 2019 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнийн 01 цагийн үед гэрт ороход Гантүлхүүрийн аав болох Уртнасан нь “та хоёр битгий муудалцаад бай” гэж хэлээд миний хацар руу утас шидэхэд хацар хэсэгт оносон. Үүнийг Гантүлхүүрт хэлэхэд “чамаас болж байгаа юм” гээд миний хацар, толгой хэсэгт цохиход би арагшаа унасан. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зөв. Одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэв.

 

Эрүүгийн 20090024200533 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ш.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 30-ны 22 цаг 30 минутын үед манай хүү Гантүлхүүр гадуур явж байгаад гэртээ орж ирсэн. Араас нь манай бэр орилж орж ирээд тэр 2 жижиг өрөөнд хоёулаа хоорондоо зодолдоод байх шиг байсан. Тэр үед нь том өрөөнөөс эхнэр бид хоёр “больцгоо” гэж орилоод болихгүй байсан. Ингээд хэсэг хугацааны дараа бэр Мөнхжаргал том өрөөнд орж ирээд эхнэр рүү “намайг анзаардаггүй, том бэрээсээ дор үздэг” гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Манай бага хүү 7 настай Ганхуяг Мөнхжаргал руу очоод “аниа та дуугай болооч” гэж хэлтэл Мөнхжаргал манай хүүг гарнаас татаад түлхчихсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд тэргэнцэртэй босч чадахгүй учраас хажуудаа байсан гар утсыг аваад Мөнжаргал руу шидтэл түүний хамарных нь хавьцаа нь оносон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55-56 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч У.Г мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 12 сарын 30-ны өдөр найзын төрсөн өдөр дээр очсон. Манай найз охин Мөнхжаргал хэсэг алга болчихоор нь би хардаад түрүүлээд явсан. Гэртээ ирээд байж байтал Мөнхжаргал араас ирээд хардалтаас болоод муудалцсан. Аав, ээжтэй муудалцаад байхаар нь манай дүү дундуур нь ороход Мөнхжаргал дүүг түлхсэн. Аав уурлаад гар утсаа аваад шидэхэд Мөнхжаргалын хамар оносон. Мөнхжаргал бид хоёр нөгөө өрөөнд ороод дахиад  муудалцаад намайг цохиход байхаар нь би толгой руу нь гараараа 1-2 удаа цохиод цээж рүү нь түлхсэн. Хойшоо унахдаа ардаа байсан тавилга мөргөөд унасан. Тэгээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

 

Хохирогч П.Мөнхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 сарын 30-ны 22 цагийн үед би Гантүлхүүр болон бусад найзуудын хамт караокенаас гарсан. Харих гэтэл Гантүлхүүр найзтайгаа хардаж уурлаад түрүүлээд такси бариад ганцаараа гэр рүүгээ явчихсан. Би араас нь такси бариад гэр рүү нь очиход Гантүлхүүр “чи манайхаас хувцасаа аваад яв” гээд уурлаад байсан. Гантүлхүүрийн аав Уртнасан намайг “согтуу гэрт орж ирлээ” гээд уурлаад байхаар нь би аавд нь “Түлхүүр өөрөө хардаад уурлаад байсан, би ганц пиво уусан” гээд хэлж байтал Түлхүүрийн дүү нь урдуур орж ирээд байхаар нь “аниагийн дүү холд” гээд түлхчихсэн. Тэгтэл Уртнасан гуай над руу гар утас шидээд миний хамар руу оносон. Би жижиг өрөө рүү нь ороод Гантүлхүүрт хандан “танай аав над руу утас шидээд гэмтээчихлээ” гэтэл “хохь чинь, чамаас болсон” гэж хэлсэн. Би Гантүлхүүрийн баруун талын бугалга руу нь гараараа 1-2 удаа цохисон. Тэгтэл Гантүлхүүр над руу ирээд гараараа толгой руу 3 орчим удаа цохисон. Цохих үед нь би арагшаа тавилга мөргөөд уначихсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

 

Гэрч Ч.Даваадулам мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 12 дугаар сарын 30-ны орой цагийг нь санахгүй байна. Манай хүү Гантүлхүүр болон бэр 2 гаднаас орж ирээд шалтгааныг нь мэдэхгүй жижиг өрөөнд хоорондоо маргалдаад байсан. Мөнхжаргал гарч ирээд нөхөр бид хоёр руу хашгичиж байгаад манай бага хүүг түлхчихсэн. Нөхөр уурлаад хажууд нь байсан Нөт 1 загварын гар утсыг бэр рүү шидчихсэн. Би Мөнжаргалын хаана нь оносон болон гэмтэл бэртэл учирсан эсэхийг нь хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл дангаараа хөнгөн, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, дотор буланд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун ташаа, зүүн баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №996 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. П.Мөнхжаргалын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, дотор буланд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун ташаа, зүүн шилбэнд цус хуралт, толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.   
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 28-36 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №579 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

 

  1. Ш.Угийн биед ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх байдал тогтоогдсонгүй.
  2. Ш.У нь ял шийтгэлийг биеэр эдлэх боломжтой эсэх болон хэрэг хариуцах чадвартай эсэхийг шинжээч эмч тогтоохгүй. Шүүх сэтгэц судлалын нарийн мэргэжлийн эмч тогтооно.
  3. Ш.У нь 2019 онд авто осолд орсны улмаас баруун шаант тахилзуур яс, зүүн дунд чөмөг ил ясны хугарал гэмтэл учирч хугарлыг засах ажилбарт орсон байна. Эмнэлгийн бичиг баримт болон эмчийн үзлэгт тархины зүүн тал бөмбөлгийн цусархаг шигдээс, артерийн даралт ихсэх өвчин 2-р зэрэг, баруун талын саа, дизартрия гэсэн онош тавигдсан боловч 2019.07.01, 2020.01.08-ны өдрийн толгойн томограммуудад гэмтлийн болон бүтцийн өөрчлөлт илрээгүй. Эрүүгийн хариуцлага хүлээхээс чөлөөлөх үндэслэл тогтоогдсонгүй...” гэжээ /хх-ийн 69-72 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ш.Угийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27 дугаар хуудас/, шүүгдэгч У.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 41 дүгээр хуудас/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №385 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-84 дүгээр хуудас/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-ийн 86 дугаар хуудас/, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1231 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 93-108 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ш.У нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 2019 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 7-10 тоотод хохирогч П.Мөнхжаргалыг “согтуу гэрт орж ирлээ, хүүхэд түлхлээ” гэж уурлан маргалдаж, улмаар түүн рүү гар утсаа шидэж хамран тус газар нь оносноос, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, дотор булан хэсэгт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

Хохирогч П.Мөнхжаргалын “...намайг “согтуу гэрт орж ирлээ” гээд уурлаад байхаар нь би аавд нь “Түлхүүр өөрөө хардаад уурлаад байсан, би ганц пиво уусан” гээд хэлж байтал Түлхүүрийн дүү нь урдуур орж ирээд байхаар нь “аниагийн дүү холд” гээд түлхчихсэн. Тэгтэл Уртнасан гуай над руу гар утас шидээд миний хамар руу оносон...” гэсэн мэдүүлгээр,

 

Гэрч Ч.Даваадуламын “...Мөнхжаргал гарч ирээд нөхөр бид хоёр руу хашгичиж байгаад манай бага хүүг түлхчихсэн. Нөхөр уурлаад хажууд нь байсан Нөт 1 загварын гар утсыг бэр рүү шидчихсэн...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч Ш.Угийн “...Мөнхжаргал хэрүүл хийгээд байсан. Манай бага хүү 7 настай Ганхуяг Мөнхжаргал руу очоод “аниа та дуугай болооч” гэж хэлтэл Мөнхжаргал манай хүүг гарнаас татаад түлхчихсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд тэргэнцэртэй босч чадахгүй учраас хажуудаа байсан гар утсыг аваад Мөнжаргал руу шидтэл түүний хамарных нь хавьцаа нь оносон...” гэсэн мэдүүлгээр, 

 

Шүүгдэгч У.Гийн “...манай дүү дундуур нь ороход Мөнхжаргал дүүг түлхсэн. Аав уурлаад гар утсаа аваад шидэхэд Мөнхжаргалын хамар оносон...” гэсэн мэдүүлгээр,

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...хамрын таславчийн мурийлт, баруун нүдний доод зовхи, дотор буланд хэсэгт цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн мэдүүлгээр,

 

 Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №996 дугаартай дүгнэлт /хохирогч П.Мөнхжаргалын биед гэмтэл учирсан талаар/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч У.Г нь 2019 оны 12 дугаар сарын 30-наас 2019 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 7-10 тоотод эр эмийн хардалтын улмаас хохирогч П.Мөнхжаргалтай маргалдаж, улмаар түүний толгой тус газар нь цохиж, эд зүйл мөргүүлснээс эрүүл мэндэд нь толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч П.Мөнхжаргалын “...Гантүлхүүр над руу ирээд гараараа толгой руу 3 орчим удаа цохисон. Цохих үед нь би арагшаа тавилга мөргөөд уначихсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ч.Даваасүрэнгийн “...Манай хүү Гантүлхүүр болон бэр 2 гаднаас орж ирээд шалтгааныг нь мэдэхгүй жижиг өрөөнд хоорондоо маргалдаад байсан...” гэсэн мэдүүлгээр,

 

Шүүгдэгч У.Гийн “...Мөнхжаргал бид хоёр нөгөө өрөөнд ороод дахиад  муудалцаад намайг цохиод байхаар нь би толгой руу нь гараараа 1-2 удаа цохиод цээж рүү нь түлхсэн. Хойшоо унахдаа ардаа байсан тавилга мөргөөд унасан...” гэсэн мэдүүлгээр,

 

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Толгойн хуйханд шарх, тархи доргилт гэмтэл дангаараа хөнгөн гэмтэл...” гэсэн мэдүүлгээр

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №996 дугаартай дүгнэлт /хохирогч П.Мөнхжаргалын биед гэмтэл учирсан талаар/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тодорхойлбол 2019 оны 12 дугаар сарын 30-наас 2019 оны 12 дугаар сарын 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нуурын 7-10 тоотод шүүгдэгч У.Гээс хамтран амьдрагч хохирогч П.Мөнхжаргалыг хардаж маргалдсан байдалтай ирэхэд Ш.Угаас П.Мөнхжаргалыг “согтуу ирлээ, хэрүүл хийлээ” гэж маргалдах үед бага насны хүүхэд маргааныг зогсоохоор урдуур орох үед П.Мөнхжаргал өөрөөсөө холдуулж түлхэхэд Ш.У ойролцоо байсан гар утас аваад түүний нүүрэн тус газарт шидэж хамарт нь хөнгөн гэмтэл учруулсаны дараа, У.Гээс дахин маргалдаж хохирогчийн толгой тус газарт цохиж хөнгөн гэмтэл тус тус учруулсан үйл баримт тогтоогджээ.         

 

Ийнхүү шүүгдэгч Ш.У, У.Г, хохирогч П.Мөнхжаргал нараас хоорондоо зүй зохисгүй харилцаж, шүүгдэгч нараас хохирогчийн биед хүч хэрэглэсэн үйл явдал, хэргийн нөхцөл байдлыг шүүгдэгч, хохирогч, гэрч нараас агуулгын хувьд зөрүүгүй тодорхой мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг зэргээр тогтоосон хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.У, У.Г нарын үйлдэл нь тус бүртээ “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Шүүгдэгч Ш.У, У.Г нар нь хохирогчид хүч хэрэглэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож Ш.Угаас хохирогч руу хатуу бие болох гар утас шидэж цохих, У.Гээс хохирогчийн толгой тус газар цохих үед тус тус эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч биеэр үйлдсэний улмаас П.Мөнхжаргалын биед хөнгөн гэмтлүүд учруулан эрүүл мэндэд нь хохирол, хор уршигт зориуд хүргэжээ.

Иймд шүүх шүүгдэгч Ш.У, У.Г нарыг тус тус хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүрийг тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байх ба шүүгдэгч У.Г, түүний өмгөөлөгчөөс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, харин шүүгдэгч Ш.Угийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгч хохирогч руу утас шидэхэд баруун нүдний доод талын хамрын баруун хэсэгт оносон. Уртнасангийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учраагүй тул түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ш.Уд холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн дээрх нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжыг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан дүгнэж, үнэлэхэд хохирогч П.Мөнхжаргалаас анх цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа “найз залуу Гантүлхүүр болон түүний аав Уртнасан нарт зодуулсан” гэж, хохирогч П.Мөнхжаргалын “...Уртнасан гуай над руу гар утас шидээд миний хамар руу оносон...” гэж, гэрч Ч.Даваадуламын “...нөхөр уурлаад хажууд нь байсан Нөт 1 загварын гар утсыг бэр рүү шидчихсэн...” гэж, шүүгдэгчийн “...миний уур хүрээд тэргэнцэртэй босч чадахгүй учраас хажуудаа байсан гар утсыг аваад Мөнхжаргал руу шидтэл түүний хамарных нь хавьцаа нь оносон...” гэж тус тус мэдүүлсэн болон шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудаар шүүгдэгч Ш.У хохирогч П.Мөнхжаргалтай маргалдаж, өөрөө босч чадахгүйн улмаас хохирогч рүү чиглэж гар утас шидсэн идэвхитэй үйлдэл хийсний улмаас хохирогчид гэмтэл учруулсан шалтгаант үр дагавар бий болсон тул дээрх нотлох баримтуудаар өмгөөлөгчийн санал няцаагдаж байна. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Мөнхжаргалаас “...Уртнасан миний хацар руу утас шидсэн...сайн санахгүй байна...” талаар, мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Уртнасан гуай над руу гар утас шидээд миний хамар руу оносон...” гэж зөрүүтэй мэдүүлэх боловч энэ нь шүүгдэгч Ш.Угаас түүнд хүч хэрэглэсэн үйлдлийг үгүйсгээгүй, үйл баримтад ноцтойгоор нөлөөлөөгүйгээс гадна түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт бусад баримтуудтай тохирсон тул хохирогчийн тухайн мэдүүлгийг шүүх хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Мөнхжаргалаас “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул шүүгдэгч Ш.У, У.Г нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ш.У, У.Г нарыг гэм буруутайд тооцсон тул тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /Ш.Угийн өвчтэй, өндөр настай байдал/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ш.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч У.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ш.Уг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсан байх ба ийнхүү тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1231 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох нь” хэсгийн 2 дахь хэсэгт заасан тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Н.Уртнасанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар Ш.Уд хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзлээ. 

 

Н.Уртнасан Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1231 дугаартай шийтгэх тогтоолоор тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчөөгүй болохыг тэмдэглэв.    

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ш.Угийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч нарын цалин хөлс, бусад орлого олох боломж, нөхцлийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.У, У.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, бусадтай зүй зохистой харьцах зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

      ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч У.Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Ш.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Гийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан Ш.Уд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №1231 дугаартай шийтгэх тогтоолийн “ТОГТООХ НЬ” хэсгийн 2-т “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Уг ...хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй” гэсэн шийдвэрийг хүчингүй болгож  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан Ш.Уд хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлсүгэй.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Уд оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У, У.Г нарт оногдуулсан Эрүүгийн торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

8. Шүүгдэгч Ш.У, У.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У, У.Г нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурьдсугай.

            10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ш.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН